Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00539

 

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00539

 

 

 

МВ- ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04265 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч МВ- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ТЖ- ХХК-д холбогдох тээвэрлэлтийн гэрээний үүрэгт 77,028,835 төгрөг гаргуулах тухай үндсэн, хохиролд 16,932,200 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

МВ- ХХК нь ТЖ- ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр манай компани үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгч гэрээнд заасны дагуу үйлчилгээний хөлс, төлбөрийг төлөх харилцааг зохицуулахаар тохирсон. Гэрээний хавсралт 1 буюу захиалгын хуудсаар үнэ, үйлчилгээ, хугацааг тохирон баталгаажуулдаг ба хавсралтад заасан ачааг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хөлсийг төлөх ёстой бөгөөд хавсралтад ачааг хүлээлгэн өгсөн хугацааг заасан. ТЖ- ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар манайд үйлчилгээний хөлс 15,137 евро төлөхийг зөвшөөрсөн. 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээгээр үйлчилгээ үзүүлсний дараа төлбөрөө авахаар тохирсон бөгөөд ТЖ- ХХК-тай 2019 оны 04 дүгээр сард байгуулсан гэрээгээр үйлчилгээ үзүүлэхийн өмнө төлбөрөө авдаг байсан. 9,383 еврогийн тухайд хураагдсан алимны үнэ буюу 5.754 еврог хассан байсан ба ТЖ- ХХК алимны мөнгийг Беларусын Гаалийн байгууллагаас авсан тул 9.383 еврогийн хэмжээнд эвлэрэх боломжгүй. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн захиалга 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ирсэн ба Польш улсын Варшав хотоос Монгол Улс Улаанбаатар хот хүртэл 11,470 евро, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захиалга 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ирсэн бөгөөд Бронизе-Алтанбулаг гадаад зайн төлбөр 7,280 евро, Алтанбулаг-Улаанбаатар дотоод зайн төлбөр 10,337,184 төгрөг болно. Хариуцагч гэрээний үүрэгт нийт 21,700,000 төгрөг төлсөн ба ачааны төлбөр 15,169 еврогоос зөрүү 31 еврог хасч 15,137 еврог төлөхөөр ТЖ- ХХК-тай тооцоо нийлсэн. Иймд ТЖ- ХХК-аас үлдэгдэл төлбөр 15,167.53 евро буюу 51,352,557 төгрөг, алданги 25,676,278.50 төгрөг, нийт 77,028,835.50 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Манай компани 2019 онд Польш улсын Группа канорро ХХК-аас авсан алим, жимсийг Монгол улс руу тээвэрлүүлэх зорилгоор МВ- ХХК-тай 2019 оны 07 сарын 09-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг байгуулсан.

Гэвч МВ- ХХК-аар 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Польш улсаас Монгол улс руу тээвэрлүүлж байсан 19.5 тн алимыг Беларусь улсын гаалийн байгууллага нь хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байгууллага тээвэрлэсэн гэх шалтгаанаар 19.5 тн алимыг гаалийн байгууллага хураасан. Энэ талаар МВ- ХХК үнэн зөвөөр мэдээлэлгүйгээр зөвхөн тээвэр түр гацсан, хариуг хүлээж байна гэж бүрэн бус мэдээлэл өгч байсан ба алим муудах эрсдэлтэй болсон тул Беларусь улсын элчин сайдын яамаар дамжуулан тодруулахад танай 19.5 тн алим тээврийн зөвшөөрөлгүй компаниар тээвэрлэж байсны улмаас хураагдсан талаар мэдсэн. Беларусь улсын гаалийн байгууллага хураагдсан алимыг үнийг бууруулан 13,400,000 төгрөгийг шилжүүлсэн.

