Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/02659

 

 

 

 

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2019/02659

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т о с к ТӨҮГ-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ш м к ХХК-д холбогдох,

 

Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүрэгт 1.918.333.333 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О Д.У, хариуцагчийн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн өмгөөлөгч С.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т о с к ТӨААТҮГ, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, Д.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... ******* нь Монгол улсын Засгийн газраас хүн амыг орон сууцжуулах бодлого, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор Ш м к ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2015/4-15 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд хариуцагч Ш м к ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй 3 давхар 9 ширхэг нийт 108 айлын орон сууцны барилга болох Ирээдүй цогцолбор хороолол орон сууцны барилгын санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байгаа дуусаагүй барилгын санхүүжилтын ажилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахаар тохирсон. ******* нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хөрөнгө оруулагч нь санхүүжүүлэгч байгууллагад оруулах хөрөнгө оруулалтыг барилгын ажлын явцтай уялдуулан гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж заасны дагуу дээрх 108 айлын дуусаагүй орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцээн барьж ашиглалтанд оруулах эхний ээлжийн 1.200.000.000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Гэтэл тус гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дэх хэсэгт санхүүжүүлэгч компани нь барилгын угсралтын ажлын гүйцэтгэлийг гаргаж баталгаажуулан, хөрөнгө оруулагчид хүргэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас удаа дараа барилга угсралтын ажлын шаардлага хангах гүйцэтгэлийг ирүүлэхийг шаардсан боловч хариуцагч нь холбогдох гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, гэрээний дагуу барилга угсралтын ажил хийгдээгүй байгаа болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.7 дахь хэсгүүдэд заасны дагуу санхүүжүүлэгч байгууллагын барилгын үйл ажиллагаатай танилцаж, чанар стандартын зөрчил гологдлоо арилгах хугацаатай үүрэг чиглэл удаа дараа өгч байсан болно. Үүнд хариуцагч нь барилга угсралтын ажлын зураг төсөл нь магадлалд орж баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, гадна цахилгаан текникийн нөхцөл, холбоо дохиоллын текникийн нөхцөл, цэвэр бохир усны текникийн нөхцлүүдийн хугацаа дуусч сунгагдаагүй, урьд нь хийсэн карказын ажлын чанар хангалтгүй байсан тул гүйцэтгэлийг хүлээн авч хянах боломжгүй болсон байна. Хариуцагч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт санхүүжигч нь хөрөнгө оруулагчаас шилжүүлсэн эх үүсвэрийг зөвхөн энэ гэрээнд заасан орон сууцны барилгын ажлыг гүйцээн барьж, ашиглалтанд оруулахад зарцуулах үүрэгтэй, 2 дугаар зүйлийн 2.1.1.3 дахь заалтад санхүүжигч нь 9 барилга, 108 айлын хямд өртөгтэй орон сууцны хорооллыг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөрт багтаан бүрэн ашиглалтанд оруулан хүлээлгэн өгнө гэх заалтуудыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд нь тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтанд ороогүй, оруулсан хөрөнгө оруулалт, түүний хүүг өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл учирсан хохирол түүнээс үүдсэн зардлаа бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан байх тул тус байгууллагад учирсан хохирлыг болон хүүгийн төлбөр алданги зэргийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. ******* нь Хөгжлийн банкны 7 хувийн зээлийн эх үүсвэрээр тунхайн барилгын санхүүжилтийг олгосон бөгөөд зээлийн хүүгийн зардлыг төлж 260.400.000 төгрөгийн хохирол байгууллагад учирсан байна. Түүнчлэн тус гэрээний 3.2 дахь хэсэгт хөрөнгө оруулагч нь санхүүжигч компанид олгосон хөрөнгө оруулалтын эх үүсвэрт жилийн 10 хувийн хүү тооцно, 3.4 дэх хэсэгт санхүүжүүлсэн дүн, түүний хүү эргүүлэн төлөх хуваарийн дагуу хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу хариуцагч нь санхүүжүүлсэн мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх, алданги тооцож нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, гэрээний 3.6 дахь хэсэгт хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтанд ороогүй, оруулсан хөрөнгө оруулалт нь түүний хүүд дүйцэхүйц орон сууц өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол учирсан хохирол, түүнээс үүдсэн зардлаа бүрэн шаардах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хөрөнгө оруулалт 1.200.000.000 төгрөг, хүү 118.333.333 төгрөг, алданги 600.000.000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 260.400.000 төгрөг, нийт 2.018.333.333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийнхээ нийт дүнгийн тооцооллыг зөрүүтэй бичсэн байх тул улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүндээ тохируулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд: хөрөнгө оруулалт 1.200.000.000 төгрөг, алданги 457.933.333 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 260.400.000 төгрөг, нийт 1.918.333.333 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Ш м к ХХК, түүний төлөөлөгч Д.Э, өмгөөлөгч С.О нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэлд гэрээний 4.7 дахь хэсэгт заасан санхүүжүүлэгч компани нь барилгын угсралтын ажлын гүйцэтгэлийг гаргаж баталгаажуулан хөрөнгө оруулагчид хүргүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу удаа дараа гүйцэтгэлийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, барилга угсралтын ажил хийгдээгүй гэжээ. Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд Ш м к ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 1/45 дугаар албан бичгээр 1.160.539.332 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хянуулахаар өгсөн боловч санхүүжилт баталж өгөөгүй, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 1.826.605.271 төгрөгийн ажлын гүйцэтгэл гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй бөгөөд нийт 3.145.811.539 төгрөгийн ажлын гүйцэтгэл гаргаж өгсөн боловч санхүүжилт гаргаж өгөөгүйн улмаас 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс барилгын ажил зогссон. Гүйцэтгэл гаргаж өгөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Улмаар манай компани 2017 оны 01 дүгээр сарын 23, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд тус тус санхүүжилт хүссэн албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй шийдвэрлээгүй болно. Үүний дараа инженер Ж.О-тэй уулзахад танай гүйцэтгэл нэг төсвөөр хийгдсэн байна, барилга болгон дээр тэмдэглэгээ хийн дахин гаргаж өг гэсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дахин гүйцэтгэл гаргаж өгөхөд Ж.О нь танай гүйцэтгэлийг битгий ав гэсэн гээд аваагүй болно. Ийм учраас гүйцэтгэл гаргаж өгөөгүй гэж манай компанийг гэрээний үүрэг зөрчсөн мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг барилга угсралтын ажлын зураг төсөл магадлалд орж баталгаажаагүй, ажил эрхлэх зөвшөөрөлгүй, техникийн нөхцөл сунгагдаагүй, карказын ажлын чанар хангалтгүй байсан тул гүйцэтгэлийг хүлээн авч хянах боломжгүй байсан гэж буруутгажээ. Энэ барилгын ажлыг 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК-тай байгуулсан бусдын газар дээр орон сууцны барилга барих эрх олгох гэрээний дагуу эхлүүлсэн бөгөөд тус гэрээнд энэ бүх асуудлыг Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК хариуцан хэрэгжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч тал энэ баримт бичгийг шаардахад нь 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/27 тоот албан бичгээр бүх зөвшөөрөл дүгнэлт, текникийн нөхцлийг гаргаж хүргүүлсэн болно. Карказын ажлын чанар хангалтгүй байсан гэж буруутгаж байгаа боловч энэ талаар ямар нэгэн акт, баримт бичиг, шийдвэр байхгүй бөгөөд нэхэмжлэлдээ хавсаргасан зураг нь хэзээ хаана авсан нь тодорхойгүй, актаар баталгаажаагүй, манай талд өмнө нь танилцуулаагүй тул үндэслэлгүй байна. Мөн санхүүжигч нь хөрөнгө оруулагчаас шилжүүлсэн эх үүсвэрийг зөвхөн энэ гэрээнд заасан орон сууцны барилгын ажлыг гүйцээн барьж ашиглалтанд оруулахад зарцуулах үүрэгтэй гэснийг зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудад энэ байдлыг нотолсон буюу хөрөнгө оруулалтыг өөр барилгад оруулсан талаар нотлох баримт байхгүй тул энэ нь мөн үндэслэлгүй байна. Мөн орон сууцны хорооллыг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр багтаан бүрэн ашиглалтанд оруулан хүлээлгэн өгнө гэснийг зөрчсөн гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хөрөнгө оруулагч тал болох ******* нь 5.200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаанд 1.200.000.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдэгдэл 4.000.000.000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ биелүүлээгүй тул Ш м к ХХК нь дээрх хугацаанд барилгыг хүлээлгэн өгөх боломжгүй учраас энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т о с к ТӨААТҮГ нь анх хариуцагч Д.Э-т холбогдуулан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний дагуу хийсэн хөрөнгө оруулалт 1.200.000.000 төгрөг, хүү 118.333.333 төгрөг, алданги 600.000.000 төгрөг, хохирол 260.400.000 төгрөг, нийт 2.178.733.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Ш м к ХХК-аар сольж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжтай уялдуулан тодруулж, хөрөнгө оруулалт 1.200.000.000 төгрөг, алданги 457.933.333 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 260.400.000 төгрөг, нийт 1.918.333.333 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Хариуцагч Ш м к ХХК нь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 2015/4-15 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч Т о с к ТӨААТҮГ хариуцагч Ш м к ХХК-ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ирээдүй цогцолбор хорооллын 108 айлын нийт 9 ширхэг орон сууцны дуусаагүй барилгыг 5.200.000.000 төгрөгөөр санхүүжүүлэх, хариуцагч Ш м к ХХК уг санхүүжилтээр барилгыг гүйцээн барьж 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөрт багтаан ашиглалтад хүлээлгэн өгөх, санхүүжилтийг гэрээний хавсралтын дагуу эргэн төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ /хх1-13-17/.

 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээг байгуулах болсон үндэслэлтэй холбогдуулан Т о с к ТӨААТҮГ-ын дүрэм, Төрийн орон сууцны корпорацийн санхүүгийн үйл ажиллагаа, барилгын санхүүжилтийн журам, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 263 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 417 дүгээр тогтоол, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг тус тус шүүхэд гаргасан байна /хх1-92-123, 129-132, хх3-36-42/.

 

Т о с к ТӨААТҮГ нь Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх, төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй бөгөөд Засгийн газрын дээрх тогтоолоор уг байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардагдах 100 сая хүртэл ам.доллартай тэнцэх хөрөнгийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг зөвшөөрсөн байх ба улмаар 2015 онд 35.505.413,1 хүртэлх ам.долларын зээл авах зөвшөөрлийг Төрийн өмчийн хороо, мөн үнийн дүн бүхий зээл олгох зөвшөөрлийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл тус тус нэхэмжлэгчид олгожээ.

 

Хариуцагч нь анх 2015 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/40 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хүсэлт гаргаж, Эдийн засгийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хөгжлийн банк зэрэг байгууллагын 123 ажилтан хямд өртөгтэй орон сууцанд хамрагдах хүсэлтээ өгч, 53 захиалагч гэрээ байгуулан урьдчилгаа төлбөрөө төлсөн талаар танилцуулан барилга угсралтын ажлыг дуусгахад шаардлагатай 5.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хүсчээ /хх2-203/.

 

Талуудын байгуулсан гэрээний зорилго, эрх, үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй байна.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан талаар, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шүүхэд маргаагүй болно.

 

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагчид 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1.200.000.000 төгрөг шилжүүлсэн болох нь харилцахын дансны хуулга баримт /хх1-136/ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь дээрх санхүүжилтийг хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 1.160.539.332 төгрөгийн, мөн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 666.265.939 төгрөгийн, нийт 1.826.805.271 төгрөгийн ажил гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгчийн зүгээс ажлын гүйцэтгэлийг хянаж, үлдэгдэл санхүүжилтийг олгоогүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн барилгын ажлын зураг, төсөв нь магадлалд орж баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлүүдийн хугацаа дуусч сунгагдаагүй, урьд нь хийсэн карказын ажлын чанар хангалтгүй үндэслэлээр хариуцагчийн ажлын гүйцэтгэлийг хүлээн авч хянах боломжгүй байсан, хариуцагчид удаа дараа шаардлага тавьсан боловч зөрчлийг арилгаагүй гэж тайлбарлаж байна.

 

Гэвч нэхэмжлэгчийг Монгол улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувьд хариуцагчийн барьсан дуусаагүй барилгыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг зөвшөөрч гэрээ байгуулах үедээ тухайн барилгын зураг, төсөв, техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг хянах, шалгах, шаардан авах, шаардлага хангуулах үүрэгтэй этгээд гэж үзэх тул нэгэнт гэрээ байгуулагдсан, мөн эхний санхүүжилт хийгдэн холбогдох үе шатны ажил хийгдсэний дараа энэ үндэслэлээр ажлын гүйцэтгэлийг хянахаас татгалзсаныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч энэ асуудлаар хариуцагчид шаардлага тавьж байсан болох нь шүүхэд баримтаар тогтоогдохгүй байна.

 

Шүүхэд ирүүлсэн Төрийн орон сууцны корпорацийн санхүүгийн үйл ажиллагаа, барилгын санхүүжилтийн журмын 3.1.1, 3.4, 3.9 дэх хэсэгт ТОСК-ийн төсвийг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотой хөрөнгө оруулалтын төсвийн төслийг барилгын төлөвлөлт хариуцсан нэгж, хөрөнгө оруулалт, санхүү хариуцсан нэгж хамтран боловсруулж санхүү хариуцсан дэд захирлаар хянуулсны дараа Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Ерөнхий захирлын тушаалаар батлуулан үйл ажиллагаандаа мөрдөх, хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын төсвийг уг ажлыг дуусах хүртэл хугацаагаар баталж, хэрэгжилтийг зохион байгуулж тайлагнахаар зааснаас үзэхэд хариуцагчийн барилгын ажлыг санхүүжүүлэхийн тулд нэхэмжлэгч нь дээрх журмын дагуу хөрөнгө оруулалтын төсөв урьдчилж батлан хэрэгжүүлэхээр байна /хх1-101/.

 

Түүнчлэн хариуцагч нь Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК-тай байгуулсан 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 05/015 тоот бусдын газар дээр орон сууцны барилга барих эрх олгох гэрээний /хх2-181-187/ үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлсэн байх ба Монголын хот байгуулалтын хүрээлэн ХХК болон хариуцагчийн 2011-2019 онуудад авсан барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, техникийн нөхцөлүүд болон сунгалтууд, барилгын зураг, зураг төслийн магадлалын ерөнхий дүгнэлт, техникийн дүгнэлт, барилгын ажлын төсөв зэрэг хэрэгт авагдсан баримт бичгүүдийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж маргахгүй байна /хх2-122-125, 127-150, 179-180, 188-202/.

 

Хариуцагч нь дээрх санхүүжилтээр хийгдсэн ажлын гүйцэтгэл болон цаашид шаардлагатай санхүүжилтийн талаарх албан хүсэлт, холбогдох баримтуудыг нэхэмжлэгчид дор дурдсан байдлаар удаа дараа хүргүүлсэн гэж тайлбарласныг мөн нэхэмжлэгч хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй болно. Тодруулбал,

- 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 1/12 тоот албан бичгээр үлдэгдэл санхүүжилт хүсч, 2016 оны барилгын ажлын санхүүжилтийн болон ажил гүйцэтгэх хуваарийг хүргүүлсэн /хх1-168/,

- 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/45 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримтаар 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 1.160.539.332 төгрөгийн барилгын угсралтын ажлыг гүйцэтгэснийг хянуулахаар хүргүүлж, дараагийн 2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохыг хүссэн /хх1-169, 170-246/,

- 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1/81 тоот албан бичиг болон түүнд хавсаргасан барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримтаар 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд 666.265.939 төгрөгийн ажил гүйцэтгэсэн, өмнө хүргүүлсэн 1.160.539.332 төгрөгийн барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн хамт хянаж, гэрээний үлдэгдэл болох 4 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохыг хүссэн /хх1-247-250, хх2-1-61/,

- 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 1/10, 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/12 тоот тоот албан бичгүүдээр үлдэгдэл санхүүжилт олгохыг хүсч, гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгахыг хүссэн /хх2-62-66/,

- 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 1/27 тоот албан бичгээр гэрээт ажилтай холбоотой 13 төрлийн баримт бичиг /компанийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх тусгай зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, барилгын хийцийн чанарын техникийн дүгнэлт, зургийн магадлангийн дүгнэлт, НОБГ-аас барилгын зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт, техникийн нөхцөлүүд, барилгын талбайн зохион байгуулалтын зургийг баталгаажуулсан дүгнэлт /НМХГ/, барилгын тэг тэнхлэг байгуулсан акт, барилга барих газрын зөвшөөрөл, барилгын төсөв/-ийг дахин хүргүүлсэн /хх2-151/,

- 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/91 тоот албан бичгээр барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг 9 барилга тус бүрээр гарган хүргүүлсэн байна /хавсралт 9 хавтас баримт/.

 

Дээрх хүсэлт болон хавсралт баримт бичгүүдийг нэхэмжлэгчийн зүгээс зохих журмын дагуу хянан шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

Түүнчлэн хариуцагч нь барилгын санхүүжилтийн асуудлаар Барилга, хот байгуулалтын сайдад 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн албан бичгээр /хх2-67/, Монгол улсын Ерөнхий сайдад 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11/2018 тоот албан бичгээр /хх2-100-101/ тус тус хандсан боловч тодорхой хариу өгөөгүй гэж тайлбарлаж байна.

 

Шүүх дээр дурдсан баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс 1.200.000.000 төгрөгийн санхүүжилт олгогдсоны дараа хариуцагч 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 1.826.605.271 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг шүүхэд баримтаар няцааж үгүйсгээгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээний дагуу шилжүүлсэн санхүүжилтийг алданги, хохирлын хамт төлөхийг хариуцагчаас шаардаж байгаагаас үзэхэд хамтран ажиллах гэрээг цуцалж, холбогдох үр дагаврыг шаардсан агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.2.1 дэх хэсэгт гэрээг цуцалсан тохиолдолд хамтран ажиллах гэрээ дуусгавар болохоор заасан хэдий ч гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах үндэслэл, журмыг зохицуулсан Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заажээ.

 

Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах эрх эдлэх хэдий ч гэрээнээс татгалзах тухайгаа хариуцагчид урьдчилан мэдэгдсэн, мөн хариуцагчийн үүргийн зөрчилтэй холбогдуулан түүнд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй нөхцөлд түүний татгалзах эрх хэрэгжих учиртай.

 

Гэвч нэхэмжлэгч хуулиар тогтоосон дээрх журмын дагуу гэрээнээс татгалзсан байдал шүүхэд баримтаар тогтоогдоогүйгээс гадна дээр дурдсанчлан хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно.

 

Мөн Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.1 дэх хэсэгт ... гэрээний талууд хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахааргүй бол хэдийд ч хамтран ажиллах гэрээнээс гарч болно, 479.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно гэж тус тус зохицуулсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээнээс гарах талаар хариуцагчид мэдэгдэж байгаагүй, түүнчлэн нэхэмжлэгч хамтран ажиллах гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаанд хохирол учруулахгүй гэж үзэх баримтыг шүүхэд гаргаагүй. Харин ч хариуцагчтай орон сууцны захиалгын гэрээ байгуулсан зарим харилцагч хариуцагчтай байгуулсан гэрээгээ цуцалж төлбөр, хохирол гаргуулахыг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргаснаар харьяалах шүүхийн шийдвэр гарсан байна /хх-2-242-247, хх3-1-21/.

 

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт санхүүжүүлсэн дүн, түүний хүүг энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор заасныг үндэслэн нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги төлөхийг шаардаж байх боловч талууд эргэн төлөх хуваарийг баталгаажуулаагүйгээс санхүүжилтийг буцаан төлөх хугацаа тодорхой бус байна. Гэрээний 2.1.1.3 дахь хэсэгт санхүүжигч нь 9 барилга, 108 айлын хямд өртөгтэй орон сууцны хорооллыг 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөрт багтаан ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөхөөр заасан нь барилгын ажлыг санхүүжүүлэх нэхэмжлэгчийн үүргийн биелэлтээс шууд хамаарах учир Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж зааснаар хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй боловч хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл дээр дурдсанчлан тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхгүй буюу Хөгжлийн банкинд 260.400.000 төгрөгийн хүү төлж хохирсон гэх шаардлага үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч Ш м к ХХК-д холбогдуулан гаргасан 1.918.333.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т о с к ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш м к ХХК-аас 1.918.333.333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т о с к ТӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т о с к ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9.749.616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА