Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 242

 

 

 

 

 

 

 

 

 

А.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03412 дугаар шийдвэртэй, А.М-ын нэхэмжлэлтэй, Ж.Ц-ид холбогдох, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  23 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэрэн-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Ж.Ц- нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр талуудын байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлийн 57-69 УНХ улсын дугаартай Мицубиши Кантер /Mitsubishi Canter/ маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан боловч гэрээний 2.1-д заасан төлбөр 23 000 000 төгрөгийг төлөөгүй. Төлбөрөө төлөхийг шаардахад орон сууцны гэрээний урьдчилгаа төлбөрт барьцаалуулсан мэтээр гуйвуулан тайлбарлаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Г.Өлзийбаяр н.Должинсүрэнгийн өмнөөс “байрны урьдчилгаа” хэмээн Ж.Ц-ийн эзэмшлийн 5128009560 тоот дансанд 23 000 000 төгрөг шилжүүлсэн, Ж.Ц- нь буцаагаад М.Должинсүрэнгийн 5029609923 тоот дансанд байрны урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн. Үүнийгээ тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнийг төлсөн гэж маргаж байна.

Гэтэл тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ А.М-, Ж.Ц- нарын хооронд байгуулагдсан, мөн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2584 дугаар шийдвэрээр орон сууцны урьдчилгаа төлбөр 23 000 000 төгрөгийг М.Должинсүрэнгээс гаргуулж “Дестинейшнь Монголия” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Харин 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах гэрээний төлбөр өнөөдрийг хүртэл төлөгдөөгүй. Хариуцагч нь тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэн авсан гэдэг нь тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нотлох зүйл харагдахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: А.М-ын гэр бүлийн хүн М.Должинсүрэн нь “Дестинэйшнь Монголия” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” 02/14 дугаар гэрээ байгуулсан. Тэрээр өөрийн гэр бүлийн хүн А.М-ын нэр дээр бүртгэлтэй Мицубиши кантер маркийн 57-69 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан, компаниас орон сууцны урьдчилгаанд 23 000 000 төгрөг төлсөн гэсэн баримт гаргуулж, “Хаан банк” ХХК-ийн ипотекийн зээлд хамрагдсан. М.Должинсүрэн нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр “Дестинэйшнь Монголия” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Ц-ийн 5128009560 тоот дансанд байрны төлбөр 23 000 000 төгрөгийг шилжүүлээд 4 минутын дараа машины төлбөр гээд буцаагаад авсан тул автомашины мөнгийг шаардах эрхгүй. Түүнчлэн, тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний дагуу Ж.Ц- төлбөрийг бүрэн төлсөн гэдгийг А.М- зөвшөөрч гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон.

А.М-, М.Должинсүрэн нар нь барьцаанд тавьсан дээрх тээврийн хэрэгслээ “Дестинэйшнь Монголия” ХХК-д биетээр шилжүүлэн өгөхгүй байхаар нь удаа дараа шаардсанаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр компанийн ажилтан Ш.Эрдэнэболд, Д.Майдар нар хүлээн авсан. Уг тээврийн хэрэгслийг огт ашиглаагүй ба байгууллагын хашаанд байгаа. “Ашид билгүүн” ХХК-аар үнэлүүлэхэд 10 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн.  Энэ талаар А.М-, М.Должинсүрэн нарт удаа дараа мэдэгдэж орон сууцны үлдэгдэл төлбөр 23 000 000 төгрөг төлсний дараа барьцаанаас чөлөөлөхөд бэлэн болно.

 23 000 000 төгрөгийг М.Должинсүрэн аваад н.Өлзийбаярт буцааж өгсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбараар байрны төлбөрт өгөөгүй гэдгээ нотолж байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.2-т төлбөрийг бүрэн төлсөн, 3.9 дэх хэсэгт бүрэн төлж дуусгасан гэж тусгагдсан байдаг. Тиймээс тээврийн хэрэгслийн төлбөр төлөгдсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Ц-оос 23 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.М-ад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-оос улсын тэмдэгтийн хураамж 272 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.М-ад олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  А.М- түүний гэр бүл М.Должинсүрэн нар 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 02/24 дугаар орон сууц захиалгын гэрээг М.Должинсүрэнгийн нэр дээр “Дестинейшнь Монголия” ХХК-тай байгуулж, 79,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2016 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн, одоог хүртэл амьдарч байгаа. Эдгээр иргэд “Дестинейшнь Монголия” ХХК-д орон сууцны төлбөрийн үлдэгдэл 23 000 000 төгрөгийг төлөхгүй байснаас компани Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, М.Должинсүрэнгээс 23 000 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрт “хариуцагч М.Должинсүрэн өөрийн нөхөр А.М-ын 57-69 УНХ улсын дугаартай Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг 23 000 000 төгрөгт худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулан гүйцэтгэх захирал Ж.Ц- өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Мөн өдрөө Ж.Ц-ийн 5128009560 тоот данснаас машины төлбөр гэж 23 000 000 төгрөг М.Должинсүрэнгийн 5029609923 тоот дансанд шилжүүлсэн болно” гэснийг үндэслэсэн байна.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний 2.2-т төлбөр бүрэн төлсөн мөн 3.9 дэх хэсэгт заасны дагуу А.М- нь тээврийн хэрэгсэлээ Ж.Ц-ийн нэр дээр шилжүүлэн өгсөн байна. Уг гэрээг бүрэн зөвшөөрөн талууд буюу худалдагч А.М- гарын үсгээ зурж баталгаажуулсан. Эндээс үзэхэд 57- 69 УНХ улсын дугаартай ачааны тээврийн хэрэгслийн төлбөр болох 23 000 000 төгрөгийг А.М-ын гэр бүл М.Должинсүрэн авсан гэдгээ хүлээн зөвшөөрснөөс гадна А.М- өөрөө тээврийн хэрэгсэлийн төлбөр бүрэн авсан гэдгээ баталгаажуулж гэрээнд гарын үсэг зурсан.

Мөн Хан-Уул дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхээс М.Должинсүрэн нь өөрийн нөхөр А.М-ын тээврийн хэрэгсэлийн 23 000 000 төгрөгийг өөрийн 5029609923 тоот дансаар хүлээн авсан болохыг шийдвэрт тусгасан байхад Ж.Ц-оос 23 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, 1 ширхэг тээврийн хэрэгсэлийн үнийг 2 дахин төлүүлэхээр болж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч А.М- нь хариуцагч Ж.Ц-ид холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний үнэ 23 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээгээр Ж.Ц- нь А.М-ын өмчлөлийн 57-69 УНХ улсын дугаартай, Мицубиши кантер маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг                           23 000 000 төгрөгөөр худалдан авах талаар харилцан тохиролцсон байна. /хх5/

 

 Түүнчлэн, нэхэмжлэгч А.М-ын гэр бүл М.Должинсүрэн нь хариуцагч Ж.Ц- гүйцэтгэх захиралаар нь ажилладаг “Дестинейшнь Монголия” ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай” 02/14 дугаар гэрээ байгуулсан үйл баримт нь хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ШШ2018/02584 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 139 дугаар магадлал, зохигчдын тайлбараар тогтоогджээ. /хх26-35/

 

Хариуцагч нь гэрээний үнэ 23 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ, гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг дээрх орон сууц захиалгаар бариулах гэрээний урьдчилгаа төлбөр 23 000 000 төгрөгийн үнийн дүнд барьцаалсан гэж, мөн тээврийн хэрэгслийн үнийг гэрээ байгуулсан өдрөө                             бүрэн төлсөн нь гэрээний 2.2-т зааснаар нотлогдоно гэж өөр өөр байдлаар тайлбарласан байна. /хх14,98/

 

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн “Дестинейшнь Монголия” ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Должинсүрэнд холбогдох иргэний хэргийн хувьд орон сууцны урьдчилгаанд төлөх 23 000 000 төгрөгийг М.Должинсүрэн төлөөгүй нь тогтоогдсон гэх үндэслэлээр түүнээс гаргуулж “Дестинейшнь Монголия” ХХК-д олгож шийдвэрлэсэн. Уг орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдах, ипотекийн зээлд хамрагдах үед энэхүү иргэний хэргийн хариуцагч Ж.Ц- нь А.М-аас нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгслийг хүлээн авч, худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч гэрээний дагуу тээврийн хэрэгслийн үнэ болох 23 000 000 төгрөгийг А.М-ад төлсөн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Түүнчлэн, тээврийн хэрэгслийг орон сууцны урьдчилгаа төлбөрт тооцсон гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь, дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийг байрны урьдчилгаа төлбөрт тооцож,  23 000 000 төгрөгт шилжүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дүгнэжээ.  

 

Иймээс хариуцагч Ж.Ц- нь өөрийн өмчлөл, эзэмшилд бодитоор шилжүүлсэн байгаа тээврийн хэрэгслийн үнийг гэрээний дагуу төлөх үүрэгтэй. Мөн тэрээр тээврийн хэрэгслийн бодит үнэлгээг 23 000 000 төгрөгийн хэмжээнд хүрэхгүй гэж тайлбарлах боловч энэ үндэслэлээр гэрээнээс татгалзсан, гэрээний зүйлийг буцааж өгөх талаар талуудын хооронд харилцаа үүссэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгслийн үнийг гэрээнд заасан дүнгээр нь гаргуулсан шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2019/03412 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Ж.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн нийт 270 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                  

                                       ШҮҮГЧИД                                 Ч.ЦЭНД

 

                                                                                         Т.ТУЯА