Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2021/04265

 

 

 

 

 

 

 

2021 12 17 101/ШШ2021/04265

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: М.В ХХК-ийн /РД: 00000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.Ж ХХК-д /РД: 000000000/ холбогдох

77.028.835,50 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Ж ХХК-ийн хохирол 16,932,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.В ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Одгэрэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхжаргал,

Хариуцагч Т.Ж ХХК-ийн захирал Ч.О,

Хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

Гэрч Л.Эрдэнэсоёл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.В ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус М.В ХХК нь Т.Ж ХХК-тай 2019 оны 7 сарын 9-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан ба уг гэрээгээр тус компани үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгч гэрээнд заасны дагуу үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөх харилцааг зохицуулахаар тохирсон.

Гэрээний хавсралт 1 буюу захиалгын хуудсаар үнэ, үйлчилгээ, хугацааг тохирон баталгаажуулдаг ба хавсралтад заасан ачааг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хөлсийг төлөх ёстой бөгөөд хавсралтад ачааг хүлээлгэн өгсөн хугацааг заасан байдаг.

Т.Ж ХХК нь 2019 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манайд үйлчилгээний хөлс 15.137 евро төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаажуулсан.

2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээгээр үйлчилгээ үзүүлсэний дараа төлбөрөө авахаар тохирсон бөгөөд Т.Ж ХХК-тай 2019 оны 4 сард байгуулсан гэрээгээр үйлчилгээ үзүүлэхийн өмнө төлбөрөө авдаг байсан.

9.383 еврогийн тухайд хураагдсан алимны үнэ буюу 5.754 еврог хассан байсан ба эдний байгууллага алимны мөнгийг Беларуссын Гаалийн байгууллагаас авсан байх тул 9.383 еврогоор эвлэрэх боломжгүй.

2019 оны 6 сарын 14-ний өдөр болон 2019 оны 7 сарын 3-ны өдрийн захиалгын дагуу тооцоо нийлсэн үлдэгдэл төлбөр 15.137 евро нэхэмжилсэн. 2019 оны 6 сарын 14-ний өдрийн захиалга 2019 оны 7 сарын 3-ны өдөр ирсэн ба Польш улсын Варшав хотоос Монгол Улс Улаанбаатар хот хүртэл 11.470 евро, 2019 оны 7 сарын 3-ны өдрийн захиалга 2019 оны 7 сарын 24-ний өдөр ирсэн бөгөөд Бронизе-Алтанбулаг гадаад зайн төлбөр 7.280 евро, Алтанбулаг-Улаанбаатар дотоод зайн төлбөр 10.337.184 төгрөг болж байгаа.

2019 оны 7 сарын 30-ны өдөр 10.000.000 2019 оны 8 сарын 1-ний өдөр 10.000.000 төгрөг, 2019 оны 8 сарын 2-ны өдөр 1.700.000 төгрөг, нийт 21.700.000 төгрөг хариуцагч тал төлсөн ба ачааны төлбөр 15.169 евро, 21.606.057 төгрөгөөс уг мөнгийг хасахад зөрүү 31 евро болсныг 15.169 еврогоос хасахад 15.137 еврог Т.Ж ХХК төлөхөөр тооцоо нийлсэн.

Ч.О захирлын эхнэр н.Байгалмаа Хаан банк дахь дансаараа 1.000.000 төгрөг төлсөн. Үүнийг төлбөрөөс хасна. Хариуцагч Т.Ж ХХК-иас төлбөрийн үлдэгдэл тооцоо нийлсэний дагуу 15.137,53 евро буюу 51.352.557 төгрөг, алданги, 25.676.278,50 төгрөг, нийт 77.028.835,50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Т.Ж ХХК-ийн захирал Ч.О шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани чанарын шаардлага хангасан жимс, жимсгэнийг Европын холбооны улсуудаас Монгол улсдаа оруулж ирж худалдаалдаг олон жилийн туршлагатай компани юм.

Манай компани 2019 онд Польш улсын Группа Канорро ХХК-иас авсан алим, жимсийг Монгол улс руу тээвэрлүүлэх зорилгоор М.В ХХК-тай 2019 оны 7 сарын 9-ний өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай MLW-C-19040 дугаартай гэрээг байгуулсан.

Уг гэрээний дагуу М.В ХХК нь ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулж түүнтэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх ёстой байсан. Гэвч 2019 оны 7 сарын 15-ны өдөр Польш улсаас Монгол улс руу М.В ХХК-иар тээвэрлүүлж байсан 19.5 тн алимыг Беларусь улсын гаалийн байгууллага нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байгууллага тээвэрлэж байна гэсэн шалтгаанаар тээвэрлэлт гацаасан бөгөөд манай 19.5 тн алимыг гаалийн байгууллага хурааж авсан.

