Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2022/01236

 

 

 

 

 

 

 

 

2022 03 18 101/ШШ2022/01236

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ш-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У Б Х М ОНӨТҮГ-т холбогдох,

 

У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  дугаартай Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, музейн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Ш

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ч.Ө

Гэрч Э.Г 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т.Ш миний бие У Б Х М ОНӨТҮГ-т тус газрын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн   тоот тушаалаар музейн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Анх ажилд орох үедээ 08 дугаар сард олон нийтийн сүлжээгээр зар тавьж, музейн менежерийн албан тушаалд үндсэн ажилтнаас ажилд авах зарын дагуу очиж анкет болон ярилцлагын шалгалтанд орж тэнцээд ажилд томилогдсон. Ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэж байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин ажлын байрны тодорхойлолт өгөөгүй, ажил үүргийн хуваарь танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч цуцлах талаар ямар нэг санал гаргаагүй, гэрээ дуусгавар болоогүй учир ажил үүргээ хэвийн гүйцэтгээд ажиллаж байсан. Гэтэл захирал 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Захирлын зөвлөлийн хурал хийж намайг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Би 12 дугаар сар хүртэл удирдлагаас ямар нэг байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй, мөн үндсэн орон тоо учир жинхэлж байгаа юм байна гэсэн ойлголттой байсан бөгөөд 12 дугаар сарын 03-ны үед захирал С.Цаас асуухад өө болно удахгүй хурал хийгээд жинхэлнэ гэж хэлж байсан. Гэтэл Захирлын зөвлөлийн хурал хийгээд ажлаас чөлөөлөх болсон, өөрийн хүсэлтээр гэж өргөдлөө бичиж өг гэсэн шаардлага тавьж эхэлсэн. Гэвч би байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулсан, мөн гэрээний хугацаа дууссан ч цуцлах санал гаргаагүй, ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа тул ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхгүй гээд өргөдөл бичиж өгөөгүй. Ингээд миний ажлыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. Энэхүү шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д заасан байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах, 23.3-т заасан хэрэв хугацаатай байгуулсан бол гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцлах талаар санал гаргаагүй ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгасанд тооцно гэх заалтуудыг зөрчиж хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж хууль бус шийдвэр гаргасан. Мөн намайг ажил үүрэгтээ тэнцэх, тэнцэхгүйг Захирлын зөвлөлийн хурал шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Анх ажилд орохдоо л зохих шалгуурыг хангаж, тэнцээд ажилд томилогдсон. Би ажиллаж байх хугацаандаа ТҮСУ-5-1 буюу 784,647 төгрөгийн сарын цалин хөлстэй хөдөлмөрийн гэрээ байгуулж ур чадварын болон бусад урамшууллын хамт сарын 894,647-1,399,667 төгрөгийн цалин хөлс авч байсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож нэхэмжлэх хүсэлтэй байна. Иймд У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 тоот Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, музейн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т.Шыг музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар хурлаар менежерийн албан тушаалд авах талаар хэлэлцэн дэмжиж, музейн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн   дугаар тушаалаар 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Т.Шыг менежерийн албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасан шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа тогтоосон туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар гэрээ байгуулна, мөн 24 дүгээр зүйлийн 24.1, музейн дотоод журмын 3 дугаар зүйлийг үндэслэсэн бөгөөд дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5-д ажилд авах хүнийг дахин судалж шалгах үүднээс түүнтэй хөдөлмөрийн гэрээг богино хугацаатай /1-3 сар/ байгуулж ажиллуулна гэдгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Т.Шыг 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хууль болон музейн дотоод журмыг зөрчөөгүй.

