Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01619

 

 

   2022               08                31                                             210/МА2022/01619

 

Б.Тгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02615 дугаар шийдвэртэй,

Б.Тгийн нэхэмжлэлтэй

Т.Зд холбогдох

Автомашины доголдлын улмаас учирсан хохирол 5,800,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, автомашин худалдах, худалдан гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, М.Мөнхзул, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Т.Зтэй 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 41-20 УБВ улсын дугаартай Тоёота Харрьер маркийн МН11380048078 арлын дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцож, гэрээг Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатаар гэрчлүүлж, 20,000,000 төгрөгийг Т.Зд бүрэн төлж барагдуулсан. 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу явах замд 100 орчим км зайд машин нь эвдэрч унтраад, хянах самбарын бүх гэрэл асаж цааш явах боломжгүй болсон тул хариуцагчид энэ талаар мэдэгдэхэд үл тоосон. Улмаар 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Мөнххада” компани дээр очиж машиныг оношилгоонд оруулахад уг автомашин нь урд хэсгээр мөргөлдсөн аврах дэр /air bag/ задарч ажиллах боломжгүй болсон, урд хоёр их гэрлийг солих шаардлагатай, хагарч цуурсан, баруун урд хэсгээр гагнууртай, капотны түгжээ гажаатай солих шаардлагатай зэрэг доголдлууд илэрсэн. Дээрх доголдлуудаас шалтгаалж автомашины компьютерт алдаа зааж ашиглах боломжгүй болсон. Анх автомашиныг худалдан авах үед үзээд оношилгоонд оруулъя гэхэд Т.З нь машин асуудалгүй, одоо оношилгоо ажиллахгүй зэргээр доголдлыг хэлээгүй бөгөөд уг доголдлыг нүдээр харж мэдэх боломжгүй байсан. Иймд дээрх доголдлыг арилгахад удаан хугацаа шаардагдах байсан тул 2019 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 12,000,000 төгрөгөөр буюу анх худалдан авсан 17,800,000 төгрөгөөс даруй 5,800,000 төгрөгийн алдагдалтайгаар худалдсан. Уг автомашиныг анх худалдан авахдаа 17,800,000 төгрөг гэж тохиролцсон бөгөөд нотариатчаар гэрчлүүлэхдээ хожим худалдах шаардлага гарвал 20,000,000 төгрөгөөр авсан гэдэг үнэ байвал зүгээр юм гэж ярилцаад үнийн дүнг 20,000,000 төгрөг гэж бичсэн. Иймд хариуцагчаас 5,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь анх автомашиныг худалдан авахдаа зах зээлийн ханшаас доогуур үнээр авсан бөгөөд хуучин машин гэдгийг мэдэж байсан тул машиныг унаж үзээд, зарим засвар үйлчилгээг өөрсдөө хийнэ гэж хэлж авсан. Мөн автомашиныг 17,800,000 төгрөгөөр худалдан авсан атлаа 20,000,000 төгрөгөөр худалдан авсан мэтээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга: Т.З нь өөрийн эзэмшлийн МНУ380048078 арлын дугаартай, 41-20 УБВ улсын дугаартай Тоёота Харрьер маркийн автомашиныг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Б.Тд 20,000,000 төгрөгөөр худалдаж, худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр, автомашиныг түүний эзэмшилд шилжүүлсэн. Б.Т нь 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 17,800,000 төгрөгийг Хаан банкны 5063344908 тоот данснаас шилжүүлсэн бөгөөд одоо хүртэл үлдэгдэл 2,200,000 төгрөгийг төлөөгүй. Иймд дутуу төлөгдсөн 2,200,000 төгрөгийг Б.Тгаас гаргуулж өгнө үү гэжээ.

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: Анх тус автомашиныг зарах зард 19,000,000 төгрөг гэж байгаад хойд хоёр амортизатор дуу орсон байсныг хасч 17,800,000 төгрөгөөр тохирч, мөнгийг бүрэн шилжүүлсний дараа нотариатч дээр очиж хэлцэл хийх үедээ хожим бусдад зарах шаардлага гарвал 20,000,000 төгрөг буюу боломжийн үнээр авсан гэх баримт байвал гэж ярилцсаны үндсэн дээр гэрээг байгуулсан. Хариуцагч нь шүүхэд өгсөн тайлбараасаа зөрүүтэйгээр мэдүүлж сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.Тэрээр автомашины үнийн талаар ямар ч шаардлага гаргаж байгаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Зэс 5,800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгч Б.Тгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,155 төгрөгийг болон хариуцагч Т.Зэлмийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан 50,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Зэс 107,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Тд олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 6.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч нь уг автомашиныг 12,000,000 төгрөгөөр худалдсан гэх боловч худалдах- худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй, мөнгө хүлээн авсан дансны баримт байхгүй, дээрх дүнгээр худалдсан байлаа ч үнэлгээний байгуулгын дүгнэлтгүйгээр тухайн автомашины бодит үнэлгээ нь 12,000,000 төгрөг байсан гэж дүгнэх боломжгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ "Амьдралын шаардлагын улмаас ... 12,000,000 төгрөгөөр худалдсан” гэж бичсэн нь амьдралын шаардлагын улмаас хямд үнээр ч машинаа худалдсан байхыг үгүйсгэх аргагүй.

6.б. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нь уг автомашиныг авах үедээ унаж шалгаж авснаас гадна гэрээний 1.1, 3.1 дэх заалтад зааснаар автомашиныг биет байдлын доголдолгүй гэж үзэн хүлээн авч, үүнийг гэрээндээ баталгаажуулан гарын үсгээ зурсан байдаг. Мөн “Мөнххада" ХХК-аар оношлуулсан оношилгоонд дурдагдаж буй доголдлуудыг нэхэмжлэгч нь өөрөө засна гэж тохиролцсоны үндсэн дээр 2,200,000 төгрөгөөр бууруулж машиныг зарсан. Тус доголдлууд нь машин шууд унтарч, явах боломжгүй болох, мотор, явах эд ангийн хэвийн үйл ажиллагааг доголдуулсан талаар нэг ч гэмтэл тогтоогдоогүй. Энэ талаар нотлох баримтыг гаргаж өгөөгүй.

6.в. Хариуцагч Т.Зэлмийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, шүүх хуралдааны товыг мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Т.З нь Австрали улсад мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байгаа бөгөөд Монгол Улсад одоогоор байхгүй. Шүүхийн мэдэгдэх хуудас нь “Уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй” гэх хорооны Засаг даргын тодорхойлолттой буцаагдаж байсан, 88090961 гэх утасны дугаарт мессежээр тов мэдэгдэх бүрд “энэ дугаарын эзэн гадаад явсан, энэ дугаар шилжигдсэн, худалдаж авсан дугаар, энэ дугаарыг шилжүүлж аваад 4 сар болж байна” гэх хариуг өгч байснаас дүгнэхэд Т.З нь шүүх хуралдааны товыг мэдээгүй болох нь илэрхий байна. Нэгэнт шүүх мэдэгдэх хуудас хүргэгдээгүй, мессежээр тов очоогүй гэдгийг мэдсээр атлаа хариуцагчийн биечлэн болон төлөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцох эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, эсвэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Тухайн автомашин худалдах, худалдан авах гэрээнд биет байдлын доголдолгүй хөрөнгийг шилжүүлж өгөх үүргийг хариуцагч тал хүлээсэн. Биет байдлын доголдолтой эсэх асуудал нь тухайн эд зүйл буюу тээврийн хэрэгслийг хэвийн, байнгын аюулгүй ашиглалтын шаардлага хангасан байхаар хуульд заасан. Ослын аюулгүйн дэргүй тээврийн хэрэгслийг ердийн зориулалтаар ашиглах боломжгүй буюу Монгол улсад мөрдөж буй MNS452011 дугаар стандартад нийцэхгүй байна. Б.Тгийн хувьд тухайн доголдлыг арилгахад шаардлагатай зардал нь 10,000,000 төгрөг боловч бодитой зөрүү 5,800,000 төгрөгийн хүрээнд өөрсдөө нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлсон. Автомашины ослын дэрийг ердийн нүдээр үзэж тогтоох боломжгүй. Мөн гэрээнд заасан заалтаас үзэхэд хуучин автомашин учир биет байдлын доголдолтой холбоотой шаардах эрхээс татгалзсан тохиролцоо талуудын хооронд байхгүй. Мөн нотлох үүрэг хариуцагч талд тэнцвэртэй ногдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйл, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч талаас нотлох үүргийг хэрэгжүүлсэн тухай үнэлгээтэй холбоотой бусад доголдолтой холбоотой асуудлыг эргэлзээтэй гэж тайлбарласан боловч өөрсдөө нотлох ажиллагаа хийгээгүй. Мөн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд давж заалдах гомдол хангагдах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Т.Здэд холбогдуулан автомашины доголдлын улмаас хохирол 20,041,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,241,000 төгрөгөөр багасгаж, 5,800,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, автомашин худалдах, худалдан авах гэрээний үнээс дутуу төлөгдсөн 2,200,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

3. Талууд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Т.З нь өөрийн өмчлөлийн Тоёота Харрьер маркийн 41-20 УБВ улсын дугаартай автомашиныг худалдан авагч Б.Тд 17,800,000 төгрөгөөр худалдахаар тохирсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

Түүнчлэн, худалдан авагч гэрээний үнийг төлсөн, худалдагч гэрээ байгуулагдсан өдрөө тээврийн хэрэгслийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн талаар маргаагүй.

4. Автомашин худалдах-худалдан авах гэрээнд талууд автомашины үнийг 20,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч бодитоор гэрээ хийсэн өдөр нэхэмжлэгч нь 17,800,000 төгрөг байсныг шүүх зөв тогтоосон, энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

5. Гэрээний зүйл болох автоашин нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар биет байдлын доголдолтой гэсэн тайлбарыг нэхэмжлэгч нотлоогүй байна.

6. Талууд гэрээнд автомашины чанарын талаар тохиролцоогүй, автомашин нь тээврийн хэрэгслийн гэрчилгээнд зааснаар 2006 онд үйлдвэрлэгдсэн, хуучин гэдэг талаар мараагүй.

Иймд худалдан авагч нь Иргэний хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт зааснаар дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй.

Автомашины оношилгооны баримтад “Airbag-ны систем шалгах шаардлагатай, баруун урд хэсгээр гагнууртай, урд 2 их гэрэл солих /хагарч наасан/, капотны түгжээ гажаатай, баруун хойд босоо тэнцүүлэгчийн боолт суларсан, өөр размертай дугуй тавьсан, зүүн урд амартизатор тос хаясан /солих/, урд 2 под крьло хийх /хуучин нь урагдсан/” гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах юм.

Дээрх доголдол нь нуугдмал буюу шалгаж авахад мэдэгдэхгүй байсан гэх үндэслэл тогтоогдохгүй юм.

8. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхгүй тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үр дагаварыг шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно.

10. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, давж заалдах журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/02615 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.2.2-т зааснаар хариуцагч Т.Зд холбогдох 5,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Тгийн нэхэмжлэлийг болон нэхэмжлэгч Б.Тд холбогдох 2,200,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Т.Зэлмийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 107,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ЗОЛЗАЯА

                                   ШҮҮГЧИД                         С.ЭНХБАЯР

                                                                             Д.БЯМБАСҮРЭН