Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2017/ДШМ/55

 

 

 

Г.А-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай                                                                                               

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Д.Дэлгэрбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ж.Хүдэрчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Г.Ат холбогдох, эрүүгийн 201710000128 дугаартай, 1 хавтас, 96 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурор Ө.Мөнхнавчийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 6-24 тоотод оршин суух, ХААИС-ийн 1 дүгээр курсын оюутан, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Ханги овогт Ганзоригийн А /РД: ЕЮ98062614/-т холбогдуулан Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.

Шүүгдэгч Г.А нь  2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бат-Оргилтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Ханги овогт Ганзоригийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.А-ыг ялаас чөлөөлж,

Шүүгдэгч Г.А нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокурор Ө.Мөнхнавч эсэргүүцэлдээ: Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн заалт бөгөөд уг зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт энэ заалтыг хэрэглэх болохоор хуульчилсан байна. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл хорих ял оногдуулахгүй, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу хорих ялаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэж ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул 2017/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Прокурор Д.Дэлгэрбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу өөрөөр хэлбэл хорих ял оногдуулахаар заагаагүй хэрэгт Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл буюу хорих ялаас чөлөөлөх хуулийн заалтыг хэрэглэж ялаас чөлөөлсөн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул 2017/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.А-ыг хүний биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоод Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй юм. Прокуророос Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хорих ялаас чөлөөлөх заалт гэж үзэж байгаа юм байна. Анхан шатны шүүхээс болон миний зүгээс үзэхдээ хуучин 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлд заасан хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн зүйл заалтын агуулга шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл дээр явж байна гэж үзэж байгаа. Шинэ хуулиар зөвхөн хорих ялтай зүйл анги дээр ялаас чөлөөлөөд хөнгөн гэмт хэрэг дээр ялаас чөлөөлөх асуудал яригдахгүй юм шиг зохицуулалт харагдаад байгаа. Энэ хууль хэрэглэх асуудал дээр эргэлзээ гарсан учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэснийг баримтлаад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д заасны дагуу хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл:

Шүүгдэгч Г.А нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан буюу 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Л.Бат-Оргилтой тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтууд болох хохирогч Л.Бат-Оргил /хх-8/, насанд хүрээгүй гэрч С.Мөнхзориг /хх-10/, Б.Өлзийхутаг /хх-12/, гэрч Н.Төмөртогоо /хх-14/, С.Амарсайхан /хх-20/, шинжээчийн дүгнэлт /хх-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх ба энэ талаарх анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болсон байна.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Харин анхан шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилж,  Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар ялаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл болон өөрчлөгдөж, тухайн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл хөнгөрсөн байх боловч шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд шүүгдэгчийг хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх агуулга тусгагдаагүй, улмаар анхан шатны шүүхийн хэрэглэсэн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх зохицуулалт нь зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хорих ялаас чөлөөлөх, хөнгөрүүлэх тохиолдолд хэрэглэхээр байгааг анхан шатны шүүх анхаараагүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Аыг хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй ба хуулийн энэхүү зохицуулалт нь түүний эрх зүйн байдлыг илүү дээрдүүлсэн  байх тул  шүүгдэгч Г.Аын хувьд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй гэж үзнэ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн /2002 оны/ 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан, прокурор яллах дүгнэлтдээ шүүгдэгч Г.Аыг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн байх боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ үйлдсэн болох нь тогтоогдоогүй болно.

Тодруулбал шүүгдэгч Г.Аыг гэмт хэрэг үйлдэх үедээ согтуурсан эсэх талаар шинжилгээ хийгдээгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйн гадна насанд хүрээгүй гэрч С.Мөнхзориг /хх-10-11/, Б.Өлзийхутаг /хх-12-13/, гэрч С.Амарсайхан /хх-20-21/ нар шүүгдэгч Г.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж, хохирогч Л.Бат-Оргил /хх-8-9/,  гэрч Н.Төмөртогоо /хх-14-15/ нар шүүгдэгч Г.Аыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэж тус тус өөр өөрөөр мэдүүлсэн зэргийг үндэслэвэл шүүгдэгч Г.А нь дээрх гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн болох нь эргэлзээтэй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... Эрүүгийн ... хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ... шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримталж шүүгдэгч Г.Аыг согтуурсан мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр прокурорын эсэргүүцлийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4,  2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/101 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүгдэгч Ханги овогт Ганзоригийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг

“Шүүгдэгч Ханги овогт Ганзоригийн Ариунбаярыг Эрүүгийн хуулийн /2002/ Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 2 дугаар заалтын “Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч Г.Аыг ялаас чөлөөлсүгэй.” гэснийг

“Монгол Улсын Эрүүгийн хуулийн /2002 оны/ Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Г.Аыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 3, 3.1, 3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

                 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