МВ- ХХК дараагийн татан авалтын 19.5 тн алимыг тээврийн гацааны асуудлыг шийдээд татаж авна гэж хойшлуулсан тул манай компани өөр компаниар гүйцэтгүүлж хугацаа хоцорч алимаа авсан. Хугацаа хожимдож авснаас алимны 50 хувь буюу 9,75 тн алим муудаж устгалд оруулж хохирол учирсан. МВ- ХХК-д ажиллаж байсан Б.Ган-Очирт 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 600,000 төгрөг, нийт 10,600,000 төгрөг төлсөн ба ХААН банк дахь Б.Байгалмаагийн эзэмшлийн 5015083236 тоот данснаасаа 1,000,000 төгрөг төлсөн тул 15,137 еврогоос хасч тооцно. 51,352,557 төгрөгийг тооцохдоо нэхэмжлэл гаргах үеийн еврогийн ханшаар бодсон байна. Еврогийн ханшийг гэрээ байгуулах үеийн буюу 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ханш 2,998 төгрөгөөр тооцно. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн албан бичигт манай компанийг 9,383 евро төл гэсэн тул энэ мөнгийг төлнө, бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

МВ- ХХК-аар 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Польш улсаас Монгол улс руу тээвэрлүүлсэн 19.5 тн 6,435 ам.доллар буюу 17,113,882.5 төгрөгийн үнэ бүхий алимыг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байгууллага тээвэрлэсэн гэх шалтгаанаар тээвэрлэлт гацаж 19.5 тн алимыг гаалийн байгууллага хураасан. Тус алимыг Монгол улс руу тээвэрлэгдэх боломжгүй болсон тул Беларусь улсын гаалийн газар муудахаас нь өмнө тусламжийн байгууллагад 17,113,882.5 төгрөгийн үнэтэй алимыг 12,551.13 беларусь рубль буюу 13,400,000 төгрөгөөр үнэ бууруулан худалдаж 4,113,882.5 төгрөгийн хохирол учирсан.

Мөн МВ- ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс 19,5 тн алимны 50 хувь нь муудаж 9,357,660 төгрөгийн үнэ бүхий алимыг устгалд оруулсан. Уг алимыг авахад гаалийн төлбөрт нийт 6,921,316,05 төгрөгийг төлж авснаас муудсан 50 хувийн алимны гаалийн төлбөрийг хохиролд тооцож гаалийн төлбөрт 3,460,658 төгрөг, нийт 16,932,200.5 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

МВ- ХХК болон ТЖ- ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар үлдэгдэл төлбөрийг баталгаажуулсан. Тээврийн зөвшөөрөлгүй компани тээвэр хийсний улмаас алим хураагдсан гэх тайлбарыг зөвшөөрөхгүй. ТЖ- ХХК-ийн импортолсон бараа Польш улсаар дамжих боломжгүй бараа байсан, энэ тухай бидэнд мэдэгдээгүйгээс тухайн улсын гаальд хураагдсан.

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний 3.2.11-д ачаа тээвэрлэлтийг гүйцэтгэх явцад дамжин өнгөрөх орны төр захиргааны болон хяналтын байгууллагууд шаардагдах баримт бичгийг тээвэр зуучлагч талд цаг тухай бүрт нь гаргаж өгч байх үүрэгтэй гэж заасан. ТЖ- ХХК энэ үүргээ биелүүлээгүйгээс алим хураагдсан тул 4,113,882.5 төгрөгийг хохирол нь МВ- ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй.

