Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 57

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

            улсын яллагч Б.Энхмэнд,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхтуяа (ҮД:0967),

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******,

             иргэний хариуцагч Б,

            шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт Батсүхийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 234 дүгээр магадлалтай эрүүгийн 201601080440 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                           

Монгол Улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн******* дүгээр хороо,******* тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Батсүхийн ******* нь:

яллах дүгнэлтэд бичигдсэнээр - 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүс нуурын замд ******* УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэг болох “...Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсний улмаас дугуй унаж явсан М.ыг мөргөн амь насыг нь хохироож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр найз Бийн хамт түүний эзэмшлийн ******* УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийг Зуун модны “Кёкюшү газар”-аас жолоодон Улаанбаатар явах хот хоорондын замын хөдөлгөөнд оролцох явцдаа Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүс нуурын орчим Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсөнөөс уг замд дугуйтай зорчиж явсан хохирогч М.ыг мөргөн эрдэнэт хүний амь нас хохироож, нөхөж баршгүй хүнд хор уршиг учруулсан Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ы: “... Урьд нь мэдүүлэг өгсөн. Одоо мэдүүлэг өгөхгүй ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******гийн: “... Түрүүнд нь шүүх хуралдаан болж Б.*******ыг ялласан. Миний хүүг алсан болохоор энэ хоёр хүнийг сэтгэл гаргаад хүрээд ирэх байх гэж их харж байсан. Хүний амь хохироосон хүмүүс хамгийн түрүүнд ирж уулзах байх гэж бодож байсан чинь хэн нь ч уулзаагүй. Хүмүүс эд материал нь хохирсон байвал хамгийн түрүүнд гүйгээд л очдог юм байна лээ. Автын ослыг санамсар, болгоомжгүй гэж үздэг юм байна. Намайг оршуулгын зардалд хэт их мөнгө нэхэмжилсэн гэж үзэж байна. Тэгвэл та нар миний хүүгийн амыг эргүүлээд өгч болдог юм бол эрүүлж өгөөд, надад төлсөн бүх мөнгөө эргүүлээд ав. Тэгээд бүх зүйлээ дуусгаж болж байна. Даанч тэгж болохгүйг яагаад ойлгодоггүй юм. Хүмүүс надад өгсөн тав арван төгрөгөндөө нарийн байдаг бол эх хүнд үр нь хичнээн нандин болохыг бодож үзсэн үү. Үхсэн хүн дараа төрөлдөө гомдолгүй яваасай гэж бодож байна. Өнгөрсөн хүнийг 3 хоногийн дотор оршуулгыг нь хийдэг байхад би тэгж чадаагүй. Би руу залгаад “яасан хэцүү юм бэ, хэдэн төгрөг төлөх гэж хэл ам хийгээд байх юм, энэ асуудлыг хурдан дуусгаж бурхан болсон хүнийг бурханы оронд нь тайван явуулмаар байна” гэж хэлсэн. Нэгэнт хэрэг хийсэн бол түүнийгээ хүлээж сур. Амьд үлдсэн нь өөрийгөө өмгөөлөөд, өрөөлөөр өмгөөлүүлээд болдог юм байна. Гэтэл би ганцхан хүүтэй хүн. Хүүгийнхээ ард нь орчихоод өөрөө өмгөөлөөд зогсож байна. Эх хүнд үүнээс илүү хэцүү зүйл юу байх билээ. Би хүний амь нэхээгүй байхад эд нар намайг оршуулгын зардал ихийг нэхлээ гэж хэлж байгаад нь гомдолтой байна. Би та нарт хэрцгий хандаагүй эхийн зөөлөн сэтгэлээр хандсан. Би гомдолтой байна. Миний гар хөлийн үзүүрт зарагддаг хүн одоо байхгүй болсон, хашаандаа ороход араас ороод ирэх юм шиг санагдаад надад үнэхээрийн хэцүү байна. Одоо яахав миний үйлийн үр юм байлгүй дээ гэж бодож сууна. Миний хүсч байгаа зүйл бол тэнгэрийн оронд  явсан хүнийг тайван явуулмаар байна. Би *******аас оршуулгын зардалд цувуулаад 10 сая төгрөг авсан. Одоо 4 сая гаран төгрөг үлдсэн байгаа. Түүнийгээ нэхэмжилж авмаар байна. Миний хүү надад хичнээн нандин, үнэ цэнэтэй билээ, тэгтэл би амь насных нь төлөө хэдэн төгрөг л авч байна. Хүүгээ алдсан хүнд оршуулгын зардал нь үлддэг юм байна. Өөрийнхөө хийсэн хэргийг хүлээж сур гэж хэлмээр байна. Би *******ы гэрт нь очоод хүүгийнхээ амийг нэхээгүй. Танай ээжийн хувьд чи эрхэм байдаг бол миний хүү ч надад эрхэм зүйл. Танай ээж чамайг гурван жил болоод эргээд ирнэ дээ гэж бодоод хүлээгээд сууж болно. Гэтэл би хүүгээ хэдэн жил хүлээгээд ч эргэж ирэхгүй. Үүнийг яагаад ойлгодоггүй хүмүүс юм бэ та нар. Би үнэхээр гомдолтой байна. *******ыг ял шийтгэхэд миний зүгээс шалтгаалан хөнгөрүүлэх ямар нөхцөл байна би тэр бүгдийг нь хийж өгье гэж хэлж байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү ...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Бийн: “... Би ******* гуайтай уулзаагүй нь үнэн. Найзаараа дамжуулж хохиролд хэдэн төгрөг төлсөн. Намайг иргэний хариуцагчаар татаад байгааг нь сайн ойлгохгүй байгаа ...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Бийн 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өгсөн: “... 2016 оны 09 дүгээр 11-ний өдөр 13 цагийн орчим 100 модны элсний уурхайгаас ******* УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис маркийн тээврийн хэрэгслийг манай найз ******* жолоодоод бид хоёр Улаанбаатарын зүг явсан. Тэгээд Бүс нуур өнгөрөөд пост руу явж байхад бид хоёрын урд талд нэг дугуй унасан эрэгтэй хүн замын хойд талын эгнээ буюу Улаанбаатар явах чиглэлийн эгнээг голлоод явж байсан. Тэгээд тэр дугуйтай хүн хоёр тийшээ дайвалзаад яваад байсан. Тэгэхээр нь манай найз ******* машинаа баруун тийш дараад замын хойд талын хөвөөгөөр тойрч гарах санаатай дартал тэр хүн нөгөө дугуй унаж явсан хүн баруун тийшээ болсон. Тэр үед манай найз тойрч чадалгүй тэр дугуй унаж явсан хүнийг машины зүүн урд талын хэсгээр мөргөсөн. Тэгээд цаашаа чигээрээ яваад машины замын хөвөөгөөр явж байгаад зам руу орох гээд зүүн тийш дартал машин шарваад эсрэг талын эгнээг давж гараад замын урд талын хөвөөг даваад замаас гарч зогсоход нөгөө дугуй унаж явсан хүн зам дээр хэвтэж байсан. Тэгээд машин зогсохоор нь манай найз ******* зам дээр хэвтэж байсан хүн дээр гүйгээд очиход тэр хүн ухаангүй байхаар нь би түргэн тусламж дуудсан. Ийм л асуудал болсон юм. ... Бид хоёр 70-80 км цагийн хурдтай явж байсан. ******* эрүүл саруул байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх байгаа юм. Гэхдээ одоо “” ХХК-ийн нэр дээр байгаа. Тэднийд барьцаанд тавьж зээл авсан юм. Зээлээ бол одоо бүрэн төлж барагдуулсан байгаа. Нэрээ л шилжүүлж амжаагүй байна. Машинд бид 2-оос өөр хүн яваагүй, хоёулханаа л явж байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар тал/,

