Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2019/00076 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-02 тоотод оршин суух, Боржигон овогт Даваагийн Эрдэнэцэцэг /ПЮ88052363/-ийн  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Монгол улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамж гаргаж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү аж ахуйн тасгийг татан буулгаж Нийтлэг үйлчилгээний газрыг байгуулж байсан.

Монгол улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолын 2 дахь заалтаар төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотой нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгаж өөрийгөө санхүүжүүлдэг арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан тогтоол гарсан.

Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Ховд аймгийн Засаг дарга 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 222 дугаар захирамж гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний албыг байгуулах эрх шилжүүлсэн захирамж гарсан. Ховд аймгийн Татварын хэлтсээс 2005 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг улсын бүртгэлд бүртгэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлийг тусгасан. Улсын бүртгэлийн хэлтсийн 6734731 гэсэн регистрийн дугаартай гэрчилгээ олгож, бие даасан хуулийн этгээд төсөвт байгууллага болж байгуулагдаж байсан.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай албан бичигт Нийтлэг үйлчилгээний алба татан буугаагүй улсын бүртгэлээс хасагдаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр, бие даасан хуулийн этгээд гэдгийг тодорхойлсон байгаа. Засгийн газар, Ховд аймгийн Засаг дарга эрх шилжүүлсний дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэдэг байгууллагыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хуваагаад нэхэмжлэгчийн эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг санхүү, аж ахуйн албаны дарга, нутгийн удирдлагын ордны менежер болгон хоёр хуваасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр байгаа. Энэ хууль бус шийдвэр нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг ноцтой зөрчиж байна.

Хоёр:Нийтлэг үйлчилгээний албыг хуваахгүй, бүтэц орон тоонд нь зарчмын шинжтэй өөрчлөлт хийхгүй явж ирсэн. Нийтлэг үйлчилгээний албыг байгуулснаас хойш Д.Баттулга, Ганболд, Б.Жаргал, Д.Эрдэнэцэцэг нар даргаар нь ажиллаж байсан. Нийтлэг үйлчилгээний албыг хоёр хуваасан нь бодит байдалд нийцэхгүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон хууль бус шийдвэр байна. Засгийн газрын бодлого шийдвэрийг ноцтой зөрчсөн.

Гурав: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилоод, ТҮ9 гэсэн зэрэглэлээр цалинжуулахаар болсон нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байгаа. Нийтлэг үйлчилгээний албаны даргыг менежер болгоод ТҮ8 гэсэн зэрэглэлээр цалинжуулахаар цалингийн зөрүү гарч, түүний улмаас ур чадварын нэмэгдлийн хэмжээ буурч нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож хөдөлмөрлөх эрх нь дордож байгаа.

Дөрөв: Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн эрхэлж байсан ажлын байрны онцлог төрийн үйлчилгээний ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж тэдгээрийг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог, урамшуулдаг, төсөв захиран зарцуулах, хүний нөөцийн удирдлагын шийдвэрийн эрхтэй. Төсвийн тухай хуулиараа төсвийн шууд захирагч санхүү аж ахуйн алба, нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хуваахаар хуульд заасан болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байна “гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар:  Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эрдэнэцэцэгийг менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн. Энэ тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэхийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Хоёр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан байгаа. Алба байх ёсгүй. Хуулиас давсан шийдвэр гэж байхгүй. Засгийн газраас тогтоол гаргаад Нийтлэг үйлчилгээний албыг заавал байгуулаарай гэж хуулиа зөрчихгүй байх. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Засаг даргын Тамгын газар хэлтэс тасагтай байна гэсэн үндэслэлээр нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж менежер гэсэн албан тушаалд томилсон. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрөө ажилд томилогдоогүй байсан. Тушаал гаргаад бүтэц орон тоог баталсан байсан. Хуулинд нийцүүлж бүтэц орон тоогоо баталсан.

Гурав: Хуулинд алба гэж байхгүй учраас хуулинд нийцүүлж менежерээр томилсон.

Дөрөв: Нэхэмжлэгч хуулинд байхгүй бүтэц орон тоог бий болгоод намайг буцаагаад томилох ёстой гэсэн агуулга явж байна. Хуулиас давсан шийдвэр гаргаад албыг бий болгоод нэхэмжлэгчийг томилохгүй байх гэж найдаж байна.

Тав: Бүтэц орон тоог батлах эрх нь Засаг даргын Тамгын газарт хадгалагддаг. 2003 онд нийтлэг үйлчилгээний тасгийг татан буулгаад эрхийг нь Засаг даргын Тамгын газарт харьяалуулсан. Харьяалуулан гэдэг нь энэ албыг татан буулгах, бүтэц орон тоог нь өөрчлөх эрх нь Засаг даргын Тамгын газар буюу Засаг даргын Тамгын газрын даргад хадгалддаг. Нийтлэг үйлчилгээний алба нь галч, үйлчлэгч, харуул, жолоочтой байна гэсэн Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн байдлаар олж хараагүй байна. Бүтэц орон тоог Засаг даргын Тамгын газрын дарга тушаалаараа хувиарладаг.

Зургаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагч гэж байна. Төсвийн шууд захирагч нар сонгон шалгаруулалтад орж томилогдсон байдаг. Албаны дарга ТҮ9 шатлалаар цалинждаггүй ТҮ8 шатлалаар цалинждаг. Үндсэн цалингийн зөрүү байхгүй. Цалингийн зөрүү байвал үр дүнгийн урамшуулал байгаа байх. ТҮ9 шатлалаар цалинжих нь үндэстэй эсэхийг шүүхээс анхаарна уу гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2019/00076 дугаар шийдвэрээр:“ 1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах, Д.Эрдэнэцэцэгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 541,146 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсний зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр хуулийг буруу хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гомдлын нэг дэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байхад уг үйл баримтыг анхан шатны шүүх гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 118 дугаар зүйлийн 118.4-т заасантай нийцэхгүй байна. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаар тушаал гаргаснаа нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгт мэдэгдэж, танилцуулаагүй бөгөөд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гэнэт гаргасн өгсөн. Гэтэл уг тушаалыг анхан шатны шүүх маргаан үүсгээгүй, хүчинтөгөлдөр гэж дүгнэн улмаар гомдлыг хэрэгсэхгүй болгох шалтаг болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэснийг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Нийтлэг үйлчилгээний алба гэсэн бие даасан хуулийн этгээдийг Санхүү, аж ахуйн алба, үйлчилгээний алба болгосон нь хууль бус гэж дүгнэсэн атлаа гомдлыг хэрэгсэхгүй болгосон нь утга агуулгын хувьд ойлгомжгүй, зөрчилтэй байна.

            Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох замаар нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг Санхүү, аж ахуйн албаны дарга болон Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны менежер болгон хуваах замаар хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх боломжгүй болгож, эрх зүйн байдлыг дордуулж хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хоёр дахь шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, 118.5-т заасныг зөрчиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэжээ. Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэсэн хуулийн этгээд татан буугдаагүй, нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн нийтлэг үйлчилгээний албаны даргын ажил, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэг нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүү Б.Мөнх-Оргилыг төрүүлсэн, гурван нас хүрээгүй байхад түүний ажлын байрыг хадгалахын оронд түүнийг албаны даргаас чөлөөлсөн нь хуулийн дээрх хориглолтыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч Д.Эрдэнэцэцэгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангаагүй байна.

Д.Эрдэнэцэцэг нь хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт “Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч” гэсэн хэсгийг,

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг, 

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 

Д.Эрдэнэцэцэгийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 541,146 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсний зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан байгаа. Алба байх ёсгүй. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Засаг даргын Тамгын газар хэлтэс тасагтай байна гэсэн үндэслэлээр нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж менежер гэсэн албан тушаалд томилсон. Хуульд нийцүүлж бүтэц орон тоогоо баталсан” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх гомдлын шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл Д.Эрдэнэцэцэгийн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасан “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан, эсхүл өөр ажилд буруу шилжүүлсэн” эсэх нь тодорхойгүй байхад үүнийг тодруулаагүй байна.

Мөн анхан шатны шүүх гомдлын шаардлага тус бүрт хууль зүйн дүгнэлт өгөөгүй, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухайгаа заахгүйгээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй байна.

Хариуцагчийн төлөөлөгч 2 удаа сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх 2 удаа бүрдүүлбэр хангаагүй, нотлох баримтыг хавсаргаж ирүүлээгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан хариуцагчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Хариуцагчийн төлөөлөгч 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг 2019 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан дээр гарган өгчээ.

Гэтэл шүүх хариуцагч тал уг нотлох баримтыг урьд нь шүүхэд гаргаж өгөх бололцоотой байсан эсэх, шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, уг баримтыг шинжлэн судлах шаардлагатай эсэх, гомдол гаргасан тал уг баримттай холбоотойгоор гомдлын шаардлагаа өөрчлөх эсэхийг тодруулахгүйгээр хариуцагч талаас шүүх хуралдаан гаргаж өгсөн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг “гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгосон” байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгтэй нийцээгүй байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын мэтгэлцэх зарчмыг шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт тодорхойгүй байхад шүүх маргааныг шийдвэрлэсэн байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 153/ШШ2019/00076 шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-т зааснаар нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Н.ТУЯА

 

                  ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                                  

                                                                                М.НЯМБАЯР