Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/00517

 

 

 

 

 

 

***а нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/00046 дугаартай шийдвэртэй

            Нэхэмжлэгч ***, ***нарын нэхэмжлэлтэй

            Хариуцагч *****, *****, ***** нарт холбогдох

            Гэрээнээс учирсан хохирол 26,332,591 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгч М.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***агийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч болон нэхэмжлэгч М.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***а, хариуцагч болон хариуцагч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, түүний өмгөөлөгч Т.Ариунболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

   1.Нэхэмжлэгч ***, ***нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие охин М.С хамт *****, ***** нараас 2018 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо,  м.кв байшин, 588 м.кв талбай бүхий газрыг 43,000,000 төгрөгөөр худалдан авч, гэр бүлийн хамт 4 сар амьдарсан. Тус байшинд амьдрах боломжгүй, эвдэрсэн байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хариуцагч нараас 49,960,318 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүх болон Монгол Улсын Дээд шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 Бид тус хашаа байшинг худалдаж авахад “Голомт банк” ХХК-аас  30,000,000 төгрөг зээлсэн. Мөн Нийслэлийн орон сууцны корпорацитай 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 99,455,500 төгрөг төлөх бөгөөд сар бүр 732,588 төгрөг төлдөг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд  нийт 11,721,140.8 төгрөг төлсөн байна. Энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй.

Энэ байдлаар бид “Голомт банк” ХХК-ийн зээлийг төлөх боломжгүй байгаа тул банктай харилцан тохирч, зээлийн үлдэгдэл 32,832,324 төгрөгийг 2022 оны 05 сард төлж дуусгахаар “Голомт банк” ХХК-тай эвлэрсэн. Тус хашаа, байшин “Голомт банк” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд байгаа бөгөөд хариуцагч нар төлбөрөө төлчихвөл бид өмчлөх эрхийн бичиг баримтыг шилжүүлнэ.***нь Монгол банкны найдваргүй зээлдэгчийн ангилалд орсон.

*****, ***** нартай уг хашаа, байшинг худалдан авахаар 2 дах гэрээ буюу 70,000,000 төгрөгийн гэрээ хийсэн нь үнэн, татварыг бид төлсөн, газар чөлөөлтөнд орсон тохиолдолд арай өндөр үнэ хүрэх байх гэж бодсон юм.Түүнээс гадна Голомт банк ХХК өндөр дүнтэй гэрээ байхыг шаардсан.

***** нь анх хашаа,байшинг өөрийн аав, ээжийг тусдаа байртай гэж хэлээд бидэнд үзүүлж танилцуулсан, өөрийгөө барилгын компанид ажилладаг, байшинг зохих журмын дагуу барьсан гэж хэлсэн. Манайх Дамбад намагтай газар байсан учир газар нь намагтай эсэхийг асуухад үгүй гэж хэлсэн. Газар нь намагтай байхад өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан, энэ талаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ газар хөрсний асуудалтай, байшинг барихдаа шал цутгаагүй, суурьгүй барьсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг ***** өөрийн нүдээр харсан. ***** нь бэлнээр төлбөрийг авна гээд байсан учир түүнд 43,000,000 төгрөгийг тоолж хүлээлгэж өгсөн. Хариуцагч нар нь газрын усны суваг хөндсөн, зарах гэж байшинг барьсан байх гэж хөрш айлууд ярьж байсан, ус зайлуулах хоолойг том төмрөөр хааж нуусан байсан. ***** нь биднээс авсан 43,000,000 төгрөгөөр өөрийнхөө үл хөдлөхийн зээлийг хаасан гэж үзэж байна.

Уг газар *****ын, байшин *****, ***** нарын нэр дээр байсан, үнэ болох 43,000,000 төгрөгийг ***** бэлнээр тоолж хүлээж авсан. Тухайн үед ***** хөгжлийн бэрхшээлтэй, гэрээнд гарын үсэг зурах боломжгүй байхад эхнэр ***** нь халхалж байгаад гэрээнд гарын үсэг зуруулсан.

Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны  2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн учир өдий хүртэлх хугацааны хохирлыг шаардаж байна.

Иймд доголдолтой эд хөрөнгө худалдснаас учирсан хохиролд “Голомт банк” ХХК-д 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 04  дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хүүд төлсөн 13,651,183 төгрөг. Нийтийн орон сууцны корпорацид сард 732,588 төгрөг төлдөг ба  “Капитрон банк” ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хүүд төлсөн 11,721,140 төгрөг, өмнөх шүүх хурлаар төлбөрийн баримт байхгүй гээд тооцогдоогүй хөрсний шинжилгээний 600,000 төгрөг, барилгын зураг, үнэлгээний 360,000 төгрөг, нийт 26,332,591.95 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилнэ. Иймд хариуцагч *****, ***** нараас 13,166,295 төгрөг, хариуцагч *****аас 13,166,295 төгрөгийг нь хариуцагч тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *****, ***** нарын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. ***, ***нар нь 2018 оны 08 дугаар сард Чингэлтэй дүүрэг, 18 дугаар хороо, тоот байрлах хашаа байшин худалдаж авахаар бидэнтэй тохиролцсон. Нэхэмжлэгч нар нь сар гаруй хугацаанд байшинд амьдарч үзсэн.

***, ***нар нь хашаа байшинг анх банкнаас зээл авч төлбөрийг төлнө гэж тохиролцоогүй. Харин “өөрсдийнх нь газар газарт орсон, мөнгө орж ирэхээр өгнө” гэж тохирсон боловч хугацаандаа мөнгөө өгөөгүй, янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод байхаар нь зарахаа болъё гэхэд нэхэмжлэгч нар нь “үнээ буулгачих, зарахгүй бол танай үл хөдлөхийг чинь өөр хүн авахгүй болгоно” гэж дарамталсан. Хашаа байшинг 50,000,000 төгрөгөөс 7,000,000 төгрөг буулгаж, 43,000,000 төгрөгөөр авсан. Бид байшингаа сайн материалаар стандартын дагуу барьсан тул амьдарч байх хугацаанд ус гарах гэх гажуудал гарч байгаагүй. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл.

Нэхэмжлэгч***нь хашаа, байшингийн гэрчилгээг “Голомт банк” ХХК-д барьцаалсан. Нэхэмжлэгч нар хашаа байшинг барьцаанаас чөлөөлж, гэрчилгээг бидэнд шилжүүлээд өгвөл тодорхой төлбөр төлөх боломжтой.

Шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээг цуцалж,  биднээс 47,960,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт төлөх шийдвэр гаргасан.  ***** би сар бүр 281,000 төгрөгийг өөрийн тэтгэврээс суутгуулан төлдөг. Мөн нөхөр ***** нь байнгын асаргаанд байдаг, группын мөнгө асаргаа сувилгаа, эм тарианд хүрэлцдэггүй. Амьдрал хүнд байгаа учир ***** би ажил эрхлэх боломжгүй байна. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа, энэхүү ажиллагаанаас бидэнд зайлсхийсэн зүйл байхгүй.

Нэгэнт бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан, гэрээнээс үүдэлтэй зардлуудыг шүүх шийдвэрлэсэн байхад бид дахин хүний зээлийн төлбөрийг төлөх учиргүй гэж үзэж байна. Өмнө нь шүүхээр хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэгч нь хөрсний шинжилгээний 600,000 төгрөг, зургийн үнэлгээний 600,000 төгрөг, дуудлагын 400,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг даатгалаас авсан гэж тайлбарладаг. Гэтэл одоо нэхэмжилж буй үнийн дүнд зургийн үнэ, хөрсний шинжилгээний үнэ багтсан байна.  Мөн үнэлгээний 500,000 төгрөгийг ***** би төлсөн байхад уг мөнгийг дахин түүнээс гаргахаар шийдвэрлэснээс болж 1,000,000 төгрөг төлөх болсон.

Түүнчлэн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-тай байгуулсан гэрээ байхгүй, ямар гэрээний үндсэн дээр төлбөр төлсөн нь тодорхойгүй, “Энх Өрнөлт” ХХК-ийн баримт нь хуулбар хувь гээд шүүх уг шаардлагыг хангахгүй орхисон.

Нэхэмжлэгч нар нь анх 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа 13,000,000 төгрөгийг өгсөн, үлдэгдэл төлбөрийг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “Голомт банк” ХХК-аас зээл авч өгсөн мөртлөө *****ыг уг 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй. Мөнгө бэлнээр тоолж өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй. М.Солонгын данснаас 42,140,000 төгрөгийн зарлага гарсан нь мөнгийг *****т бэлнээр хүлээлгэж өгсөн гэх баримт болохгүй.

Шүүхийн шийдвэрээр “Голомт банк” ХХК-ийн зээлийн хүүг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Гэтэл үүнээс хойших 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хоорондох хүүд төлсөн 13,651,183 төгрөгийг, түрээслээд өмчлөх эрхтэй орон сууцны түрээсийн төлбөрийг ***** нартай байгуулсан гэрээтэй холбон нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Гэрээний оролцогч нь өөр хүмүүс байхаас гадна 11,721,140 төгрөг төлсөн баримтгүй. Бусдын өөрсдийнхөө хэрэгцээнд зориулан авсан авсан зээл, түүнтэй холбоотой гарсан зардал гэх төлбөрийг нэгэнт дуусгавар болчихсон гэрээний үүрэгт төлөх үндэслэлгүй, дахин нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд ***, ***нарын 13,166,295 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч *****ын тайлбарын агуулга: Миний эцэг ***** нь хөгжлийн бэрхшээлтэй бөгөөд түүнийг нэхэмжлэгч ***, ***нартай 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулах үед нь унаагаар нотариатч дээр хүргэж өгсөн. Энэ гэрээнд миний бие оролцоогүй, анх хашаа, байшинг 50,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон байснаа 43,000,000 төгрөг болгосон байсан. Гэрээний мөнгийг би хүлээж аваагүй. Аав маань тус байшинг барихдаа өөрийнхөө барилгын мэргэжилтэй найзтай хамтарч барьсан болохоос би бариагүй.

Миний бие ипотекийн зээлээ өөрөө төлж байгаа, харин Ковид 19 цар тахалтай холбоотойгоор зээл төлөх хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан болохоос эцэг, эхээсээ дээрх мөнгийг нь аваад хааж дуусгасан зүйл байхгүй.

Иймд хашаа, байшинг худалдах гэрээнд би оролцоогүй, нэхэмжлэгч нараас 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээж аваагүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа 13,166,295 төгрөгийг хариуцах үндэсгүй тул ***, ***нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч *****, ***** нараас 13,166,295 төгрөг, *****аас 13,166,295 төгрөг, нийт 26,332,591.95 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ***, ***нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2021/11053 дугаар захирамжаар нэхэмжлэгч ***, ***нарыг улсын тэмдэгтийн хураамж төлөхийг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар хойшлуулсан болохыг дурдаж, нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид 289,612.96 төгрөг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

            5. Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***агийн давж заалдах гомдлын агуулга:

5а.Миний бие Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо,  тоотод байрлах байшинг цэцэрлэгийн газар чөлөөлтөнд өгсөн тул *****тай уулзаж тохиролцоод  Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-63 тоотод байрлах, 100 м.кв талбайтай байшин, 588 м.кв талбай бүхий газрыг авахаар болсон. ***** нь мөнгийг бэлнээр авна гэсэн. Иймээс бид газрын татварт 860,000 төгрөг төлж, охин М.С “ХААН банк” ХХК данснаас бэлнээр 42,140,000 төгрөгийг *****т хүлээлгэн өгсөн. Энэ үед охин бид хоёр хамт байсан. Үүнийг нотлох гэхэд шүүх охин М.Сэсвэл намайг хурлын заалнаас гар гэсэн тул охин***гарсан. Гэтэл өмгөөлөгчийн туслах гэх хүнийг хуралд суулгасан бөгөөд энэ талаар хэлэхэд авч хэлэлцээгүй.

5б. Шүүх мөнгө өгснийг нотлох дансны хуулгыг нотлох баримтаар тооцоогүй. Хариуцагч ***** өмнө нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд бэлнээр мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байснаа хүүхдийг нь хариуцагчаар татахаар шүүхэд “эхлээд 13,000,000 төгрөг, дараа нь 30,000,000 төгрөг өгсөн” гэж мэдүүлсэн. Тэрээр анхнаасаа биднийг зээлээр хашаа байшинг худалдаж авна гэдгийг мэдээд 2 янзаар  худалдах-худалдан авах гэрээ хийж өгсөн.

Хариуцагч нар нь төлбөрөө 100 хувь төлөхгүй бол биднийг гар гэсэн тул бид “Голомт банк” ХХК-аас 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 30,000,000 төгрөгийн зээл авч *****ын данс руу шилжүүлсэн. Хэрэгт “Голомт банк” ХХК-ийн зээлийн материалд 70,000,000 төгрөгөөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээ байгаа.

Нөгөө гэрээ нь 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хийгдсэн гэрээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хохирол 54,000,000 төгрөгөөс нийт 47,960,318 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх шийдвэр гарсан. Нийслэлийн Иргэний хэргийн Давж анхан шатны шүүхийн 2020 оны 04 дгээр сарын 06-ны өдрийн 782 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 785 дугаартай тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Бид 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд сар бүр “Голомт банк” ХХК-д төлбөр төлдөг. “Голомт банк” ХХК-тай эвлэрлийн гэрээг байгуулж, зээлийн хүүг зогсоосон. Одоо бид орон гэргүй болж байр түрээслэн амьдарч байна.

5в.Нийслэлийн орон сууцны корпорациас хэрэгжүүлсэн зорилтот бүлгийн иргэдийг орон сууцанд хамруулах төсөлд манай гэр бүл хамрагдаж Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа 2 хороолол, 1043 дугаар байрны 12 тоот орон сууцыг гэрээний үндсэн дээр түрээслэн амьдарч байна. Сард 732,588 төгрөгийг зээлд төлж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 16041 дугаар захирамжаар хариуцагч нарын эд хөрөнгө, мөнгийг битүүмжлэх шийдвэр гарсан боловч шийдвэр гүйцэтгэгч арга хэмжээ аваагүй. Хариуцагч тал үл хөдлөх эд хөрөнгөө хүүхдүүдийнхээ нэр дээр болгосон. Одоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь хариуцагч *****ын тэтгэврээс сар бүр 284,000 төгрөгийг суутгадаг. Хохирсноос хойш 5,000,000 гаруй төгрөг авсан.  

Анхан шатны шүүхээс худалдах-худалдан авах гэрээг дуусгавар болсон гэх шийдвэр гарсан боловч хариуцагч тал төлөх ёстой төлбөрөө төлж дуусгаж нэхэмжлэгч нар хохиролгүй гэсэн гарын үсэг зурснаар гэрээ дуусгавар болж хариуцагч талд шилжих ёстой. Одоогоор бид тус үл хөдлөхийн эзэмшигч. Маргаан бүхий хашаа байшинд ус орж ирсэн үед нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын албаныхан ирж шалгаад хүн амьдрах боложгүй гэх дүгнэлт гаргасан байдаг.

Үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар оруулж төлбөрийн хагасыг нь авъя гэж бодсон боловч тус газар дээр үзлэг хийгээд хүн амьдрах боломжгүй гэх дүгнэлт гаргасан.

Бид өөрсдөө даатгал хийлгэж, даатгаалаас авсан мөнгөөр байшиндаа гадна, дотор засварыг хоёр удаа хийсэн. Хариуцагч нараас хохирлын мөнгө аваагүй. Би дээрх 2 зээлийн  гэрээнүүдийг нотолгоонд өгсөн боловч хэрэгсэхгүй болгосон. Өнөөдрийн байдлаар бид “Голомт банк” ХХК-д 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэлх хугацаанд төлөгдсөн төлбөр 41,555,447 төгрөгийг төлөх шийдвэр гарсан. Нийслэлийн орон сууцны корпорацийн төлбөрийг “Капитрон банк” ХХК-д төлдөг. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сар хүртэл нийт 16 удаагийн төлөлт 11,721,140 төгрөгийн хохирлыг гаргуулахаар тооцсон болно. Өмнөх шүүх хуралдаанаар төлбөрийн баримтгүй гээд хэрэгсэхгүй болгосон хөрөнгийн үнэлгээний төлбөр 600,000 төгрөг, барилгын зураг, үнэлгээнд 360,000 төгрөгийг тус тус төлсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгч Т.Ариунболдын давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 13,166,295 төгрөгт холбогдох хэсгийг хариуцах этгээдээр н.Б одорхойлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой асуудал нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байхад уг гэрээтэй холбоотой гээд “Голомт банк” ХХК-аас авсан зээлийн үлдэгдлийн хүү, Нийслэлийн орон сууцны корпорацийн түрээсийн орон сууцны төлбөрийг хариуцагч нараас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

Хөрсний шинжилгээ хийлгэсэн зэрэг нэмэлт зардлуудын талаар өмнө нь шийдвэрлэгдсэн хэргийн явцад яригдаж байгаагүй. Энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн зардлуудынхаа талаар тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар баримтаар нотлоогүй. Шүүх Иргэний хуулийн 205, 227 дугаар зүйлд заасан хохирлоо баримтаар нотлоогүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Өмнөх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Гэтэл уг ажиллагаа явагдаж байгаа гэдэг нь тухайн шийдвэрээс хойш гарсан зардлуудтай хамааралгүй юм. Н.Б хувьд тухайн гэрээний оролцогч тал биш ба ямар нэгэн мөнгөн хөрөнгө нэхэмжлэгч талаас хүлээн аваагүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө одоог хүртэл банкны барьцаанд байдаг. Манай зүгээс тухайн хөрөнгийг засварлаад бусдад худалдан борлуулах гэхээр нэхэмжлэгч тал оролцуулдаггүй. Ингээд бидний хувьд үүсээд байгаа маргаануудыг шийдвэрлэх гарцгүй болгоод байдаг. Уул нь бол мөнгөн төлбөрийн үүргийг ***** нь барьцаа хөрөнгөөр хангуулах байр суурьтай байдаг. Нийт 47,000,000 төгрөг төлөхөөс 5,000,000 төгрөг төлсөн, үлдэх хэсгийг нь сар бүр *****ын тэтгэврийн мөнгөөр төлөх боломж байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Шүүх хуралдаан нээлттэй байсан учраас манай туслах уг хуралд суусныг буруу ойлгосон байна. Нэхэмжлэгч М.С хувьд бол ***а түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан учраас шүүх энэ талаар нь тодруулахад ***а өөрөө оролцоно гэсэн. Шүүхийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.   

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэл тогтоогдож байна.

2.Нэхэмжлэгч ***, ***нар хариуцагч *****, *****, ***** нарт холбогдуулан гэрээнээс учирсан хохирол 26,332,592 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч тал “доголдолтой эд хөрөнгө худалдсанаас учирсан хохиролд 2019 оны 06 дугаар сарын 25-наас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд “Голомт банк” ХХК-ийн хүүд төлсөн 13,651,184 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Капитрон банкны хүүд төлсөн 11,721,140 төгрөг, өмнөх шүүх хурлаар төлбөрийн баримт байхгүй гээд тооцогдоогүй хөрсний шинжилгээний 600,000 төгрөг, барилгын зураг, үнэлгээний 360,000 төгрөг, нийт 26,332,592 төгрөгийг хариуцагч *****, ***** нараас 13,166,295 төгрөг гаргуулна. Хариуцагч ***** нь газар, байшингийн үнэ 43,000,000 төгрөгийг бэлнээр тоолж хүлээж авсан учир түүнээс 13,166,295 төгрөгийг гаргуулна” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан байна. /1хх-1,2, 148/

5.Хариуцагч тал “шүүхийн шийдвэрээр биднээс 47,960,318 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт төлөх, гэрээ цуцлахаар шийдвэрлэсэн, үүний дагуу тэтгэврээс сар бүр 281,000 төгрөг суутгуулан төлж байгаа, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас зайлсхийгээгүй, өдийг хүртэл хашаа, байшингаа буцааж авч чадаагүй,***нь хашаа, байшингийн гэрчилгээг Голомт банкны барьцаанд барьцаалсан, эднийх чөлөөлж гэрчилгээг бидэнд өгвөл худалдан борлуулаад төлбөрийг төлөх боломж гарна, бидний хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдаж, гэрээнээс үүдэлтэй зардлуудыг шүүх шийдвэрлэсэн байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж маргажээ. /1хх-40/

6.Хэргийн баримтаас үзвэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Солонго, хариуцагч *****, ***** нарын хооронд 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, газар өмчлөх эрх худалдах-худалдан авах гэрээг тус тус цуцалж, хариуцагч *****, ***** нараас гэрээний үүрэгт шилжүүлсэн 43,000,000 төгрөг, гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд 4,960,318 төгрөг буюу цахилгааны тоолуур өөрчилснөөс төлсөн торгууль 304,774 төгрөг, банкны зээлийн хүүд төлсөн 4,155,544 төгрөг, хөрөнгийн үнэлгээний компанид төлсөн 500,000 төгрөг, нийт 47,960,318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***, ***нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,282,936 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 782 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 001/ХТ2020/00785 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/03588 дугаар шийдвэрийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогджээ. /1хх-44-51 тал/

Дээрхээс дүгнэхэд талуудын маргааны зүйл болсон 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээ цуцлагдсантай холбоотой гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг харилцан буцаан шилжүүлэх, гэрээнээс учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар өмнө гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байна.

7.Мөн хариуцагч *****т бэлнээр өгсөн гэх 43,000,000 төгрөг нь өмнө шийдвэрлэсэн иргэний хэргийн маргааны зүйл болсон худалдах-худалдан авах гэрээний үнэ байна. Нэхэмжлэгч ***, ***нар нь худалдах-худалдан авах гэрээ дуусгавар болоогүй гэх үндэслэл заан гэрээнээс учирсан хохирлыг хариуцагч *****, *****, ***** нараас гаргуулахаар дахин шаардаж буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэж нэхэмжлэгч нарын зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Иймээс энэ талаарх нотлох баримтыг үнэлээгүй, хэргийг шийдвэрлэсэн гэх нэхэмжлэгчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй.

8.Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нар гэрээнээс татгалзсанаас учирсан хохирол буюу “Голомт банк” ХХК-ийн зээлийн хүүд 13,651,184 төгрөг, “Капитрон банк” ХХК-ийн хүүд 11,721,140 төгрөг тус тус төлсөн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, өөрөө нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хуваарилагдана. Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан байна./1хх37/

Хэрэгт нэхэмжлэгч М.С “Голомт банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, түрээсийн орон сууцыг өмчлүүлэх гэрээ зэрэг баримтууд авагдсан боловч эдгээр нь 2019 оны 06 дугаар сарын 25-наас 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Голомт банкинд 13,651,184 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд Капитрон банкинд 11,721,140 төгрөгийн хүү нэхэмжлэгч нар төлсөн гэдгийг нотлохгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмыг шүүх зөрчөөгүй гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нарын гомдлыг хангах үндэслэлгүй. /1хх-9-15/

9.Нэхэмжлэгч ***а нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “таньж мэдэхгүй өмгөөлөгчийн туслах гэх хүнийг хуралд суулгасан, шүүх хуралдааны тэмдэглэлийн ирц гэх хэсэгт тусгагдаагүй байсан, мөн *****ыг бэлэн мөнгө өгсөн гэдгийг гэрчлэхээр***бид хоёр шүүх хуралдаанд хамт оролцсон боловч шүүх аль нэг нь байх ёстой гээд М.С гаргасан” гэжээ. Хариуцагч талын өмгөөлөгч “манай туслах шүүх хуралдаанд суусныг буруу ойлгосон байх, М.С хувьд ***а нь түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан, шүүх энэ талаар тодруулсан” гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулдаг, мөн шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирцийн талаар бичихээр хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заажээ.

Нэхэмжлэгч***нь ***ад шүүхэд өөрийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгосон, уг итгэмжлэлээсээ татгалзаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дах хэсэгт зааснаар өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй, биечлэн оролцох тохиолдолд өөрийг төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэх журамтай. Иймээс нэхэмжлэгч талын гомдол хууль зүйн үндэслэлгүй.

10.Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтуудыг давж заалдах гомдолдоо хавсарган шүүхэд өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4, 40 дүгээр зүйлийн 40.5 дах хэсгийн заасантай нийцэхгүй байна. Учир нь давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй бөгөөд анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах журмаар гаргасан тохиолдолд шүүх үнэлэхгүй байх журмыг дээрх хуулиар тогтоожээ.

11.Иймд нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

12.Энэ шийдвэр нь нэхэмжлэгчийн, буруутай этгээдээс гэм хорын хохирол шаардаж шүүхэд мэдүүлэхэд нөлөөлөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2022/00046 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/03668 дугаар захирамжаар нэхэмжлэгчийг давж заалдах магадлал гарах хүртэлх хугацаагаар улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ***, ***нараас давж заалдах гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хурааамжид 289,613 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.МӨНХЗУЛ

      

                                                          ШҮҮГЧИД                               Н.БАТЗОРИГ

      

                                                                                                           Ч.ЦЭНД