Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2022/00046

 

 

 

 

 

 

 

 

 

   2021        12          23                                     101/ШШ2022/00046         

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ч.Н,

 

Нэхэмжлэгч: М.С нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Ө,  

 

Хариуцагч: Ё.М,

 

Хариуцагч: Ө.Б нарт холбогдох,

 

26,332,591.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н,

Хариуцагч Ө.Б,

Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М,

Хариуцагч нарын өмгөөлөгч Т.А,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н, М.С нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон Ч.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Н минйи бие нь охин М.С-той хамт Н.Ө, Ё.М нараас 2018 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 тоотод байрлах, 100 м.кв байшин, 588 м.кв газрыг 43,000,000 төгрөгөөр худалдан авчэн байшинд гэр бүлийн хамт 4 сар амьдарсан.

Амьдрах явцад наад захын чанарын шаардлага хангахгүй эвдэрсэн учраас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, Дээд шүүхээр хариуцагч нараас 49,960,318 төгрөг гаргуулж худалдах худалдан авах гэрээг цуцлах шийдвэр, мөн үл хөдлөх, мөнгийг битүүмжлэх шийдвэр бараг 3 жил шахуу хугацаанд гарсан. Хашаа байшинг худалдаж авахад 30,000,000 төгрөг Голомт банкнаас зээлсэн учраас төлбөр төлөх шаардлагатай мөн бид амьдрах гэр оронгүй болсноос Нийслэлийн орон сууцны корпорацитай 2019.12.30-ны өдөр түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу 99,455,500 төгрөг төлөх бөгөөд гэрээний үүрэгт сар бүр 732,588 төгрөг төлж байна. Үүнээс болж 2020.01.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд 11,721,140.8 төгрөг төлсөн, энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй.  

Ингээд 2 зээлийн дарамтад орсон. Хариуцагч нар хүн хохироож 6 ам бүлийн амьдралыг сүйтгэчихээд ирж уулзаж зохицох ч үгүй шүүхийн шийдвэрээр албадан 281,000 төгрөг сард өгсөн болдог. Энэ янзаар бид яаж Голомт банкны төлбөрийг төлж дуусах вэ гэдэг нь хэцүү болчихоод байна.

Голомт банкны зээлийг төлөх боломжгүй болсон учир 10 жилийн хугацаатай гэрээг дуусгавар болгож, уг зээлийн үлдэгдэл 32,832,324 төгрөгийг 2022 оны 5 сард төлж дуусгахаар Голомт банктай эвлэрч, уг эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулсан. Энэ хашаа, байшин нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд байгаа бөгөөд Ё.М нар төлбөрөө дуусгачихвал өмчлөх эрхийн бичиг баримтыг нь эд нарт шилжүүлээд өгч болно. Голомт банкны зээлээс болоод М.С нь Монгол банкны найдваргүй зээлдэгчийн ангилалд орсон.

Ё.М, Н.Ө нартай уг хашаа, байшинг худалдан авахаар 2 дах гэрээ буюу 70,000,000 төгрөгийн гэрээ хийсэн нь үнэн, татварыг бид төлсөн, газар чөлөөлтөнд орсон тохиолдолд арай өндөр үнэ хүрэх байх гэж бодсон юм. Түүнээс гадна Голомт банк өндөр дүнтэй гэрээ байхыг шаардсан.   

Ө.Б нь анх энэ хашаа, байшинг өөрийнхөө аав, ээжийг өөрсдийн байртай гэж хэлээд бидэнд үзүүлж танилцуулсан, өөрийгөө барилгын компанид ажилладаг, байшинг ном журмаар нь барьсан гэж хэлсэн. Манайх Дамбад намагтай газар байсан учир газар нь намагтай эсэхийг асуухад үгүй гэж хэлсэн. Газар нь намагтай байхад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан, энэ талаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа болно.

Гэтэл энэ газар хөрсний асуудалтай, байшинг барихдаа шал цутгаагүй, суурьгүй барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг Ё.М өөрийн нүдээр харсан.

Ө.Б нь бэлнээр төлбөрийг авна гээд байсан учир түүнд 43,000,000 төгрөгийг тоолж хүлээлгэж өгсөн. Эднийхийг газрын усны суваг хөндсөн, зарах гэж байшинг барьсан байх гэж хөрш айлууд ярьж байсан, ус зайлуулах хоолойг том төмрөөр хааж нуусан байсан.

Ё.М тухайн үед Ө.Б-ын үл хөдлөхийн зээлийг дуусгаж өгнө гэж ярьж байснаас гадна Ө.Б нь байшинд эвдрэл гарвал манайд хамаарахгүй биз гэж нотариатчаас асууж байсан нь асар их зальтай болохыг харуулж байна. Тэрээр хариуцлагыг өөрийн аав, ээждээ хүлээлгээд, бидний 6 ам бүлтэй бүхэл бүтэн айлын амьдралаар тоглочихоод ард нь нуугдаж үлдэж байна гэж үзэж байна. Тэрээр надаас авсан 43,000,000 төгрөгөөр өөрийнхөө үл хөдлөхийн зээлийг хаасан гэж үзэж байна.

Уг газар Н.Өын, байшин Н.Ө, Ё.М нарын нэр дээр байсан, үнэ болох 43,000,000 төгрөгийг Ө.Б бэлнээр тоолж хүлээж авсан. Тухайн үед Н.Ө хөгжлийн бэрхшээлтэй, гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байхад эхнэр Ё.М нь халхалж байгаад гэрээнд гарын үсэг зуруулсан.    

Улсын Дээд шүүхийн тогтоол 2020.11.17-ны өдөр гарсан, шүүхийн  шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн учир өдий хүртэлх хугацааны хохирлыг шаардсан юм.

Иймд доголдолтой эд хөрөнгө худалдснаас учирсан хохиролд Голомт банкны  2019.06.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд хүүд төлсөн 13,651,183.86 төгрөг, НОСК-д сард 732,588 төгрөг төлдөг болж 2 зээлийн дарамтанд орж байна. Капитрон банкны 2020.01.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд хүүд төлсөн 11,721,140.8 төгрөг, өмнөх шүүх хурлаар төлбөрийн баримт байхгүй гээд тооцогдоогүй хөрсний шинжилгээний 600,000 төгрөг, барилгын зураг, үнэлгээний 360,000 төгрөг, нийт 26,332,591.95 төгрөгийг хариуцагч Н.Ө, Ё.М, Ө.Б нараас нэхэмжилж байна.

Үүний 13,166,295 төгрөгийг нь хариуцагч Н.Ө, Ё.М нараас, 13,166,295 төгрөгийг нь хариуцагч Ө.Б-аас тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч Н.Ө-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.А-ын хамт гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ч.Н, М.С нарын нөхөр бид хоёрт холбогдуулан гаргасан 3 шатны шүүхээр хэрэг шийдэгдэх хугацаанд гарсан гэх нэмэлт зардал гаргуулахаар нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

2018 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот Н.Ө, Ё.М бидний хашаа байшинг худалдаж авахаар нэхэмжлэгч нартай тохиролцсон, тэд сар гаруй хугацаанд байшинд амьдарч үзсэн, ингэхдээ байшингийн обойг хуулж авч үзсэн. Ингээд товлосон хугацаанд мөнгөө өгөөгүй мөртлөө ус гарлаа гэх шалтаг шалтгаан тоочиж эхэлсэн. Уг нь анхнаасаа банкнаас зээл авч төлбөрийг төлнө гэж хэлээгүй, өөрийнх нь газар нь газарт орчихсон, тэр мөнгө орж ирэхээр өгнө гэж тохиролцсон байсан юм.

Тэгээд тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй, янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод байхаар нь зарахаа болъё, өмнө нь ийм зүйл байгаагүй гэхэд эд нар үнээ буулгачих, зарахгүй бол танай үл хөдлөхийг чинь өөр хүн авахгүй болгоно гэж дарамталсан.

Бид ус гарсныг гайхаж байсан боловч анх тохирсон 50,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөг буулгаж, 43,000,000 төгрөгөөр авахдаа Ч.Н, М.С нар маш их баяртай байсан нь үнэн болно. Бид хамгийн сайн материалаар стандартын дагуу байшингаа барьсан тул амьдарч байх хугацаанд ус гарах гэх гажуудал огт гарч байгаагүй, байгалийн давагдашгүй хүчин зүйл гарч ирсэн гэж боддог.

Энэ хүмүүст өөрийн гал голомт, үл хөдлөх хөрөнгөө зарсандаа одоог хүртэл маш их харамсдаг. Шүүхийн шийдвэрээр биднээс 47,960,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт төлөх, гэрээг цуцлах шийдвэр гаргасан.

Шүүхийн шийдвэрийн дагуу тэтгэврээс сар бүр 281,000 төгрөгийг суутгуулан төлж байгаа бөгөөд өдийг хүртэл хашаа байшингаа буцааж хүлээн авч чадаагүй байна. Нөхөр Н.Ө-ын биеийн байдал сүүлийн үед хүнд болсон, байнгын асаргаатай, бие нь улам муудан тайвшруулах эм ууж унтдаг, группын мөнгө асаргаа сувилгаа, эм тарианд хүрэлцдэггүй, амьдрал туйлын хүнд байдаг учир миний бие ажил эрхлэх боломжгүй болчихоод байгаа юм.

М.С нь хашаа, байшингийн гэрчилгээг Голомт банкны барьцаанд барьцаалчихсан, уг нь эднийх барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг бидэнд шилжүүлээд өгвөл тодорхой төлбөр төлөх боломж гарах юм, гэтэл ийм байдалд байгаагаа нэхэмжлэгч нар мэдэж байгаа мөртлөө нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байдал үүсгээд байна.

Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, энэхүү ажиллагаанаас зайлсхийсэн зүйл байхгүй.

Нэхэмжлэгч нар нь анх 2018.10.03-ны өдөр урьдчилгаа 13,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөрийг 2018.10.25-ны өдөр Голомт банкнаас зээл авч өгсөн мөртлөө Ө.Б-ыг уг 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй юм.

Нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, гэрээнээс үүдэлтэй зардлуудыг шүүх шийдвэрлэсэн байхад бид дахин хүний зээлийн төлбөрийг төлөх учиргүй гэж үзэж байна.

Өмнө нь шүүхээр хэргийг шийдвэрлэж байхад нэхэмжлэгч нь хөрсний шинжилгээний 600,000 төгрөг, зургийн үнэлгээний 600,000 төгрөг, дуудлагын 400,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг даатгалаас авсан гэж тайлбарласан, үүнд нь энэ нэхэмжлээд байгаа зургийн үнэ, хөрсний шинжилгээний үнэ багтсан байдаг.

Мөн үнэлгээний 500,000 төгрөгийг Ё.М төлчихсөн байхад уг мөнгийг дахин түүнээс гаргахаар шийдвэрлэснээс болоод 1,000,000 төгрөг төлөх болсон. Түүнээс гадна “А” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй, хэнээс, ямар гэрээний үндсэн дээр төлсөн нь тодорхойгүй гэж, “Э” ХХК-ийн баримт нь хуулбар хувь гээд шүүх уг шаардлагыг хангахгүй орхисон.

Ө.Б-т 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж өгсөн гэдгээ баримтаар нотлоогүйгээс гадна М.С-ын ХААН банк дах данснаас 1 дор нь АТМ-аас ийм хэмжээний мөнгө бэлнээр гарах боломжгүй, түүний данснаас 42,140,000 төгрөгийн зарлага гарсан нь мөнгийг түүнд бэлнээр хүлээлгэж өгсөн гэх баримт болохгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрээр Голомт банкны зээлийн хүүг төлүүлэхээр шийдчихсэн, гэтэл үүнээс хойших 2019.06.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хоорондох хүүд төлсөн 13,651,183.86 төгрөгийг, түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцны түрээсийн төлбөрийг Ё.М нартай байгуулсан гэрээтэй холбон нэхэмжилсэн нь хамааралгүй байхаас гадна гэрээний оролцогч нь өөр хүмүүс байхаас гадна 11,721,140.8 төгрөгийг тус тус төлсөн баримтгүй байна.

Бусдын өөрсдийнхөө хэрэгцээнд зориулан авсан авсан зээл, түүнтэй холбоотой гарсан зардал гэх төлбөрийг нэгэнт дуусгавар болчихсон гэрээний үүрэгт төлөх үндэслэлгүй, ийнхүү дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Ч.Н, М.С нарын 13,166,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Ө.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Б миний бие нь нэхэмжлэгч Ч.Н, М.С нартай  2018.10.03-ны өдөр гэрээ байгуулах үед хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэрт байдаг өөрийн аав Н.Өыг унаагаар нотариатч дээр хүргэж өгсөн.

Энэ гэрээнд миний бие оролцоогүй, анх хашаа, байшинг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байснаа 43,000,000 төгрөг болгож тохиролцсон байсан. Гэрээнийх нь мөнгийг би хүлээж аваагүй, тэр мөнгийг авах шаардлага надад байхгүй, миний бие өөрийнхөө гэр бүлийн хамт, өөрийн эцэг, эхээс тусдаа амьдардаг. Аав маань байшинг барихдаа өөрийнхөө барилгын мэргэжилтэй найзтайгаа хамтарч барьсан болохоос би бариагүй юм.

Миний бие өөрийнхөө ипотекийн зээлийг өөрөө одоог хүртэл төлж байгаа, харин Ковидын хуультай холбоотойгоор зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан болохоос эцэг, эхээсээ дээрх мөнгийг нь аваад хааж дуусгасан зүйл байхгүй.

Иймд хашаа, байшинг худалдах гэрээнд би оролцоогүй, нэхэмжлэгч нараас 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээж аваагүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа 13,166,295 төгрөгийг хариуцах үндэсгүй тул Ч.Н, М.С нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Н, М.С нар нь хариуцагч Н.Ө, Ё.М, Ө.Б нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохиролд 26,332,591.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч М.С болон хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд Н.Ө-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Г-0 дугаарт бүртгэгдсэн, 0 нэгж талбарын дугаартай, Нийслэлийн Чмнгэлтэй дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 тоот хаягт байршилтай, 588 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалтай газар, мөн хаягт байршилтай, Ё.М, Н.Ө нарын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, 100 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

/хх-ийн 71-74 тал/

 

Нэхэмжлэгч М.С, Ч.Н нар дээр дурдсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 43,000,000 төгрөг, цахилгааны төлбөр 1,580,110 төгрөг, хөрсний оношилгооны төлбөр 1,560,000 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 4,155,544 төгрөг, засварын зардал 1,863,600 төгрөг, граж барьсны зардал 1,863,600 төгрөг, нэмэлт засварын зардал 152,000 төгрөг, нийт 54,243,254 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагч Н.Ө, Ё.М нарт холбогдуулан тус шүүхэд гаргасан байна.  

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрээр талуудын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хохиролд хариуцагч Н.Ө, Ё.М нараас гэрээний үүрэгт шилжүүлсэн 43,000,000 төгрөг, цахилгааны тоолуурыг өөрчилснөөс төлсөн торгууль 304,774 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 4,155,544 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн 500,000 төгрөг, нийт 47,960,318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 6,282,936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 782 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2020/00785 дугаар тогтоолоор тус шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.М-ын гомдлыг хангахгүй орхисон байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.  

 

/хх-ийн 44-51 тал/

 

Дээрх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч М.С, хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар гудамж, 0 тоот үл хөдлөх эд хөрөнгө болон газар худалдах, худалдан авах гэрээг байгуулагдаж, талууд гэрээний зүйл болон төлбөр 43,000,000 төгрөгийг харилцан бие биедээ шилжүүлэн өгч, худалдан авагч нь 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр өмчлөх эрхээ бүртгүүлсэн боловч байшингийн биет байдлын доголдлоос болж гэрээнээс татгалзсан, үүнээс  учирсан хохирлыг шүүх шийдвэрлэсэн үйл баримт тогтоогджээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ доголдолтой эд хөрөнгө худалдаж, гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол болох Голомт банкны зээлийн хүүд 2019.06.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд төлсөн 13,651,183.86 төгрөг, Капитрон банкинд 2020.01.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд төлсөн 11,721,140.8 төгрөг, өмнөх шүүх хуралдаанаар төлбөрийн баримт байхгүй гээд тооцогдоогүй хөрсний шинжилгээний 600,000 төгрөг, барилгын зураг, үнэлгээний 360,000 төгрөг, нийт 26,332,591.95 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч Н.Ө, Ё.М нар нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдаж, гэрээнээс учирсан хохирлыг шүүх шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй,

хариуцагч Ө.Б нь дээрх гэрээний оролцогч бус, гэрээний зүйл 43,000,000 төгрөгийг хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэрт хөрсний шинжилгээ хийлгэсэн 600,000 төгрөг, ерөнхий барилгын зураг төсөл хийлгэсэн 600,000 төгрөг, хохирлын үнэлгээ, дуудлагатайгаа нийлээд 400,000 төгрөг зарцуулсан ба 2019 оны 1 сард даатгалын байгууллагаас 1,500,000 төгрөг өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар тусгагджээ.

 

Нэхэмжлэгч нь “Э” ХХК, кассын орлогын ордер №19/04 дугаар бүхий, 2019.01.29-ний өдөр “ИГСудалгааны ажлын төлбөр” гэх утгатай, 600,000 төгрөг, М.С гэх баримтыг, мөн “А” ХХК-ийн 2019.02.13-ны өдөр 360,000 төгрөг гэх и-баримтыг тус тус шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.  

 

/хх-ийн 7-8 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т: “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

           

Зохигчийн тайлбар, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч М.С, хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан, уг гэрээнээс учирсан хохирлыг шүүх шийдвэрлэсэн, ийнхүү тэдний хоорондох гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэснээр талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүрэг дуусгавар болсон байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-тай “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ”-г байгуулсан байх ба энэхүү гэрээ байгуулагдсан нь талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсантай хэрхэн хамааралтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна нэхэмжлэгч нь Голомт банкны зээлэнд 2019.06.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд 13,651,183.86 төгрөг, Капитрон банкинд 2020.01.25-ны өдрөөс 2021.04.25-ны өдрийн хооронд 11,721,140.8 төгрөг тус тус төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээг дуусгавар болгож, гэрээнээс учирсан хохирлыг шийдвэрлэсэн байх тул үүнээс хойших хугацааны хохирол шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан.

 

Нэхэмжлэгч М.С-ын “ХААН банк“ ХХК дах 0 дугаар бүхий депозит дансны дэлгэрэнгүй хуулгад тусгагдсан 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 42,140,000 төгрөгийн зарлагын гүйлгээг хариуцагч Ө.Б-т гэрээний төлбөр 43,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх боломжгүй байна.  

 

/хх-ийн 143-144 тал/

 

Нэхэмжлэгч нар нь М.С болон хариуцагч Н.Ө, Ё.М нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний төлбөр болох 43,000,000 төгрөгийг энэхүү гэрээний оролцогч бус Ө.Б-д хүлээлгэн өгсөн гэх байдалтай холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй, өөрөөр хэлбэл энэхүү тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Ө, Ё.М нараас 13,166,295 төгрөг, хариуцагч Ө.Б-аас 13,166,295 төгрөг, нийт 26,332,591.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Н, М.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11053 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н, М.С нарын улсын тэмдэгтийн хураамжийн төлөх хугацааг анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нараас 26,332,591.95 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 289,612.96 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

/хх-ийн 22 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.Ө, Ё.М нараас 13,166,295 төгрөг, Ө.Б-аас 13,166,295 төгрөг, нийт 26,332,591.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ч.Н, М.С нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11053 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ч.Н, М.С нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 289,612.96 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