Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 234

 

 

2017.4.6                                               № 234                                    МАГАДЛАЛ

 

Б.Батсайханд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд; 

Прокурор Т.Төмөртулга,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Норжинсүрэн,

Ялтан Б.Батсайхан, түүний өмгөөлөгч Ж.Энхтуяа,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулж,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Лувсандорж даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Батсайханы гаргасан давж заалдах гомдлоор, түүнд холбогдох 201601080440 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Урианхай овогт Батсүхийн Батсайхан, 1986 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Алтайн 1 дүгээр гудамжны 51 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧО86031775/,

 

Б.Батсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүс нуурын замд 68-28 УНЗ улсын дугаартай “Toyota Brevis” загварын, тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэг болох “...Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэт түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно гэсэн заалтыг зөрчсөний улмаас дугуй унаж явсан М.Батболдыг мөргөж амь нас нь хохироож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Б.Батсайханд холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Батсайханыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Батсайханд оногдуулсан 3 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Батсайханаас 4.780.130 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Норжинсүрэнд олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан Б.Батсайхан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар маргахгүй. Харин анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэлгүй зүйлүүдийг гаргасан. Тухайлбал уг гэмт хэргээс учирсан хохирол гэж өдөр тутмын хэрэгцээнд авч байсан мах, хүнсний зүйл, түлш зэрэгт 2.311.170 төгрөг, зан үйлийн зардалд 1.391.440 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 1.000.000 төгрөг буюу нийт 4.702.610 төгрөгийн нэхэмжлэлийг хангасан. Би өөрийн гэм бурууг ойлгон хэрэгт холбогдсон үеэс эхлэн хохирогчийн эд хөрөнгийн хохирлыг төлөх гэж сэтгэл гаргаж ирсэн. Миний эцэг, эх хоёр өндөр настай, эцэг маань цус харвалт өгсний улмаас биеийн зүүн хэсэг нь саажилттай болж, байнга эмчилгээ хийлгэж байдаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Норжинсүрэн гуай талийгаачийг хөдөөлүүлсний зардалд 7.900.000 төгрөг гарсан, үүнийг төл гэсэн шаардлага тавьж байсан. Тухайн үед өөрийн хэр хэмжээгээр хохирлыг төлөх гэж хичээж ирсэн. Хэрэг шүүхэд ирэхэд хэргийн материалтай танилцахад оршуулгын зардал 10.254.310 төгрөг нэхэмжилсэн байсан тул эхийгээ тэтгэвэрийн зээл авахуулж, шүүх хурал дээр 3000.000 төгрөг өгсөн боловч харамсалтай нь нэхэмжлэлээс 154.310 төгрөг үлдсэн ба шүүх хурлын явцад унадаг дугуй, утасны үнэ нэмэгдэж би хохирлыг бүрэн барагдуулж чадаагүй. Би хүний амь нас хохироосон үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэдгээ ойлгож байгаа ч үндэслэлгүй нэхэмжилсэн зүйлийг ар гэрийнхэн маань төлөх боломжгүй, би өөрөө хариуцан төлөх ёстой. Иймд шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй хэсгийг хянаж, төлөх ёстой зүйл бүрэн төлөгдсөн гэж үзвэл хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв. 

Ялтан Б.Батсайханы өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Батсайхан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудалд давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.1 дэх хэсэгт “Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг буюу хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шийдвэрлэж чадаагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Норжинсүрэн мөрдөн байцаалт, прокурорын шатанд иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар ямар нэг нотлох баримт гаргаж өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдааны өмнө Б.Батсайханыг хохиролд 7.900.000 төгрөгийг төл гэсэн учир боломжийн хэрээр хохирлыг төлж эхэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд нийт 7.900.000 төгрөг төлсөн. Үүнд хохирогч маргахгүй. Хэрэг анхан шатны шүүхэд ирсний дараа хавтаст хэрэгт цугларсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцсан. Хүний амь хохирсон тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаар маргахад хүнд байсан. Талийгаачийг хөдөөлүүлэхэд 10.254.310 төгрөгийн зардал гарсан байсан. Уг баримттай танилцаад хохирлыг барагдуулах нь зөв юм байна, хүний амь насыг хохирсон учир хохирлыг төлье гэж шийдэж Б.Батсайханы эх нь тэтгэвэрийн зээл авч хохиролд 3.000.000 төгрөг төлсөн. Шүүх хуралдаанд унадаг дугуй, гар утасны үнэлгээ орж ирсэн. Учир нь О.Норжинсүрэн унадаг дугуйны хохирлыг нэхэмжилсэн. Шүүхийн зүгээс уг хохирлын үнэлгээг прокуророос нэхэж авсан. Мөрдөн байцаалтын явцад унадаг дугуйны хохирлын үнэлгээ хэрэгт авагдаагүй байсан. Талийгаачийн 49 хоног хүртэлх хугацааны дотор 300.000 төгрөгөөр хоёр машин мод хэрэглэсэн гэсэн баримт гаргаж өгсөн байдаг. Учруулсан бодит хохирлыг төлөх ёстойг ойлгож байна. Хаанаас, хэдийд, хэн авсан нь мэдэгдэхгүй гарын үсэггүй маш олон зарлагын баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Зарлагын баримт байгаа бол мөнгө төлсөн баримт мөн байх ёстой. Баримтыг тооцож үзэхэд 2.110.310 төгрөгийн баримт байдаг. Оршуулгын зан үйлд 1.391.040 төгрөг зарцуулсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх хуралдаанд хөрөнгийн үнэлгээний баримт орж ирсэн. Энэ бүгдийг нэмж 4.780.130 төгрөгийг Б.Батсайханаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Хэдийгээр Б.Батсайхан гэм буруутай боловч шүүх нотлох баримтын хүрээнд иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байсан. Б.Батсайхан бодитоор учирсан эд материалын хохирлыг төлж барагдуулсан нь ял шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл байсан. Түүний гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Норжинсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үрээ алдсан хүн олигтой, зөв ярьж чадахгүй. Шийтгэх тогтоолд гомдол гаргаагүй. Хүний амийг төлөөд байдаг 10.000.000 төгрөг гэж байхгүй байх. Хажуугаар нь тойроод гарчих боломжтой байхад араас нь хөөж байгаад дайрсан байсан. Гэм буруугаа хүлээж байгаа хүн ийм зүйл ярихгүй байх. Энэ хүн 3 жил болоод гараад ирэх ч миний хүү эргэж ирэхгүй. Намайг ганц хүүгээ алдаж хохирсон дээр нь хохирооё гэж байгаа юм шиг байна. Оршуулгын зардал их гарсан гэж байна. Энэ хүн дайраагүй бол ийм явдал үүсэхгүй байсан. Би одоо өвчтэй, орон гэргүй болчихоод явж байна. Ганцаараа түлээ нүүрсээ зөөж амьдарч чадахгүй учир түрээсийн байранд амьдарч байна. 2016 оны 10 дугаар сард “Бөмбөгөр” худалдааны төвийн үүдэнд уулзсан. Надаас баримт байна уу гэж асуухад нь 7.000.000 төгрөг гэж хэлсэн юм шиг байсан. Ямар баримтад үндэслэж 7.000.000 төгрөг гэж хэлж байгааг нь мэдэхгүй байна. Энэ хүмүүсийн амнаас л сонсож байна. Их баримт нэхдэг хүмүүс юм байна, их сэтгэл өвтгөж байна. Оршуулгын зардалд их мөнгө гарсан. Би  тэр бүр баримт цуглуулаад байгаагүй. Би буяны ажилд огт оролцоогүй. Манай ах дүү нар л ажил явдалд тусалж тэр бүгдийг зохицуулсан...” гэв.

 

Прокурор Т.Төмөртулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. Анх эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш Б.Батсайхан хохирол төлөх тал дээр маш хойрго, сэтгэлгүй хандсан. Сүүлд 3.000.000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн байсан. Хохирлын тал дээр анхан шатны шүүх хохирогч, яллагдагч нарын ар гэрийн байдал, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бодитой дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Б.Батсайхан нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бүс нуурын замд 68-28 УНЗ улсын дугаартай “Toyota Brevis” загварын, тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэг болох “...Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэт түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас дугуй унаж явсан М.Батболдыг мөргөж амь нас нь хохирсон, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тухайн үед болж өнгөрсөн үйл явдлыг тал бүрээс нь бүрэн гүйцэт бодитой тогтоох талаар болон уг хэрэгт шалгавал зохих ажиллагаанууд хангалттай хийгджээ.

Харин Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Б.Ганчөдөр сэжигтнээр “...миний машины дуут дохио хааяа ажиллаад хааяа ажилладаггүй. ..Машиныхаа төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын эхээр төлж дууссан бөгөөд нэрээ шилжүүлээгүй...” /хх-72-73/, Б.Батсайхан сэжигтнээр  “...2016 оны 9 дүгээр сарын 19-ний өлгөө Б.Ганчөдөрөөс уг тээврийн хэрэгслийг авахад дуут дохио нь ажиллахгүй байсан...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд, 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 26 дугаар “...Toyota Brevis” загварын, 68-28 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Батсүхийн Батсайхан Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т “Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно гэсэн заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна...” /хх-56/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6612 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн “Toyota Brevis” загварын, 68-28 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын ухрахын гэрэл асахгүй, баруун талын оврын гэрэл асахгүй, зүүн урд талын гэрэл хагарсан тул асаж байсан эсэхийг тогтоох боломжгүй...” /хх-40-42/ шинжээчийн дүгнэлтүүд зэргээр Б.Батсайхан бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсан, “Toyota Brevis” загварын, 68-28 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “Энх Мөнх Наран” ХХК-ийн нэр дээр байгаа боловч анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Ганчөдөрийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагчаар татаж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хариуцах эсэхийг тогтоолгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

          Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Хэргийг дээрх үндэслэлүүдээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан ялтан Б.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг шийдвэрлээгүй болохыг дурдаж байна.

Түүнчлэн Б.Батсайханд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон хүнд хор уршиг учирсан байхад тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байгаа бол түүнийг ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзаж үзэхгүй гэж заасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан заалтыг буруу хэрэглэж, ялтанд ял оногдуулахдаа гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулж үйлдсэн хэмээн тогтоолын тодорхойлох хэсэгт хууль зүйн буруу дүгнэлт хийснийг тэмдэглэж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Батсайханд  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, хянан хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Батсайханд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ,

                           ШҮҮГЧ                                                С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                           ШҮҮГЧИД                                           Т.ӨСӨХБАЯР

                                                                                       Н.БАТСАЙХАН