Нэхэмжлэгч талаас ажлын байрны тодорхойлолт өгөөгүй, ажил үүргийн хуваарь танилцуулаагүй гэсэнд байх бөгөөд музейн захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалын 3 дугаар зүйлд заасны дагуу арга зүйч Э.Г нь Т.Шад музейтэй холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журмыг танилцуулж, ажлын зааварчилгаа өгсөн. Менежерийн ажил хүлээлцүүлэх талаар музейн захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/11 дугаар тушаалаар өмнөх менежер Г.Сын ажил хүлээлцсэн комисс шинээр менежерийн ажилд орж буй Т.Шад менежерийн ажлыг актын дагуу холбогдох баримтыг хүлээлгэн өгсөн. Менежерийн ажил хүлээлцэх комиссын гишүүн бүртгэл мэдээллийн санч Ч.Өсөхжаргалын ээлжийн амралтын хугацаа 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дуусаж, 09 дүгээр сарын 13-нд ажилдаа орсноор менежерийн ажлыг 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр менежерийн ажил хүлээлцсэн акт №01 үйлдэж, баталгаажуулсан. Тус актын 4 дугаарт У Б Х Мгээс баталсан дүрэм, журмын эмхэтгэл 1, 2 гэсэн 61, 62 хуудастай баримт, 8-9 дугаарт У Б Х Мн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, Байгууллагын 2021" оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны тайлан, Музейн 2021 оны нэгдүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт зэрэг баримтуудыг танилцуулж, хүлээлгэн өгсөн. Мөн тус актын 7 дугаарт боловсруулж дууссан, батлуулахад бэлэн болсон 6 албан тушаалын тодорхойлолтыг хүлээлгэн өгч, үлдсэн менежер, дизайнер, нягтлан бодогч, боловсролын ажилтан, эрдэм шинжилгээний ажилтан, сан хөмрөгч, жижүүр, үйлчлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг менежер өөрөө боловсруулж /ажлын хэсэг байгуулж өөрөө ахлан ажиллах/ Төрийн албаны зөвлөлөөр батлуулах ажлыг зохион байгуулан хийх ёстой бөгөөд албан тушаалын тодорхойлолт боловсруулах болон албан тушаалын тодорхойлолт, ажил үүргийн хуваарь байхгүй ч музейн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, менежерийн нэн тэргүүнд хийх ажил үүргийн талаар арга зүйч Э.Г, эрдэм шинжилгээний ажилтан Г.О нар дэмжин тусалж, хамтран ажиллах талаар тайлбарлан музейн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг танилцуулсан. Дээрх баримтуудаас үзэхэд менежер Т.Шад музейн Захирлын тушаалаар үүрэг болгосны дагуу Э.Г нь музейн дүрэм, журам, байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг танилцуулж, ажлын зааварчилгаа өгсөн нь ажил хүлээлцэх актад тусгагдсан хүлээлгэн өгсөн баримтуудаар нотлогдож байна. Мөн Т.Ш нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 24 дүгээр хуралд 2021 оны 09 дүгээр сарын 01-05-нд ажлын байртай танилцсан гэж хэлсэн нь дээрх баримтыг давхар баталж байна. Эндээс үзэхэд ажил үүргийн хуваарьтай танилцаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Музейд 2020 онд менежерийн орон тоонд ажилтан шинээр авч ажиллуулсан бөгөөд 2020-2021 оны 06 дугаар сарын 01-ийг дуустал ажилласан менежер Г.С нь Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор баталсан Төрийн албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтыг шинээр боловсруулах ажлыг гүйцэтгэж, нийт 6 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж дууссан байсан. Т.Шыг ажилд томилогдоход менежерийн албан тушаалын тодорхойлолт боловсруулагдаж гараагүй байсан учраас музейн арга зүйч Э.Гг Т.Шад ажил үүргийн хуваарь болон ажлын зааварчилгээ өгөхийг Т.Шыг томилсон тушаалаар үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу Э.Г нь 2021 оны 09 дүгээр сарын 01-05-нд музейн ажил үүргийн хуваарь болон шинээр боловсруулах шаардлагатай байгаа менежер тэргүүтэй 13 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж дуусган, Төрийн албаны зөвлөлөөр хянуулж батлуулах талаар Т.Шад зааварчилгаа өгсөн. Ийм учраас Т.Штай ажил хүлээлцэх актад өмнөх менежер Г.Сын боловсруулж дууссан 6 албан тушаалын тодорхойлолтыг тусгасан. Т.Шаас ажилд анх ороход ажлын байрны тодорхойлолт өгөөгүй гэж хэлж байгаа нь менежер болон бусад албан тушаалын тодорхойлолтыг менежер албан тушаалд томилогдсоноор ажил хүлээлцэх актад тусгагдаагүй бусад албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж дуусгах үүрэг хүлээсэн байсан. Т.Ш нь музейн удирдах албан тушаалтны хувьд ажил хүлээлцсэн актад тусгаснаас бусад албан тушаалын тодорхойлолтуудыг боловсруулж батлуулах ажлыг зохион байгуулаагүй нь түүний хариуцсан ажилдаа идэвх санаачлагагүй байсныг харуулж байна.

Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч цуцлах талаар ямар нэг санал гаргаагүй, гэрээ дуусгавар болоогүй учир ажил үүргээ хэвийн гүйцэтгээд ажиллаж байсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т заасан хэрэв хугацаатай байгуулсан бол гэрээний хугацаа дуусмагц гэрээг цуцлах талаар санал гаргаагүй, ажилтан ажпаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно гэх заалтуудыг зөрчиж хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж хууль бус шийдвэр гаргасан гэсэн байх бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр менежер Т.Шын 3 сарын хугацаатай байгуулсан гэрээ дуусгавар болохтой холбогдуулан Т.Ш, О.А нарын гэрээг сунгах эсэх тухай Захиргааны зөвлөлийн хурлыг 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдуулахаар зөвлөлийн гишүүдэд зарласан бөгөөд энэ өдөр менежер Т.Ш нь зөвлөлийн хуралд танилцуулах тайлан бичих хугацаа өгөхийг хүссэн тул хурлыг 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар хойшлуулсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны зөвлөлийн хурлыг хийх гэсэн боловч зөвлөлийн гишүүн арга зүйч Э.Г нь 12 дугаар сарын 03-ны өдрөөс яаралтайгаар эмнэлэгт хэвтсэн, 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан, хуралд цахимаар оролцох байсан, мөн зөвлөлийн гишүүн тайлбарлагч Д.Д нь 12 дугаар сарын 03-ны өдөр ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарч эмнэлэгт хэвтсэнээр ирц бүрдээгүй тул Захиргааны зөвлөлийн хурлыг 7 хоногоор дахин хойшлуулсан бөгөөд Т.Шад энэ тухай мэдэгдсэн. Музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр /хоёр гишүүн цахимаар оролцсон/ хуралдаж, дараах 2 асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт менежер Т.Шын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх тухай, хоёрдугаарт нярав О.Аийн хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх тухай тус тус хэлэлцэж хуралдсан. Музейн захиргаанаас Т.Шад 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцүүлэхийг мэдэгдсэн бөгөөд Т.Ш нь тайлан бичих хугацаа өгөхийг хүссэн нь түүний хүсэлтээр асуудлыг хэлэлцэх хугацаа хойшилсон болно. Музейн захиргаанаас Т.Шын хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түүний хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудпаар музейн Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлөөр хэлэлцэх талаар мэдэгдсэн. Т.Шын шүүхэд гаргасан нэхэмжлэлд 12 дугаар сарын 03-ны үед захирал С.Цаас асуухад өө болно, удахгуй хурал хийгээд жинхэлнэ гэж байсан гэснээс харахад Т.Ш нь музейн захирлаас хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх талаар асуусан, захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлыг хийнэ гэдгийг мэдэж байсан байна. Музейн дотоод журмын 3.6-д Судлах, шалгах хугацаанд ажлын байрны шаардлага хангахгүй гэж үзсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байгуулсан хугацаагаараа дуусгавар болно гэж заасан. Т.Ш нь музейн дотоод журам, дүрэмтэй танилцсан учраас уг заалтыг мэдэж байсан гэж үзэж байна. Үүнээс үзэхэд Т.Шад 11 дүгээр сарын 29-нд захиргаанаас хурал хийхийг мэдэгдсэн, 12 дугаар сарын 03-нд Т.Шаас хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх талаар захирлаас асуусан нь нэхэмжлэгчээс гаргасан Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д заасан Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй гэдэгтэй нийцэхгүй байгаа бөгөөд хурлаар хэлэлцэж шийдвэрлэхийг ч мэдэж байсан байна.

Нэхэмжлэгч нь намайг ажил үүрэгтэй тэнцэх, тэнцэхгүйг захирлын зөвлөлийн хурал шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна, анх ажилд орохдоо л зохих шалгуурыг хангаж, тэнцээд ажилд томилогдсон гэсэн байх бөгөөд У Б Х Мн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5-т заасны дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх тухай Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх тухай зааж, Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2-т заасны дагуу тайлангаа өгөхийг мэдэгдсэн. Т.Ш нь Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг биелүүлээгүй, Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хуралд тайлан бичих хүсэлт тавин хугацаа хойшлуулсан ч бичвэр төлөвлөгөө, тайлангүй өөрийн ноороглон бичсэн цаасыг харан тайлан тавьж, ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан нь удирдах түвшиний хэмжээнд өөрийгөө ур чадваргүй гэж дүгнэхэд хүргэсэн. Түүний амаар тайлагнасан ажилд шинээр санаачлан хийсэн ажил болон манлайлан оролцсон, удирдан зохион байгуулсан ажил арга хэмжээ байгаагүй. Т.Шыг ажиллаж байх хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 29-нд Улаанбаатар хотын ой, 11 дүгээр сарыг Соёлын Яамнаас зарласан Соёлын бүтээлч сар аян зэрэг томоохон үйл явдал, ажил өрнөсөн. Эдгээр ажлыг зохион байгуулахад манлайлан, идэвхи санаачлагатай оролцож чадаагүй. Энэ нь хурлын тэмдэглэлд гишүүдийн хэлсэн үг болон өөрийн хэлсэн санаачилж хийсэн ажлын хүрээнд ерөнхийд нь хянаж, дэмжиж л ажилласан юм байна, цаашид ажилтан, албан хаагчиддаа музейн дотоод журмын сургалтыг дахин хийх, хамт олны спортын аянг зохион байгуулах зэрэг ажлыг төлөвлөж байгаа хэмээн хэлсэн байгаа нь санаачилж хийсэн ажил байхгүйг нотлохоос гадна музейн дотоод журмын сургалтыг дахин хийх гэж ярьж байсан нь дотоод журмаа уншиж танилцсаныг нотолж байна. Музейн дотоод журам-ын 2.4 дэх хэсэг Ажилтнууд тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг улирал бүрийн сүүлийн сарын 20-ны дотор бичмэл тайлангийн хамт байгууллагын удирдлагад хүргүүлнэ. Менежер нь байгууллага, ажилтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн дүгнэж захиралд танилцуулна, мөн Хөдөлмөрийн гэрээний 2.1.1 болон 2.1.2-т заасны дагуу тайлангаа тайлагнах үүрэгтэй. Т.Ш нь ажиллах хугацаандаа ажлын төлөвлөгөө гаргаж, түүнийгээ тайлагнаж үр дүнг танилцуулаагүй. Энэ нь түүнийг Хөдөлмөрийн гэрээний 3.2.4-т заасан үүргээ биелүүлээгүйг харуулж байна. Мөн ажил хүлээлгэн өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн менежерийн ажил хүлээлцэх акт №01-д менежерийн ажлын тайлан, төлөвлөгөө огт байхгүй байгаа нь төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, түүнийгээ тайлагнаагүй гэдгийг нотолж байна. У Б Х Мн 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд зөвхөн менежерийн ажлын төлөвлөгөөтэй холбоотой дараах ажлууд тусгагдсан. 