Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101

 

           

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдаанд:  Шүүхийн нарийн бичгийн дарга Б.Бүжмаа

                                 Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг

оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар :

 

Эрүүгийн .... дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Г.А-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Г.А нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын шүүгдэгчийн гэм буруугийн талаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтууд болох:

 

Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би архи уудаггүй, тэр үед 50 граммаас бага хэмжээтэй архи уусан байсан. Хоорондын харилцаанаас болж маргалдсан. Миний буруу, хохирогчид эмчилгээний зардал 1500000 төгрөг өгсөн гэв.

 

Шүүгдэгч Г.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... М, Ө гээд хоёр найзтайгаа уулзаад 2-р цэцэрлэгийн сааданд дээр очсон. Тэгээд нөгөө талын саравчинд тэр Б нэг залуу нэг хүнтэй байсан. Тэгээд тэр Б нь А ахыг дуудсан. Тэгээд А Б дээр очоод юм яриад зогсож байсан. Тэгсэн манай найз М намайг А ахаас тамхи асуугаад өгөөч гэхээр нь би очоод асуусан чинь А ах тамхи татдаггүй. Тэгээд би нөгөө залуугаас нь буюу тэр Боос нь ах тамхи байвал тамхилаач гэсэн чинь байхгүй байсан ч би бацаануудад тамхилдаггүй гэж хэлсэн. Тэгээд би дахиж тамхи асуусан чинь А цаашаа байж бай гэж хэлсэн. Нөгөө залуу нь яг явсан чинь араас дуудсан. Би яваад очсон чинь намайг цохих гэнгүүт бултчихсан. Тэгсэн намайг түлхээд унагасан. Би босч ирээд нүүр нь тус газар нь нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 33-34/,

 

Хохирогч Л.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... Амараа ирээд надтай юм яриад зогсож байтал Амараатай цуг явж байсан тэр танихгүй А гэх залуу нь ирээд надаас тамхи байна уу гэж асуусан. Би тухайн үед байхгүй , ах нь жаахан хүүхдэд тамхи өгөхгүй гэж хэлсэн. Би А гэх залууг дуудсан. Би өөдөөс нь айлгах гээд гараараа далайсан. Тэр А хойшоо болсон. Би тэгээд тэр Аыг түлхсэн... Тэгсэн А нь газар унасан... Тэгээд А нь босож ирэнгүүтээ харин миний нүүр нь тус газар нь нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 7-9/,

 

Насанд хүрээгүй гэрч  С.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:... Тэр хоёр ах А ахыг дуудсан. Тэгээд А тэр хүмүүстэй очиж юм яриад сууж байсан. Ө, А бид гурав юм ярьж сууж байгаад Аыг тамхи асуучих гэж хэлсэн. А тамхи асууж байгаад муудсан юм шиг байсан. Тэгээд хараад байж байсан чинь нэг ах нь Аыг  унагаачих шиг болсон. Тэгээд А босч ирээд нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Ө мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...М Аыг найз саравчинд байгаа тэр гурван ахаас тамхи асуугаад ирээч гэж хэлсэн. А тэр Амар ах болон уулзаад зогсож байсан 2 залуугаас нь очиж тамхи асуухаар явсан. Тэгээд М бид хоёр юм яриад сууж байгаад би хальт харсан чинь  Аыг нэг ах нь түлхсэн. Тэгсэн А газар унаж байсан. Тэгэхээр нь М бид хоёр наанаас нь яваад очсон. Тэгсэн тэр намхан бүдүүн ах нь А луу дайрсан. А тэр ахыг нүүр нь тус газар нь нэг удаа цохисон чинь газар унаад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх 12-13/,

 

Гэрч Н.Т мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ...Б бид хоёр 23 цагийн үед Ганзам дэлгүүрийн хажуу талын цэцэрлэгийн сааданд ороод юм яриад сууж байсан. Тэгсэн нэг залуу ирээд Б тэр хоёр юм яриад байсан... Тэгээд тэр Бтой уулзаад зогсоод байж байсан залуутай хамт яваа нэг залуу нь ирээд Боос тамхи байна уу? гэж асуусан. Тэгэхэд Б байхгүй гэж хэлсэн... Тэгсэн тэр залуу цаашаа явж байснаа эргэж ирээд нүүр нь тус газар нэг удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 14-15/,

 

Гэрч С.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ: ... бид нар цэцэрлэгийн сааданд буцаад ортол Б гээд манай сургуульд манай доод талын ангид сурч байсан залуу явж байхаар нь очоод гар бариад юм яриад зогсож байтал А ирээд тамхи байна уу ахаа гэж Боос гуйхад байхгүй гэж хэлчихээд араас Б бацаануудаа гэх шиг болсон би тэрийг нь сайн сонсоогүй... Аыг Б түлхээд унагаах шиг болсон. Тэгээд А босч ирээд Бын нүүр нь тус газар нь нэг л удаа цохисон ... гэсэн мэдүүлэг /хх 20-21/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Л.Бын биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал,
    хамрын зүүн талын хананы хугарал, зүүн нүдний доод зовхины шарх,
    салстын цус харвалт, зовхины цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл
    тогтоогдлоо.
  2. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ /хх 23/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38/ зэргийг шинжлэн судлаад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэн  шүүхийн шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Иймд шүүгдэгч Г.Аыг 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

 

Шүүгдэгч Г.Ат холбогдох хэргийг Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1500000 төгрөгийг төлсөн ба хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй эвлэрсэн гэж мэдүүлсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

 Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 3 жилийн хорих ялаас бага тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хохирогчтой эвлэрсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг ялаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй  болно.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1- т зааснаар шүүгдэгч Г.Аыг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД