Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2073

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т--ын

                              нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 10 сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02659 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т--ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш ХХК--д холбогдох,

 

Гэрээний үүрэгт нийт 1 918 333 333 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.О

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.У

Хариуцагчийн төлөөлөгч: Д.Э

Хариуцагчийн өмгөөлөгч: С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сумъяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т- нь Монгол Улсын Засгийн газраас хүн амыг орон сууцжуулах бодлого, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилгоор Ш ХХК--тай 2015 оны 9 сарын 02-ны өдөр 2015/4-15 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэхүү гэрээнд хариуцагч Ш ХХК--ийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд баригдаж буй 3 давхар 9 ширхэг нийт 108 айлын орон сууцны барилга болох Ирээдүй цогцолбор хороолол орон сууцны барилгын санхүүжилтийн эх үүсвэр дутагдалтай байгаа дуусаагүй барилгын санхүүжилтийн ажилд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллахаар тохирсон. Т- нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт хөрөнгө оруулагч нь санхүүжүүлэгч байгууллагад оруулах хөрөнгө оруулалтыг барилгын ажлын явцтай уялдуулан гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэж заасны дагуу дээрх 108 айлын дуусаагүй орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцээн барьж, ашиглалтанд оруулах эхний ээлжийн 1 200 000 000 төгрөгийн санхүүжилтийг хийсэн. Гэтэл тус гэрээний 4.7-т санхүүжүүлэгч компани нь барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг гаргаж баталгаажуулан, хөрөнгө оруулагчид хүргэх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагчаас удаа дараа барилга угсралтын ажлын шаардлага хангах гүйцэтгэлийг ирүүлэхийг шаардсан боловч хариуцагч нь холбогдох гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, гэрээний дагуу барилга угсралтын ажил хийгдээгүй байгаа болно. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 3.7 дахь хэсгүүдэд заасны дагуу санхүүжүүлэгч байгууллагын барилгын үйл ажиллагаатай танилцаж, чанар стандартын зөрчил гологдлоо арилгах хугацаатай үүрэг чиглэл удаа дараа өгч байсан болно. Үүнд хариуцагч нь барилга угсралтын ажлын зураг төсөл нь магадлалд орж баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, гадна цахилгаан текникийн нөхцөл, холбоо дохиоллын текникийн нөхцөл, цэвэр бохир усны текникийн нөхцөлүүдийн хугацаа дуусч сунгагдаагүй, урьд нь хийсэн карказын ажлын чанар хангалтгүй байсан тул гүйцэтгэлийг хүлээн авч хянах боломжгүй болсон байна. Хариуцагч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт санхүүжигч нь хөрөнгө оруулагчаас шилжүүлсэн эх үүсвэрийг зөвхөн энэ гэрээнд заасан орон сууцны барилгын ажлыг гүйцээн барьж, ашиглалтанд оруулахад зарцуулах үүрэгтэй, 2 дугаар зүйлийн 2.1.1.3 дахь заалтад санхүүжигч нь 9 барилга, 108 айлын хямд өртөгтэй орон сууцны хорооллыг 2016 оны 8 сарын 16-ны өдөрт багтаан бүрэн ашиглалтанд оруулан хүлээлгэн өгнө гэх заалтуудыг зөрчсөн байна. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд нь тохирсон хүү төлөх үүрэгтэй, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй гэж заасан бөгөөд гэрээний 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт заасан хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтанд ороогүй, оруулсан хөрөнгө оруулалт, түүний хүүг өгөх боломжгүй нөхцөл байдал үүсвэл учирсан хохирол түүнээс үүдсэн зардлаа бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан байх тул тус байгууллагад учирсан хохирлыг болон хүүгийн төлбөр алданги зэргийг нэхэмжлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Т- нь Хөгжлийн банкны 7 хувийн зээлийн эх үүсвэрээр тухайн барилгын санхүүжилтийг олгосон бөгөөд зээлийн хүүгийн зардлыг төлж 260 400 000 төгрөгийн хохирол байгууллагад учирсан байна. Түүнчлэн тус гэрээний 3.2 дахь хэсэгт хөрөнгө оруулагч нь санхүүжигч компанид олгосон хөрөнгө оруулалтын эх үүсвэрт жилийн 10 хувийн хүү тооцно, 3.4 дэх хэсэгт санхүүжүүлсэн дүн, түүний хүү эргүүлэн төлөх хуваарийн дагуу хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно гэж заасны дагуу хариуцагч нь санхүүжүүлсэн мөнгөн хөрөнгө, түүний хүүг төлөх, алданги тооцож нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн. Иймд Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, гэрээний 3.6 дахь хэсэгт хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтанд ороогүй, оруулсан хөрөнгө оруулалт нь түүний хүүд дүйцэхүйц орон сууц өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн бол учирсан хохирол, түүнээс үүдсэн зардлаа бүрэн шаардах эрхтэй гэж заасны дагуу 2015 оны  9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны  9 сарын 18-ны өдрийн байдлаар хөрөнгө оруулалт 1 200 000 000 төгрөг, хүү 118 333 333 төгрөг, алданги 600 000 000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 260 400 000 төгрөг, нийт 2 018 333 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийнхээ нийт дүнгийн тооцооллыг зөрүүтэй бичсэн байх тул улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүндээ тохируулан нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд хөрөнгө оруулалт 1 200 000 000 төгрөг, алданги 457 933 333 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 260 400 000 төгрөг, нийт 1 918 333 333 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлд гэрээний 4.7 дахь хэсэгт заасан санхүүжүүлэгч компани нь барилгын угсралтын ажлын гүйцэтгэлийг гаргаж баталгаажуулан хөрөнгө оруулагчид хүргүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу удаа дараа гүйцэтгэлийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ирүүлээгүй, барилга угсралтын ажил хийгдээгүй гэжээ. Талуудын хооронд 2015 оны 9 сарын 02-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд Ш ХХК- нь 2016 оны 5 сарын 12-ны өдөр 1/45 дугаар албан бичгээр 1 160 539 332 төгрөгийн ажлын гүйцэтгэлийг хянуулахаар өгсөн боловч санхүүжилт баталж өгөөгүй, 2016 оны 7 сарын 04-ний өдөр 1 826 605 271 төгрөгийн ажлын гүйцэтгэл гаргаж өгсөн боловч хариу өгөөгүй бөгөөд нийт 3 145 811 539 төгрөгийн ажлын гүйцэтгэл гаргаж өгсөн боловч санхүүжилт гаргаж өгөөгүйн улмаас 2016 оны 7 сарын 01-ний өдрөөс барилгын ажил зогссон. Гүйцэтгэл гаргаж өгөөгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Улмаар манай компани 2017 оны 01 сарын 23, 2017 оны 3 сарын 31-ний өдрүүдэд тус тус санхүүжилт хүссэн албан бичиг өгсөн боловч хариу өгөөгүй шийдвэрлээгүй болно. Үүний дараа инженер Ж.Оюунбилэгтэй уулзахад танай гүйцэтгэл нэг төсвөөр хийгдсэн байна, барилга болгон дээр тэмдэглэгээ хийн дахин гаргаж өг гэсний дагуу 2017 оны 8 сарын 18-ны өдөр дахин гүйцэтгэл гаргаж өгөхөд Ж.Оюунбилэг нь танай гүйцэтгэлийг битгий ав гэсэн гээд аваагүй болно. Ийм учраас гүйцэтгэл гаргаж өгөөгүй гэж манай компанийг гэрээний үүрэг зөрчсөн мэтээр буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчийг барилга угсралтын ажлын зураг төсөл магадлалд орж баталгаажаагүй, ажил эрхлэх зөвшөөрөлгүй, техникийн нөхцөл сунгагдаагүй, карказын ажлын чанар хангалтгүй байсан тул гүйцэтгэлийг хүлээн авч хянах боломжгүй байсан гэж буруутгажээ. Энэ барилгын ажлыг 2015 оны 8 сарын 10-ны өдөр “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК-тай байгуулсан бусдын газар дээр орон сууцны барилга барих эрх олгох гэрээний дагуу эхлүүлсэн бөгөөд тус гэрээнд энэ бүх асуудлыг “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК хариуцан хэрэгжүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч тал энэ баримт бичгийг шаардахад нь 2017 оны 5 сарын 04-ний өдрийн 1/27 тоот албан бичгээр бүх зөвшөөрөл дүгнэлт, текникийн нөхцөлийг гаргаж хүргүүлсэн болно. Карказын ажлын чанар хангалтгүй байсан гэж буруутгаж байгаа боловч энэ талаар ямар нэгэн акт, баримт бичиг, шийдвэр байхгүй бөгөөд нэхэмжлэлдээ хавсаргасан зураг нь хэзээ хаана авсан нь тодорхойгүй, актаар баталгаажаагүй, манай талд өмнө нь танилцуулаагүй тул үндэслэлгүй байна. Мөн санхүүжигч нь хөрөнгө оруулагчаас шилжүүлсэн эх үүсвэрийг зөвхөн энэ гэрээнд заасан орон сууцны барилгын ажлыг гүйцээн барьж ашиглалтанд оруулахад зарцуулах үүрэгтэй гэснийг зөрчсөн гэжээ. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудад энэ байдлыг нотолсон буюу хөрөнгө оруулалтыг өөр барилгад оруулсан талаар нотлох баримт байхгүй тул энэ нь мөн үндэслэлгүй байна. Мөн орон сууцны хорооллыг 2016 оны 8 сарын 31-ний өдөр багтаан бүрэн ашиглалтанд оруулан хүлээлгэн өгнө гэснийг зөрчсөн гэжээ. Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хөрөнгө оруулагч тал болох Т- нь 5 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийх үүрэг хүлээсэн боловч гэрээний хугацаанд 1 200 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдэгдэл 4 000 000 000 төгрөгийн санхүүжилт хийх үүргээ биелүүлээгүй тул Ш ХХК- нь дээрх хугацаанд барилгыг хүлээлгэн өгөх боломжгүй учраас энэ үндэслэлээр буруутгаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.2.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш ХХК--иас 1 918 333 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т--ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Төрийн орон сууцны констракшн” ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 749 616 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 6 дугаар догол мөрөнд “Гэвч нэхэмжлэгчийг Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрий бодлогыг хэрэгжүүлэх эрх бүхий этгээдийн хувьд хариуцагчийн барьсан дуусаагүй барилгыг үргэлжлүүлэн санхүүжүүлэхийг зөвшөөрч гэрээ байгуулах үедээ тухайн барилгын зураг төсөв, техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрлийг хянах, шалгах, шаардан авах, шаардлага хангуулах үүрэгтэй этгээд гэж үзэх тул нэгэнт гэрээ байгуулагдсан, мөн эхний санхүүжилт хийгдэн холбогдох үе шатны ажил хийгдсэний дараа энэ үндэслэлээр ажлын гүйцэтгэлийг хянахаас татгалзсаныг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм. Мөн нэхэмжлэгч энэ асуудлаар хариуцагчид шаардлага тавьж байсан болох нь шүүхэд баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ. Гэтэл анх гэрээ байгуулагдах үед Ш ХХК- нь барилгын зураг, төсвийг магадлалд өгчихсөн богино хугацаанд гарна гэж манай талд ойлгуулж ирсэн бөгөөд гэнэт шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүхэд мэдүүлэхдээ гуравдагч этгээд буюу “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК энэ зураг, төсвийг магадлалаар оруулахыг хариуцаж байсан гэсэн байна. /шүүхийн шийдвэрийн 3 дахь хуудас голын мөр Энэ талаар манай байгууллагаас Ш ХХК--тай байгуулсан 2015/4-15 тоот гэрээнд гуравдагч этгээдтэй хамтрах тухай заалт огт тусгагдаагүй ба хэрвээ тухайн гэрээний дагуу хийгдэх ажлын хүрээнд аливаа гуравдагч этгээд буюу “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК оролцохоор байсан бол заавал “Гурван талт гэрээ” хийгдэх ёстой байсан. Мөн хавтаст хэрэгт барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл нь 2011 оны 6 сарын 24-ний өдрөөс 2013 оны 12 сарын 24-ний өдөр хүртэл “Ви эйч энд би” ХХК гэсэн гүйцэтгэгч байгууллага дээр гарсан байдаг бөгөөд 2017 оны 01 сарын 02-ны өдрөөс “Шинэ мянганы констракшн’ ХХК дээр гарсан байдаг. 2014 оноос 2016 онд барилга угсралтын ажлыг эхлэх үргэлжлүүлэх зөвшөөрөл хэрэгт авагдаагүй. Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлүүдийг барилгыг ашиглалтад оруулах ёстой байсан өдрөөс хойш буюу 2017 оны 5 сарын 04-ний өдөр тус газарт 1/27 тоот албан бичгээр ирүүлсэн. Зураг нь 2016 оны 9 сарын 16-ны өдөр магадлалаар орсон байдаг бөгөөд 2017 онд төсөв нь магадлалаар орж баталгаажсан байдаг. Эндээс үзэхэд 2015 оны 9 сарын 02-ны өдрийн 2015/4-15 тоот гэрээний 2.1.1.3 дахь заалт “Санхүүжигч компани нь 9 барилга, 108 айлын хямд өртөгтэй орон сууцны хорооллыг 2016 оны 8 сарын 31-ний өдөрт багтаан бүрэн ашиглалтад оруулж хүлээлгэн өгнө гэсэн заалтыг зөрчсөн бөгөөд магадлалаар орсон зураг төсөвгүйгээр тухайн барилгыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх ямар ч боломжгүй байсан нь харагдаж байгаа юм. Гэтэл шүүх хариуцагч талын энэхүү гэрээнд заасан үндсэн үүргээ зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг нягтлан шалгахгүйгээр зөвхөн нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэн түүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон. Түүнчлэн манай байгууллагын барилгын хяналтын инженер Ж.Оюунбилэг нь 2016 оны 5 сарын 09-ний өдөр барилгын талбай дээр биечлэн очиж, танилцан гарсан зөрчлийг арилгуулах талаар шаардлага өгсөн байдаг бөгөөд дахин 2016 оны 5 сарын 24-ний өдөр очиход зөрчлүүдээ арилгаагүй байсан. Гэрээ 2015 оны 9 сард байгуулагдсан бөгөөд 2016 оны 5 сард ажлын явц байдалтай очиж танилцахад гэрээ байгуулагдах үеийн нөхцөл байдлаасаа цааш үргэлжлээгүй, барилга угсралтын явц нь хэвээрээ байсан. Иймд манай байгууллагаас санхүүжүүлсэн 1 200 000 000 төгрөгөөр яг ямар ажил хийснээ тайлагнаж чадахгүй байсан. Мөн манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, барилгын санхүүжилтийн журмын 8 дугаар зүйлийн 8.7.4-т “Хэрэв чанар, өнгө үзэмжийн шаардлага хангаагүй, Т--д урьдчилан үзүүлж зөвшөөрөл аваагүй материалаар гүйцэтгэлийн ажлыг хийсэн байвал гүйцэтгэлийг олгохгүй байх үндэслэл болно” гэсэн байдаг тул дараагийн санхүүжилт хийгдэх боломжгүй болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хуудасны эхний догол мөрөнд “Шүүх дээр дурдсан баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулан үзэхэд нэхэмжлэгчээс 1 200 000 000 төгрөгийн санхүүжилт олгогдсоны дараа хариуцагч 2015 оны 9 сарын 11-ний дөрөөс 2016 оны 7 сарын 01-ний өдрийн хугацаанд нийт 1 826 605 271 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн ба нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан нотлох баримтуудыг шүүхэд баримтаар няцааж үгүйсгээгүй болно” гэжээ. Ш ХХК--иас гүйцэтгэл ирүүлэхэд манай байгууллагын хяналтын инженерийн зүгээс шаардлага хангасан эсэхэд тайлбар, мэдэгдэл гаргаж хариуцагчид танилцуулсан байдаг. Гэтэл гүйцэтгэлийг хянаж үзээгүй байхад шүүхээс 1 826 605 271 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдсон гэж манай байгууллагаас гүйцэтгэлийг хянан үзсэн мэтээр дүгнэжээ. Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагч нь санхүүжигч байгууллагад оруулах хөрөнгө оруулалтыг барилгын ажлын явцтай уялдуулан, санхүүжилтийн хуваарийн дагуу гүйцэтгэлээр санхүүжүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд барилгын хяналтын инженер нь тухайн гүйцэтгэлийг батлагдсан буюу магадлалаар орсон зураг төсвийн дагуу хянан үздэг. Магадлалаар орсон зураг, төсөв ирээгүй тул гүйцэтгэлийг хүлээн авч хянан үзэх боломжгүй байсан. Өөрөөр хэлбэл Ш ХХК--ийн ирүүлсэн гүйцэтгэлийг манай байгууллагын барилгын хяналтын инженер Ж.Оюунбилэг нь хянан баталгаажуулсан бол Барилгын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 13.2, 13.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй тохиолдолд барилгын ажил эхлэхийг хориглоно", мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно’’ гэж тус тус заасныг зөрчсөн хууль бус үйлдлийг баталгаажуулсан буюу хууль зөрчсөн үйлдэл болох байсан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаар хуудасны 6 дугаар догол мөрөнд “... 479.3 дахь хэсэгт гэрээнд өөрөөр заагаагүй бол аль нэг тал гэрээнээс гарснаар хамтын үйл ажиллагаа дуусгавар болно гэж тус тус зохицуулсан хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс хамтран ажиллах гэрээнээс гарах талаар хариуцагчид мэдэгдэж байгаагүй ...” мөн 7 дугаар догол мөрөнд “...талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй байх ба ...” гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэлгүй байна. Учир нь манай байгууллагын зүгээс 2016 оноос хойш Ш ХХК--ийн захирал Д.Энхбаяртай уулзалт хэд хэдэн удаа хийж байсан бөгөөд цаашид санхүүжүүлэх боломжгүй талаар аман хэлбэрээр хэлж, санхүүжилтийг төлж барагдуулаагүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг мэдэгдэж байсан. 2016 оноос хойш 3 жилийн хугацаанд манай байгууллага харж хүлээж байсан. Энэ хугацаанд төлбөрөө барагдуулаагүйгээр үл барам холбогдох утсаа салган алга болж, гэрээ байгуулах үед байрпаж байсан хаягтаа байхгүй хаана байгаа эсэх нь тодорхойгүй байсан тул шүүхэд хандсан. Д.Энхбаяр нь утсаа салган алга болсон бөгөөд эрэн сурвалжуулахад цагдаагийн байгууллага олж чадахгуй байсан туп эрэн сурвалжлуулан олсон талаарх материал хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл 2 дүүргийн шүүх, цагдаагийн байгууллага дамжин эрэн сурвалжлуулж байж Ш ХХК--ийн захирал Д.Энхбаярыг олж тогтоосон. Энэ нь хариуцагч байгууллага хариуцлагаас зугтсан санаатай үйлдэл гаргасан гэсэн сэтгэгдэл төрүүлж байгаа болно. Түүнчлэн хариуцагчийн зүгээс 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 1/10 тоот “гэрээний хугацааг сунгаж өгнө үү” тухай албан бичгээр манай байгууллагад ирүүлсэн хүсэлтээр тухайн гэрээний хугацаа дуусгавар болсныг хариуцагч талаас нотолсон байдаг. “Т-” ТӨААТҮГ нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Талууд энэхүү гэрээний хүрээнд маргаантай асуудал гарвал эвлэрлийн журмаар шийдвэрлэх бөгөөд тохиролцоонд эс хүрвэл хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэсэн заалтын дагуу шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсаныг харгалзан үзэлгүйгээр шүүхээс гэрээ дуусгавар болоогүй гэж дүгнэсэн. Дээрх байдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэснийг мөн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэснийг шүүхээс зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02659 дугаартай шүүхийн шийдвэрийг хянан үзэж бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т- нь хариуцагч Ш ХХК--д холбогдуулан гэрээний үүрэгт нийт 1 918 333 333 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... хариуцагчийг барилгын ажлын гүйцэтгэлийг гаргаж өгөөгүй, барилга угсралтын ажлын зураг төсөв нь магадлалд орж баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, техникийн нөхцөлүүдийн хугацаа дууссан гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, санхүүжилтээр өгсөн 1 200 000 000 төгрөгийг, алданги 457 933 333 төгрөг, хохирол 260 400 000 төгрөгийн хамт нийт 1 918 333 333 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ. /хх-ийн 139-р тал/

 

Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасан хамтран ажиллах гэрээ гэж буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэл муутай болсон байна гэж үзлээ.

 

Учир нь нэхэмжлэгч “Төрийн орон сууцны корпораци” ТӨААҮГ нь Монгол Улсын хүн амыг хямд үнэтэй, чанартай орон сууцаар хангах төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор хариуцагч Ш ХХК--ийн барьж байгаа орон сууцны хорооллыг 5 200 000 000 төгрөгөөр санхүүжүүлэх, хариуцагч Ш ХХК- нь гэрээний 4.1 дэх хэсэгт зааснаар санхүүжилтийг жилийн 10 хувийн хүү тооцон эргэн төлөхөөр тохиролцсон тохиролцоо нь талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 1 200 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. /хх-ийн 136-р тал/

 

Талууд 2015 оны 9 сарын 02-ны өдөр хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Т- нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байрлах Ирээдүй цогцолбор хорооллын 108 айлын нийт 9 ширхэг орон сууцны дуусаагүй барилгыг 5 200 000 000 төгрөгөөр санхүүжүүлэх, хариуцагч Ш ХХК- нь орон сууцны хорооллыг 2016 оны 8 сарын 31-ний өдөрт багтаан ашиглалтад оруулж, санхүүжилтийг жилийн 10 хувийн хүү тооцон эргэн төлөхөөр тохиролцсон ба гэрээний дагуу нэхэмжлэгч нь 1 200 000 000 төгрөгийг хариуцагчид олгосон нь зохигчдын тайлбар, талуудын байгуулсан гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 13-17-р тал/

 

Хариуцагч татгалзалдаа гэрээний үүргийг зөрчөөгүй, ажлын гүйцэтгэл, тусгай зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, барилгын төсөв зэргийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэх боловч хариуцагчийн дээрх татгалзал үндэслэл муутай байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан барилга угсралтын ажлын гүйцэтгэл, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, цалингийн нэгтгэл зэрэг баримтуудыг хариуцагч Ш ХХК- нь гэрээний 4.7-д зааснаар нэхэмжлэгч Т--д хүргүүлэн баталгаажуулаагүй байна.

 

Хариуцагч нь тайлбартаа барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг хянуулахаар нэхэмжлэгчид өгсөн боловч хүлээж аваагүй, хариу өгөөгүй гэх боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй болно.

 

Түүнчлэн хариуцагч нь гэрээ байгуулагдах 2015 онд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэй байсан гэдгээ нотлоогүй бөгөөд харин 2017 оны 1 сарын 02-ны өдөр дээрх зөвшөөрлийг, 7 сарын хугацаатайгаар Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас авсан байна. /2-р хх-ийн 124-р тал/

 

Иймд гэрээний дагуу шилжүүлсэн 1 200 000 000 төгрөгийг, гэрээний 3.4 дэх хэсэгт зааснаар алданги 457 933 333 төгрөгийн хамт нийт 1 657 933 333 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэхь хэсэгт заасантай нийцэх бөгөөд энэ хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Харин нэхэмжлэгч нь бусдаас авсан зээлийн хүүд төлсөн төлбөр гэх 260 400 000 төгрөгийг гэрээнээс учирсан хохирол гэж шаардсан боловч энэхүү шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлогдоогүй байх тул хохирол шаардсан 260 400 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.  

 

            Шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 9 749 616 төгрөгийг давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулжээ. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлөх 9 749 616 төгрөгийг нөхөн гаргуулж шийдвэрлэв.  

 

                        Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/02659 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш ХХК--иас 1 657 933 333 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т--т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 260 400 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 749 616 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ш ХХК--иас 8 447 616 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т--т олгосугай” гэж тус тус өөрчилж,

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т--аас давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжид 9 749 616 төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200700941 тоот дансанд төлүүлсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                               ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

Г.ДАВААДОРЖ