Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2019/03192

 

 

 

 

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2019/03192

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  З-д холбогдох,

Автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, автомашин худалдах, худалдан авах гэрээний үнээс дутуу төлөгдсөн 2,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Б.Т нь иргэн Т.Зэлмийн өмчлөлийн   улсын дугаартай TOYOTA HARRIER маркийн  арлын дугаартай мөнгөлөг өнгийн автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож, 2019 оны 02 сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн тойргийн нотариат дээр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж автомашины үнэ болох 20,000,000 төгрөгийг Т.Зэлмийн дансанд бүрэн төлж барагдуулсан. Б.Т нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд амьдардаг бөгөөд 2019 оны 02 сарын 09-ний өдөр нутаг буцах болж худалдан авсан машинаараа замд гарсан. Гэтэл зорьсон газартаа хүрэлгүй Улаанбаатараас гараад 100 орчим км газар яваад машин эвдэрч унтраад, юунаас болоод байгаа нь мэдэгдэхгүй хянах самбарын бүх гэрэл асаж цааш явах боломжгүй болсон, энэ талаар Т.Зд утсаар хэлж, хохирол барагдуулах талаар хэд хэдэн удаа хандсан боловч тоогоогүй. 2019 оны 02 сарын 10-ны өдөр Мөнххада компани дээр очиж машинаа оношлогоонд оруулахад уг автомашин нь урд хэсгээр мөргөлдсөн, айр байг буюу аврах дэр задарч ажиллах боломжгүй болсон, урд хоёр их гэрлийг солих шаардлагатай, хагарч цуурсан, баруун урд хэсгээр гагнууртай, копудны түгжээ гажаатай солих шаардлагатай зэрэг олон доголдол илэрсэн. Дээрх доголдлуудаас шалтгаалж автомашины компьютерт алдаа зааж ашиглах боломжгүй болсон. Анх автомашиныг үзээд оношлогоонд оруулъя гэхэд Т.З нь машин асуудалгүй, хийх зүйлгүй шууд унаад явахад бэлэн одоо оношлогоо ажиллахгүй зэргээр хуурч мэхэлсэн бөгөөд автомашины доголдлын талаар хэлээгүй нуун дарагдуулж зарсан. Автомашины гэмтэл доголдлыг энгийн нүдээр хараад шалгаж, тогтоох, мэдэх боломжгүй байсан ба Т.Зэлмийн хэлсэнд найдаж амь насаараа хохирох дөхсөн тул их гомдолтой байна. Автомашины гэмтлийг засахад машины аврах дэрийг компьютерийн хамт солих шаардлагатай талаар Мөнххада компаний мэргэжлийн хүн хэлж зөвлөсөн. Ингэхийн тулд нэгдүгээрт автомашины компьютер болон аврах дэрийг шинээр захиалах шаардлагатай, үүнд цаг хугацаа их орно. Хоёрдугаарт захиалгаар ирэх компьютер, аврах дэр үнийн хувьд их үнэтэй болно гэдгийг мөн хэлсэн. Миний хувьд энэ их зардлыг гаргаж машиныг засуулах ямарч боломжгүй. Засуулж байж унахгүй бол уг автомашин нь замын хөдөлгөөнд оролцоход маш их эрсдэлтэй хэзээ ч, хаана ч унтраад зогсох аюултай, осол гаргахад бэлэн хүний амь нас эрсдэхийг ч үгүйсгэх аргагүй юм. Иймд 2019 оны 02 сарын 04-ний өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 20,000,000 төгрөг, оношлогоонд орсон зардал 41,000 төгрөг, нийт 20,041,000 төгрөгийг хариуцагч Т.Зэс гаргуулж нэхэмжлэгч Б.Тд олгуулан хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Б.Т нь Т.Зэс  улсын дугаартай Harrier маркийн автомашиныг 2019 оны 02 сарын 04-ний өдөр 17,800,000 төгрөгөөр худалдан авсан. Талууд энэ тухай хэлцлийг нотариатчаар гэрчлүүлэхдээ, хожим өөр бусад хүнд худалдах шаардлага гарах тохиолдолд 20,000,000 төгрөгөөр авсан гэдэг үнэ байвал зүгээр юм гэж харилцан ярилцаад үнийн дүнг 20,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж бичсэн. Нэхэмжлэгч тал амьдрал ахуйн яаралтай хэрэгцээний улмаас тухайн автомашиныг бусдад зарсан тул гэрээг цуцлахаар гаргасан шаардлагаа Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2-т заасны дагуу доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулах шаардах эрхээ хэрэгжүүлж байна. Ослын аврах дэр (airbag) бол авто тээврийн хэрэгслийн амин чухал бүрдэл хэсэг бөгөөд энэхүү бүрдэл нь жолооч, зорчигчдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах баталгаа болж байдгийн хувьд уг дэр өмнө задарч ашиглалтгүй болсон байдал нь тээврийн хэрэгслийн байнгын, хэвийн, аюулгүй ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлөх тул биет байдлын доголдолд хамаарна гэж үзэж байна. Амь нас, эрүүл мэндийн баталгаа болж буй уг дэрийг TOYOTA-ийн албан ёсны засварын төв нийлүүлэхэд шаардлагатай 10,301,000 төгрөгийн дүнгээр анхны үнэ болох 17,800,000 төгрөгийг бууруулах шаардлагыг гаргаж байна. Үүнд засварын ажлын хөлс, бусад илэрсэн доголдлыг арилгахад шаардагдах зардлуудыг нэхэмжлэгч тал оруулаагүй болохыг хариуцагч тал шударгаар хандаж анхаарч үзэх бизээ гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Тгийн надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь худалдан авагч Б.Т надаас хуучин машин худалдаж авснаа мэдсэн. Түүний хүсэлтээр зах зээлийн үнэ 21,000,000-23,000,000 төгрөгөөр зарагдаж байсан машиныг урьд өдөр нь өөрөө гэр бүл, 2 хүүхдийн хамт манай гэрийн гадаа ирээд гаражнаас унаж үзэж байгаад харилцан тохиролцоод зарим засвар үйлчилгээг өөрсдөө хийнэ гэж тооцоод 17,800,000 төгрөгөөр зарсан. Б.Тгийн миний банкны дансанд мөнгө шилжүүлсэн баримт байгаа. Гэтэл 20,000,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр нэхэмжилж байгаа нь шударга бус байна. Би энэ машиныг бусдаас өөрийн Кровн машинаар дээр нь 1,000,000 төгрөг өгч сольж аваад тун удалгүй энэ хүнд зарсан. Энэ хүн машиныг худалдаж авахдаа үзэж шалгаж, унаж үзээд авсан. Тийм болохоор гэрээ цуцалж, өгсөн авснаа буцаахыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлд дурдсан асуудал ор үндэсгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Т.З нь өөрийн өмчлөлийн  арлын дугаартай,   улсын дугаартай Toyota Harrier маркийн автомашиныг 2019 оны 02 сарын 04-ний өдрийн худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр иргэн Б.Тд 20,000,000 төгрөгөөр худалдаж, автомашиныг эзэмшилд нь шилжүүлсэн. Б.Т нь автомашины үнээс 17,800,000 төгрөгийг 2019 оны 02 сарын 04-ний өдөр Хаан банкны  дугаар данснаас шилжүүлсэн бөгөөд одоог хүртэл үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд дутуу төлөгдсөн 2,200,000 төгрөгийг Б.Тгаас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Тухайн автомашиныг талууд 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдах авахаар тохиролцож байгаагүй. Анх тус автомашиныг худалдах зарлалд 19,000,000 төгрөгөөс үнийг ярилцахаар тавьсан байсан бөгөөд түүний дагуу холбогдоход төлбөрөө шууд төлөх тохиолдолд 18,000,000 төгрөгт шууд өгнө гэж байсан. Хойд хоёр амортизатор дуу орсон байсныг хасч 17,800,000 төгрөгөөр тохирч, мөнгийг бүрэн шилжүүлсний дараагаар нотариатч дээр очиж хэлцэл хийхдээ, талууд хожим уг автомашиныг бусад этгээдэд зарахыг үгүйсгэхгүй юм, тэр үед боломжийн үнээр авсан гэсэн баримттай байх зорилгоор үнийг нь 20,000,000 төгрөг гэж тавья хэмээн тохирч бичүүлсэн. Төлбөрийн нөхцөлд төлбөрийг тухайн гэрээ хийх үед бүрэн төлж дуусгасан болохыг тодорхой заасан. Хариуцагч уг үйл баримтыг гуйвуулж мушгин анх шүүхэд өөрсдийн тайлбарлаж байснаасаа өөрөөр тайлбарлаж энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргасан болох нь хариуцагч талын шүүх хуралдаанд хэлж байсан тайлбаруудаас нотлогдоно. Хариуцагч уг үйлдэлд төлбөрийн талаар өмнө хэзээ ч шаардлага гаргаж байгаагүй, дурьдаж ч байгаагүй атлаа автомашиныг бусдад худалдсан тухай олж мэдмэгцээ ийм сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Т.Зд холбогдуулан автомашин худалдах, худалдан авах гэрээг цуцалж, автомашины үнэд төлсөн 20,000,000 төгрөг, оношлогооны зардал 41,000 төгрөг, нийт 20,041,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж автомашины доголдолын улмаас учирсан хохиролд аюулгүйн дэр /airbag/-ний үнэ 10,301,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч Т.З нь нэхэмжлэгч Б.Тд холбогдуулан автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

