Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 76

 

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 153/ШШ2019/00076

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 15-02 тоотод оршин суух, Боржигон овогт Д-ийн Э /..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар /9067043/-т холбогдох,

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эийн ажлын байрыг Санхүү, ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар тушаалын Д.Эийг үйлчилгээний албаны менежерээр томилсонг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 153/2018/00799/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Монголын хуульчдын холбооны гишүүн өмгөөлөгч ажилтай Б.Мөнхбат миний бие. нэхэмжлэгч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч нийт 6 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байгаа. Нэхэмжлэлийн эхний шаардлага нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Д.Эийн ажлын байрыг аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, аж ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, аймгийн Засаг даргын Тамгын газрын нутгийн удирдлагын ордны менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага байгаа.

Монгол улсын Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан Ховд аймгийн Засаг дарга 1996 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 243 дугаар захирамж гаргаж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү аж ахуйн тасгийг татан буулгаж Нийтлэг үйлчилгээний газрыг байгуулж байсан. Монгол улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаар тогтоолын 2 дахь заалтаар төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тогтолцоонд шилжиж байгаатай холбоотой нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгаж өөрийгөө санхүүжүүлдэг арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт даалгасан тогтоол гарсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах үүднээс Ховд аймгийн Засаг дарга 2005 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 222 дугаар захирамж гаргаж аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний албыг байгуулах эрх шилжүүлсэн захирамж гарсан. Үүний дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 57 дугаартай тушаалаар Нийтлэг үйлчилгээний албыг байгуулж байсан. Ховд аймгийн Татварын хэлтсээс 2005 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг улсын бүртгэлд бүртгэж, аймгийн Засаг даргын Тамгын газрын цэвэрлэгээ, үйлчилгээ, сантехникийн үйл ажиллагаа эрхлэх үндсэн чиглэлийг тусгасан. Улсын бүртгэлийн хэлтсийн 6734731 гэсэн регистрийн дугаартай гэрчилгээ олгож, бие даасан хуулийн этгээд төсөвт байгууллага болж байгуулагдаж байсан.

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай албан бичигт Нийтлэг үйлчилгээний алба татан буугаагүй улсын бүртгэлээс хасагдаагүй, улсын бүртгэлийн гэрчилгээ хүчин төгөлдөр, бие даасан хуулийн этгээд гэдгийг тодорхойлсон байгаа. Засгийн газар, Ховд аймгийн Засаг дарга эрх шилжүүлсний дагуу Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэрээр байгуулагдсан Нийтлэг үйлчилгээний алба гэдэг байгууллагыг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалаар бүтэц орон тоог шинэчлэн батлахдаа Нийтлэг үйлчилгээний албыг Санхүү аж ахуйн алба, Нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хуваагаад нэхэмжлэгчийн эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлын байрыг санхүү, аж ахуйн албаны дарга, нутгийн удирдлагын ордны менежер болгон хоёр хуваасан нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль бус шийдвэр байгаа. Энэ хууль бус шийдвэр нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.8-д заасныг ноцтой зөрчиж байна.

Хоёр:Нийтлэг үйлчилгээний албыг хуваахгүй, бүтэц орон тоонд нь зарчмын шинжтэй өөрчлөлт хийхгүй явж ирсэн. Нийтлэг үйлчилгээний албыг байгуулснаас хойш Д.Баттулга, Ганболд, Б.Жаргал, Д.Э нар даргаар нь ажиллаж байсан. Нийтлэг үйлчилгээний албыг хоёр хуваасан нь бодит байдалд нийцэхгүй нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордсон хууль бус шийдвэр байна. Засгийн газрын бодлого шийдвэрийг ноцтой зөрчсөн.

Гурав: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар нэхэмжлэгч Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаар томилоод, ТҮ9 гэсэн зэрэглэлээр цалинжуулахаар болсон нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан байгаа. Нийтлэг үйлчилгээний албаны даргыг менежер болгоод ТҮ8 гэсэн зэрэглэлээр цалинжуулахаар цалингийн зөрүү гарч, түүний улмаас ур чадварын нэмэгдлийн хэмжээ буурч нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож хөдөлмөрлөх эрх нь дордож байгаа.

Дөрөв: Нэхэмжлэгч Д.Эийн эрхэлж байсан ажлын байрны онцлог төрийн үйлчилгээний ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулж тэдгээрийг томилж, чөлөөлдөг, хариуцлага тооцдог, урамшуулдаг, төсөв захиран зарцуулах, хүний нөөцийн удирдлагын шийдвэрийн эрхтэй. Төсвийн тухай хуулиараа төсвийн шууд захирагч санхүү аж ахуйн алба, нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба болгон хуваахаар хуульд заасан болон хөдөлмөрийн гэрээнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх ямар ч боломжгүй болж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж байгаа.

Тав: Монгол улсын Засгийн газраас 1996-2018 оны хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны хязгаарыг баталсан 13 удаагийн тогтоол гарсан байдаг. Ховд аймгийн Засаг дарга 2005-2016 оны хооронд аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог баталсан 6 удаагийн захирамж гарсан. Засгийн газрын тогтоол болон Засаг даргын захирамжуудад нийтлэг үйлчилгээний албыг аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцэд хамруулаагүй тусад нь бие даасан хуулийн этгээд гэж заасан байгаа. Бие даасан хуулийн этгээд учраас 2011, 2016 оны аж ахуйн нэгж байгууллагын улсын тооллогод бие даасан хуулийн этгээдийн эрхтэйгээр хамрагдаж байсан.

Өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Энэ тушаалын 5 дахь заалтаар өмнөх тушаалыг хүчингүй болгосон байна. Бид нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч өөрөө биелүүлээд бүтэц орон тоо баталсан буруугаа хүлээсэн байгаа. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн бололцоотой гэж харж байна.

Нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага: Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаартай тушаалын 40 дэх заалтаар Д.Эийг нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсэг байгаа. Энэ шаардлагын тухайд 3 үндэслэл хэлье.

Нэг. Хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэлийн аль нэгийг заавал баримталсан байх ёстой. Нэхэмжлэгчийг бүтэц орон тоог өөрчлөн ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтыг баримтлах ёстой гэж үзэж байна. Энэ тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасныг ноцтой зөрчсөн байна.

Хоёр: Нийтлэг үйлчилгээний алба нь татан буугаагүй улсын бүртгэлд хүчин төгөлдөр байгаа. Нийтлэг үйлчилгээний албаны дарга гэдэг албан тушаал нь хадгалагдсаар байхад нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж байгаа нь буруу байна.

Гурав: Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасан хориглолт хязгаарлалт зөрчигдсөн. Нэхэмжлэгч Д.Эийн 2018 онд төрсөн Б.Мөнх-Оргил гэдэг хүүхдийн төрсний гэрчилгээг хавтаст хэрэгт хавсаргасан байгаа.

Нэхэмжлэлийн гурав дахь шаардлага: Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаартай тушаалын Д.Эийг менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгох гэж байгаа. Хариуцагч талаас санхүү аж ахуйн албаны дарга, нутгийн удирдлагын ордны менежер гэсэн хоёр ажлын байранд шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт батлаагүй байгаа.

Нэхэмжлэлийн дөрөв дэх шаардлага: Урьд эрхэлж байсан Нийтлэг үйлчилгээний албаны даргад эгүүлэн тогтоолгох шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2-д зааснаар зохицуулагддаг. Нэхэмжлэгчийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгохыг шүүхээс хүсэж байна.

Нэхэмжлэлийн тав дахь шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Менежерээр ТҮ8-1-ээр цалинжаад цалин хөлс авсан учир цалингийн зөрүү гаргуулахыг хүсэж байна. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх цалин хөлсний зөрүү 541,146 төгрөг байгаа. 2019 оны Засгийн газрын тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний зөрүүг 8-10 хувиар нэмэгдүүлсэн. Нэмэгдүүлсэн дүн нь орж тооцогдож байгаа. ТҮ9-1-ээр цалинжиж байхдаа 758,113 төгрөг болж нэмэгдсэн.

Нэхэмжлэлийн зургаа дахь шаардлага: Цалин хөлсний зөрүүнээс тооцож эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулна. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаа, ур чадварын нэмэгдэл, цалин хөлс, ямар ангилалд хамаарах уу гэдэг нь бүгд Засгийн газрын тогтоол шийдвэрээр биелэгддэг.Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор Нийтлэг үйлчилгээний албаны дарга нь ТҮ9-д хамаарагдаж байгаа. Менежер ТҮ8-д хамаарагдаж байгаа. 2014 оноос хойш Засгийн газрын 3 удаагийн тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсийг тогтоосон байгаа. 2014 оны 332 дугаар тогтоол, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаар тогтоол, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг шат дараалалтай нэмэгдүүлсэн.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын гаргасан тушаал шийдвэр үндэслэл муутай байна. Санхүү аж ахуйн тасаг 1996 онд татан буугаад Засгийн газар шийдвэрээ өөрчилсөн. Одоогоор санхүү аж ахуйн тасагтай аймагууд байхгүй. Аймагууд Засаг даргын тамгын газрынхаа дэргэд Нийтлэг үйлчилгээний албатай байгаа. Бодит амьдрал болон Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бүтэц орон тоог батлах замаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна.Засгийн газрын бодлого шийдвэрийг өөрчлөөд санхүү аж ахуйн алба, нутгийн удирдлагын ордны үйлчилгээний алба гэсэн албан тушаалыг бий болгох бодлого шийдвэр гарсан тохиолдолд ийм бүтэц өөрчлөлт хийж болно. Засгийн газар бодлого шийдвэрээ өөрчлөөгүй байхад дур мэдэн өөрөө бодлого шийдвэрийг өөрчилсөн. Үүний цаана төрийн албанд ажиллаж байсан албан хаагчийн эрх зөрчигдсөн. 2015 оноос 2018 он хүртэл Нийтлэг үйлчилгээний алба нь бодлого шийдвэрээ хэвээр хадгалаад ирсэн.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.... Нэхэмжлэлийн шаардлагаа 1-рт. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 2-рт. Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, 3-рт.Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах, 4-рт. Д.Эийг урьд эрхэлж байсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 5-рт. 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 541,146 төгрөгийг гаргуулах, 6-рт. Дээрх хугацааны цалин хөлсний зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах гэж тодруулж байна....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Өнөөдрийн шүүх хуралдаанд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж шүүх хуралдаанд оролцож байна. Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч 6 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэг: Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эийг менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага байна. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тушаалыг гаргаж өгсөн. Энэ тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцсэн эсэхийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна.

Хоёр: Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Засаг даргын тамгын газар нь хэлтэс, тасагтай байна гэж заасан байгаа. Алба байх ёсгүй. Хуулиас давсан шийдвэр гэж байхгүй. Засгийн газраас тогтоол гаргаад Нийтлэг үйлчилгээний албыг заавал байгуулаарай гэж хуулиа зөрчихгүй байх. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Засаг даргын Тамгын газар хэлтэс тасагтай байна гэсэн үндэслэлээр нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлж менежер гэсэн албан тушаалд томилсон. 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр би өөрөө ажилд томилогдоогүй байсан. Тушаал гаргаад бүтэц орон тоог баталсан байсан. Хуулинд нийцүүлж бүтэц орон тоогоо баталсан.

Гурав: Хуулинд алба гэж байхгүй учраас хуулинд нийцүүлж менежерээр томилсон.

Дөрөв: Нэхэмжлэгч хуулинд байхгүй бүтэц орон тоог бий болгоод намайг буцаагаад томилох ёстой гэсэн агуулга явж байна. Хуулиас давсан шийдвэр гаргаад албыг бий болгоод нэхэмжлэгчийг томилохгүй байх гэж найдаж байна.

Тав: Бүтэц орон тоог батлах эрх нь Засаг даргын Тамгын газарт хадгалагддаг. 2003 онд нийтлэг үйлчилгээний тасгийг татан буулгаад эрхийг нь Засаг даргын Тамгын газарт харьяалуулсан. Харьяалуулан гэдэг нь энэ албыг татан буулгах, бүтэц орон тоог нь өөрчлөх эрх нь Засаг даргын Тамгын газар буюу Засаг даргын Тамгын газрын даргад хадгалддаг. Нийтлэг үйлчилгээний алба нь галч, үйлчлэгч, харуул, жолоочтой байна гэсэн Засгийн газрын тогтоолыг өнөөдрийн байдлаар олж хараагүй байна. Бүтэц орон тоог Засаг даргын Тамгын газрын дарга тушаалаараа хувиарладаг.

Зургаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа нэхэмжлэгчийг төсвийн шууд захирагч гэж байна. Төсвийн шууд захирагч нар сонгон шалгаруулалтад орж томилогдсон байдаг.Албаны дарга ТҮ9 шатлалаар цалинждаггүй ТҮ8 шатлалаар цалинждаг. Үндсэн цалингийн зөрүү байхгүй. Цалингийн зөрүү байвал үр дүнгийн урамшуулал байгаа байх. ТҮ9 шатлалаар цалинжих нь үндэстэй эсэхийг шүүхээс анхаарна уу.Миний хэлсэн тайлбаруудыг шүүхээс анхаарч үзнэ үү....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эийн ажлын байрыг Санхүү, ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар тушаалын Д.Эийг үйлчилгээний албаны менежерээр томилсонг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухайшаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах, Д.Эийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 541,146 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсний зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай гэж тодрууллаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзориг Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-д Засаг даргын тамгын газар нь хэлтэс,тасагтай байна гэж заасан байгаа.Хуульд нийцүүлж бүтэц орон тоог баталсан....Бүтэц орон тоог батлах эрх нь Засаг даргын Тамгын газарт хадгалагддаг. 2003 онд нийтлэг үйлчилгээний тасгийг татан буулгаад эрхийг нь Засаг даргын Тамгын газарт харьяалуулсан. Харьяалуулан гэдэг нь энэ албыг татан буулгах, бүтэц орон тоог нь өөрчлөх эрх нь Засаг даргын Тамгын газар буюу Засаг даргын Тамгын газрын даргад хадгалддаг.... гэж тайлбарлаж мэтгэлцэв.

Нэхэмжлэгч Д.Э нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Б/64 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгчийн 000028113 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдов. /хх-ийн 53, 74-77 дугаар тал/

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаал гарган, уг тушаалын 2 дугаар хавсралтад заасан албан тушаалын нэршилээс үзэхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж, ауйн алба, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний алба болгон, бүтэц, орон тоог баталжээ. /хх-ийн 55-59 дүгээр тал/

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн зохион байгуулсантай холбогдуулан Д.Э нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажлаас чөлөөлөгдөж, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын хавсралтаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын үйлчилгээний албаны менежерээр томилогдсон болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 60-62, 63-66 дугаар тал/

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Нийтлэг үйчилгээний газар-ыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон байгуулж, өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосон байна. Уг тогтоол нь хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын Засгийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар төрийн өмчит хуулийн этгээдийг байгуулах, өөрчлөх, татан буулгах тухай шийдвэр гаргах, түүний дүрмийг батлах эрхтэй болно.

Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 48 дугаар тогтоолын үндэслэн Ховд аймгийн Засаг даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 222 дугаартай захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газрыг татан буулгаж, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны бүтэц орон тоог тогтоож, үйл ажиллагаанд нь хяналт тавьж удирдлагаар хангаж ажиллахыг Тамгын газрын даргад даалгажээ. /хх-ийн 182 дугаар тал/

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2005 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 57 дугаартай Нийтлэг үйлчилгээний алба байгуулах тухай тушаалаар Нийлэг үйлчилгээний албаны даргыг томилж, ажилтан, ажилчдыг цалинжуулахаар шийдвэрлэжээ. /хх-ийн 210 дугаар тал/

Дээрх эрхийн актуудаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба байгуулагдсан байна.

Улмаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь улсын бүртгэлийн 1670001051 дугаарт бүртгэгдэн 6734731 регистрийн дугаартай болох нь Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдлоо. /хх-ийн 118-119 дүгээр тал/

Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 15 дугаар зүйлийн 15.3-т заасан улсын төсөвт үйлдвэрийн газар байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний алба нь татан буугдаагүй болох нь Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 84 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 118 дугаар тал/

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу өөрчлөх, татан буулгах эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй байхад Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албыг хоёр хуваан өөрчилсөн нь хуульд нийцэхгүй байна.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Нийтлэг үйлчилгээний албыг Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж, ауйн алба, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний алба болгон хоёр хуваан, бүтэц, орон тоог тогтоосон хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн акт гарсан байх ба энэ тохиолдолд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар захиргааны байгууллага өөрөө тус актаа гарсан өдрөөс нь хойш 5 жилийн дотор хүчингүй болгохоор заасан.

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаалаараа өмнө гаргасан 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байх тул шүүх Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай шаардлагад дүгнэлт хийх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай тушаалын талаар зохигчид маргаан үүсгээгүйгээс гадна уг тушаал нь хүчин төгөлдөр байна.

Мөн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/02 дугаартай Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тушаал гарсантай холбогдуулан ажилтнуудыг чөлөөлж, холбогдох албан тушаалд томилсон, Д.Эийн эрхэлж буй үйлчилгээний албаны менежер гэх албан тушаалыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний тасгийн дарга болгон өөрчилсөн болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар маргаагүй тул шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах, Д.Эийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 541,146 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсний зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газраас тогтоох бөгөөд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь хэлтэс, тасагтай байхыг зохицуулсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан зохицуулалт уг маргаанд хамааралгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хавтаст хэргийн 3-25, 109-115, 122-131 дүгээр хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасныг зөрчсөн байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, аж ахуйн албаны бүтэц орон тооны 1 дэх заалт Албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч гэсэн хэсгийг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нутгийн удирдлагын ордоны үйлчилгээний албаны бүтэц, орон тооны 1 дэх заалт Менежер гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/198 дугаар тушаалын 63 дахь заалт буюу Д.Эийг Үйлчилгээний албаны менежерээр томилсон хэсгийг хүчингүй болгуулах, Д.Эийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийтлэг үйлчилгээний албаны даргын ажилд эгүүлэн тогтоолгох, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний зөрүү 541,146 төгрөгийг гаргуулах, дээрх хугацааны цалин хөлсний зөрүүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ОЮУНЖАРГАЛ