Энэ тухай М.В ХХК цаг тухайд нь бидэнд үнэн зөвөөр мэдээлэлгүйгээр зөвхөн тээвэр түр гацсан, хариуг хүлээж байна гэж бүрэн бус мэдээлэл өгч байсан ба алим муудах эрсдэлтэй болж байсан тул бид Беларусь улсын элчин сайдын яамаар дамжуулан тодруулахад танай 19.5 тн алим тээврийн зөвшөөрөлгүй компаниар тээвэрлэж байсны улмаас хураагдсан байна гэсэн бодит мэдээллийг бидэнд өгсөн.

Энэ тухай М.В ХХК нь 2019 оны 8 сарын 12-ны өдөр манайд албан ёсоор мэдэгдсэн болно.

Ийнхүү М.В ХХК-тай байгуулсан гэрээнээс болж манай компанийн хураагдсан алимыг Беларусь улсын гаалийн байгууллага нь үнэ бууруулан худалдаалан алимны үнэ 13.400.000 төгрөгийг манайд шилжүүлсэн.

Мөн дараагийн татан авалтын 19.5 тн алимыг М.В ХХК нь одоо үүсээд байгаа тээврийн гацааны асуудлыг шийдээд татаж авна гэж хойшлуулсаар байсан тул бид аргагүйн эрхэнд өөр компаниар уг ажлыг гүйцэтгүүлж хугацаа хоцорсон ч гэсэн алимны татан авалтаа хийлгэсэн.

Гэвч уг алимны татан авалт хийх үед хугацаа хожимдуулан татан авснаас үүдэн уг алимны 50 хувь 9.75 тн алим муудаж ирсэн ба устгалд оруулахаас өөр аргагүйд хүрч манайд их хэмжээний хохирол учирсан.

М.В ХХК-д ажиллаж байсан Б.Ган-Очирт 2019 оны 7 сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 7 сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөг, 2019 оны 6 сарын 15-ны өдөр 600.000 төгрөг, нийт 10.600.000 төгрөг өгсөн ба мөн эхнэр Б.Байгалмаа маань 2020 оны 6 сарын 2-ны өдөр Хаан банк дахь 5015083236 тоот данснаасаа 1.000.000 төгрөг төлсөн тул уг мөнгийг 15.137 еврогоос хасах нь зүйтэй.

Мөн ханшийн зөрүүг хасах нь зүйтэй гэж үзэж байна. 51.352.557 төгрөгийг тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийнхээ еврогийн ханшаар бодсон байсан ба үүнийг тухайн үеийн буюу 2019 оны 7 сарын 3-ны өдрийн ханш буюу 2.998 төгрөгийн ханшаар бодох нь зүйтэй гэж үзэж байна.

Манай компани эдний компанитай өмнө нь 2019 оны 4 сараас хамтран ажилласан ба нийт 4 удаа захиалга хийсэн ба 2 захиалгын дагуу бараагаа авсан. 2019 оны 6 сарын 14, 2019 оны 7 сарын 3-ны захиалгын дагуу 2020 оны 4 сарын 15-ны өдөр А.Одгэрэл захирлын манайд өгсөн албан тоотод 9.383 евро төл гэсэн ба энэ мөнгийг төлнө. Бусад хэсгийг нь зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч Т.Ж ХХК-ийн захирал Ч.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани М.В ХХК-тай 2019 оны 7 сарын 9-ний өдөр Тээвэр зуучлалыын үйлчилгээ үзүүлэх тухай MLW-C-19040 дугаартай гэрээг байгуулсан.

Дээрх гэрээний дагуу 2019 оны 7 сарын 15-ны өдөр Польш улсаас Монгол улс руу М.В ХХК-иар тээвэрлүүлж байсан 19.5 тн 6.435 ам доллар буюу 17.113.882,5 төгрөгийн үнэ бүхий алимыг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байгууллага тээвэрлэж байна гэсэн шалтгаанаар тээвэрлэлтийг нь гацааж манай 19.5 тн алимыг гаалийн байгууллага нь хурааж авсан байсан.

Энэ тухай М.В ХХК цаг тухайд нь бидэнд үнэн зөвөөр мэдээлэлгүй зөвхөн тээвэр түр гацсан, хариуг хүлээж байна гэж бүрэн бус, худал мэдээлэл өгч байсан.

Хугацаа хойшлох тусам алим муудах эрсдэлтэй болж бид Беларусь улсын элчин сайдын яамаар дамжуулан тодруулахад танай 19.5 тн алим тээврийн зөвшөөрөлгүй компаниар тээвэрлэж байсны улмаас хураагдсан байна гэсэн бодит мэдээллийг өгсөн. Энэ тухай М.В ХХК 2019 оны 8 сарын 12-ны өдөр мэдэгдсэн.

Уг алим Монгол улс руу тээвэрлэгдэх боломжгүй болж Беларусь улсын гаалийн газар уг 19.5 тн алимыг түргэн муудахаас нь өмнө тусламжийн байгууллагад 12.551,13 беларусь рубль буюу Монгол төгрөгөөр 13.400.000 төгрөгөөр үнэ бууруулан худалдаж борлуулсан хэмээн бидэнд уг мөнгийг 2020 оны 10 сард шилжүүлж өгсөн.

М.В ХХК-ийн дээрх буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан Беларусь улсад хураагдсан 17.113.882,5 төгрөгийн үнэ бүхий алим үнэ буурч бидэнд цэвэр ашиг нэмж бодоогүй дүнгээр 4.113.882,5 төгрөгийн шууд хохирол учирсан.

Дээрх алим хураагдсан байсан хугацаанд дараагийн 7.020 ам доллар буюу 18.715.320 төгрөгийн үнэ бүхий 19.5 тн алимны татан авалт хийх хугацаа болж М.В ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан ч одоо үүсээд байгаа тээврийн гацааны асуудлыг шийдвэрлэсний дараа татаж авна гэж хойшлуулан хугацаа хоцроосоор байсан.

Татан авалтын хугацаа хойшилсоор байсан тул алим худалдсан Группа Канорро ХХК-иас худалдаж авсан дараагийн алимаа хугацаандаа татан ав, манайх удаан хадгалахгүй гэж бидэнд хэд хэдэн удаа мэдэгдсэн.

Иймээс бид аргагүйн эрхэнд өөр компанитай гэрээ байгуулж уг ажлыг гүйцэтгүүлж хугацаа хоцорсон ч гэсэн алимны татан авалтаа 2019 оны 8 сарын 18-ны өдөр хийлгэсэн.

Гэвч уг алимны татан авалт хийх үед хугацаа хожимдуулж татан авснаас үүдэн алимны 50 хувь 9.75 тн буюу цэвэр ашиг нэмээгүй дүнгээр 9.357.660 төгрөгийн үнэ бүхий алим муудаж ирсэн ба устгалд оруулахаас өөр аргагүй болсон тул устгалд оруулсан.

Мөн уг алимыг хүлээж авахад гаалийн төлбөрт нийт 6.921.316,05 төгрөгийг төлж авснаас муудсан 50 хувийн алимны гаалийн төлбөрийг хохиролд тооцсон ба гаалийн төлбөрт 3.460.658 төгрөг төлж давхар давхар хохирол учирсан.

Иймд нэхэмжлэгч М.В ХХК-ийн дээрх үйлдлээс болж манай компанид шууд учирсан хохирол 16.932.200,5 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч М.В ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Одгэрэл шүүхэд гаргасан болон болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.В ХХК болон Т.Ж ХХК нарын хооронд хийгдсэн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар баталгаажсан бөгөөд уг актад Т.Ж ХХК-ийн захирал Ч.О гарын үсгээ зуран баталгаажуулсан.

Тээврийн зөвшөөрөлгүй компаниар тээвэрлэгдэж байсны улмаас хураагдсан байна гэсэн байх ба зөвшөөрөлгүй компаниар тээвэрлэгдсэн гэх мэдээлэл ямарваа нэг баримтаар нотлогдохгүй.

Харин ч Т.Ж ХХК-ийн импортолсон бараа Польш улсаар дамжуулагдах боломжгүй бараа байсан, энэ тухай бидэнд мэдэгдээгүйгээс тухайн улсын гааль дээр хураагдсан байдаг.

2019 оны 7 сарын 9-ний өдрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.11-т Ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх явцад дамжин өнгөрөх орны төр захиргааны болон хяналтын байгууллагууд шаардагдах баримт бичгийг тээвэр зуучлагч талд цаг тухай бүрт нь гаргаж өгч байх үүрэгтэй гэж заасан. Уг үүргээ Т.Ж ХХК биелүүлээгүй бөгөөд Польш улсын талд хариуцагчийн импортлохоор заасан алим тээвэрлэгдэх боломжгүй хэмээн хураагдсан.

Иймд тухайн зүйлд дурдагдсан 4.113.882,5 төгрөгийн шууд хохирол нь М.В ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй.

Алимны татан авалт хийх хугацаа хойшилсоор алимны 50 хувь муудаж устгалд оруулан хохирол учирсан гэх ба тус компанийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан алимны тээвэрлэлтийг манай компани хийгээгүй бөгөөд тээвэрлэлтийг хийх үеийн алим муудах шалтгаанд хамааралгүй юм.

Мөн бараа материал актлах тухай тус компанийн захирлын тушаал 2021 оны 8 сарын 2-ны өдрийн 13 тоот тушаал байх ба 2019 онд импортолсон алимны муудсан 50 хувийг актлах тушаал 2021 онд гарсан нь уг алим 2019 онд актлагдаагүй, тухайн үеийн бодит хохирол биш болохыг нотлох баримтаар харуулж байна.

Хариуцагч Т.Ж ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан 14 хоногийн хугацаанд хариу тайлбар өгөөгүй. Сөрөг нэхэмжлэлд дурдсан 16.932.200,5 төгрөг М.В ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.В ХХК нь хариуцагч Т.Ж ХХК-д холбогдуулан 77.028.835,50 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг,

хариуцагч Т.Ж ХХК нь хохирол 16,932,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч М.В ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага:

-Төлбөрийн үлдэгдэл 15.137 евро*3.339 төгрөг=51.352.557 төгрөг,

-Алданги 25.676.278,50 төгрөг,

Нийт 77.028.835,50 төгрөг.

 

Хариуцагч Т.Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага:

-Беларусь улсад хураагдсан 17.113.882,5 төгрөгийн үнэ бүхий алим 13.000.000 төгрөг болж буурсан, хохирол 4.113.882,5 төгрөг,

-Хугацаа хожимдуулан алимны татан авалт 2019.08.18-ны өдөр хийлгэн алимын 50 хувь 9.75 тонн буюу 9.357.660 төгрөгийн алим муудан устгалд оруулсан,

-2019.08.18-ны өдөр алим хүлээн авахад гаалийн төлбөрт 6.921.316,05 төгрөг төлснөөс 3.460.658 төгрөгийг муудсан алимны гаалийн төлбөрт төлсөн,

Нийт 16.932.200 төгрөг.

 

Нэхэмжлэгч М.В ХХК нь Т.Ж ХХК-иас төлбөрийн үлдэгдэл тооцоо нийлсэн актын дагуу 15.137,53 евро буюу 51.352.557 төгрөг, алданги, 25.676.278,50 төгрөг, нийт 77.028.835,50 төгрөгийг гаргуулна,

Хариуцагч Т.Ж ХХК нь 2 удаагийн захиалгын дагуу 9.383 евро төл гэсэн 2020 оны 4 сарын 15-ны өдрийн мэдэгдлийн дагуу 9.383 евро буюу 18.468.367 төгрөг төлнө. Нэхэмжлэгч байгууллагын ажилтан Б.Ган-Очирт 10.600.000 төгрөг, эхнэр Б.Байгалмаа 1.000.000 төгрөг төлсөн, мөн тус байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болоод манайд 16.932.200 төгрөгийн хохирол учирсан гэж тус тус тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч М.В ХХК нь хариуцагч Т.Ж ХХК-тай 2019 оны 5 сарын 20-ны өдөр болон 2019 оны 7 сарын 9-ний өдөр MLW-C-19040 дугаар бүхий Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ тус тус байгуулжээ.

Дээрх 2 гэрээгээр тээвэр зуучлагч М.В ХХК үйлчлүүлэгч Т.Ж ХХК-д улс хоорондын болон орон нутгийн бүх төрлийн ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулах /төмөр зам, авто, агаар, далайн буюу холимог тээвэрлэлт, түүнтэй холбоотой бусад үйлчилгээ /агуулах, гаалийн бүрдүүлэлт, зуучлал, хүргэлт, сав баглаа боодол, хаягжуулалт гэх мэт/ үзүүлэх,

үйлчлүүлэгч нь гэрээнд заасны дагуу харилцан тохиролцсон үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахаар тус тус харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2019 оны 5 сарын 20-ны өдөр болон 2019 оны 7 сарын 9-ний өдөр MLW-C-19040 дугаар бүхий гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 3-4, 194-195 дугаар тал/

 

Дээрхи тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу тээвэр зуучлагч М.В ХХК нь үйлчлүүлэгч Т.Ж ХХК-д үйлчилгээ үзүүлсэн талаар хэн аль нь тайлбарлаж байх ба тээвэр зуучлагч нь 2 удаагийн захиалгын хуудасны дагуу 15,169 евро, 21,606,057 төгрөг нэхэмжилсэнээс хариуцагч буюу үйлчлүүлэгч Т.Ж ХХК 21.700.000 төгрөг төлж 21.700.000 төгрөгийн үлдэгдэл мөнгө 31 евро болсныг 15.169 еврогоос хасч нийт 15,137,53 евро болсон хэмээн тайлбарласныг хариуцагч Т.Ж ХХК эсэргүүцээгүй.

 

Талууд 2019 оны 6 сарын 14-ний өдрийн болон 2019 оны 7 сарын 3-ны өдрийн захиалгатай холбоотой байгууллагын хоорондын 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх өр авлагын тооцоог байгууллагуудад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлэхэд тээвэр зуучлагч М.В ХХК нь 15.137 еврогийн авлагатай хэмээн тооцоо нийлэн тамга тэмдгээ даран гарын үсгээ зуран баталгаажуулсан байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 5 дугаар тал/

 

2019 оны 6 сарын 14-ний өдрийн захиалга 2019 оны 7 сарын 3-ны өдөр ирсэн, үйлчилгээний төлбөр Польш улсын Варшав хотоос Монгол Улс Улаанбаатар хот хүртэл 11.470 евро, 2019 оны 7 сарын 3-ны өдрийн захиалга 2019 оны 7 сарын 24-ний өдөр ирсэн бөгөөд үйлчилгээний төлбөр Бронизе-Алтанбулаг гадаад зайн төлбөр 7.280 евро, Алтанбулаг-Улаанбаатар дотоод зайн төлбөр 10.337.184 төгрөг хэмээн тээвэр зуучлагч М.В ХХК тайлбарласныг үйлчлүүлэгч Т.Ж ХХК маргаагүй болно.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 196-207 дугаар тал/

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 сарын 10-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Батдоржийн Ган-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Очирыг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Ган-Очироос 8.600.000 төгрөг гаргуулан Т.Ж ХХК-д олгон шийдвэрлэжээ.

Уг 352 дугаартай шийтгэх тогтоолд Шүүгдэгч Б.Ган-Очир нь хохирогч Т.Ж ХХК-д нийт 10.600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд үүнээс 5015010472 дугаартай О гэсэн дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлэг гэсэн баримт өгсөн тул үлдэх 8.600.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогчид олгуулахаар шийдвэрлэв гэсэн байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 8-12 дугаар тал/

 

М.В ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Л.Эрдэнэсоёл шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:

... Хариуцагч Т.Ж ХХК-ийн 2019 оны 6 сарын 14, 2019 оны 7 сарын 3-ны өдрийн захиалгын дагуу тээвэрлэлийг манай компани зохион байгуулсан.... 2 машин ачаа 2019 оны 7 сарын 3, 2019 оны 7 сарын 24-ний өдрүүдэд гаалиар орж ирсэн. ... Бид 2 машин ачаанд 15,169 евро, 21,606,057 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс хариуцагч компани ... 21.700.000 төгрөгийг манай байгууллагын дансанд тус тус шилжүүлсэн. Монгол төгрөгийн зөрүүг еврод шилжүүлэхэд 31 евро болж байгааг хасахад 15.137,53 евро болсон.

Мөн сүүлд 2020 оны 6 сарын 2-ны өдөр манай дансанд 1,000,000 төгрөг орж ирсэн. Төлбөр төлөх талаар хариуцагч Т.Ж ХХК-тай олон удаа уулзаж байсан, мөн утсаар ярьж байсан.Тухайн үед үнийн дүн дээр маргаж байгаагүй.

Т.Ж ХХК 1 машин алим захиалаад тухайн алим тээвэрлэгдэх явцдаа хураагдсан. Үүний төлбөрт 6,300 орчим доллар манайхаас нэхэмжилсэн. Бид холбогдох газраас нь тухайн хураагдсан алимны үнийг лавласан ч мэдээлэл олж чадаагүй. Тэгээд бид гэрээний дагуу авах мөнгөнөөсөө хураагдсан алимных нь мөнгийг хасъя гэж ярилцан алимны мөнгийг хасаад 9,383 евро гэрээний дагуу төл гэдэг мэдэгдэл хүргүүлж байсан.

Т.Ж ХХК-тай 18,000,000 гаруй төгрөг төл гэж тооцоо нийлсэн зүйл байхгүй. ... Гэрээн дээр байгууллагын дансанд мөнгийг шилжүүлнэ гэж заасаар байхад Т.Ж ХХК манай ажилтан байсан Б.Ган-Очирын хувийн дансанд мөнгө шилжүүлсэн байсан ба энэ талаар шүүх шийдвэрлэсэн.

Т.Ж ХХК алимны үнэ 6,435 ам доллараа Беларусь улсын гаалийн газраас авсан тул тооцоо нийлсэний дагуу 15.137 еврог нэхэмжилсэн ... гэжээ.

 

Тээвэр зуучлагч М.В ХХК-ийн үйлчлүүлэгч Т.Ж ХХК-д хүргүүлсэн 2020 оны 4 сарын 15-ны өдрийн 289 тоот мэдэгдэлд:

... манай компанид төлөх тээврийн үйлчилгээний төлбөр 9.383 еврог .... 2020 оны 4 сард багтаан төлж барагдуулна уу. ... хэтэрвэл гэрээний дагуу хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги нөхөн тооцох болохыг анхаарна уу гэсэн байх ба мөн байгууллагын 2021 оны 12 сарын 6-ны 425 тоот албан бичигт:

... Т.Ж ХХК нь төлбөрийг цаг хугацаандаа төлөх боломжгүй талаар мэдэгдэж байсан тул үйлчлүүлэгчид туслах зорилгоор тус компанийн Беларусь улсад хураагдсан алимны төлбөр 5.754 евро /6.435 ам доллар/-ыг манай компани харилцагч агентаар дамжуулан өөрсдийн дансанд авч үлдэгдэл төлбөр 9.383 еврог Т.Ж ХХК төлөх нөхцөлтэй уузалт хийн үүний дагуу 2020 оны 4 сарын 15-ны өдөр 289 тоот албан бичиг илгээсэн гэж тусгажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 166, 189 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

380.2Зорчигч буюу ачаа, тээшийг тээвэрлэх нөхцөл, тээвэрлэлтийн талаар талуудын хүлээх хариуцлага нь хууль, хуульд нийцсэн тодорхой төрлийн тээврийн дүрмээр тодорхойлогдоно,

мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,

232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.1-т Тээвэр зуучлагч нь үйлчлүүлэгчид тухайн ачааны нөхцөл шаардлагад нийцүүлэн зах зээлд өрсөлдөхүйц үнэ, үйлчилгээ тээврийн замналыг санал болгон харилцан тохиролцож захиалгын хуудсаар баталгаажуулж байх,

4 дүгээр зүйлийн 4.1-т Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлнө,

4.2-т Тээвэр зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 4.1-т заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0.5 хувиар тээвэр зуучлагчид алданги төлнө гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээг үндэслэн тээвэр зуучлагч тал гэрээний 3.1.1-т заасан захиалгын хуудсаар баталгаажуулан гэрээний дагуу үйлчилгээ үзүүлсэн ба үйлчлүүлэгч Т.Ж ХХК үйлчилгээний төлбөрт 15.137 евро төлөх талаар тооцоо нийлэн баталгаажуулсан бөгөөд гэрээний дагуу үйлчилгээ авсан тул үйлчлүүлэгч нь хэлэлцэн тохирсон төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 4.4-т Үйлчлүүлэгч тээвэр зуучлагчийн нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлсний төлбөрийг барагдуулмагц банкны баримтын хуулбарыг биеэр авчлах эсвэл 70111616 дугаарын факс, [email protected] хаягаар ирүүлнэ. Тээвэр зуучлагч нь төлбөрийг өөрийн кассанд бэлэн мөнгөөр орсон эсвэл тээвэр зуучлагчийн банкны дансанд орсон нөхцөлд төлөгдсөнд тооцно гэж заасны дагуу тээврийн хөлсийг үйлчлүүлэгч нь тухайн байгууллагын банк дахь дансанд төлөх үүрэгтэй байна.

 

Тээвэр зуучлагч байгууллагын ажилтан Б.Ган-Очирын банк дахь дансанд үйлчлүүлэгч Т.Ж ХХК нийт 10.600.000 төгрөг төлснийг үйлчилгээний хөлс зохих ёсоор төлсөн гэж үзэхгүй бөгөөд дээрх 10.600.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг Б.Ган-Очир нь Т.Ж ХХК-д шилжүүлсэн, мөн үлдэх 8.600.000 төгрөгийг Б.Ган-Очироос гаргуулан Т.Ж ХХК-д олгож шийдвэрлэсэн бөгөөд энэ тухай хүчин төгөлдөр шүүхийн шийтгэх тогтоол байгаа болно.

 

Үйлчлүүлэгч Т.Ж ХХК нь 2019 оны 7 сарын 15-ны өдөр тээвэр зуучлагч М.В ХХК-иар тээвэрлүүлж байсан 19.5 тн 6.435 ам доллар буюу 17.113.882 төгрөгийн үнэ бүхий алим 2019 оны 8 сарын 6-ны өдөр Беларусь улсын Гаалийн байгууллагад хураагдан тус газар алимыг муудахаас өмнө тусламжийн байгууллагад 12.551,13 Беларусь рубль буюу Монгол төгрөгөөр 13.000.000 төгрөг үнэ бууруулан борлуулсан гэж сөрөг нэхэмжлэл 2020 оны 4 сард уг 13.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн гэж тайлбарласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад үйлчлүүлэгч Т.Ж ХХК нь Беларусь улсын гаалийн газраас алимны үнэ 13.400.000 төгрөгийг 2020 оны 10 сард авсан талаараа тайлбарлажээ.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 232 дугаар хуудасны ар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 4.3-т Талуудын хооронд төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбоотой банкны зардлыг төлбөр төлөгч тал хариуцах бөгөөд гадаад валютын ханшийг тухайн төлбөр төлөгдөх өдрийн Худалдаа хөгжлийн банкны бэлэн бусын зарах ханшаар тооцно,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно гэж тус тус заажээ.

 

Мөн гэрээний 4.1, 4.2-т заасан хугацаанд буюу ачаа хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлөх талаар заасан бөгөөд 2019 оны 6 сарын 14, 2019 оны 7 сарын 3-ны өдрийн захиалгын дагуух ачаа 2019 оны 7 сарын 3, 2019 оны 7 сарын 24-ний өдрүүдэд ирсэн талаар хэн аль нь тайлбарлан уг өдрүүдийн захиалгын хуудас, нэхэмжлэхүүдийг ирүүлсэн тул Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлэх болон гэрээний талуудын чөлөөт байдлын зарчимд нийцүүлэн 2019 оны 7 сарын 24-ний өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар төлбөрийг тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

/ХХ-ийн 196-207 дугаар тал/

 

-15.137 евро*2967,20 төгрөг=44.914.506 төгрөг,

-44.914.506 төгрөг-1.000.000 төгрөг=43.914.506 төгрөг /2020.06.02-ны өдөр Б.Байгалмаагийн Хаан банкны данснаас Т.Ж ХХ-ийн төлбөр төлсөн/

-43.914.506 төгрөг/2=21.957.253 төгрөг /алданги/

-43.914.506 төгрөг+21.957.253 төгрөг=65,871.759 төгрөг /Т.Ж ХХК-ийн тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлөх төлбөр/

 

2019 оны 7 сарын 24-ний өдөр Монгол банкнаас зарласан еврогийн ханш 2967,20 төгрөг байсан ба уг мэдээлэл нь Монгол банкны www.mongolbank.mn мэдээллийн санд байршиж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу ханшийн лавлагааг нотлох шаардлагагүй.

 

Хариуцагч Т.Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тухайд:

-Беларусь улсад хураагдсан 17.113.882,5 төгрөгийн үнэ бүхий алим 13.000.000 төгрөг болж буурсан, хохирол 4.113.882,5 төгрөг,

-Хугацаа хожимдуулан алимны татан авалт 2019.08.18-ны өдөр хийлгэсэн ба алимын 50 хувь болох 9.75 тонн буюу 9.357.660 төгрөгийн алим устгалд оруулсан,

-2019.08.18-ны өдөр алим хүлээн авахад гаалийн төлбөрт 6.921.316,05 төгрөг төлснөөс 3.460.658 төгрөгийг муудсан алимны гаалийн төлбөрт төлсөн,

Нийт 16.932.200 төгрөг.

 

Гэрээний дагуу 2019 оны 7 сарын 15-ны өдөр Бүгд найрамдах Польш улсаас тээвэр зуучлагч М.В ХХК-иар тээвэрлүүлж байсан 19.5 тн 6.435 ам долларын үнэ алимыг 2019 оны 8 сарын 6-ны өдөр Беларусь улсын Гаалийн хороо хураан авсан болох нь зохигчийн тайлбар болон Бүгд Найрамдах Белорусь улсын гаалийн хорооны эд зүйлс болон бичиг баримт хураасан тухай протоколд тусгагджээ.

Уг протоколд Бүгд Найрамдах Белорусь улсын Захиргааны зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.9 дүгээр зүйл ангийн саатуулах, хувийн нэгжлэг, үзлэг хийхэд илрэн хураагдсан шинэ алим, бараа, барааг дагалдах баримт бичгүүд,

Бүгд Найрамдах Белорусь улсын Захиргааны зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.9 дүгээр зүйл ангийн дагуу хураах нь /зөвийг доогуур зурж, 5-р хэсэгт бөглөх/:

А. Захиргааны зөрчлийн эд зүйлс,

В/Захиргааны зөрчлийн хэрэгтэй холбоотой шийдвэр гаргахад нөлөөлөх бичиг баримтууд гэсний доогуур зурсан ба протоколд тусгаснаар 19.208 кг цэвэр жин бүхий шинэ алим, 32.461 /беларусь рубль/ болон 6 нэр төрлийн бичиг баримтыг хураан авчээ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т Үйлчлүүлэгч нь тээвэрлэлт эхлэхээс өмнө тухайн ачааны онцлог шинж байдал, даатгагдсан эсэх, түүнийг тээвэрлэх нөхцлийн талаар тээвэр зуучлагчид мэдэгдэж холбогдох баримт бичиг, мэдээ мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд энэхүү мэдээлэл буруу ташаа байснаас болон цаг хугацаанд нь гаргаж өгөөгүйгээс үүдэн гарах зардлыг үйлчлүүлэгч хариуцна,

3.2.11-т Ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх явцад дамжин өнгөрөх орны төр захиргааны буюу хяналтын байгууллагууд болох хил, гааль, хорио цээр г.м-ийн үзлэг шалгалтыг ачаанд хийх үеэр илэрсэн зөрчил, түүнийг арилгахтай холбоотой гарсан нэмэлт зардлыг үйлчлүүлэгч нь тээвэр зуучлагчид төлөх ба шаардагдах баримт бичгийг тээвэр зуучлагч талд тухай бүрт нь гаргаж өгч байх үүрэгтэй гэж заасан байна.

 

Дээрхээс үзэхэд тухайн эд зүйлс болон бичиг баримт хураасанд тээвэр зуучлагч М.В ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байгаагаас гадна тус байгууллага нь олон улсын тээвэр зохион байгууллалт, тээврийн ложистик үйлчилгээ эрхэлдэг байна.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 130-133, 136-137, 191-193, 208-217 дугаар тал/

 

Хариуцагч Т.Ж ХХК нь 2019 оны 7 сарын 26-ны өдөр Польш улс Варшав хот, Группа Конорру гэх байгууллагад бараа бүтээгдэхүүний төлбөрт буюу 19.5 тн шинэ алимны үнэд 7.020 ам доллар төлсөн байх бөгөөд алимыг ачаалсан баримтад борлуулагч Эстони улс, Таллин, ачих газар Кармалева, шинэ алим, гарал үүсэл хойд Македон, тоо ширхэг 1625, кг 21250, жин 19500, нийт 7020, тавиур дээр ачаалж байна, олгосон 2019 оны 8 сарын 18, бэлнээр төлсөн гэжээ.

2019 оны 9 сарын 3-ны өдрийн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт илгээгч Эстони, Таллин, гэрээлэгч Польш, хүлээн авагч Т.Ж ХХК, ачиж буулгах газар Алтанбулаг, валют евро, дүн 7.020, 19.500 кг, 1625 хайрцаг гэж тусгасан уг ачаанд 2019 оны 9 сарын 3-ны өдрийн 17:00:33 цагт Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн шалгалт хийгдсэн байна.

2019 оны 8 сарын 18-ны өдөр татан авалт хийлгэн хугацаа хожимдуулан алим татан авснаас алимны 50 хувь 9.75 тн алим муудсан тул устгалд оруулан 9.357.660 төгрөгийн хохирол учирсан, муудсан алимны гаалийн татварт 3.460.658 төгрөг гэж нэхэмжилж байна.

Уг үйл явдлаас хойш хариуцагч Т.Ж ХХК-ийн захирлын 2021 оны 8 сарын 2-ны өдрийн 13 дугаартай Бараа материал актлах тухай тушаалаар 9.750 кг бүхий 9.357.660 төгрөгийн алимыг актлан, устгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилон 2019 оны 8 сарын захиалгын дагуу татан авсан алимны муудсан хэсгийг устгасан гэх баримт үйлдэснийг 2019 оны 8 сард учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй.

Мөн уг муудсан гэх алимны гаалийн татварт 3.460.658 төгрөгийг нэхэмжилснийг нэхэмжлэгч М.В ХХК хариуцан төлөх болох нь тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Баянзүрх дүүргийн санхүү, төрийн сангийн хэлтсээс Т.Ж ХХК-ийн 2019 оны санхүүгийн тайланг гаргуулахаар шийдвэрлэсэн ба Т.Ж ХХК-ийн 2019 оны цахимаар илгээсэн санхүүгийн тайлан нь аудитын байгууллага зөвшөөрөөгүйгээс буцаагдсан тул баталгаажсан тайлан байхгүй талаар Баянзүрх дүүргийн засаг даргын тамгын газрын дарга 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 02/1183 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

Дээр дурдсанаас дүгнэж үзэхэд хариуцагч Т.Ж ХХК-ийн нэхэмжлэгч М.В ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохиролд 16.932.200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

/ХХ-ийн 1 дүгээр хавтасны 76-78, 86-87, 92, 101-104, 147, 149-152 дугаар тал/

 

Хариуцагч Т.Ж ХХК нь Зам Зам ЦэнгүүнжавХХК-тай 2019 оны 8 сарын 12-ны өдөр тээвэр зуучлалын гэрээ байгуулан 4 удаагийн захиалгын дагуу үйлчилгээ авч төлбөр төлсөн талаараа тайлбарлан, захиалгын хуудас, төлбөр төлсөн баримт ирүүлсэн ба энэ нь М.В ХХК-ийн нэхэмжлэлтэй 15.137 евро нэхэмжилсэн дээрх иргэний хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй тул энэ талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 380 дугаар зүйлийн 380.2, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ж ХХК-иас 65.871.759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.В ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.157.076 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Т.Ж ХХК-ийн 16.932.200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 380 дугаар зүйлийн 380.2, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Ж ХХК-иас 65.871.759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.В ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11.157.076 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч Т.Ж ХХК-ийн 16.932.200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.В ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540.400,21 төгрөгийг болон хариуцагч Т.Ж ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ж ХХК-иас 487.308 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.В ХХК-д олгосугай.

 

3. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 сарын 13-ны өдрийн 7673 дугаар захирамжаар хариуцагч Т.Ж ХХК-ийн эд хөрөнгийг 77.028.835,50 төгрөгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд уг захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй хэвээр байх болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН