Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр              Дугаар 153/ШШ2019/00077             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч П.Болор, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-12 тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт Лувсанзундуйн ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-21 тоотод оршин суух Жантекей овогт Ховдбайн Эрхэмбект холбогдох гэм хорын хохирол 2,750,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, иргэдийн төлөөлөгч О.Уугантуул, нэхэмжлэгч Л., хариуцагч Х.Эрхэмбек, хариуцагчийн өмгөөлөгч Н.Очирбат нар оролцов. 

                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны хавар тус шүүхэд өөрийн зоорьны хохирол барагдуулах талаар нэхэмжлэл гаргасан боловч уг маргааныг урьдчилан шийдвэрлэхээр холбогдох байгууллага, Засаг даргад хандаагүй, шүүхээс өмнөх захиргааны шийдвэр гараагүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болсон. Манай хөрш Х.Эрхэмбек 2012 онд манай хөршийн хашааг худалдаж авсан байсан. Намайг гэртээ байхгүй байх хугацаанд манай хашаа нурсан байсан. Тэгээд Х.Эрхэмбек манай зоорьны хажууд муу усны нүх ухсан байхаар нь би манай зоорьноос хол ухаж болохгүй юм уу гэж хэлсэн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Мөн жорлон ухсан байсан. Х.Эрхэмбек нь манай зоорины хажууд муу усны нүх ухаад, мөн жорлон ухчихлаар бохир ус нь хөрсөндөө шингэхгүй бялхаад манай зоорь луу нэвчсэн. Тэгээд Х.Эрхэмбект бичгээр мэдэгдсэн боловч хүлээж аваагүй учраас би шүүхэд хандсан. Монгол улсын зөвлөх инженер Т.Нямын дүгнэлтэд ус нэвчээгүй гадны нөлөөгүйгээр зоорь нурсан гэх дүгнэлтийг гаргасан байсан. Би өөрийн биеэр туршилт хийж туршилтаа нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Хөрсөн доор их хэмжээний ус хуримтлуулж тухайн ус нь өвөл хөлдөхөөрөө дээд өнгөн хэсэг нь хөлдөөд гүндээ хөлдөхгүй нэвчиж шингэдэг. Мөн манай зоорьны зүүн хэсэг буюу Х.Эрхэмбекийн ашиглаж байгаа жорлонгийн ойролцоо хэсгийн газарт гишгэж үзэхэд хөлний мөр шигдэж байсан. Одоо ч тухайн хөлний мөр арилаагүй байгаа байх. Манай зооринд 1,170,000 төгрөгийн хохирол учирсан ба 2018 онд би М.Гансүхэд 780,000 төгрөг, Д.Ихбаярт 400,000 төгрөгөөр  төмсөө тус тус хадгалуулсны зардал нийт 2,750,000 төгрөгийн хохирол учирсан тул энэ хохирлыг Х.Эрхэмбекээс нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Х.Эрхэмбек шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би 2012 онд энэ хашаагаа худалдаж авсан. Намайг хашааг худалдаж авахад муу усны 2 нүх, зоорь байсан. Өөр ямар нэгэн зүйл байгаагүй. Нэхэмжлэгчийг зоорьндоо ногоо хадгалж байсныг мэдэхгүй байна. Тэгээд нэхэмжлэгчийн зүгээс зооринд  манай нойл, муу усны нүхээс ус нэвчсэн байна гэж надад хэлсэн. Манай жорлон зун ухахад 2 метрээс эхлэн ус гарч байсан. Манай багийн бүх айлуудын зоорь ус нэвчсэн байдалтай байгаа би холбогдох хүмүүсийг дагуулж очоод харуулах боломжтой. Манай нойл Л. ын зоориноос 5-6 метрийн хол байдаг. Л. ын зоорины дээврийн даац хэтэрсэн. Зоорины дээвэр дээр 1 метр гаруй шороо асгагдсан. Зоорины нуруу мод гэх зүйл байхгүй байдаг гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч О.Уугантуул дүгнэлтдээ: Тухайн зоорины ашиглалтын хугацаа болон тухайн газрын цэвдэг намаг зэрэг нь нөлөөлсөн байж болох юм. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжилж байгаа мөнгөн дүнгийнхээ тооцоог зөв, бодитой гаргах нь зөв болов уу. Өөрийн эзэмшилийн болон хөрш айлынхаа нойлын зай хэмжээ, гаргах зардлыг тодорхой мэдэхгүй байна. Хариуцагч Х.Эрхэмбек нь тус зоорийг 2012 онд ашиглаж байгаагүй гэхэд Л. нь 2016 оноос ашиглаагүй гээд байгаа нь зөрүүтэй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л. нь хариуцагч Х.Эрхэмбект холбогдуулан гэм хорын хохирол 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Л. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “миний өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-12 тоотод байрлалтай зоорь нь хөрш айл болох Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-21 тоотод оршин суух Х.Эрхэмбекийн нойлын болон муу ус нэвчсэнээс болж нуралт үүсч би зоорио ашиглах боломжгүй болж зоорины дээвэр янзлахад шаардагдах материал болон иргэн М.Гансүх, Д.Ихбаяр нарт ногоогоо хадгалуулахад гарсан зардлыг гаргуулна” гэж, хариуцагч Х.Эрхэмбек нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Л. ын зоорины дээврийн даац хэтэрсэн учир дээвэр нь нурсан, бөгөөд манай хашаанд байсан шороогоор дарсан хуучин муу усны цооног болон нойлоос болж Л. ын зооринд нэвчилт өгч, нуралт үүссэн гэдэг нь нотлогдохгүй байна” гэх үндэслэлээр талууд маргасан болно.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохиролдоо нэхэмжилж байгаа 2,750,000 төгрөгийг задлаж тайлбарлахдаа “...1,170,000 төгрөг нь зоорьны нуруу мод, тулгуур модыг солих, тус ажлыг хийж гүйцэтгэх нэг ажилтны өдрийн 20,000 төгрөгөөр тооцож  дөрвөн хүнийг 7 хоног ажилуулах хөлс, мөн зоорио ашиглах боломжгүй болсны улмаас иргэн Д.Ихбаярт 200 уут төмс, манжин хадгалуулсны хөлс 480,000 төгрөг, иргэн М.Гансүхэд 2,5 т байцаа хадгалуулсаны хөлс” гэж тайлбарлалаа.

Хавтаст хэргийн 5-16 дугаар хуудаст авагдсан зоорины гэрэл зураг, хавтаст хэргийн 5-7 дугаар хуудаст авагдсан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Ү-1617003003 эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 70мкв талбай бүхий ногоо хадгалах зооринд хийсэн инженерийн дүгнэлт”, хавтаст хэргийн 22 дугаар хуудаст авагдсан Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1/677 дугаартай албан бичиг, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү1617003003 дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар  нэхэмжлэгч Л. ын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-12 тоотод байрлах зооринд нуралт үүсэж, ус нэвчсэн болох нь нотлогдож байна.

Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудаст авагдсан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Ү-1617003003 эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 70мкв талбай бүхий ногоо хадгалах зооринд хийсэн инженерийн дүгнэлтээр “Хөрсний ус ойрхон газар баригдсан. Хөрш айлын муу ус, бохир цооногоо хэт ойр барьж ашигласны улмаас болж нэвчилт явагдаж, усны ерөнхий түвшин дээшилж хөрсний гулгаа, өрлөгийн цүлхийлт нуралт үүссэн. Зооринд хэт их чийг хуримтлагдсаны улмаас дээврийн модон эдлэл, яс мод мөөгөнцөртөн ялзарч бороо орсон үед дээврийн шороон хучлагаа даалгүй нурж унасан байна” гэж, хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 21-04-025/179 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагад “иргэн Х.Эрхэмбек нь өөрийн эзэмшилийн хашаанд байгаа бохирын цооног болон ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлагад нийцүүлэн шинэчилэн хийх, мөн хажуу айлын хашаанаас 6-7 м зайтай байрлуулж ухсан нүхээ доторлогоо хийж хөрсөнд бохир ус нэвчихгүй байх арга хэмжээ авч хариу ирүүлэх” гэж, Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 142 дугаартай албан бичгээр иргэн Л. д хүргүүлсэн Усны шинжилгээний дүнгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 95-100 дугаар хуудаст авагдсан үзлэгийн тэмдэглэл, Монгол улсын зөвлөх инженер Т.Нямын гаргасан 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Л. ын өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант Наран багийн 16-12 тоотод байрлах зоорь нь хариуцагч Х.Эрхэмбекийн хашаанд байрлах хуучин муу усны булсан 2 нүх, нойлын хөрсний бохирдлоос шалтгаалан нуралт үүсэж, ус нэвчсэн болох нь нотлогдохгүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгч Л. ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Эрхэмбект холбогдох гэм хорын хохирол 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Л. ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудаст авагдсан илтгэх хуудасны хуулбар, хавтаст хэргийн 27 дугаар хуудаст авагдсан Д.Ихбаярын тодорхойлолт, хавтаст хэргийн 28 дугаар хуудаст авагдсан М.Гансүхийн тодорхойлолт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан нотлох баримтын шаардлага хангаагүй,

-хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудаст авагдсан У.Мижидийн тодорхойлолт, түүний зоорины зураг, хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст авагдсан туршилт хийсэн гэх гэрэл зураг нь тус хэрэгт ач холбогдолгүй,

-хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудаст авагдсан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 21-04-025/179 дугаартай албан шаардлагын хуулбар нь хавтаст хэргийн 41-42 дугаар хуудаст давхардан авагдсан,

-хавтаст хэргийн 86-87 дугаар хуудаст авагдсан Ховд аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газрын 2019 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 79 дугаартай албан бичгээр иргэн Х.Эрхэмбект хүргүүлсэн Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн нь Х.Эрхэмбекийн хашаанаас авсан усанд шинжилгээ хийсэн  эсэх нь тодорхойгүй байх тул тус Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг тус тус хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л. ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Эрхэмбект холбогдох гэм хорын хохирол 2,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Лй ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 01 өдөр             Дугаар 153/ШШ2019/00072             Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт тоотод оршин суух регистрийн дугаартай, Цалинч овогт гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт оршин суудаг, тоот регистрийн дугаартай, Модчин овогт Дондовын Баянбаатарт холбогдох гэм хорын хохирол 2,995,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, иргэдийн төлөөлөгч Б.Отгонтөмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Д.Баянбаатар /онлайнаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Энхзаяа /онлайнаар/ нар оролцов.                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Баянбаатар нь зам тээврийн осол гаргаж миний хүү М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Д.Баянбаатарт Ховд аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай тогтоолоор Д.Баянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Уг гэмт хэргийн улмаас миний хүү Мөнгөнхүүгийн Мандалбаярын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд тухайн үед зарцуулагдсан хохирол болох нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгөөс 1,004,700 /нэг сая дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдсэн 1,995,300 /нэг сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа Д.Баянбаатар нь бичгээр илэрхийлж, шүүхэд өгч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн" гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгүүлсэн.

Д.Баянбаатар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирлоос 1,004,700 /нэг сая дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн боловч, 1,995,300 /нэг сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөгийн хохирлыг одоог хүртэл төлөхгүй байна. М.Мандалбаярын биед учирсан гэмтэл эдгэхгүй байгаагийн улмаас миний бие нь хүүгээ Улаанбаатар хот руу 2018 оны 3 дугаар сар, 6 дугаар саруудад авч явж мэс засал, эмчилгээнд дахин оруулсан.

Д.Баянбаатарт холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш биднээс дахин 1,000,000 /нэг сая/ төгрөгийн эмчилгээний зардал гараад байна. Иймд хариуцагч Д.Баянбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2,995,300 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Хохирогч М.Мандалбаяр нь 2007 онд төрсөн, одоо 11 настай, эрх зүйн зарим чадамжтай учир эх Э. намайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны асран хамгаалагчаар оролцуулсан тул миний бие нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно гэжээ.

Нэхэмжлэгч Э. гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Баянбаатар нь зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Уг гэмт хэргийн улмаас Мөнгөнхүүгийн Мандалбаярын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд тухайн үед зарцуулагдсан хохирол болох нийт 3,000,000 төгрөгөөс 1,004,700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдсэн 1,995,300 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа Д.Баянбаатар нь бичгээр хүсэлт гаргаж, шүүхэд өгч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Энэ үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, тэрээр торгох ялаар шийтгүүлсэн. Д.Баянбаатарт холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш бид нараас дахин 1,000,000 төгрөгийн эмчилгээний зардал гараад байна. Иймд хариуцагч Д.Баянбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2,995,300 төгрөгийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд гаргуулж, хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү. Э. нь хүү М.Мандалбаярыг аваад Улаанбаатар хот руу 3 удаа эмчилгээнд явсан. Иймд Д.Баянбаатараас эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх үед хохиролтой холбогдуулан гарсан зардлын үлдэгдэл 1,995,300 төгрөг, замын зардал 233,600 төгрөг, эмчилгээний зардал 766,400 төгрөг, нийт 2,995,300 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Баянбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт миний өмгөөлөгч болон эсрэг талын өмгөөлөгч нар хоорондоо ярилцаж байгаад баримт үйлдээд надаар гарын үсэг зуруулсан. Би удаан хугацаанд гэртээ очоогүй байсан учраас хэрвээ үүнд гарын үсэг зурчихвал хэрэг хурдан шийдвэрлэгдээд гэртээ харих юм байна гэсэн ойлголтоор гарын үсэг зурсан. Би хохирогчийг хагалгаанд ороход, мөн хадаас авахуулах мөнгө өгсөн. Мөн түүний ээжид нь 250,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тухайн үед эмчилгээний зардал гээд нэхэмжилснийг би төлсөн. Хэрэгт авагдсан хүсэлтийг би ч бичээгүй хоёр өмгөөлөгч бичсэн. Тэгээд би гарын үсэг зурсан. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжилж байгаа хохирол нь ямар нэгэн бичиг баримтаар нотлогдоогүй учраас би төлөхгүй. Хэрвээ нотлох баримттай байвал огт төлөхгүй гэж хэлээгүй гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Отгонтөмөр дүгнэлтдээ: Хохирогч Э. д Д.Баянбаатар нь хохирол төлөх талаар бичиг үйлдэж, Д.Баянбаатар нь гарын үсэг зурсан байх тул хохирлыг төлөх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э. нь хариуцагч Д.Баянбаатарт холбогдуулан гэм хорын хохирол 2,995,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хариуцагч Д.Баянбаатар нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас 41-55 УНМ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөн зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоол /хх-14-17/, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...Д.Баянбаатар нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч М.Мандалбаярын хохирлын зардалд 1,004,700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдсэн 1,995,300 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж, гарын үсэг зурсан, мөн сүүлд замын зардал 233,600 төгрөг, эмчилгээний зардал 766,400 төгрөг нийт 1,000,000 төгрөгийн зардал гарсан” гэж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр миний гарын үсэгтэй бичгийг өмгөөлөгч нар хоорондоо ярилцаж байгаад бичээд надаар гарын үсэг зуруулсан, харин шийтгэх тогтоол гарсны дараа гарсан хохирол гэх 1,000,000 төгрөг нь хохирлын баримтгүй байна” гэх үндэслэлээр талууд маргасан болно.

Нэхэмжлэгчийн гэм хорын хохиролд нэхэмжилж байгаа 2,995,300 төгрөгийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “1,995,300 төгрөг нь 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Д.Батбаатарын хохирогч М.Мандалбаярын бодит хохиролд гарсан зардлын үлдэгдэлээ төлөхөө илэрхийлж бичгээр гаргасан хүсэлтэд дурдсан 1,995,300 төгрөг, харин үлдэгдэл 1,000,000 төгрөг нь шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч нь 2018 оны 3, 6 дугаар сард Улаанбаатар хот руу явж М.Мандалбаярт эмчилгээ хийлгэхэд гарсан замын зардал 233,600 төгрөг, эмчилгээний зардал 766,400 төгрөг” гэж тайлбарлалаа.

Хавтаст хэргийн 19 дүгээр хуудаст авагдсан хүсэлтэд “Д.Баянбаатар миний бие нь Эрүүгийн хуулийн 27.10.1-д заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогч М.Мандалбаярын бодит хохирол болох 1,004,700 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор, үлдсэн 1,995,300 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны дотор нөхөн төлж барагдуулах болохоо бичгээр илэрхийлж байна. Энэ асуудлаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дахин иргэний журмаар хохирол нэхэмжилж нэхэмжлэл гаргахгүй нөхцөлтэйгөөр харилцан тохиролцов” гэх бичвэртэй “Д.Баянбаатар” гарын үсэг зурсан /хх-19/ байна, энэхүү гарын үсэг Д.Баянбаатарын гарын үсэг мөн гэдгийг тэрээр шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрсөн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа хохирлоо нөхөн төлсөн баримт эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг гаргахаар заасан. Гэтэл хариуцагч Д.Баянбаатарын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт нь хохирлоо нөхөн төлсөн баримт эсвэл нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баримт биш байна. Хохирогчтой эвлэрсэн бол тус баримтад хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн хүсэл зориг тусгагдаж, түүнийгээ баталж гарын үсэг зураагүй байх тул уг баримтыг хохирол төлөхөө илэрхийлэн хохирогчтой эвлэрсэн баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай шийтгэх тогтоол /хх-14-17/-ын Тогтоох нь хэсгийн 4 дэх заалтад “...шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэжээ.

Дээрх Д.Баянбаатарын бичгээр гаргасан хүсэлтээс үзэхэд Д.Баянбаатар нь хохирлоо нөхөн төлөхийг илэрхийлж хохирогчтой эвлэрсэн зүйлгүй, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос үзэхэд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч тал нь 2018 оны 3 дугаар сард, 6 дугаар сард М.Мандалбаярын эмчилгээнд гарсан зардал гэж 1,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан хавтаст хэргийн 6-8 дугаар хуудсанд Мөнгөнхүү, Мандалбаяр, нарын нэр дээрх 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу явсан Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын И баримт-ууд, хавтаст хэргийн 9-10 дугаар хуудсанд авагдсан Мандалбаяр, нарын нэр дээрх 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу явсан Хот хооронд, орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбарын И баримт-ууд нь Мөнгөнхүү, Мандалбаяр, нарын 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймагт ирсэн, мөн 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Мандалбаяр, нар Ховд аймгаас Улаанбаатар хот руу явсан баримтууд байна. Эдгээр баримтууд нь М.Мандалбаярын эмчилгээ хийлгэх зорилгоор явсныг нотлохгүй, ямар эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу явсан эсэх нь тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан гадаад хэл дээрх баримтын орчуулгагүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасан шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд авагдсан Хот хоорондын зорчих тасалбарын бичвэр арилсан буюу бичгийн нотлох баримтын шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э. гийн шүүхэд гаргасан гэм хорын хохиролтой холбоотой дээрх бүх баримтууд нь бичгийн нотлох баримтын шаардлага хангахгүй байх бөгөөд тэрээр нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э. гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баянбаатарт холбогдох гэм хорын хохирол 2,995,300 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Э. нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э. гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баянбаатарт холбогдох гэм хорын хохирол 2,995,300 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.