1/ Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар

Нэхэмжлэгч Б.Т хариуцагч Т.Зтэй 2019 оны 02 сарын 04-ний өдөр автомашин худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, 2006 онд үйлдвэрлэгдсэн Toyota Harrier маркийн 4120 УБВ улсын дугаартай суудлын зориулалттай автомашиныг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирчээ.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2019 оны 02 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Тгийн хүү Т.Б-ээс автомашины төлбөрт 17,800,000 төгрөгийг хариуцагч Т.Зэлмийн Хаан банкны данс руу шилжүүлсэн, мөн өдөр Б.Т   улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авч, улсын дугаарыг  болгон солиулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь автомашиныг бусдад худалдан борлуулсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ худалдан авсан автомашины доголдолтой холбон тайлбарлаж байх бөгөөд зохигчид автомашин доголдолтой байсан эсэх талаар маргаж мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж, 254 дүгээр зүйлийн 254.1Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, мөн 254.6Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заасан.

Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь гэрээний зүйлийн доголдлыг худалдагчаас баталгаат хугацаа тогтоосон бол тухайн хугацаанд, хэрэв тогтоогоогүй тохиолдолд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлснээр Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан эд хөрөнгийн доголдлыг арилгуулах, доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй болно.

Зохигчдын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд автомашины тоо хэмжээ, чанарын талаар тусгайлан тохиролцоогүй байгаагаас гадна гэрээний зүйлийн ашиглалттай холбоотойгоор ямар нэгэн баталгаат хугацаа тогтоогоогүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурьдсанаар тэрээр хариуцагчийн олон нийтийн цахим сүлжээнд гаргасан зар мэдээ дэх автомашины шинж чанар, байгаа байдал, Монгол Улсад импортолсон болон ашиглагдаж байсан нөхцөл байдлыг үндэслэн худалдан авсан байх ба автомашиныг худалдан авахын өмнө унаж үзэж шалгасан байдал, гэрээний 1.1, 3.1 дэх заалт зэргээс тус тус үзвэл нэхэмжлэгч нь маргааны зүйл болох 4120 УБВ улсын дугаартай автомашиныг байгаа байдлаар нь худалдаж авчээ.

Хэдийгээр зохигчид уг худалдах, худалдан авах гэрээнд автомашины тоо хэмжээ, чанарын талаар тохиролцоогүй боловч худалдагч буюу хариуцагч Т.З нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1Үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу зориулалтын дагуу ашиглах боломжтой автомашиныг худалдах үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Т нь худалдан авсан тухайн автомашиныг доголдолтой гэдгийг илрүүлсэн тохиолдолд худалдах, худалдан авах гэрээг цуцлах талаар нөгөө талдаа гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцалсан тохиолдолд талууд өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах буюу гэрээнээс татгалзах үр дагавар үүснэ.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, мөн 227.3Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу хэрэв худалдагч тал доголдолтой эд хөрөнгө худалдснаас худалдан авагч гэрээг цуцалж байгаа тохиолдолд түүнд учирсан хохирлыг нөхөн төлөх үүрэг хүлээнэ.

Гэвч нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох   улсын дугаартай автомашиныг ердийн зориулалтын дагуу ашиглаж болохгүй тийм хэмжээний доголдолтой байсан гэх тайлбараа нотлохгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч тал автомашины шинж чанар, байгаа байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан байгаа байдлаар нь худалдан авсан тохиолдолд гэрээний зүйлийг тэрхүү байдлаар тодорхойлж, тохирсон гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал тус автомашиныг 2006 онд үйлдвэрлэсэн, Монгол Улсад 2015 оны 01 сард импортолж, эзэмшиж, ашиглаж байсан талаар мэдэж байсан бөгөөд Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т заасны дагуу гэрээний зүйлийг ийнхүү байгаа байдлаар хүлээн авсанд тооцох бөгөөд хожим таамаглаагүй доголдол илэрсэн бол үүнийг нотлох ёстой.

Түүнчлэн хэрэгт авагдсан Мөнххада ХХК-ийн Тоёотогийн засвар үйлчилгээний төвийн оношилгооны баримтад тухайн автомашиныг цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй гэж оношлоогүй, харин автомашины байдал болон хэрэглээтэй холбоотойгоор зайлшгүй солих эд ангиудын талаар дурдсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч тал тухайн автомашиныг оношилгоонд дурдсан эвдрэл гэмтэл, доголдлын улмаас цаашид ашиглах боломжгүй гэх тайлбараа тодорхой баримтаар нотлохгүй байх тул хариуцагч буюу худалдагчийг зөвхөн нэхэмжлэлд дурьдсан доголдолтой байсан гэх тайлбарыг үндэслэн түүнийг эд хөрөнгийг доголдолгүй байдлаар худалдаагүй гэдгээ нотлох ёстой хэмээн буруутгах боломжгүй юм.

Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох   улсын дугаартай автомашины доголдлын улмаас аюулгүйн дэр /airbag/-ний үнэ болох 10,301,000 төгрөгөөр хохирсон гэж шаардсан боловч автомашиныг бусдад худалдахдаа уг доголдлын улмаас 12,000,000 төгрөгөөр худалдаж 5,800,000 төгрөгөөр хохирсон гэх тайлбарыг гарган хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ баримтаар нотлоогүй, нэхэмжлэгчийн нотлох баримтаар ирүүлсэн Хаан банкны дансны хуулгаар маргааны зүйл болох автомашиныг доголдлын улмаас худалдан авсан үнээс бууруулж 12,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 5,800,000 төгрөгөөр хохирсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагчаас автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2/ Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар

Хариуцагч Т.З нь автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ автомашин худалдах, худалдан авах тухай гэрээнд автомашины үнийг 20,000,000 төгрөгөөр тохиролцсоноос 17,800,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлсэн тул үлдэгдэл 2,200,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.

Зохигчид автомашины үнийн дүн буюу гэрээний үнийн дүнгийн талаар маргаж байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ автомашины үнийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлон хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө автомашины үнийг 17,800,000 төгрөг гэж, хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа автомашины үнийг 17,800,000 төгрөг гэж тодорхойлсон боловч сөрөг нэхэмжлэлдээ автомашины үнийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлон маргасан.

Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар 2019 оны 02 сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Б.Тгийн хүү Т.Б-ээс автомашины төлбөрт 17,800,000 төгрөгийг хариуцагч Т.З-ийн Хаан банкны данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ... автомашиныг худалдах зарлалд 19,000,000 төгрөгөөс үнийг ярилцахаар тавьсан байсан бөгөөд түүний дагуу холбогдоход төлбөрөө шууд төлөх тохиолдолд 18,000,000 төгрөгт шууд өгнө гэсэн. Хойд 2 амортизатор дуу орсон байсныг хасч 17,800,000 төгрөгөөр тохирч, мөнгийг бүрэн шилжүүлсний дараагаар нотариатч дээр очиж хэлцэл хийхдээ, талууд хожим уг автомашиныг бусад этгээдэд зарахыг үгүйсгэхгүй юм, тэр үед боломжийн үнээр авсан гэсэн баримттай байх зорилгоор үнийг нь 20,000,000 төгрөг гэж тавья хэмээн тохирч бичүүлсэн. Төлбөрийн нөхцөлд төлбөрийг тухайн гэрээ хийх үед бүрэн төлж дуусгасан болохыг тодорхой заасан... гэх тайлбар гаргасныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Иймд хариуцагчийн автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.Зэс автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Тгаас автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Зэс автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч Б.Тгаас автомашин худалдах худалдан авах гэрээний үнийн үлдэгдэл төлбөр 2,200,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,155 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР