Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2022/01023

 

 

 

Т.Ш-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01236 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Ш-ын хариуцагч У- ОНӨТҮГ-т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Ш-, түүний өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Т.Ш- миний бие У- ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 тоот тушаалаар музейн менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл гэж байнгын ажлын байранд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Харин ажлын байрны тодорхойлолт өгөөгүй, ажил үүргийн хуваарь танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон ч цуцлах талаар ямар нэг санал гаргаагүй, гэрээ дуусгавар болоогүй учир ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр захирлын зөвлөлийн хурал хийж намайг ажил үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй гэж үзэж ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Би 12 дугаар сар хүртэл удирдлагаас ямар нэг байдлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал гаргаагүй, мөн үндсэн орон тоо учир жинхэлж байгаа юм байна гэсэн ойлголттой байсан. Миний ажлыг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр дуусгавар болгож ажлаас чөлөөлсөнд би гомдолтой байна. Энэхүү шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 23.3 дах заалтуудыг зөрчсөн. Мөн намайг ажил үүрэгтээ тэнцэх, тэнцэхгүйг захирлын зөвлөлийн хурал шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулж, музейн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгч Т.Ш-ыг менежерийн албан тушаалд томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг богино хугацаатай /1-3 сар/ хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалын 3 дугаар зүйлд заасны дагуу арга зүйч Э.Гэрэлмаа нь Т.Ш-ад музейтэй холбоотой хууль, тогтоомж, дүрэм, журмыг танилцуулж, ажлын зааварчилгаа өгсөн. Менежерийн ажил хүлээлцүүлэх талаар музейн захирлын 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/11 дугаар тушаалаар өмнөх менежер Г.Саранболорын ажил хүлээлцсэн комисс шинээр менежерийн ажилд орж буй Т.Ш-ад менежерийн ажлыг актын дагуу холбогдох баримтыг хүлээлгэн өгсөн. Т.Ш-ыг ажилд томилогдоход менежерийн албан тушаалын тодорхойлолт боловсруулагдаж гараагүй байсан учраас музейн арга зүйч Э.Гэрэлмааг Т.Ш-ад ажил үүргийн хуваарь болон ажлын зааварчилгаа өгөхийг Т.Ш-ыг томилсон тушаалаар үүрэг болгосон. Энэхүү үүргийн дагуу Э.Гэрэлмаа нь 2021 оны 09 дүгээр сарын 01-05-нд музейн ажил үүргийн хуваарь болон шинээр боловсруулах шаардлагатай байгаа менежер тэргүүтэй 13 албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж дуусган, Төрийн Албаны Зөвлөлөөр хянуулж батлуулах талаар Т.Ш-ад зааварчилгаа өгсөн. Ийм учраас Т.Ш-тай ажил хүлээлцэх актад өмнөх менежер Г.Саранболорын боловсруулж дууссан 6 албан тушаалын тодорхойлолтыг тусгасан. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр менежер Т.Ш-ын 3 сарын хугацаатай байгуулсан гэрээ дуусгавар болохтой холбогдуулан Т.Ш-, О.Алтантүлхүүр нарын гэрээг сунгах эсэх тухай Захиргааны зөвлөлийн хурлыг 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдуулахаар зөвлөлийн гишүүдэд зарласан бөгөөд энэ өдөр менежер Т.Ш- нь зөвлөлийн хуралд танилцуулах тайлан бичих хугацаа өгөхийг хүссэн тул хурлыг 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдуулахаар хойшлуулсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Захиргааны зөвлөлийн хурлыг хийх гэсэн боловч зөвлөлийн гишүүн арга зүйч Э.Гэрэлмаа нь 12 дугаар сарын 03-ны өдрөөс яаралтайгаар эмнэлэгт хэвтсэн, 12 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан, хуралд цахимаар оролцох байсан, мөн зөвлөлийн гишүүн тайлбарлагч Д.Дэлгэрмөрөн нь 12 дугаар сарын 03-ны өдөр ковид-19 халдварын шинжилгээ эерэг гарч эмнэлэгт хэвтсэнээр ирц бүрдээгүй тул Захиргааны зөвлөлийн хурлыг 7 хоногоор дахин хойшлуулсан бөгөөд Т.Ш-ад энэ тухай мэдэгдсэн. Музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурал 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 100 хувийн ирцтэйгээр /хоёр гишүүн цахимаар оролцсон/ хуралдаж, менежер Т.Ш-, нярав О.Алтантүлхүүр нарын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх тухай тус тус хэлэлцэж хуралдсан. Дотоод журмын 3.5-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх тухай Захирлын дэргэдэх захиргааны зөвлөлөөр хэлэлцэж шийдвэрлэх тухай зааж, хөдөлмөрийн гэрээний 2.1.1, 2.1.2-т заасны дагуу тайлангаа өгөхийг мэдэгдсэн. Т.Ш- нь Хөдөлмөрийн гэрээний 3.2-ыг биелүүлээгүй, Захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хуралд тайлан бичих хүсэлт тавин хугацаа хойшлуулсан ч бичвэр төлөвлөгөө, тайлангүй өөрийн ноороглон бичсэн цаасыг харан тайлан тавьж, ажилдаа хариуцлагагүй, хайхрамжгүй хандсан нь удирдах түвшиний хэмжээнд өөрийгөө ур чадваргүй гэж дүгнэхэд хүргэсэн. Түүний амаар тайлагнасан ажилд шинээр санаачлан хийсэн ажил болон манлайлан оролцсон, удирдан зохион байгуулсан ажил арга хэмжээ байгаагүй. Мөн ажил хүлээлгэн өгөхдөө 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн менежерийн ажил хүлээлцэх акт №01-д менежерийн ажлын тайлан, төлөвлөгөө огт байхгүй байгаа нь төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, түүнийгээ тайлагнаагүй гэдгийг нотолж байна. Ажилтныг ажилд үргэлжлүүлэн ажиллуулах талаар музейн захирал бие даан шийдвэр гаргадаггүй, музейн дотоод журмын 3.5 дахь хэсгийг үндэслэн музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 5 гишүүн 100 хувийн саналаар Т.Ш-ыг ажил үүргээ хангалттай биелүүлээгүй, төлөвлөж бодож байгаа ажлаа график төлөвлөгөөтэй гаргаагүй гэж үзээд захирлыг орлон ажиллах, ажилтнуудаа чиглүүлэн манлайлах хэмжээний менежер биш гэж үзэн дотоод журмын 3.6 дахь хэсгийг үндэслэн музейн захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн 24 дүгээр хурлаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан. Т.Ш-ыг ажлаас чөлөөлөх үйл явц нь хэн нэгний ашиг сонирхлын үүднээс бус, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, дотоод журмын 3.5, 3.6 дахь хэсгүүдийг үндэслэн хууль, журмын дагуу шийдвэрлэгдсэн. Иймд дээр дурдсанаар Т.Ш-ыг ажлаас чөлөөлсөн асуудал нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хууль /1999 он/-ийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг баримтлан У- ОНӨТҮГ-т холбогдох У- ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаартай Т.Ш-ын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах, музейн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэгч Т.Ш-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.а.Нэхэмжлэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл буюу 3 сарын туршилтын хугацаагаар ажилд томилогдон ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, ажиллаж байх хугацаандаа ур чадварын урамшуулал авч, улирлын төлөвлөгөө болон тайланг гаргаж ажиллаж байсан. Харин ажил олгогчийн зүгээс ажилд орсноос хойш ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийг танилцуулаагүй /боловсруулаагүй/ бөгөөд улирлын болон жилийн төлөвлөгөөний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг заагаагүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайлбал, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр хурлаар Т.Ш-ын гурван сарын ажлын үр дүн, идэвхи санаачлага, ур чадварыг харгалзан үзэж хөдөлмөрийн гэрээг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт болох хурлын тэмдэглэл болон зохигчдын тайлбараар нотлогдож байна гэсэн нь зөвхөн тус байгууллагын Захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэсэн байна. Гэвч энэхүү хурлын тэмдэглэлд Т.Ш-ын ажил үүргийг дүгнэхдээ ямар нэг шалгуур үзүүлэлт, ажил дүгнэх журам, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн гэрээний үүргийн биелэлт, байгууллагын улирал, жилийн төлөвлөгөөний биелэлт зэргийг баримтлаагүй зөвхөн зөвлөлд оролцсон гишүүд Т.Ш-ын танилцуулсан 10 ажлын хүрээнд бус цаашид санаачлах ажил, хийх зорилт гэх мэт тодорхойгүй зүйлийн талаар өөрсдийн хувийн санал хандлага, үзэмжээр дүгнэлт өгч байгаа нь харагдаж байна. Хэрэв ажилтны ур чадварыг үнэлэх, дүгнэх гэж байгаа бол ямар нэг шалгуур үзүүлэлт, зохих журмыг баримтлан шийдвэр гаргах нь хуульд нийцэх бөгөөд хэрэв ийм шалгуур, зохих журам байхгүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ... тухайн салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестачлалын комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Тухайн байгууллагын дотоод журмын 3.5, 3.6-д зааснаар шийдвэр гаргахаар заасан хэдий ч үүнийгээ ямар үндэслэлээр, ямар шалгуураар хэрхэн дүгнэх талаар заагаагүй байна. Ингэснээр ажилтныг хэдэн хувьтай байгаад ажил үүрэгтэй ямар үндэслэлээр тэнцэхгүй байгаа талаар хуульд нийцсэн шийдвэр гаргасан эсэхийг шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

4.б.Захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурал 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хурал товлогдсон боловч Т.Ш- хуралд танилцуулах тайлан бичих хугацаа өгөхийг хүссэний дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 14 цагт товлогдсон байна гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийхдээ ямар нотлох баримт үндэслэсэн нь тодорхойгүй байна. Хариуцагч талаас тайлбар болон талуудын хооронд харилцсан гэх фэйсбүүк чатаар видео дуудлага хийсэн талаар баримтыг, мөн Т.Ш-, Гэрэлмаа нарын 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн чатанд үзлэг хийлгэж, шинжлэн судлуулсан боловч энэхүү баримтад ... Т.Ш-ын хөдөлмөрийн гэрээг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх хурал товлогдсон эсэх талаар харагдахгүй байгаа бөгөөд зөвхөн дуудлага хийсэн баримт байсан. Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэх талаар мэдэгдэж, холбогдох ажиллагаа хийж байсан гэж үзэх үндэслэлтэй гэх шүүхийн шийдвэрийн үндэслэл нь мөн ямар нотлох баримтад тулгуурлан дүгнэлт өгч байгаа нь тодорхойгүй байна. Мөн ажилтанд ур чадварын нэмэгдэл урамшуулалт цалин олгох эсэх асуудал нь ажил олгогч өөрийн эрх мэдлийн хүрээнд санхүүгийн боломждоо тулгуурлан хийгдэх ажиллагаа гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцэхгүй байна. Тухайн байгууллагын дотоод журмын 7.6, 7.10, 7.11-т заасны дагуу Т.Ш-ад ажиллаж байсан хугацаанд ур чадварын нэмэгдэл болон урамшуулал олгосон байна. Гэтэл шүүхээс үүнийг тухайн байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд санхүүгийн боломжид тулгуурлан шийдвэрлэх ажиллагаа гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Мөн ... ажилтныг тайлан тавих үүргээ биелүүлээгүй ... гэж буруутгаж байгаа ч шинээр ажилд орсон албан тушаалтан ажлын тайлан хэлэлцүүлсний үндсэн дээр жинхлэх эсэх асуудлыг тухайн байгууллагын дотоод журмаар зохицуулсан зохицуулалт байхгүй бөгөөд ажилтан сар бүр тайлан гаргах үүрэггүй болох нь дотоод журмын 2.5, 2.7-д зааснаар ажилтан ажлын тайлангаа хагас, бүтэн жил, улирлаар тайлагнах, төлөвлөх зэргээр зохицуулсан байна. Мөн Т.Ш- нь ажилд орсны дараа буюу 10-р сард 3-р улирлын тайланг гаргаж, 4-р улирлын төлөвлөгөөг батлуулсан, түүнийг ажлаас гарснаас хойш 4-р улирал буюу тухайн жилийн тайланг 2022 оны 1-р сард гаргасан талаар хариуцагчийн төлөөлөгч болон нэхэмжлэгч нар тайлбарлаж байгаа бөгөөд үүн дээр маргаддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Т.Ш-ын У- ОНӨТҮГ-т холбогдох ажилд эрүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн журмын 1.2-т зөвлөл нь музейн захирал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд холбогдох асуудлаар захиргааны шийдвэр гаргахад зөвлөгөө өгөх гэж заасан эрхийн хүрээнд тус захиргааны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн менежер Т.Ш-тай байгуулсан богино хугацааны хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгахгүйгээр дуусгавар болгож тушаал гаргасан. Тухайн зөвлөлийн хурал нь 100 хувийн ирцтэйгээр хурал эхэлсэн байх тул хүчин төгөлдөр үзэж байна. Ур чадварын урамшууллын хувьд У- ОНӨТҮГ-ын дотоод журмын 7.10, 7.11 дэх хэсэгт зохицуулж ажилтнуудын нэмэгдэл болон урамшууллыг захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн 7.10, 7.11 дэх хэсэгт заасны дагуу захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлын 2021 оны 10 дугаар сарын 04-ий өдрийн №19 дүгээр хурлаар бүх ажилтнуудын урамшуулал, нэмэгдлийн талаар хэлэлцэж, захирал нь тайлан, ур чадварын үнэлгээний хуудсыг менежер Т.Ш-аас нөхөж гаргуулах нөхцөлтэйгөөр ур чадварын 25 хувь, үр дүнгийн 40 хувийн урамшуулал олгох санал дэвшүүлснийг гишүүд дэмжиж тухайн нэмэгдэл урамшуулал олгогдсон. Т.Ш-тай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан №20 тоот хөдөлмөрийн гэрээний 1.5-д цалин хөлсний нэмэгдэл болон бусад урамшууллыг музейн захирлын эрх хэмжээний хүрээнд хамруулах болно гэж заасны дагуу захирлын санал болгосноор Т.Ш-ад олгосон нэмэгдэл урамшуулал нь түүнтэй байгуулсан богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болсон хугацааг сунгах, эс сунгахад үл хамаарна. Улирлын тайлан гаргаж ажилласан гэж байна. Гэхдээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдоогүй. Т.Ш- нь өөрийн удирдлага буюу захиралд тайлагнаж ажиллах ёстой байсан. 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн 19 дүгээр хурлаар музейн захирал нь ...менежер ажлын тайланг ирүүлж, ажлаа дүгнүүлээгүй, тайланг нөхөж өгөөрэй гэж Т.Ш-ад тайлан нөхөж хийх, танилцуулах боломжийг олгож үүрэг даалгавар өгсөн нь өмнөх анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Мөн тайлан төлөвлөгөө хийгээгүйг нотлох зүйл нь Т.Ш- анх ажил хүлээж авсан 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №01 тоот менежерээр ажиллах ажил хүлээлцэх акт мөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн жагсаалтыг харьцуулан үзвэл нэгдүгээрт хэвлэмэл буюу цаасан суурьт, хоёрдугаарт нь цахим буюу компьютер дахь мэдээлэл файлыг харьцуулан үзэхэд хэвлэмэл болон цахим баримт нэг хуудас хэвлэмэл баримт болон аа нэг файл нэмэгдээгүй ямар ч зөрүүгүй буюу нэмэгдээгүй хасагдаагүй. Энэ нь Т.Ш-ыг 3 сарын хугацаанд музейн дотоод журмын 2.10, 2.14 дэх хэсэгт заасан менежерийн хүлээх үүргийг үл биелүүлж, захирал болон хамт олны зүгээс итгэл хүлээлгэж олгосон нэмэгдэл урамшууллын үр дүнг гаргаж ажиллаагүй нь тогтоогддог. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгчийн зүгээс дотоод дүрэм, журамтай бүрэн танилцсан боловч зохих ёсоор ойлгож мөрдөж ажиллаагүй, тайлан гаргах үүргээ биелүүлээгүй талаар анхан шатны шүүхийн хурлын тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хавтаст хэргийн 202, 203, 205 дугаар талд авагдсан. У- ОНӨТҮГ-ын дотоод журмын 3.1, 3.15-д заасан шаардлагыг хангаж Б/45 тоот тушаалд 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажил хүлээлцэх комисс байгуулан ажлыг хүлээлцэж тойрох хуудсыг зохих ёсоор зуруулсан болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заалтыг хэрэглэх ёстой гэж байна. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т Т.Ш-тай байгуулсан богино хугацааны хөдөлмөрийн гэрээний дуусгавар болсон хугацааг сунгах, эс сунгахад үл хамаарна гэж үзэж байна. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалд буюу хөдөлмөрийн гэрээний дуусгавар болоогүй хугацааг ажил олгогчийн санаачилгаар хугацаанаас өмнө цуцлах-ын зохицуулсан. Т.Ш-тай байгуулсан 3 сарын хөдөлмөрийн гэрээний дуусгавар болсон хугацааг сунгах, эс сунгах шийдвэр гаргахад хамаарахгүй. Мөн Б40 тоот тушаалыг үндэслэл болгосон 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэж хөдөлмөрийн гэрээний хугацааг дуусгавар болгох шийдвэр тушаалд гаргасан. 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заалтыг Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжийн 1.3.В-д тайлбарлахдаа ...шинээр томилсон ажилтантай туршилтыг 6 сарын хугацаатай гэрээ байгуулж болно, тухайн байгууллагын дотоод журамд тусгасан тохиолдолд уг заалтыг хэрэглэх боломжтойг анхаарах бол зохино гэж заасан. Энэ нь У- ОНӨТҮГ-ын дотоод журмын 3.5-д ажилд томилох хүнийг дахин судалж шалгах үүднээс түүнтэй хөдөлмөрийн гэрээг богино хугацаатай 1-3 сарын хугацаатай байгуулж ажиллуулна гэж заасан шаардлагыг бүрэн хангасан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэл хэсэгт шинээр ажилд томилогдсон албан тушаалтан тайлан хэлэлцүүлсний үндсэн дээр жинхлэх асуудлыг тухайн байгууллагын дотоод журмаар зохицуулсан зохицуулалт байхгүй гэж тодорхойлсон нь нэхэмжлэгч байгууллагын дотоод журмыг бүрэн судлаагүй гэж үзэх үндэслэлтэй. У- ОНӨТҮГ-ын дотоод журмын 3.5-д анх ажилд ороход 1-3 сарын хугацаатай богино хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлага хангасан гэж үзвэл байнгын ажлын байранд хугацаагүй гэрээ байгуулах, захирлын дэргэдэх захиргааны зөвлөлийн хурлаар тэнцэхгүй гэж үзвэл ажлаас чөлөөлөх, 3.6-д шаардлага хангахгүй гэж үзвэл ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг байгуулсан хугацаагаар дуусгавар болох, 3.5.5-д музей болон ажилтны хооронд хөдөлмөрийн бүхий л харилцааг хэлэлцэж шийдвэрлэх, ажлаас чөлөөлөх, гэрээ сунгах, ажил томилох гэж зааснаар тус захиргааны зөвлөлд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн богино хугацааны гэрээг дуусгавар болгоход сунгах, эс сунгах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийг олгож музейн захирал гарсан шийдвэрийг зөвлөх эрх нь захиргааны зөвлөлд бүрэн олгогдсон. Ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй, хурлын тов мэдэгдээгүй гэж байна. Менежерийн албан тушаал анх У- ОНӨТҮГ-т байгаагүй учраас ажлын байрны тодорхойлолт байгаагүй. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын дагуу ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах, эрх бүхий этгээдэд хянуулах, баталгаажуулах чиг үүрэгтэй талаар анх Т.Ш-ад ойлгуулсан, тэрний дагуу ажлаа хүлээж авсан. Эхлээд боловсруулсан 6 ажлын байрны тодорхойлолтыг анх ажил хүлээж авахад хүлээлгэж өгсөн Хурлын ар мэдэгдсэн нь менежер Т.Ш-ад аж ахуйн үйлчилгээний 5 ажилтан гомдол гаргасан ба уг гомдлыг захирал танилцаж, 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар хэлэлцэхээр цохолт хийсэн. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Б40 дугаар тушаалыг хүчингүй болгуулах эрх зүйн үндэслэл нь тодорхойгүй. Мөн ажил олгогчийн зүгээс ажлаас буруу халсан гэж үзсэн бол 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч Т.Ш- нь хариуцагч У- ОНӨТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, мөн Хөдөлмөрийн тухай хуулийг /1999 оны/ буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Хариуцагч У- ОНӨТҮГ-ын захирлын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч Т.Ш- нь музейн менежерийн албан тушаалд 3 сарын хугацаатай томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад тус газрын захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ байгуулах болон богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 50-54-р тал/

 

4.а.Хөдөлмөрийн тухай хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1, 231.2 дугаар зүйлд зааснаар ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор 3 сар хүртэл туршилтын хугацаа тогтоож болдог.

 

4.б.Хариуцагч байгууллагын дотоод журмын 3.5-д ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулсан байна. /хх-ийн 32-40-р тал/. Тус зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, нэхэмжлэгч Т.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн байх боловч зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагч цуцлах санал тавьсан гэж үзэхээргүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч Т.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дууссан байхад уг хугацаанаас 9 хоногийн дараа хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэрийг гаргасан байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ.

 

4.в.Хариуцагч байгууллага нь 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлыг зарлаж, нэхэмжлэгч Т.Ш-ад мэдэгдэхэд тайлангаа бэлдээгүй гэсэн учраас 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сунгасан, мөн өдөр хурлыг хийх гэсэн боловч зөвлөлийн 2 гишүүн эрүүл мэндийн шалтгаантай байсан гэж тайлбарласан. Гэвч хариуцагч нь уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

4.г.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч талын хүсэлтээр цахим баримт /фэйсбүүкийн чат/-д үзлэг хийсэн байх боловч тус баримтад нэхэмжлэгч Т.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох эсэх асуудлыг хэлэлцэхээр 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зөвлөлийн хурлыг зарласан гэх агуулга тусгагдаагүй, мөн гэрч Э.Гэрэлмаагийн мэдүүлгийн хувьд бусад баримтаар давхар нотлогдоогүй байх тул дээрх нэг талын баримтуудад үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр захирлын дэргэдэх Захиргааны зөвлөлийн хурлыг зарласан, хариуцагч байгууллагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах санал тавьсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй. /хх-ийн 93,136-138, 174-184, 196-р тал/

 

4.д.Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоогдсон гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа анх заасан хугацаагаар буюу 3 сараар сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй, нэхэмжлэгч нь мөн хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахаар шаардах эрхтэй тул энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т.Ш-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр дуусгавар болсон хэдий ч мөн өдөр ажил олгогч цуцлах санал гаргаагүй, ажилтан ажлаа гүйцэтгэсээр байсан тул 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээний хугацаа сунгагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

5.Харин ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дах хэсэгт зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ анх заасан хугацаагаар сунгагдаж, уг хугацаа 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дууссан байх тул уг шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

6.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нь ажилтны ур чадварыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, тухайн салбарын буюу байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комиссийн дүгнэлт гараагүй гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэл болгоогүй, харин мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлийг заасан байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

 

Иймд ажилтны дундаж цалин хөлсийг хэргийн 8 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн тооцвол сүүлийн 3 сарын цалингийн нийлбэр 3,375,122 төгрөг /1,080,808 + 1,399,667 + 894,647 = 3,375,122/, дундаж цалин 1,125,040 төгрөг /3,375,122 : 3 = 1,125,040/ болно. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх 3 сарын цалин нийт 3,375,120 төгрөг /1,125,040 х 3 сар = 3,375,120/-ийг хариуцагч У- ОНӨТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Ш-ад олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагч У- ОНӨТҮГ-т даалгаж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

7.У-н захирлын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/40 тоот Т.Ш-ын богино хугацааны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай тушаалыг хүчингүйд тооцуулах шаардлагын тухайд нь энэ нь бие даасан шаардлага биш, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж үзэхээр байх тул тус тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2022/01236 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хариуцагч У- ОНӨТҮГ-аас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөд 3,375,120 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т.Ш-ад олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагч У- ОНӨТҮГ-аас 68,952 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Г.ДАВААДОРЖ