1.1 Музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлуулах санал хүргүүлнэ, 2.5.1 Сан хөмрөг дэх үзмэрүүдээр сэдэвчилсэн үзэсгэлэн гаргаж нийтийн хүртээл болгон сурталчлах ажлыг зохион байгуулна, 2.5.2 Түүхэн тэмдэглэлт үйл явдал, цаг үеийн холбогдолтой сэдэвчилсэн үзэсгэлэнг цахим хэлбэрээр болон музейн байранд тогтмол зохион байгуулна, 2.6.1 Музейн танилцуулгыг шинэчлэн бэлтгэж монгол англи хэлээр хэвлүүлнэ. 2.8.1 Музейгээс зохион байгуулсан арга хэмжээнүүдийг байгууллагын вэб хуудас, мэдээллийн сайт, сошиал сувгуудаар дамжуулан олон нийтэд хүргэнэ, 8.2.2 Музейгээр үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж, орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэн санхүүгийн ил тод байдлыг хангах ажиллана, 3.5 Байгууллагын сар улирал, хагас, бүтэн жилийн тайланг нэгтгэн гаргах. Ажилтныг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах талаар музейн захирал бие даан шийдвэр гаргадаггүй, музейн дотоод журмын 3.5 дахь хэсгийг үндэслэн музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 5 гишүүн 100 хувийн саналаар Т.Шыг ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвлөж бодож байгаа ажлаа график төлөвлөгөөтэй гаргаагүй гэж үзээд захирлыг орлон ажиллах, ажилтнуудаа чиглүүлэн манлайлах хэмжээний менежер биш гэж үзэн Музейн дотоод журам-ын 3.6 дахь хэсгийг үндэслэн музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 24 дүгээр хурлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Т.Шыг ажилд анх авахад музейн Дотоод журмын 3.5-д заасны дагуу Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн бөгөөд түүнийг ажлаас чөлөөхөд мөн дотоод журмын 3.5-д заасны дагуу Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн. Т.Шыг ажлаас чөлөөлөх үйл явц нь хэн нэгний ашиг сонирхлын үүднээс бус, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, музейн дотоод журмын 3.5, 3.6 дахь хэсгүүдийг үндэслэн хууль, журмын дагуу шийдвэрлэгдсэн. Нэхэмжлэгч нь Захирлын зөвлөлийн хурал хийгээд ажлаас халах болсон, өөрийн хүсэлтээр гэж өргөдлөө бичиж өг гэсэн шаардлага тавьж эхэлсэн гэсэнд тайлбар өгөхөд музейн захиргааны зүгээс Т.Шад ажлаа өөрийн хүсэлтээр өргөдлөө бичиж өг гэсэн шаардлага огт тавиагүй. Мөн Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр хурлаар ийм асуудлыг огт хэлэлцээгүй болно.

Иймд дээр дурдсанаар Т.Шыг ажлаас чөлөөлсөн асуудал нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдоос ирүүлсэн нотлох баримтууд:

Нэхэмжлэгч талаас: У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал /хх-4/, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-5-7/, Т.Шын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-8/, цалин олгох хүснэгт /хх-84-92/,

Хариуцагч талаас: У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/18 дугаартай Дотоод журам батлах тухай тушаал, У Б Х Мн дотоод журам /хх-31, 32-49/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай Т.Штай хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал /хх-50/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал /хх-51, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 20 дугаартай хөдөлмөрийн гэрээ /хх-52-54/, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай Менежерийн ажил хүлээлцсэн акт, ажил хүлээлцэх хуудас /хх-55, 56-57/, У Б Х Мн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 24 дүгээр хурлын тэмдэглэл /хх-58-65/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай Менежерийн ажил хүлээлцсэн акт, ажил хүлээлцэх хуудас /хх-66, 67-68/, чөлөөлөгдсөн болон халагдсан албан хаагчийн тойрох хуудас /хх-69/, баримт бичигтэй танилцсан акт /хх-70/, У Б Х Мн захирлаар ажиллаж байсан С.Цын тайлбар /хх-71/, 1726888 дугаартай хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас /хх-72/, У Б Х Мн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай ээлжийн амралт олгох тухай мэдэгдэл /хх-73/, Д.Дгийн ковид 19 шинжилгээний хариу /хх-74/, У Б Х Мн ажилчдаас гаргасан гомдол /хх-105/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн А/01 дугаартай Музейн 2021 оны орон тооны жагсаалт батлах тухай тушаал /хх-107-109/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/22 дугаартай Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөл байгуулах тухай тушаал /хх-110/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Б/26 дугаартай Ажил хавсран гүйцэтгүүлэх, нэмэгдэл олгох тухай тушаал /хх-111/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/19 дугаартай Захиргааны зөвлөлийн журам батлах тухай тушаал /хх-112-114/, У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Б/38 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал /хх-115/, У Б Х Мн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 19 дүгээр хурлын тэмдэглэл /хх-116-118/, Менежерийн үнэлгээний хуудас /хх-119-120/, У Б Х Мн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 21 дүгээр хурлын тэмдэглэл /хх-121-124/, У Б Х Мн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 22 дугаар хурлын тэмдэглэл /хх-125-130/, У Б Х Мн 2021 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан /хх-142-155/, У Б Х Мн 2021 оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөө /хх-156-166/, У Б Х Мн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 23 дугаар хурлын тэмдэглэл /хх-167-168/, цалингийн карт /хх-169- 172/.

Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн баримт: 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр У Б Х Мн Захиргааны зөвлөл гэсэн фэйсбүүк хаягт 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн чат, мөн музейн ажилтан Э.Г, Т.Ш нарын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр харилцсан чатад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-176-184/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Ш нь хариуцагч У Б Х М ОНӨТҮГхолбогдуулан У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, музейн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч нь Т.Шыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн, ажлаас чөлөөлөх үйл ажиллагаа байгууллагын дотоод журмын дагуу хийгдсэн гэх тайлбарыг гарган гомдлын шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэхүү хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх нь зөрчигдсөн тухай эрх зүйн харилцаанд оролцогч этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх, хуульд заасан журмын дагуу тухайн хэргийг хэлэлцэж, шийдвэрлэх үндэслэл болдог.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Т.Шыг тус байгууллагад туршилтын хугацаагаар ажиллаж байсан ч тухайн албан тушаалд жинхлэн ажиллаж байгаад ажлаас халагдсан мэт нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

 

У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай тушаалд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, У Б Х Мн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.5, 3.6 дахь хэсэг, музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн музейн менежер Т.Шын 3 сарын ажлын үр дүн, идэвх санаачлага, ур чадварыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээг сунгахгүй гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

 

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Т.Ш нь эс зөвшөөрч, шүүхэд гомдлоо 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан буюу Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж зааснаар хуулийн хугацаанд гомдлын шаардлагаа гаргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Ш нь У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаартай тушаалаар музейн менежерийн албан тушаалд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс гурван сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж эхэлсэн, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбараар нотлогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

Нэхэмжлэгч Т.Ш нь гомдлын шаардлагын үндэслэлээ ажилд орохдоо зохих шалгуурыг хангаж ажилд томилогдсон тул Захиргааны зөвлөл түүнийг үүрэгт ажилдаа тэнцэх эсэхийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээ цуцлах талаар ямар нэг санал гаргаагүй, ажил үүргээ хэвээр гүйцэтгэж байсан тул гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцох ёстой гэж тайлбарлаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна, 23.2-т Хөдөлмөрийн гэрээг дор дурдсан хугацаагаар байгуулна: 23.2.1-д байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, 23.2.2-т энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай гэж, 23.2.3-т ... шинээр орж байгаа ажилтан болон дагалдан суралцагчтай ажил олгогчоос хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулсан туршилтын болон дагалдан ажиллуулах хугацаагаар мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болно, 231.2-т Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна гэж заасан.

 

У Б Х Мн дотоод журам-ын 3 дугаар зүйлийн 3.5-д Ажилд авах хүнийг дахин судалж шалгах үүднээс түүнтэй хөдөлмөрийн гэрээг богино хугацаатай /1-3 сар/ байгуулж ажиллана.Энэ хугацаанд тухайн хүн мэргэжил, чадвар, ажлын дадлага, идэвх санаачлага, сахилга хариуцлагаар ажилд тэнцэх болон музейн ажлын онцлог шаардлагыг хангаж чадахаа харуулж чадвал байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр байгуулж ажиллуулна. Хэрэв энэ хугацаанд тухайн ажилтан тус албан тушаалд ур чадвар, мэдлэгийн хувьд тэнцэхгүй бол захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн, ажлаас чөлөөлнө, 3.6-д Судлах, шалгах хугацаанд ажлын байрны шаардлага хангахгүй гэж үзсэн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь байгуулсан хугацаагаараа дуусгавар болно гэж заажээ.

 

У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/19 дугаартай тушаалаар Музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн журам-ыг баталж, тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдөн ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд уг журмын 3.5.5-д Музей болон ажилтны хоорондох хөдөлмөрийн бүхий л харилцааг хэлэлцэж шийдвэрлэх /ажилд томилох, ажлаас чөлөөлөх, гэрээ сунгах, удаан хугацааны болон цалинтай чөлөө авах гэх мэт/ нь зөвлөлийн хэлэлцэж шийдвэрлэх чиг үүрэгт хамаарна гэж заажээ.

 

Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй, мөн хууль тогтоомжийн хүрээнд хөдөлмөрийн харилцааны асуудлыг тухайн байгууллагын ажил үүргийн онцлогт тохируулан шийдвэрлэх нь эрхийнх нь асуудал бөгөөд У Б Х М ОНӨТҮГ нь музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлөөр хөдөлмөрийн бүхий л харилцааг хэлэлцэж шийдвэрлэхээр дотоод журмаар зохицуулсан нь хууль тогтоомжийг зөрчөөгүй байна.

 

Тус музейн захирлын 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/22 дугаартай тушаалаар музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийг тус музейн менежер, арга зүйч, бүртгэл мэдээллийн санч, эрдэм шинжилгээний ажилтан, тайлбарлагч нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар баталжээ.

 

У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр хурлаар захирал С.Ц, эрдэм шинжилгээний ажилтан Г.О, бүртгэл мэдээллийн ажилтан Ч.Өсөхжаргал нар биечлэн, арга зүйч Э.Г, тайлбарлагч Д.Д нар цахимаар оролцож менежер Т.Ш, нярав О.А нарын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэж, менежер Т.Шын гурван сарын ажлын үр дүн, идэвх санаачлага, ур чадварыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болох тус хурлын тэмдэглэл болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Т.Ш нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахад хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх талаар шийдвэр гаргаагүй тул анх байгуулсан хугацаагаар гэрээний хугацааг сунгагдсанд тооцох үндэслэлтэй гэж маргаж мэтгэлцсэн.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Захиргааны зөвлөлийн гишүүд 2021 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр хурал товлосон боловч Т.Ш хуралд танилцуулах тайлан бичиж ирээгүй учраас тайлан бичих хугацаа өгөхийг хүссэний дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагт хуралдахаар хойшлуулсан болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Т.Ш нь тухайн үйл баримтыг үгүйсгэж байх боловч өөрийн тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй болно.

 

У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14 цагт хуралдахаар товлосон хурал нь зөвлөлийн гишүүн Э.Г эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлж хагалгаанд орох шаардлагатай болсон, мөн зөвлөлийн гишүүн тайлбарлагч Д.Дэлгэмөрөн ковид 19 халдварын шинжилгээ эерэг гарч эмнэлэгт хэвтсэн шалтгаанаар зөвлөлийн ирц бүрдээгүй тул 7 хоногоор хойшлогдож, хурлыг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Т.Штай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусахаас өмнө ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх талаар мэдэгдэж, холбогдох ажиллагаа хийж байсан гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийг хууль зөрчиж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсанчлан ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг дүгнэхтэй холбоотой ажиллагаа явуулж байсан үйл баримт тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч Т.Ш нь ажлын тайлан тавих үүрэг хүлээгээгүй, тайлангаа танилцуул гэж үүрэг болгоогүй гэх тайлбарыг гаргаж байгаа ч энэ талаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч нь ажилд ороход холбогдох дүрэм, журам танилцуулаагүй, ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарь танилцуулаагүй гэж тайлбарлаж байх боловч түүнийг ажилд томилохдоо У Б Х Мн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, холбогдох баримтыг танилцуулан хүлээлцсэн болох нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр менежерийн ажил хүлээлцэх хуудаст дурдсан албан хэрэг хөтлөлтийн шатанд хөтлөгдөж буй цаасан суурьт болон тусгай төрлийн баримт ажил хүлээлцсэн актаар тогтоогдож байх бөгөөд Т.Ш нь тухайн баримтад гарын үсэг зурж ажил хүлээлцсэн байна.

 

Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ажилтан нь үнэнчээр хөдөлмөрлөх, .... хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн нийтлэг шаардлагыг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

 

У Б Х Мн дотоод журам-ын 5.1.3-т ажилтан хууль тогтоомж, дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллах үүрэгтэй гэж заасан, мөн 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.2.2-т ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, У Б Х Мн дотоод журам, дүрэм, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч Т.Ш нь ажиллаж буй байгууллага болох У Б Х Мн үйл ажиллагаанд мөрдөж буй хууль тогтоомж, дүрэм журмыг судлах нь хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлэхийн тулд ажилтны гүйцэтгэвэл зохих үүрэг болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн нэхэмжлэгч нь ур чадварын болон бусад урамшууллын хамт цалингаа авч байсан нь эрхэлсэн ажилдаа тэнцэж байсан болохыг нотолно гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Шад ур чадварын нэмэгдэл олгож байсан үйл баримт тогтоогдож байх боловч түүнд нэмэгдэл урамшуулал олгосноор ажил албан тушаалдаа тэнцэхийг нотолно гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Ажилтанд ур чадварын нэмэгдэл, урамшуулалт цалин олгох эсэх асуудал нь ажил олгогч өөрийн эрх мэдлийн хүрээнд санхүүгийн боломждоо тулгуурлан хийгдэх ажиллагаа бөгөөд У Б Х Мн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 19 дүгээр хурлаар байгууллагын 2021 оны 3 дугаар улирлын тайлангийн үр дүнг хэлэлцэж, байгууллагын төлөвлөгөөний биелэлт сайн байсан учраас ажилтнуудынхаа цалин хөлсийг бодолцож, мөн шинэ 2 ажилтанд урам зориг өгч, дэмжин ажиллах зорилгоор ур чадварын урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн болох нь тус хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна. Нэхэмжлэгч Т.Шад ур чадварын нэмэгдэл урамшуулал олгосон асуудал нь түүнийг тухайн албан тушаалд жинхлэн ажиллах үндэслэл болохгүй бөгөөд У Б Х Мн дотоод журам-д ажилтанд ур чадварын нэмэгдэл урамшуулал олгосноор тухайн ажилд жинхлэн ажиллуулах үндэслэл болох талаар заагаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд хариуцагч У Б Х М ОНӨТҮГ нэхэмжлэгч Т.Штай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2, 23.2.2, 23.2.3, 231 зүйлийн 231.1, 231.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасны дагуу хийгдсэн байх ба хариуцагчийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Т.Шын У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, музейн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөхөөр заасныг баримтлан нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчид улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэг үүсэхгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.    Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар

зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан У Б Х М ОНӨТҮГ-т холбогдох У Б Х М ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай Т.Шын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, музейн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч Т.Шын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР