Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Батжаргалын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00077 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-12 тоотод оршин суух, ПЭ69081710 регистрийн дугаартай, Хөхнүүд овогт Лувсанзундуйн Батжаргалын  нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-21 тоотод оршин суух Жантекей овогт Ховдбайн Эрхэмбект холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Батжаргал, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Х.Эрхэмбек, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2,750,000 төгрөг гаргуулах тухай.

 

                Нэхэмжлэлий агуулга: “Миний бие 2018 оны хавар тус шүүхэд өөрийн зоорьны хохирол барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан боловч уг маргааныг урьдчилан шийдвэрлэхээр холбогдох байгууллага, Засаг даргад хандаагүй, шүүхээс өмнөх захиргааны шийдвэр гараагүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болсон.

Манай хөрш Х.Эрхэмбек 2012 онд манай хөршийн хашааг худалдаж авсан байсан. Намайг гэртээ байхгүй байх хугацаанд манай хашаа нурсан байсан. 

Тэгээд Х.Эрхэмбек манай зоорьны хажууд муу усны нүх ухсан байхаар нь би манай зоорьноос хол ухаж болохгүй юм уу гэж хэлсэн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн жорлон ухсан байсан. Х.Эрхэмбек нь манай зоорины хажууд муу усны нүх ухаад, мөн жорлон ухчихлаар бохир ус нь хөрсөндөө шингэхгүй бялхаад манай зоорь луу нэвчсэн. Тэгээд Х.Эрхэмбект бичгээр мэдэгдсэн боловч хүлээж аваагүй учраас би шүүхэд хандсан.

Монгол улсын зөвлөх инженер Т.Нямын дүгнэлтэд ус нэвчээгүй гадны нөлөөгүйгээр зоорь нурсан гэх дүгнэлтийг гаргасан байсан. Би өөрийн биеэр туршилт хийж туршилтаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хөрсөн доор их хэмжээний ус хуримтлуулж тухайн ус нь өвөл хөлдөхөөрөө дээд өнгөн хэсэг нь хөлдөөд гүндээ хөлдөхгүй нэвчиж шингэдэг. Мөн манай зоорьны зүүн хэсэг буюу Х.Эрхэмбекийн ашиглаж байгаа жорлонгийн ойролцоо хэсгийн газарт гишгэж үзэхэд хөлний мөр шигдэж байсан. Одоо ч тухайн хөлний мөр арилаагүй байгаа байх. Манай зооринд 1,170,000 төгрөгийн хохирол учирсан ба 2018 онд би М.Гансүхэд 780,000 төгрөг, Д.Ихбаярт 400,000 төгрөгөөр төмсөө тус тус хадгалуулсны зардал нийт 2,750,000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлыг Х.Эрхэмбекээс нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2012 онд энэ хашаагаа худалдаж авсан. Намайг хашааг худалдаж авахад муу усны 2 нүх, зоорь байсан. Өөр ямар нэгэн зүйл байгаагүй. Нэхэмжлэгчийг зоорьндоо ногоо хадгалж байсныг мэдэхгүй байна. Тэгээд нэхэмжлэгчийн зүгээс зооринд манай нойл, муу усны нүхээс ус нэвчсэн байна гэж надад хэлсэн. Манай жорлон зун ухахад 2 метрээс эхлэн ус гарч байсан. Манай багийн бүх айлуудын зоорь ус нэвчсэн байдалтай байгаа би холбогдох хүмүүсийг дагуулж очоод харуулах боломжтой. Манай нойл Л.Батжаргалын зоориноос 5-6 метрийн хол байдаг. Л.Батжаргалын зоорины дээврийн даац хэтэрсэн. Зоорины дээвэр дээр 1 метр гаруй шороо асгагдсан. Зоорины нуруу мод гэх зүйл байхгүй байдаг гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00077 дугаар шийдвэрээр:“ 1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Батжаргалын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Эрхэмбект холбогдох гэм хорын хохирол 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Батжаргалын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй. 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж тухайн  хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Миний бие хөрш Х.Эрхэмбекийг гүтгэж үндэслэлгүйгээр мөнгө нэхээгүй Х.Эрхэмбекийн буруутай үйлдлийн улмаас хохирсон хохирлоо л нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

                Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч Л.Батжаргал нь хариуцагч Х.Эрхэмбект холбогдуулан гэм хорын хохирол 2.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Х.Эрхэмбек нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “Л.Батжаргалын зоорины дээврийн даац хэтэрсэн учир дээвэр нурсан бөгөөд манай хашаанд байсан шороогоор дарсан хуучин муу усны цооног болон нойлоос болж Л.Батжаргалын зооринд нэвчилт өгч нуралт үүссэн гэдэг нь нотлогдохгүй байгаа” гэж тайлбарлажээ.

Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл.

Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн “зөрчил арилгуулах тухай” албан шаардлагаас харахад хариуцагч Х.Эрхэмбек нь өөрийн эзэмшлийн хашаанд байгаа бохирын цооног, болон ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлагын дагуу байгуулаагүй байх боловч хөрш айлын буюу нэхэмжлэгч Л.Батжаргалын зооринд нуралт үүсэхэд хариуцагчийн дээрх байдал нөлөөлсөн эсэх нь тогтоогдоогүй байна.

Тухайлбал Х.Оюунбат инженерийн дүгнэлтийн 2 дахь талын 2 дахь заалтад “Хөрш айлын муу ус, бохир цооногоо хэт ойр барьж ашигласны улмаас болж нэвчилт явагдаж, усны ерөнхий түвшин дээшилж хөрсний гулгаа, өрлөгийн цүлхийлт нуралт үүссэн” гэж тусгасан боловч мөн 2 дахь талын 1 дэх заалтад “хөрсний ус ойрхон газар баригдсан”, дүгнэлтийн 1 дэх талын 1 дэх заалтад “Уг зоорь нь хөрсний ус 2-2.2 м-с гарах боломжтой газар баригдсан” талаар дурджээ.

Монгол Улсын зөвлөх инженер Т.Нямын “дээврийн ачааллыг хэтрүүлж шороогоор зузаан хучилт хийснээс болж нурсан” гэх дүгнэлт, Х.Оюунбат инженерийн дүгнэлтийн “дээврийн хучлага А4 буюу 32 см зузаатган шороогоор хийсэн байна” гэх 5 дахь заалт, уг дүгнэлтэнд хавсаргасан 5 дугаартай фото зураг зэргийг харьцуулан дүгнэхэд “уг зоорины дээврийн ачааллыг хэтрүүлж, зузаан шороогоор хучилт хийснээс болж зоорь дээвэр хэсгээрээ нурсан” гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын нэгдсэн лабораторийн “итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнгээр нэхэмжлэгч Л.Батжаргалын өөрийн биеэр авчирсан 0,5 литр савтай усанд химийн шинжилгээ хийхэд “нян илрээгүй” байна.

Өөрөөр хэлбэл “хөрш айлын бохирын ус нэхэмжлэгч Л.Батжаргалын зооринд нэвчсэн, үүний улмаас зоорины дээвэр хэсэг нурсан” гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх зүйтэй.              

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 153/ШШ2018/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58.950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

             ШҮҮГЧИД                                          Б.ДАМБА

                                  

М.НЯМБАЯР