Алимны татан авалт хийх хугацаа хойшилсоор алимны 50 хувь муудаж устгалд оруулан хохирол учирсан гэх ба тус компанийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан алимны тээвэрлэлтийг манай компани хийгээгүй бөгөөд тээвэрлэлтийг хийх үеийн алим муудах шалтгаанд хамааралгүй. Мөн бараа материал актлах тухай тус компанийн захирлын тушаал 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13 дугаар тушаал байх тул 2019 онд актлагдаагүйг нотолно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 380 дугаар зүйлийн 380.2, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ТЖ- ХХК-аас 65,871,759 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МВ- ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 11,157,076 төгрөгт холбогдох хэсгийг нь болон хариуцагч ТЖ- ХХК-ийн 16,932,200 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч МВ- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,400.21 төгрөгийг болон хариуцагч ТЖ- ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242,620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТЖ- ХХК-аас 487,308 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МВ- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.    Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. МВ- ХХК болон ТЖ- ХХК-ийн хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд тээвэрлэгч тал буюу МВ- ХХК нь ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулж, түүнтэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй байсан. МВ- ХХК нь гэрээний ...3.1.2-д тээвэрлэх явцад тоо хэмжээ, чанар бүтэн байдлыг алдагдуулахгүй тээвэрлэлтийг гүйцэтгэх, 3.1.5-д үйлчлүүлэгчийг ачааны тээвэрлэлтийн явцын мэдээллээр тасралтгүй хангах ачааг тээвэрлэх явцад бий болсон гэнэтийн нөхцөл байдлын талаар нэн даруй мэдэгдэх, 3.1.8-д тээвэр зуучлагч нь тээвэрлэлтийн явцад өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн гарсан аливаа зардал болон ачаа бараанд учирсан хохирлыг хариуцан барагдуулна... гэсэн заалтуудыг зөрчснөөс манай компанид 16,932,200.5 төгрөгийн хохирол учирсан.

Тухайлбал, 19,5тн 6,435 евро буюу 17,113,882.5 төгрөгийн үнэ бүхий алимыг хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зөвшөөрөлгүй байгууллага тээвэрлэсэн шалтгаанаар хураасан. Гэтэл тээвэрлэгч компани энэ нөхцөл байдлыг нууж мэдээлэл өгөөгүй. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай компани бодит байдлыг мэдэж 17,113,882.5 төгрөгийн үнэтэй алимыг 13,000,000 төгрөгөөр зарж 4,113,882.5 төгрөгийн хохирол учирсан. Мөн 7,020 евро буюу 18,715,320 төгрөгийн үнэ бүхий 19,5 тн алимны татан авалт хийх хугацааны талаар МВ- ХХК-д мэдэгдэж гэрээний үүргийг биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. Польш улсын Группа Канорро компаниас манай компанид алимыг яаралтай ав, удаан хадгалах боломжгүй талаар мэдэгдсэн тул өөр компанитай гэрээ байгуулж алимыг авсан. Ийнхүү хугацаа хожимдуулж авснаас алимны 50 хувь буюу 9,75 тн буюу 9,357,660 төгрөгийн үнэ бүхий алим муудаж устгалд оруулсан. Уг алимыг авахад гаалийн төлбөрт 6,921,316.05 төгрөгийг төлж МВ- ХХК-ийн буруугаас нийт 16,832,200.5 төгрөгийн хохирол учирсан.

Тус компанийн борлуулалтын менежер Б.Ган-Очирт 10,600,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд нь төлсөн байхад алдангид оруулж тооцсон нь буруу. МВ- ХХК нь ТЖ- ХХК-аас 21,957,253 төгрөгийн алданги шаардах эрхгүй тул анхан шатны шүүх алданги гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. МВ- ХХК гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй нь тогтоогдож байхад шүүх нотлох баримтад дүгнэлт хийхгүйгээр алданги гаргуулсан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 222 дугаар зүйлийн 222.3, 222.4 дэх хэсэгт заасныг хэрэглэлгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ТЖ- ХХК-аас алданги 21,957,253 төгрөг гаргуулсныг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Тээвэрлэлт нь үйлчлүүлэгчийн ачааны дагалдах бичиг баримтын шаардлага хангаагүй шалтгаанаар Беларусь улсын хил дээр хураагдсан. Тус улсын Гаалийн газраас гаргасан дүгнэлтэд тодорхой заасан. ТЖ- ХХК-ийн тээвэрлэлтийн эрхгүйгээс алим хураагдсан гэх тайлбар үндэслэлгүй. ТЖ- ХХК-аас нэхэмжилсэн буюу бараа хураагдсан 4,000,000 төгрөгийн асуудал манай компанид хамааралгүй. Мөн тус компаниас дараагийн тээвэрлэгдсэн алим муудаж, устгалд оруулсан гэж байна. Гэтэл тээвэрлэгдсэн алим нь манай компанид хамааралгүй. 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тээвэрлэж явсан алим хураагдсан ба барааг тээвэрлэх боломжгүй болсон гэдгийг хэлсэн. ТЖ- ХХК үүнээс хойш 6 хоногийн дараа өөр компаниар ачаа барааг тээвэрлүүлсэн. Мөн 2019 оны 08 дугаар сард хилээр оруулж ирсэн алимыг 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр гүйцэтгэх захирлын тушаал гаргаж устгасан гэж тайлбарласан. Гэтэл ямар нэгэн байдлаар хөндлөнгийн этгээдээр баталгаажаагүй, 2 жилийн дараа устгах акт үйлдэж устгалд оруулж хохирсон гэж тайлбарласан бодит биш. Манай компанид төлөх ёстой байсан төлбөрөөс 10,600,000 төгрөгийг Б.Ган-Очирт төлсөн учраас хариуцахгүй, хасах ёстой гэж байна. Энэ талаар өмнөх шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарласан. Б.Ган-Очир нь манай компаниас ажлаас гарсаны дараа ТЖ- ХХК-аас мөнгө авсан тул хамааралгүй. ТЖ- ХХК хохирогчоор тогтоогдож хохирлыг Б.Ган-Очир төлөхөөр шийдвэрлэсэн. Хариуцагчийн гаргасан гэх зардлыг манай компани төлөх үндэслэлгүй. Хамтран ажиллах гэрээ болон тооцоо нийлсэн актаар төлбөрийг төлнө гэж баталсан боловч мөнгөө өгөхгүй байгаа тул алдангийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар хэвээр үлдээж шийдвэрлэв.

1.    Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч Монложистикс ворлвайд ХХК нь хариуцагч ТЖ- ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 51,352,557 төгрөг, алданги 25,676,278.50 төгрөг, нийт 77,028,835.50 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч хохиролд 16,932,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

1.б. Талуудын хооронд 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тээвэр зуучлагч МВ- ХХК нь үйлчлүүлэгчийг төлөөлөн улс хоорондын болон орон нутгийн бүх төрлийн ачаа тээвэрлэлтийг шуурхай, найдвартай, чанартай зохион байгуулах (төмөр зам, авто, агаар, далайн буюу холимог тээвэрлэлт), түүнтэй холбоотой бусад үйлчилгээ (агуулах, гаалийн бүрдүүлэлт, зуучлал, хүргэлт, сав баглаа боодол, хаягжуулалт гэх мэт)-г үзүүлэх, үйлчлүүлэгч ТЖ- ХХК нь гэрээнд заасны дагуу харилцан тохиролцсон үйлчилгээний хөлсийг төлөхөөр тохиролцжээ. (1хав-3-4)

 

Зохигчдын тайлбар, дээрх гэрээнд заасан зорилго, агуулга хэрэгжсэн байдлаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасан тээвэрлэлийн гэрээний харилцаа үүссэн, мөн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

1.в.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч МВ- ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн болон мөн оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2 удаагийн захиалгаар Польш Улсын Варшав хотоос Монгол Улсын Улаанбаатар хот хүртэл хариуцагч ТЖ- ХХК-ийн захиалсан алимыг тээвэрлэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн хөлсийг гаргуулахаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд МВ- ХХК 15,137 еврогийн авлагатай гарсныг харилцан баталсан болох нь тооцооны үлдэгдлийн баталгаагаар тогтоогджээ. (1хав-5х)

 

1.г. Талууд гэрээний 4.3-т ... гадаад валютын ханшийг тухайн төлбөр төлөгдөх өдрийн Худалдаа хөгжлийн банкны бэлэн бусын зарах ханшаар тооцно гэж тохиролцсон ба 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн болон мөн оны 07 дугаар сарын 03-ны өдрийн захиалгыг нэхэмжлэгч МВ- ХХК 2019 оны 07 дугаар сарын 03, 24-ний өдөр тээвэрлэн ирүүлснийг үндэслэн анхан шатны шүүх 15,137 еврогийн төгрөгт тэнцэх ханшийг Монголбанкнаас зарласан 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ханш 2,967.20 төгрөгөөр тооцож хариуцагч ТЖ- ХХК 44,914,506 төгрөгийг нэхэмжлэгч МВ- ХХК-д төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар бус 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ханшаар тооцсонд гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчийн мэдүүлэг нь нотлох баримтад хамаарна. Гэрч Л.Эрдэнэсоёл ... 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай дансанд 1,000,000 төгрөг орж ирсэн... гэж мэдүүлсэн байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид төлөх 44,914,506 төгрөгөөс дээрх 1,000,000 төгрөгийг хасч тооцсон нь зөв болжээ.

 

1.д. Талууд гэрээний 4.1-д Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор төлнө, 4.2-т Тээвэр зуучлагчийн нэхэмжилсэн тээврийн хөлс болон бусад нэмэлт зардлыг энэхүү гэрээний 4.1-д заасан хугацаанд төлөх ба заасан хугацаанд төлөгдөөгүй тохиолдол хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар тээвэр зуучлагчид алданги төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн байна.

 

Хариуцагч ТЖ- ХХК нь 2019 оны 07 дугаар сарын 03, 24-ний өдөр алимыг хүлээн авсан тул мөн хугацаанаас хойш 10-н хоногийн дотор төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул хариуцагч ТЖ- ХХК-ийн гүйцэтгээгүй үүрэг 43,914, 506 төгрөгийн 50 хувь 21,957,253 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүх хариуцагч ТЖ- ХХК-аас 65,871,759 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 380.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

2. Хариуцагч ТЖ- ХХК нь нэхэмжлэгч МВ- ХХК-д холбогдуулан Беларусь улсад хураагдсан 17,113,882.5 төгрөгийн алимыг үнэ бууруулж 13,000,000 төгрөгөөр худалдсанаас 4,113,882.5 төгрөг, хугацаа хожимдуулж татан авалт хийснээс 9,75 тн алимыг устгасны үнэ 9,357,660 төгрөг, гаалийн төлбөрт төлсөн 6,921,316.05 төгрөгийн 50 хувь 3,460,658 төгрөг, нийт 16,932,200 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

2.а. Анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Бүгд найрамдах Польш улсаас тээвэр зуучлагч МВ- ХХК-аар тээвэрлүүлсэн 19.5 тн алимыг 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Беларусь улсын Гаалийн хороо хураасан нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байх ба энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

3. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын талаар

3.а. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Ган-Очироос 8,600,000 төгрөг гаргуулж ТЖ- ХХК-д олгож шийдвэрлэсэн байх тул МВ- ХХК-ийн борлуулалтын менежер Б.Ган-Очирт төлсөн 10,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хасч тооцоогүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

 

Мөн талууд гэрээний 4.1-д Үйлчлүүлэгч нь урьдчилан бичгээр харилцан тохиролцсон тээврийн хөлс болон тухайн тээврийг зохион байгуулахад гарсан аливаа нэмэлт зардлыг ачаа хүлээн авснаас хойш 10-н хоногийн дотор төлнө гэж тохиролцсон ба хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд тээвэрлэлтийн хөлсийг төлөөгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхтэй.

 

3.б. Нэхэмжлэгч МВ- ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Иймд нотлох баримтыг буруу үнэлж алданги 21,957,253 төгрөг гаргуулсан, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.3, 222.4 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй гэх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2021/04265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 268,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Н.БАТЗОРИГ