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн өгсөн: “... машин тэргээ ачаад байж байхад ******* 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө миний машиныг унаад 10 цагийн үед очоод бид хоёр 12 цаг өнгөрч байхад тэндээс Улаанбаатар луу гарсан. Карьераасаа гараад ойролцоогоор 13-14 км газар явж байсан. ... 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр карьер дээрээс миний машиныг аваад Улаанбаатар орж хоночихоод маргааш нь намайг авах гэж ирсэн юм. Тэгээд ******* ирэхээр нь би хажууд нь суугаад л явсан. Би өөрөө машинаа барья гэж бодоогүй юм. ... Би машиныхаа төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын эхээр төлж дууссан ба тухайн үед карьер дээр байсан учир нэрээ шилжүүлээгүй байсан юм. ... Миний машины сигнал хааяа ажиллаад хааяа ажилладаггүй юм. Ажиллагаагүй болоод 7 хоног л болж байсан. ... Дугуйтай хүнийг гүйцэж түрүүлэх гээд зүүн тал руу нь дараад явж байгаад дугуйтай хүн зүүн тал руу дарахаар нь ******* тоормослоод хурдаа багасгаад баруун талаар нь дарсан, тэгтэл дугуйтай хүн дагаад баруун тал руу нь дарчихсан, тэгтэл нөгөө хүнийг машины зүүн урд талаар мөргөсөн, тэгээд шууд тоормосоо гишгэсэн. Миний салхины шил хагарсан, зүүн урд талын крыло чихэгдсэн, зүүн талын их гэрэл хагарсан, тэгээд замын эсрэг урсгал руу ороод эсрэг урсгал даваад шороон хэсэгт урагшаа буюу эсрэг зүг рүүгээ хараад зогссон. Тэгэхэд 2 дугуй хагарсан. Замын хажуу руу ороход жалганд цохигдоод урд талын аржатор цоорсон, өөр ямар нэг гэмтэлгүй байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн №08шэ/68 тоот дүгнэлтэд:

        1. Талийгаачийн биед цээж-хэвлийн хавсарсан гэмтэл: баруун 3,4,5,6,7,8-р хавирганы шууд хугарал, уушигны эдийн няцрал, уушигны авчийлт, зүрх доргилт, үнхэлцэг хальсны цус хуралт, элэгний задрал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд байх үед нь үүссэн байна. 

            3. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас амьсгалын дутагдалд орж нас баржээ.

            4. Талийгаачийн цус нь А/II/ бүлгийн харьяалалтай байна.

            5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна. /хх-ийн 30-32 дугаар тал/,

            Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №6612 тоот дүгнэлтэд:

            1. Шинжилгээнд ирүүлсэн Тоёота Брэвис маркийн ******* УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын ухрахын гэрэл асахгүй, баруун талын оврын гэрэл асахгүй, зүүн урд талын гэрэл хагарсан тул асаж байсан эсэхийг тогтоох боломжгүй. Явах эд анги бүрэн, жолооны болон тоормосны механизм ажиллаж байна. Стандарт шаардлага хангаж байгаа эсэхийг тогтооход тусгай багаж байхгүй тул тодорхойлох боломжгүй байна.

            2. Автомашины 4 дугуй нь бүх улиралд хэрэглэж болох дугуй байна. Хаймар дугуй нь Монгол Улсын МNS4598-2011 стандартын 5.14.3-д зааснаар хээний хувьд стандартад нийцэж байна.

            3. Автомашинд үүссэн дээрх гэмтэл нь ослын үед үүссэн тул осолд нөлөөлөхгүй. /хх-ийн 40-42 дугаар тал/, уг дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-52 дугаар тал/,

Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Батхуягийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №26 тоот дүгнэлтэд:

            1. Тоёота Брэвис маркийн цагаан өнгийн ******* УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсүх овогтой ******* Монгол Улсын ЗХД-ийн 10.3 дахь заалт болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсний улмаас уг зам тээврийн осол гарсан байна.

            2. Хэргийн үзлэг осол гарсан схем зурагт тоормосны мөр тэмдэглэгдээгүй зэргээс харахад Тоёота Брэвис маркийн цагаан өнгийн ******* УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

            3. Хоёр дахь асуултаар хариулагдсан болно.

        4. Тоёота Брэвис маркийн цагаан өнгийн ******* УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсүх овогтой ******* нь Монгол Улсын ЗХД-ийн 10.3 дахь хэсэг болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг зөрчсний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Унадаг дугуй унаж яваад тээврийн хэрэгсэлд мөргүүлж амь насаа алдсан Мөнхбаяр овогтой од Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалт зөрчсөн гэх үйлдэл харагдахгүй байна.

            5. Хоёр дахь асуултаар хариулагдсан болно.

        6. Тухайн замын зохион байгуулалт нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлсөн гэх зүйл харагдахгүй байна.

            7. Монгол Улсын ЗХД-ийн 10.3 дахь заалт болох “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно” гэсэн заалтыг баримталж гүйцэж түрүүлэх үйлдлийг хийх ёстой байсан.

            8. Б.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох 1084804 тоот “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байна /лавлагааг хавсаргав/.

            9. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илэрсэн зүйл байхгүй болно. /хх-ийн 56 дугаар тал/,

Мөрдөн байцаалтад сэжигтэн Б.*******ы 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 5-р хороо Городокт байх найз Ганчөдөрийн том тэрэгний тэвшин дээр нэмэлт буюу өндөрлөгөө хийхээр 09 цагийн үед очоод өдөр 13 цагийн үед буцаад Улаанбаатар хот руу найз Ганчөдөрийн хамт би Ганчөдөрийн өөрийнх нь эзэмшлийн ******* УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис маркийн автомашиныг нь жолоодоод явсан. Тэгээд Налайх дүүрэг орох пост руу өгсөөд буюу Бүс нуурын хажууханд явж байтал урд дугуйтай хүн зам голлоод явж байсан ба би гүйцэн түрүүлэх гээд зүүн гар тал руу рүлээ дараад яваад ортол талийгаач бас зүүн тал руугаа шахаад эргэхээр нь би буцаагаад баруун талаар нь тойроод гарах санаатай баруун тийш рүлээ дартал талийгаач хажуу талаас орж ирээд машины жолоочийн эсрэг талаар мөргөгдөөд би машинаа зогсоох гээд тоормос гишгээд машин шарваад эсрэг урсгал руу ороод буцаад Городок руу хараад зогссон. Тэгээд машинаас буутал талийгаач замын Улаанбаатар явах чиглэлийн цагаан шугаман дээр дээшээ хараад хэвтэж байхаар нь гүйгээд очтол талийгаачийн ам нь ангалзаад байсан ба Ганчөдөр 103 руу залгаад эмнэлэг дуудсан. Тэгтэл хажуугаар явж байсан машин зогсоод дотроос нь энгийн хувцастай хүн бууж ирээд өөрийгөө “Онцгой байдалд ажилладаг, цагдаа дууд” гэж хэлсэн. Тэгээд 20-30 минутын дараа эмнэлэг ирээд талийгаачийг эмч үзээд нас барсанг хэлсэн ба удалгүй цагдаа нар ч хүрээд ирсэн. Би 60 гаран км цагийн хурдтай явсан. Би талийгаачийг 60-70 метрийн зайтай явж байхдаа харсан. Би талийгаачийн унаж явсан дугуйны ард 6 орчим метр дөхөж ирээд зүүн гар тал руугаа дараад буюу эсрэг урсгал руу ортол талийгаач бас зүүн гар тал руугаа шахаад орохоор нь буцаагаад баруун тал руугаа дартал мөргөсөн. Миний машины жолоочийн эсрэг урд карлоноор мөргөх шиг болсон. Би тоормос гишгэсэн, машин зүгээр байсан, тоормос ажиллаж байсан. Би угаасаа Ганчөдөрийн машиныг барьдаг юм, Ганчөдөр өөрөө хөдөө ажилладаг. Гүйцэж түрүүлэх үйлдэл хийхдээ сигнал болон дуут дохио өгөөгүй. Машины сигнал ажиллахгүй байсан. Талийгаач бол арагшаа эргэж хараагүй, дугуйны рүлэн дээр нь толь байгаагүй. Миний унаж явсан машин моторын дуу чимээ бага, айхтар дуу чимээ байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 дугаар тал/,

яллагдагч Б.*******ы 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн: “... 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед би Улаанбаатар хотоос найз Ганчөдөрийн ******* УНЗ улсын дугаартай Тоёота Брэвис маркийн тээврийн хэрэгсэлтэй гарч яваад Налайх дүүргийн 5-р хороо найз Ганчөдөрийн ажилладаг элсний карьер дээр 11 цагийн үед очсон. Тэгээд би найзыгаа ажлаас нь аваад Улаанбаатар луу буцаад явсан. Тэгээд Налайх дүүргийн 5-р хороо Бүс нуурын дэргэдэх зам дээр ирэхэд урд дугуй унасан хүн баруун талын эгнээний голд явж байсан. Тэгэхээр нь би зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийхэд дугуйтай хүн зүүн тал руугаа рүлээ дарсан, тэгэхээр нь би тоормослож хурдаа хасаад баруун талаар дараад баруун талын дугуйнууд замын хөвөөнөөс гараад шороон зам дээр, зүүн талын дугуйнууд засмал зам дээр явж байтал дугуйтай хүн баруун тийшээ дараад ороод ирсэн. Тэгээд би машины зүүн талын урд хэсгээр дугуйтай хүнийг мөргөсөн ба дугуйтай хүн салхины шилийг мөргөөд зүүн тал руугаа унасан. Тэгээд би тоормосоо гишгээд зүүн тийшээ дартал машин шарваад бөгсөөрөө баруун тийш эргээд эсрэг урсгал руу ороод эсрэг урсгалыг даваад замын хажуу талын жалга руу орж зогссон. Тэгээд би машинаас буугаад нөгөө дугуйтай хүн рүү очтол ухаангүй замын голд хэвтэж байхаар нь би цээжнээс нь өргөөд замын хажуу руу гаргаад, найз Ганчөдөр эмнэлэг дуудсан. Тэгээд нэг Онцгой байдалд ажилладаг ах таараад цагдаа дуудаж өгсөн. Тэгээд удалгүй цагдаа, түргэн ирсэн. Түргэн ирээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 дугаар тал/,

Хувцаст хийсэн үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8 дугаар тал/,

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 9-10 дугаар тал/,

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл - 0.00 бүхэл гарсан болно /хх-ийн 13 дугаар тал/,

******* УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийн 01135897 дугаартай гэрчилгээ болон Б.*******ы 1084804 дугаартай жолооны үнэмлэхийг хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар тал/,

******* УНЗ улсын дугаартай “Тоёота Брэвис” маркийн тээврийн хэрэгслийн 01135897 дугаартай гэрчилгээ болон Б.*******ы 1084804 дугаартай жолооны үнэмлэхийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 19 дүгээр тал/,

Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36 дугаар тал/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 57, 83 дугаар тал/,

“Вендо” ХХК-ийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн “нийт шууд зардлын дүн 1.850.000, үнэлгээгээр тогтоогдсон дүн 2.120.400” гэсэн хавсралт /хх-ийн 61 дүгээр тал/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62 дугаар тал/,

            Б.*******ы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр тал/,

            Б.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/,

“Батсүхийн ******* нь тус хорооны******* тоот хаягт ам бүл 4 амьдардаг болохыг тодорхойлов” гэсэн Сонгинохайрхан дүүргийн*******-р хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 84 дүгээр тал/,

            Б.*******ы хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 85-90, 93-101 дүгээр тал/,

            Хохирогч М.ын нас барсны бүртгэлийн лавлагаа /хх-ийн 91 дүгээр тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******д 3.120.000, 3.100.000, 3.000.000 төгрөг тус тус хүлээлгэн өгсөн баримт /хх-ийн 102-103, 208-209 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа хуулийн зүйл, хэсгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.******* нь болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 14.880.130 төгрөг нэхэмжилснээс 6.900.000 төгрөгийг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан торгох ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар түүний урьд цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд оруулан, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон торгох ялаас хасах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.******* нь оршуулгын зардал болон хохиролд нотлох баримтын шаардлага хангасан (хх-130-192, 206-207) 14.880.130 төгрөг нэхэмжилснээс, шүүгдэгч Б.*******ы мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 6.900.000 төгрөг (хх-102-103, 208-209), иргэний хариуцагч Бийн Б.*******аар дамжуулан төлсөн 3.200.000 төгрөг, нийт 10.100.000 төгрөгийг хасч, үлдэх 4.780.130 төгрөгийг шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагч Б нар төлөхөөс татгалзаагүй, хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг “... хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ...” гэсэн заалттай зөрчилдөөгүй нийцэж байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Бөөс гаргуулахаар шийдлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 293, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:                                              

1. ******* овогт Батсүхийн *******ыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Батсүхийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасч, гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192.000 төгрөгийг 151 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 28.992.000 (хорин найман сая есөн зуун ерэн хоёр мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Б.*******ы 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 112 (нэг зуун арван хоёр) хоногтой тэнцэх 21.504.000 төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “” ХХК-ийн нэр дээрхи ******* УНЗ улсын дугаартай, “Тоёото Брэвис” маркийн тээврийн хэрэгслийн 01135897 дугаартай гэрчилгээ 1 ширхэгийг иргэний нэхэмжлэгч Бт буцаан өгөх,

1084804 дугаартай шүүгдэгч Б.*******ы “В” ангиллын жолооны үнэмлэх 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсүгэй.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар Бөөс 4.780.130 (дөрвөн сая долоон зуун наян мянга нэг зуун гучин) төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.*******д олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.БАВУУ