Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2019/03412

 

 

 

 

 

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2019/03412

Улаанбаатар хот

 

 

 

` МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт ухаа хороолол, Наадамчдын зам гудамж 423 дугаар байр, 24 тоот хаягт оршин суух, Тайж овогт Алтангэрэлийн М /регистрийн /-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатарын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж 109 дүгээр байр, 4 тоот хаягт оршин суух Дарамбал овогт Жигмэдсанжаагийн Ц /регистрийн дугаар: /-д холбогдох

 

23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, гэрч Ц.Отгонбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.М ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ж.Ц нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдан-худалдан авах гэрээ байгуулан нэхэмжлэгч миний өөрийн өмчлөлийн 57-69 УНХ улсын дугаартай Mitubishi Canter маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болно. Хариуцагч Ж.Ц нь тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 2.1-д заасан төлбөр болох 23,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ба төлбөр төлөх талаар шаардлага тавихад өмнөөс барьцаалуулсан мэтээр гуйвуулан гүтгэж иргэн намайг хохироож байна.

Хариуцагч Ж.Ц оос гэрээний үүргийн биелэлтэд 23,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Ж.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Г.Өлзийбаяраас Должинсүрэнгийн өмнөөс байрын урьдчилгаа хэмээн Ж.Ц ийн 5128009560 гэх данс руу 23,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Уг мөнгийг буцаагаад Ж.Ц нь Должинсүрэнгийн 5029609923 данс руу байрны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн байдаг. Үүгээр автомашины төлбөрийг төлсөн гэж маргаж байна. Гэтэл тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ А.М , Ж.Ц нарын хооронд хийгдсэн. Хэрвээ А.М аас автомашин худалдаж авсан бол А.М ын данс руу төлбөрийг шилжүүлэх ёстой. А.М , Ж.Ц нарын автомашин худалдаж авсан асуудлыг А.М ын гэр бүлийн хүн Должинсүрэнд хамааруулж тайлбарлаж байна. Хууль ёсны гэр бүлийн хүн хэдий боловч тусдаа данстай, тусдаа эд хөрөнгөтэй, тусдаа эрх зүйн үүрэг хүлээсэн, эрх эдэлдэг бие хүмүүс юм. Гэтэл хууль ёсны гэр бүл учраас Должинсүрэнгийн данс руу 23,000,000 төгрөг шилжүүлсэн учир А.М төлбөрөө авсан бид автомашины төлбөр төлөхгүй гэсэн тайлбар гаргаж байна. Хариуцагчийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хариу тайлбартаа автомашины төлбөр гээд буцаагаад шилжүүлж авсан бөгөөд автомашины төлбөрийг шаардах эрхгүй гэсэн байдаг. Мөн барьцаанд байгаа 23,000,000 төгрөгийг төлбөл барьцаанд байгаа автомашиныг буцааж өгнө гэсэн тайлбар гаргадаг. Шүүх хуралдаанд гаргасан нотлох баримт болох нэмэлт гэрээнд барьцааны асуудал яригдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эвлэрэх саналдаа 23,000,000 төгрөгийг төлбөл автомашиныг өгөх боломжтой гэх ойлгомжгүй тайлбар гаргаж байна. Өөрөөр хэлбэл Ж.Ц огт төлбөр төлөөгүй гэдгийг нотолж байна. Учир нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18302584 шийдвэрээр Должинсүрэнгээс 23,000,000 төгрөг гаргуулж Дестинейшн Монгол ХХК-д олгохоор шийдвэрлээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс магадлал гарсан. Тэгэхээр байрны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрийг буцаагаад автомашины төлбөр гэж шилжүүлчхээд бид нар мөнгөө аваагүй байрны урьдчилгаа төлбөрийг төлөх шүүхийн шийдвэр гараад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байгаа. Харин 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Автомашинаа шилжүүлж авсан гэдгийг гаргасан тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл А.М тай гэрээ байгуулж А.М аас авсан байж мөнгөө огт шилжүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гаргаж байгаа тайлбараар хэд хэдэн этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээ яригдаж байна. А.М болон Ж.Ц нарын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ, нөгөө талаас Дестинейшн Монгол ХХК болон Должинсүрэн нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдан авах гэрээ яригдаж байна. Уг гэрээ байгуулагдсан үе шатыг өмнөх шүүх хуралдааны явцад болон тус шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ойлгохоор хичээсэн боловч ойлгосонгүй. А.Мөнбат Должинсүрэн нар хууль ёсны гэр бүл болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Дестинейшн Монгол ХХК-тай гэрээ байгуулсан гэрээгээр урьдчилгаа 23,000,000 төгрөгт автомашиныг үнийн дүнгээр тооцож тохиролцсон гэж ойлгогдож байна. Ингэхдээ А.М , Должинсүрэн нар байрны үлдэгдэл төлбөрийг орон сууцны корпорацийн 0,8 хувийн зээлийг төлөх шаардлага гарсан. Энэхүү зээлд хамрагдахын тулд урьдчилгаа төлбөр төлсөн байх ёстой гэдэг шаардлагыг хангахын тулд Өлзийбаяраас 23,000,000 төгрөг зээлж аваад орон сууцны корпорацад баримт бичиг бүрдүүлж өгөхийн тулд төлбөр төлсөн. Түүнийгээ буцааж аваад Ж.Ц ийн дансанд шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Дестинейшн Монгол ХХК-ийн дансанд хийх ёстой байсан. Ж.Ц нь Дестинейшн Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал болохоос Дестинейшн Монгол ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш. Захирлынхаа дансанд төлбөр төлөгчийн төлбөрийг шилжүүлж байгаа нь буруу. Гэрээ байгуулж байгаа этгээдтэй захирлын данс, байгууллагын данс гэдгийг тодорхой зааглаж өгөөгүйгээс болж 2 удаагийн шүүх хуралдаан болж байна. Үүнээс дүгнэхэд Өлзийбаяраас 23,000,000 төгрөг зээлж аваад Дестинейшн Монгол ХХК-иас төлбөр төлсөн гэдэг тодорхойлолт гаргуулж авсан. Буцаагаад 23,000,000 төгрөг нь Должинсүрэнгийн дансанд ороод Должинсүрэн нь Өлзийбаярт уг мөнгөө буцааж өгсөн. Ингээд гэр бүлийн хүмүүс учраас 23,000,000 төгрөгийн зээл орон сууцны урьдчилгаанд өөрийн автомашиныг өмчлөх эрхэд нь шилжүүлж өгсөн. Гэтэл Ж.Ц ийн өмчлөл, эзэмшилд байна. Барилгын хашаанд нь ч байна. Гэхдээ уг автомашиныг орон сууц захиалан бариулах гэрээ буюу Дестинейшн Монгол ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрт тооцож байгаа бол өмчлөх эрхийг Дестинейшн Монгол ХХК-ийн нэр дээр шилжүүлэх ёстой байсан. Энэ бол Э.Ц ийн залилах нэг арга. Ингэж захиалагч, үйлчлэгч, харилцагч нартаа хэд хэдэн төрлийн гэрээ байгуулах буюу өөрийн эрх зүйн байдлыг нарийн тодорхой зааглаж өгөхгүйгээс болж А.М , Должинсүрэн нар өөрийн өмчлөлийн автомашины өмчлөх эрхэд орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаанд өгсөн хэрнээ Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шийдвэрээр дахин 23,000,000 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаа. Төлбөрийг Должинсүрэн цалингаасаа суутгуулан төлөх хэлбэрээр төлж байгаа. Тэгэхээр Дестинейшн Монгол ХХК, Ж.Ц хоёр нийлж байгаад нэг гэр бүлээс 1 төлбөрийг 2 удаа гаргуулах гэж байна. Гэтэл автомашиныг өмчлөлдөө шилжүүлээд өөрийн эзэмшилдээ аваад дахин 23,000,000 төгрөгийг төлөөгүй гэж шүүхийн шийдвэрээр гаргуулж авна гэдэг нь А.М ын гэр бүлд илт хохиролтой нөхцөл бий болж байгаа учраас нэхэмжлэгч нь 23,000,000 төгрөгийг төлөөгүй гэдэг үндэслэлээр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч автомашины төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлох зүйл харагдахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүхэд гаргасан тайлбартаа: А.М ын гэр бүлийн хүн М.Должинсүрэн нь Дестинэшн монгол ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Орон сууц захиалгаар бариулах тухай 02/14 тоот гэрээ байгуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо Буянт-Ухаа хороолол Дөрвөн бэрх хотхонд 79,5 м.кв талбай бүхий орон сууцыг захиалан бариулсан бөгөөд уг орон сууцны үнэ нь 139,125,000 төгрөг болно.

М.Должинсүрэн нь орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдахын тулд Дестинэшн монгол ХХК-д урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн гэсэн баримт бүрдүүлэхийн тулд гэр бүлийн хүн А.М ын нэр дээр байгаа Митсубиши кантер маркийн 57-69 УНХ улсын дугаар бүхий 3,5 тн ачааны автомашиныг барьцаанд тавьж, байгууллагаас 23,000,000 төгрөг төлсөн гэсэн баримт гаргуулан ХААН банкинд хандсанаар ипотекийн зээлд хамрагдаж 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 72,300,000 төгрөгийн зээл авч Дестинэшн монгол ХХК-ийн Ариг банк дахь 2105009079 тоот дансанд шилжүүлснээр дээрх орон сууцанд 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өдийг хүртэл амьдарч байгаа болно.

А.М ын гэр бүлийн хүн М.Должинсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дестинэшн монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ц ийн ХААН банк дахь 5128009560 тоот дансанд байрны төлбөр 23,000,000 төгрөг хийчихээд мөн тэр өдрөө 4 минутын дараа машины төлбөр гээд буцаагаад шилжүүлэн авсан байна.Тиймээс автомашины мөнгийг шаардах эрхгүй

А.М , М.Должинсүрэн нар нь барьцаанд тавьсан машинаа Дестинэшн монгол ХХК-д авч ирж өгөөгүй байхаар нь удаа дараа шаардаж байж 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр авч ирж компанийн ажилтан Ш.Эрдэнэболд, Д.Майдар нарт хүлээлгэн өгсөн бөгөөд өдийг хүртэл ашиглагдаагүй байгууллагын хашаанд байгаа болно. Тэгээд ч уг автомашиныг үнэлгээ Ашид билгүү ХХК-иар үнэлүүлэхэд 10,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Энэ талаар А.М , М.Должинсүрэн нарт удаа дараа мэдэгдэж орон сууцны үлдэгдэл 23,000,000 төгрөгийг төлсний дараа барьцаанаас чөлөөлж өгөхөд бэлэн болно гэжээ.

 

Хариуцагч Ж.Ц ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээ талуудын хооронд байгуулагдсан. Гэрээний дагуу Ж.Ц төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг А.М зөвшөөрч гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон. Тийм учраас тээврийн хэрэгслийн төлбөрийг Ж.Ц 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 16 цаг 31 минутад 23,000,000 төгрөгийг бүрэн төлсөн. Иймээс худалдагч тал өрөө төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Автомашины төлбөрийг А.М ын хууль ёсны гэр бүлийн хүн Должинсүрэнгийн 5029609923 тоот дансанд тээврийн хэрэгслийн мөнгийг шилжүүлсэн. Иймд тээврийн хэрэгслийн төлбөр болох 23,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна.

23,000,000 төгрөгийг М.Должинсүрэн аваад н.Өлзийбаярт буцааж өгсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна. Энэ тайлбараараа 23,000,000 төгрөгийг аваад аваад байрны төлбөрт өгөөгүй гэдгээ нотолж байна. Тээврийн хэрэгслийн төлбөрийг өгсөн байрны төлбөрийг авах гэж байгаа нь А.М болон Должинсүрэн нар 23,000,000 төгрөгийг завших үйлдэл бүрэн харагдаж байна. Мөн худалдах худалдан авах гэрээ А.М , Ж.Ц нарын хооронд хийгдсэн. Гэрээний үүргийн дагуу маргаан явагдаж байгаа. Гэрээний 2.2 дахь хэсэгт төлбөрийг бүрэн төлсөн. Гэрээний 3.9 дэх хэсэгт бүрэн төлж дуусгасан гэж тусгагдсан байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийн төлбөр төлөгдсөн гэв.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.М нь хариуцагч Ж.Ц ид холбогдуулан, тээврийн хэрэгсэл худалах-худалдан авах гэрээний үүрэгт 23,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь төлбөрийг төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Талууд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах тухай гэрээ байгуулж, худалдагч тал А.М нь өөрийн өмчлөлийн, 57-69 УНХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн 2000 онд үйлдвэрлэсэн, цагаан өнгөтэй, ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдагч тал Ж.Ц ид 23,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээний 2.2 дахь хэсэгт төлбөр бүрэн төлсөн хэмээн тусгажээ.

Гэвч дээрх гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгэгдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдлоо.

Хариуцагч Ж.Ц гүйцэтгэх захирлаар нь ажилладаг гэх Дестинэшн монгол ХХК-ийн барих орон сууцыг нэхэмжлэгч А.М , эхнэр М.Должинсүрэн нар захиалан бариулахаар гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний урьдчилгаа төлбөрт 57-69 УНХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн автомашиныг шилжүүлэхээр талууд тохиролцсон үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн зохигчийн тайлбар, гэрч Ц.Отгонбатын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Ц ийн эзэмшдэг Хаан банк дахь 2128009560 дугаартай дансанд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 29 минутад 23,000,000 төгрөгийг Байрны урьдчилгаа, Должинсүрэн утгаар шилжүүлсэн, мөн өдрийн 16 цаг 31 минутад 23,000,000 төгрөгийг машины төлбөр утгаар зарлагадсан тухай дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч А.М буюу түүний эхнэр М.Должинсүрэн нар нь орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөрийг төлсөн баримт үйлдэх зорилго агуулж байжээ. Өөрөөр хэлбэл, Орон сууц захиалгын гэрээний төлбөрийг төлөөгүй байна. Улмаар орон сууцны урьдчилгаа төлбөрт 23,000,000 төгрөгийг А.М ын эхнэр М.Должинсүрэнгээс гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 02584 дүгээр шийдвэрээр шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хуулийн этгээдтэй байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний төлбөр төлөгдсөн гэх үр дүн хүссэн хэлцлийн үр дүнд иргэн Ж.Ц той хийсэн хэлцлээр 57-69 УНХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн автомашины өмчлөх эрх нь нэхэмжлэгч А.М аас Ж.Ц ид шилжжээ.

57-69 УНХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн автомашин нь Дестинэшн монгол ХХК-ийн өмчлөлд бус иргэн Ж.Ц ийн өмчлөлд бүртгэлтэй, орон сууц захиалгын гэрээний урьдчилгаа төлбөрт тооцогдоогүй, хариуцагч Ж.Ц ийн эзэмшил, өмчлөлд байгаа үйл баримт тогтоогдлоо.

Зохигч талууд нь тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах хэлцлийн хүчин төгөлдөр эсэх тухайд маргаагүй, энэхүү хэлцлийн дагуу тээврийн хэрэгслийн өмчлөх эрх шилжсэн, төлбөр төлөгдөөгүй үйл баримт тогтоогдож байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар тээврийн хэрэгслийн үнэ 23,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.Ц оос 23,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М ад олгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц оос улсын тэмдэгтийн хураамж 272,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М ад олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА