Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2020/03931

 

 

 

 

2020 11 10 101/ШШ2020/03931     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  О ББСБ ХХК /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.О

Хариуцагч: Л.Ж нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 7,245,187.25 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч М.М, Б.Н нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.О, Л.Ж нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сарын 3,5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 16,560,000 төгрөгийн Зээлийн .... дугаартай гэрээ байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр .........дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн, ......улсын дугаартай сувдан цагаан өнгийн тоёато приүс 30 маркийн автомашиныг барьцаа хөрөнгийн жагсаалтад бүртгүүлж Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөн.

Хариуцагч нартай удаа биечлэн болон гар утсаар холбогдож зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулж хугацаа олгож зээлийн хоцрогдолдоо арилгах талаар мэдэгдэж, улмаар ..... улсын дугаартай тоёато приүс 30 маркийн автомашиныг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Зээлийн барьцаа шалгасан акт баримт үйлдэж хураан авч Вендо компаниар техникийн үнэлгээ хийлгэхэд 12,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба зээлийн төлөлтөөс 12,055,000 төгрөг хасч тооцсон.

Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 5,584,701.27 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,580,249.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 80,236.10 төгрөг төгрөг нийт 7,245,187.25 төгрөгийг нэхэмжилж байгаагаас үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 1,660,485 төгрөгийг хасч, хариуцагч нараас 5,584,701 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Л.Ж, Т.О нар шүүхэд болон Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний авсан машиныг тухайн банк бус санхүүгийн байгууллага нь 2020 оны 03 дугаар сард зогсоолд тавьсан байсныг хураагаад аваад явсан. Би нийт дүнгээрээ урьдчилгаа 3,140,000 төгрөг, эргэн төлөлтөд 7,210,500 төгрөг, нийт 10,350,500 төгрөг төлөөд дээр нь машинаа буцааж өгсөн учраас тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьд ямар ч алдагдал байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК, хариуцагч Т.О, Л.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,245,187.25 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1,660,485 төгрөгөөр багасгаж, хариуцагч нараас 5,584,701 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж, автомашин худалдаж авахтай холбоотой, зээлд нийт 10,350,500 төгрөг, нэмээд автомашинаа хураалгасан, амьдарлын боломж муутай гэх тайлбар гаргажээ.

Зохигчийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ...... тоот зээлийн гэрээгээр хариуцагч нар нэг сарын 3,5%-ийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 16,560,000 төгрөгийг нэхэмжлэгчээс зээлж, мөн өдрийн .... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ээр арлын ... дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн 2018 онд Монгол улсад импортлогдон орж ирсэн, ... улсын дугаартай, Тоёота приүс 30 маркийн автомашиныг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлжээ.

Зээл олгосон асуудлаар зохигч маргаагүй учир нэхэмжлэгч Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т зааснаар хуульд нийцүүлэн зээлийг олгосон гэж үзэх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.

Мөн зохигчийн хооронд байгуулсан .... тоот Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний дагуу тус . улсын дуг...аартай, суудлын автомашиныг нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр автомашиныг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан, Вендо ХХК-ийн үнэлгээгээр тус автомашин 12,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хуульчилсан ба нэхэмжлэгч мөн хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.6-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ аргыг сонгожээ. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх буюу фидуцийн гэрээг хуульд өөрөөр заагаагүй бол бичгээр байгуулах ба бичгийн гэрээнд үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцдог байна.

Хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг хураан авах үед хариуцагч 17,154,037 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй, түүнээс автомашиныг 12,055,000 төгрөгийг хасч нэхэмжлэгч /үндсэн зээл, хүүг оролцуулан/ нийт 7,245,485 төгрөгийн үлдэгдэлтэй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан зээл, хүүгийн тооцооллоос илэрхийлэгдэж байна. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заасан.

Гэвч зохигчийн хооронд байгуулсан гэрээний 2.2-т нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн .......улсын дугаартай автомашины эзэмшлийг, барьцаа хөрөнгийг удирдах эрхийг зээлдэгч Т.О, Л.Ж нарт шилжүүлсэн байх тул мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т зааснаар үүрэг дуусгавар болсон гэж үзэхгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хариуцагчийн тайлбараас үзэхэд хариуцагч нар 12 удаагийн гүйлгээгээр 7,710,500 төгрөгийг зээлд төлсөн, өөр төлбөр гүйцэтгээгүй байна. Хариуцагч нарын нэхэмжлэлээс татгалзсан шалтгаан нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.

Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч урт хугацаатай зээлийн гэрээний үүрэгт 5,584,701 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх тул хариуцагч Т.О, Л.Ж нараас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.

Фрэйндс файнэнс ББСБ нь 2018 онд оноосон нэрээ О ББСБ ХХК болгон өөрчилсөн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.      Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Т.О, Л.Ж нараас 5,584,701 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,873 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.О, Л.Ж нараас 104,305 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