Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/02721

 

 

 

 

 

   

 

 

 

 

 

 

 

 

2020 07 30

101/ШШ2020/02721

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах Ч х аХХК /РД:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 0 тоотод оршин байрлах А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК /РД:0/-д холбогдох,

 

А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани болох Ч х аХХК нь А ГХО ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч юм. Тус компанийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол-оор хууль бус шийдвэр гаргаж 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн компанийн гүйцэтгэх захирал Б.Нг сольсон байна. Үүнийг миний бие 2020 оны 04 дүгээр сард хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа авах явцдаа олж мэдсэн. Тус хууль зөрчсөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нь хүчингүй болох нь дараах үндэслэлээр тогтоогдоно. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг товлох хууль журмыг зөрчсөн. А ГХО ХХК-ийн дүрмийн 6.2 дугаар зүйлд компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хурлын зар хүргүүлэх процесс нь Компаний тухай хуульд зааснаар зохицуулагдана хэмээн заасан байдаг. Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж заасан байдаг бөгөөд А ГХО ХХК нь төлөөлөн удирдах зөвлөлгүй бөгөөд гүйцэтгэх захирал Б.Н нь хурлыг товлох эрхтэй этгээд юм. А ГХО ХХК-ийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Х т ХХК хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах саналыг компаний гүйцэтгэх захиралд гаргалгүйгээр шууд хурлыг товлож зар хүргүүлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөн тус хууль бусаар товлосон хуралдаа Ч х аХХК-ийг бүрэн төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Б.Нг оролцуулаагүй. Аливаа компанийн гүйцэтгэх удирлага нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар тус компанийг бүрэн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтзй цор ганц субьект байдаг. Гэтэл "Ч х аХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээд болох хувьцаа эзэмшигч Б.Аын саналыг мэйлээр авсан гэдэг. Энэ нь А ГХО ХХК нь хувьцаа эзэмшигчийн хуралдаа төлөөлөх эрхгүй этгээдийг оруулсан улмаар Компаний тухай хуулийн 71-73 дугаар зүйлийг зөрчсөн манай компанийн дүрэмд мэйлээр санал авч баталгаажуулах талаарх заалт байхгүй байхад мэйлээр саналыг авч баталгаажуулсан байна. Дээрх хурлын шийдвэр явуулсан процесс нь бүхэлдээ хуульд нийцэхгүйгээс гадна 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хурлын шийдвэрийг 2020 оны 02 сарын 06-ны өдөр бүртгэн баталгаажуулсан нь Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасан Компанийн аливаа өөрчлөлтийг ажлын 15 өдрийн дотор хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж заасан заалтыг зөрчсөн байна. Иймд Компаний тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1 дэх хэсгийн заалтыг үндэслэн А ГХО ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот Гадаадын хөрөнгө оруулалттай хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоол" гэх хууль бус хурлын шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ч х аХХК-ийн талаас Б.Н ажиллаж байсан бөгөөд толгой компани болох Х т ХХК-ийн зүгээс гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх талаар Компанийн тухай хуульд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарлуулах талаар гүйцэтгэх захирал Б.Нд удаа дараа мэдэгдсэн. Үүнд, 2019 оны 8 дугаар сард хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд зарим арга хэмжээ авах тухай албан тоотоор, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт хуралдуулах зэрэг хүсэлт, шаардлага, шийдвэр гаргасан. Гэвч гүйцэтгэх захирал Б.Н Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан үүргээ хэрэгжүүлэхгүйгээр 51 хувийн хувьцаа эзэмшигч Х т ХХК хүлээн зөвшөөрөх боломжгүй хариуг албан ёсны бус бичгэн и-мэйл хэлбэрээр ирүүлдэг тул мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7, 61.4, 61.1, 61.1.2тус тус заасны дагуу 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах талаар шийдвэр гаргаж, Ч х аХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А, Б.Н нарт Монгол шуудан, цахим шуудангаар хүргүүлсэн. Уг хуралд Ч х аХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Н оролцоогүй, тус компанийн хувьцаа эзэмшигч Б.А биечлэн оролцож чадахгүйгээ бичгээр илэрхийлж /цахим шуудан ирүүлсэн/, гаргасан шийдвэрийг дэмжиж АХХК- ийн гүйцэтгэх захирлыг өөрчлөх хурлын тогтоолд гарын үсэг зурсан. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н нь хувьцаа эзэмшигчдийн хурал зарладаггүй, зарлахаар оролцдоггүй, компанийн хөрөнгийг шамшигдуулж ихээхэн хохирол учруулсан тул толгой компани болох Хэнтун ХХК нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.6заасны дагуу шийдвэр гаргасан. Уг шийдвэрээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан талаарх бүхий л баримтыг бүрдүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хориг тавьсан тул бүртгэл хийх боломжгүй гэсэн үндэслэлээр нэг удаа буцаасан. Иймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад Ч х аХХК нь шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй, уг өр төлбөрөө А ХХК-д эзэмшиж байгаа 49 хувийн хувьцаагаа Хэнтун ХХК-д худалдаж, орлогоор нь барагдуулах талаар бичиг өгсөн тул хувьцааны бүртгэлийн хөдөлгөөнд хориг тавьсан, гүйцэтгэх удирдлагыг өөрчлөх болон бусад өөрчлөлттэй холбоотой бүртгэл хийхэд хамаарахгүй гэсэн тайлбар өгсөн. Иймээс гүйцэтгэх захирлын өөрчлөлтийг бүртгүүлэхээр холбогдох хууль тогтоомжийн дагуу дахин Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж А ХХК-ийн гүйцэтгэх захирлыг өөрчлөн томилсон тогтоолыг бүртгүүлсэн. А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Нг чөлөөлсөн ажил нь Компанийн тухай хуулийн хүрээнд хийгдэж, холбогдох шаардлагатай бүхий л баримтыг бидний зүгээс Хуулийн этгээдийн улсын бүрттэлийн газарт гаргаж өгч тус байгууллага зохих журмын дагуу бүртгэл хийсэн гэж бидний зүгээс үзэж байна. Ч х аХХК, Хэнтун ХХК хамтран А ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажиллах 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээнд "Хэнтун ХХК-ийг төлөөлж Ли Ган, Ч х аХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Б.А /тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч/, гүйцэтгэх захирал Б.Н /тус компанийн гүйцэтгэх захирал/ нар гарын үсэг зурсан байдаг. Мөн А ХХК-ийн дүрэмд дээрх этгээдүүд адил гарын үсэг зурсан байдаг. Дээрх хамтран ажиллах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-д Талууд компанийн удирдлагыг бүрэлдүүлэхэд оролцож компанийн дүрэмд заасан эрх хэмжээний дагуу компанийн үйл ажиллагаанд оролцоно гэж заасан байна. Үүний дагуу Ч х аХХК-ийг төлөөлж тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Б.А А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нг чөлөөлөх хувьцаа эзэмшигчдийн хуралд бичгээр санал ирүүлж, тогтоолд биечлэн гарын үсэг зурсан. Мөн дээрх хамтран ажиллах гэрээний заалтын дагуу Б.Н нь Ч х аХХК-ийг дангаар төлөөлөх эрхгүй этгээд юм. Гүйцэтгэх захирал Б.Н нь хувьцаа эзэмшигчдийн албан ёсны хуралд ямар нэгэн шалтгаангүй оролцоогүй, бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдээгүй болно. Мөн компанийн үйл ажиллагааг удирдах чадваргүй, боруулалтын орлогыг хувийн зорилгодоо дур мэдэн зарцуулсан, үүнээс шалтгаалж компани татвар, нийгмийн даатгалын өр төлбөр, санхүүгийн хүндрэлтэй нөхцөлд орсон, үүнээс гаргах талаар ямар нэгэн арга хэмжээ авдаггүй, олон давхар ажилтай учир үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролццоггүй, хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн тухай хуулийн хүрээнд зарлаж хуралдуулдаггүй зэрэг шалтгааны улмаас компанийн хэвийн үйл ажиллагааг хангах, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах зорилгоор гүйцэтгэх захирлыг солих нэн шаардлагатай болсон. Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н нь А ХХК-иас 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг эрх мэдлээ урвуулан ашиглах замаар залилсан байж болзошгүй тул манай компанийн зүгээс Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст гомдол гарган шалгуулж байна. Б.Нгийн энэ хууль бус үйлдлээс хувьцаа эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах нь компанийн хувьд нэн чухал асуудал байсан. Мөн Б.Н нь Ч х аХХК-ийн А ХХК-д эзэмшиж байгаа 49 хувийн хувьцаагаа худалдан борлуулах талаар А ХХК-д санал тавьж, үүнийгээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан тоотоор мэдэгдсэн. Үүнээс үзэхэд Б.Н нь А ХХК-ийн гүйцэтгэх захирлаар үлдэх нь чухал биш, урьдын адил А ХХК-ийн хөрөнгөөс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа өр төлбөрөө бага ч гэсэн барагдуулах арга саам хайж байгаа үйлдэл гэж бидний зүгээс үзэж байна. Иймд А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нг чөлөөлсөн асуудал нь Компанийн тухай хуулийн дагуу явагдсан тул Ч х аХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ч х аХХК нь хариуцагч А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-д  холбогдуулан хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот тогтоолыг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолоор Б.Нг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, БНХАУ-ын иргэн Л Г гүйцэтгэх захирлаар томилж шийдвэрлэсэн байна. Уг хувьцаа эзэмшигчдийн тогтоолыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн гэрчилгээнд нэмэлт өөрлөлтийг бүртгэжээ.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...хууль бусаар уг хурлыг зарласан, хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг мэдэгдээгүй. Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож санал гаргах эрхийг зөрчсөн гэж,

 

Хариуцагч А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-иас татгалзлын үндэслэлээ ...хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг зохих журмын дагуу хүргүүлсэн. Б.Н нь компанид их хэмжээний хохирол учруулсан тул түүнийг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх үндэслэл болсон. Хувьцаа эзэмшигчдийн хуралд нийт хувьцаа эзэмшигчдийн 51 хувь нь оролцсон тул уг хурлаас гарсан тогтоол хүчин төгөлдөр. Хязгаарлагдмал хариуцлагатай компанид Компанийн тухай хуулиар зохицуулсан ээлжит бус хурлын зар хүргэх журам хэрэгжихгүй гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн 51 хувийн хувьцааг Х т ХХК, 49 хувийн хувьцааг Ч х аХХК тус эзэмшдэг, төлөөлөн удирдах зөвлөлгүй компани болох нь уг компанийн дүрмээр тогтоогдсон.

 

Тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч Х т ХХК-ийн гүйцэтгэх захирал Л Г нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хурлыг зарлаж, тус хуралд дангаараа оролцож, компанийн гүйцэтгэх захирал Б.Нг чөлөөлөх шийдвэр гаргажээ.

 

Компанийн ээлжилт бус хурлыг хуралдуулах талаар хувьцаа эзэмшигчийн зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хувьцаа эзэмшигчийн хуралд оролцох журам, санал өгөх эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын хүчин төгөлдөр байдал зэрэг эрх зүйн асуудлыг Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62, 63, 64, 65, 65, 68, 69 дүгээр зүйлд зохицуулсан байна. Хуулийн дээрх зохицуулалт нь компанийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай аль ч компанид үйлчилнэ. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ээлжит бус хурал зарлан хуралдуулан тухай журам нь хязгаарлагдмал хариуцлагатай компанид хамаарахгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Хуулийн этгээдийн үйл ажиллагаа нь үүсгэн байгуулагч, гишүүдийн харилцан зөвшилцөлд үндэслэсэн шинжтэй байдаг тул хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийх, дүрмээ өөрчлөх, гүйцэтгэх захирлыг өөрчлөх, томилох зэрэг асуудал нь хувьцаа эзэмшигч этгээдүүдийн хуульд заасан арга, журмаар хамтран шийдвэрлэх асуудал юм. Тийм учраас Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, саналаа өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах журмыг нарийвчлан зохицуулсан байна.

 

А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн дүрмийн 6.2-т Компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит ба ээлжилт бус хурал, хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх, хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрх хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх, хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тооллогын комисс, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох журам, хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц, хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болох, хувьцаа эзэмшигчдийн хурал, түүний шийдвэрийн талаар гомдол гаргах, саналын хуудас, саналын хуудсыг хүчинтэйд тооцох, эчнээ санал хураалтаар компанийн хувьцаа эзэмшигчид шийдвэр гаргах, хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлтэй холбоотой асуудлыг Компанийн тухай хуулийн 59-74 дүгээр зүйлд зааснаар зохицуулна гэж заасан байна.

 

Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт компанид төлөөлөн удирдах зөвлөл байхгүй бол гүйцэтгэх удирдлага хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргахаар зохицуулсан. Мөн Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-т хувьцаа эзэмшигчдийн санал, шаардлагаар гүйцэтгэх захирал ээлжит бус хурлыг хуралдуулах шийдвэр гаргах журамтай.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хувьцаа эзэмшигч Х т ХХК нь ээлжилт бус хурлыг хуралдуулах талаар гүйцэтгэх захирал Б.Нд санал, шаардлага хүргүүлээгүй атлаа өөрийн санаачилгаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ээлжит бус хурлыг хуралдуулсан байна.

 

Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7 дахь хэсэгт заасан зохицуулалт нь гүйцэтгэх удирдлагад ээлжит бус хурлыг хуралдуулах санал, шаардлага гаргасныг гүйцэтгэх удирдлагаас шийдвэрлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч өөрөө бие дааж ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэр гаргах эрхийн зохицуулалт юм.

 

Хувьцаа эзэмшигч Х т нь хууль зөрчиж өөрийн санаачилгаар 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлаж, уг хурлаар ямар асуудлыг хэлэлцүүлэх эсэх, хурлын зарыг хуралд оролцох эрх бүхий этгээд болох Ч х аХХК-д мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх хэсэгт заасан журмыг хэрэгжүүлээгүй байна.

 

А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч болох Ч х аХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Б.Н байна. Иймд ээлжит бус хурлын зарыг Б.Нд мэдэгдэх нь Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Х т ХХК-ийн үүрэг юм.

 

Хариуцагч нь үзлэгийн тэмдэглэлээр Б.Нд хурлын товыг мэдэгдсэн болох нь нотлогдоно гэх боловч шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр явуулсан үзлэгээр хувьцаа эзэмшигч нарт ээлжит бус хурлыг хуралдуулах, уг хурлаар хэлэлцэх асуудал болон гаргах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам зэрэг мэдээллийг хүргүүлсэн талаархи үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэгт Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэж зааснаар хуралд 51 хувийн хувьцаа эзэмшигч Х т ХХК оролцож, дийлэнхи олонхийг бүрдүүлж шийдвэр гаргасан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Учир нь компанийн хувьцаа эзэмшигч нь 2 этгээд буюу Х т ХХК нь 51 хувь, Ч х аХХК нь 49 хувийн хувьцааг эзэмшдэг байгаа тохиолдолд Х т ХХК нь 51 хувийн хувьцаа эзэмшдэг давуу эрхийг ашиглан дангаараа хуралд оролцох замаар шийдвэр гаргасан нь Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.7 дахь хэсэгт заасан дийлэнх олонхийн саналыг авсан гэж үзэхгүй.

 

Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолд Ч х аХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А оролцож, саналын эрхтэйгээр шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан тул хуралд Ч х аХХК-ийн төлөөллийг оролцуулсан, тогтоол хүчин төгөлдөр гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд ...2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Б.А нь Монгол Улсад байгаагүй. Тэрээр дараа нь Хятад улсаас ирээд тогтоолд нөхөж гарын үсэг зурсан. Б.Аод хурлаар Б.Нг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэх тухай мэдэгдсэн гэж тайлбарласан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна.

 

Хариуцагчийн хүсэлтээр [email protected] болон [email protected] цахим хаягуудад үзлэг явуулсан ба уг үзлэгээр 2020 оны 01 сарын 08-ны өдөр ...Сайн байна уу. А компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар ойлголоо. Би ажлаар хятад улсад явж байгаа тул оролцож чадахгүй боллоо. Та бүхэн хуралдаанд шийдвэр гаргавал би өөрийн саналаа өгнө. Хүндэтгэсэн Б.А... гэж захидал ирүүлжээ. Үүнээс үзэхэд Ч х аХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.А нь Б.Нг гүйцэтгэх захирлаас чөлөөлөх тухай асуудалд тодорхой санал гаргаагүй, ямар санал өгсөн нь тодорхойгүй байна.

 

Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт Саналын хуудсаар саналаа ирүүлсэн хувьцаа эзэмшигчийг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсонд тооцно гэж заасан. Гэтэл Б.Аоос ирүүлсэн дээрх захидалд гүйцэтгэх захирал Б.Нг чөлөөлөх тухай асуудалд саналаа ирүүлсэн талаархи үйл баримт агуулагдаагүй байх тул түүнийг хурлаар хэлэлцвэл зохих асуудалд саналаа өгсөн гэж үзэхээргүй байна.

 

Мөн Б.А нь 2020 оны 01 сарын 10-ны өдрийн хуралд биечлэн оролцоогүй атлаа хожим уг хурлын тогтоолд нөхөж гарын үсэг зурсан нь Компанийн тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

 

Б.Нгаас компанийн хувьцаа худалдахтай холбоотой санал гаргасан нь тэрээр өөрийгөө гүйцэтгэх захирлаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл биш юм. Хариуцагч нь гүйцэтгэх захирал Б.Нг чөлөөлөх болсон үндэслэлээ түүнийг компанид их хэмжээний хохирол учруулсан гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт цуглуулж өгөөгүй.

 

 

 

Дээр дурдсан үндэслэлүүдээр А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хурлын тогтоол нь хууль зөрчсөн байх тул уг хурлын тогтоолыг Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-т зааснаар хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр Б.Аыг оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д тус тус заасныг баримтлан А гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 тоот хурлын тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч: -, Ч х а-ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: -, А ГХО-ХХК-д холбогдох

Хууль бус шийдвэрийг бүхэлд хүчингүй болгуулах тухай  тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: - нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ч х а-ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Хариуцагч А ГХО-ХХК-н шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

 

 

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ НЬ:

 

  1. 

  2. 

            3.

 

                                         

                                     ДАРГАЛАГЧ                                   Г.БЯМБАЖАРГАЛ