Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00193

 

 

О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03931 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ББСБ ХХК-ийн хариуцагч Т.О, Л.Ж нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5 584 701 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.М,

Хариуцагчийн өмгөөлөгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.О, Л.Ж нар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 16 560 000 төгрөгийн зээлийн №ЗГ001811284 дугаартай гэрээ байгуулсан. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашиныг барьцаа хөрөнгийн жагсаалтад бүртгүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/ байгуулсан. Хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг зөрчсөн. Хариуцагч нартай удаа биечлэн болон гар утсаар холбогдож зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулж хугацаа олгож зээлийн хоцрогдолдоо арилгах талаар мэдэгдэж, улмаар тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашиныг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцаа шалгасан акт баримт үйлдэж хураан авч Вендо компаниар техникийн үнэлгээ хийлгэхэд 12 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн ба зээлийн төлөлтөөс 12 500 000 төгрөг хасч тооцсон. Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 5 584 701.27 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1 580 249.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 80 236.10 төгрөг төгрөг нийт 7 245 187.25 төгрөгийг нэхэмжилж байгаагаас үндсэн болон нэмэгдүүлсэн хүү 1 660 485 төгрөгийг хасч, хариуцагч нараас 5 584 701 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Л.Ж , Т.О нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь миний авсан автомашиныг тухайн банк бус санхүүгийн байгууллага нь 2020 оны 3 дугаар сард зогсоолд тавьсан байсныг хураагаад аваад явсан. Би нийт дүнгээрээ урьдчилгаа 3 140 000 төгрөг, эргэн төлөлтөд 7 210 500 төгрөг, нийт 10 350 500 төгрөг төлөөд дээр нь автомашинаа буцааж өгсөн учраас тухайн банк бус санхүүгийн байгууллагын хувьд ямар ч алдагдал байхгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.О, Л.Ж нараас 5 584 701 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 71.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 873 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.О, Л.Ж нараас 104 305 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Бид 20 700 000 төгрөгийн үнэ бүхий тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашиныг худалдан авахаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр "Фрэйндс файнэнс ББСБ ХХК-тай ЗГ001811284 дугаарын зээлийн гэрээ, ФД001811284 дугаарын фидуцийн гэрээг байгуулан 16 650 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Тээврийн хэрэгслийг худалдан авахдаа урьдчилгаа 3 140 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлээ графикийн дагуу төлж байсан ба заримдаа хугацаа хэтрүүлж байсан ч 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл үндсэн зээл болон зээлийн хүүд 7 210 500 төгрөгийг төлсөн байдаг. Үүнээс зээлийн графикийн дагуу 4 000 000 төгрөг нь үндсэн зээлд үлдэгдэл нь хүүд тооцогдсон. Бидний зээл төлөөгүй шалтгаан нь эхнэр Т.О 2019 оны 11 дүгээр сарын сүүлээс хөл нь өвдөж, эмчилгээ шинжилгзэнд маш ихээр зарцуулах болсон, нөхөр Л.Ж 4-12 настай бага насны 4 хүүхдээ хараад ажлаа хийж чадахгүй байсан зэргээс шалтгаалсан болно. ББСБ нь 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр автомашинаа зогсоол дээр тавьчихсан байхад бидэнд мэдэгдэлгүй хураан авч тухайн өдрөө ББСБ нь өөрийн эзэмшилд автомашинаа шилжүүлэн авсан. Бид шүүхээс дуудах үед очиж хэргийн материалтай танилцах үедээ биднээс хураан авсан тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашиныг Омни капитал ББСБ" ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ч.Гансэлэм гэдэг хүнд 12 500 000 төгрөгөөр зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулан худалдсаныг мэдсэн. Харин үүнээс засварын үнэ 455 000 төгрөгийг хасч тооцож буйг хулээн зөвшөөрөхгүй. Учир нь худалдаж аваад нэг жил л унасан тээврийн хэрэгсэл бөгөөд засвар хийх шаардлагагүй байсан. Бидний графикийн дагуу төлсөн үндсэн зээл 4 000 000 төгрөг дээр тээврийн хэрэгслийг бусдад худалдсан үнэ болох 12 500 000 төгрөгийг нэмбэл 16 500 000 төгрөгийн үндсэн зээлийг төлж барагдуулсан байна. Харин ББСБ нь шүүх хуралдаан дээр нийт 7 245 187 төгрөг нэхэмжилснээс үндсэн болон нэмэгдүүлсэн хүүнд 1 660 485 төгрөгийг хасч, үндсэн зээл 5 584 701 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг шүүх зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг нягталж шалгалгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Түүнчлэн ББСБ нь ямар ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тээврийн хэрэгслээ хураан авснаас хойш 6 сарын дараа 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивын лавлагаанд Фрэйндс файнэнс ББСБ ХХК нь оноосон нэрээ О ББСБ ХХК болгон өөрчилж, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай лавлагааг нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтыг нягтлаагүй нь шүүх хэргийг үнэн зөв шийдсэн эсэх эргэлзээг төрүүлж байна. Учир нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Фрэйндс файнэнс ББСБ ХХК тай зээлийн гэрээ, фидуцийн гэрээ байгуулсан ба гэрээний нөгөө тал нь эрх зүйн чадамжгүй болсон байсныг шүүх анхаарсангүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь хариуцагч Т.О, Л.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 245 187 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 1 660 486 төгрөгөөр багасгаж 5 584 701 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Фрэйндс файнэнс ББСБ ХХК, Т.О, Л.Ж нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ001811284 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 16 560 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай олгох, зээлдэгч нар зээлийг хүүгийн хамт гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу буцаан төлөх үүрэг хүлээсэн байхаас гадна эргэн төлөлтийн хуваарь зөрчиж хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцжээ. /хх-11-13/

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ФД001811284 дугаартай Т.О ын Тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашиныг Фрэйндс файнэнс ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Хэргийн 44 дүгээр тал дах баримтаар Фрэйндс Файнэнс ББСБ ХХК нь оноосон нэрээ өөрчилж О ББСБ ХХК болгон 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн архивын лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Фрэйндс Файнэнс ББСБ ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т.О, Л.Ж нартай байгуулсан зээл болон фидуцийн гэрээг тус банк бус санхүүгийн байгууллагын нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор О ББСБ ХХК-тай байгуулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Талууд зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө болох 16 560 000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн болон фидуцийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргасангүй.

 

Хариуцагч нар нь 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүртэл хугацаанд зээлийн төлбөрт нийт 7 710 500 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн хэргийн 46-47, 57-66 дугаар талд авагдсан зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт, хариуцагч нарын дансны хуулга болон зохигчдын тайлбараар тогтоогджээ. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК-иас хариуцагч Т.О мөнгө зээлж худалдан авсан Тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашиныг уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож байгуулсан фидуцийн гэрээний дагуу өмчлөх эрхийг тус банк бус санхүүгийн байгууллага өөрийн нэр дээр шилжүүлэн авсан үйл баримт нь хэрэгт авагдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ болон тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээрх автомашины эзэмшлийг нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч нарт үлдээсэн боловч зээлийн гэрээний үүргээ удаа дараа зөрчсөн тул О ББСБ ХХК-ийн зүгээс 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцаа шалгасан акт үйлдэж хураан авч, уг автомашины эзэмшлийг бодитойгоор гаргуулан авснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болсон гэж үзнэ. /хх-41/

 

Зээлдэгч нар гэрээнд зааснаар зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 7 710 500 төгрөгийн төлөлт хийсэн ба 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойш төлөлт хийгээгүйн улмаас О ББСБ ХХК хариуцагч Т.О оос 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхийг шаардаж байсан, үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч тодорхой үр дүн гараагүй болох нь зээл эргүүлэн төлөх тухай мэдэгдэл, тус байгууллагад гаргасан хариуцагчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хүсэлт болон талуудын тайлбараар тогтоогдсон байна. /35-37/

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр зээлийн гэрээг цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Фидуцийн гэрээгээр талууд зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд уг гэрээний зүйл болох автомашиныг 20 700 000 төгрөгний төлбөрт тооцох агуулгаар тохиролцжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас фидуцийн гэрээний зүйлийг хураан авснаар фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон ба зээлийн гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойшхи хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаарна. Талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу автомашиныг нэхэмжлэгч хариуцагчаас хурааж авч фидуцийн зүйлийг эзэмшилдээ шилжүүлж авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан гэж үзэхээр байна.

 

Зохигчид фидуцийн гэрээнд автомашины үнийг 20 700 000 төгрөгөөр тооцон тохиролцсон байтал уг автомашиныг хариуцагч нар такси үйлчилгээнд 2 жилийн хугацаанд хэрэглэж ашигласан элэгдэл хорогдлыг тооцож үнэлгээ хийлгэж Вендо хөрөнгийн үнэлгээний компани нь 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 20/06 дугаар автомашин техникийн үнэлгээний тайлангийн үнэлгээгээр Тоёота приус-30 маркийн 49-15 УБО улсын дугаартай автомашины зах зээлийн үнэлгээг 12 000 000 төгрөгөөр үнэлүүлсэн байна. /хх-38/

 

Дээрх хөрөнгийн үнэлгээг үндэслэж, О ББСБ ХХК нь бусдад буюу Ч.Гансэлэмд 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, уг гэрээний дагуу 12 500 000 төгрөгөөр лизингээр худалдаж зээл олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх25-29, 30-32/

 

Талууд нэгэнт фидуцийн гэрээний зүйлийн үнийг 20 700 000 төгрөгөөр тохиролцож хүсэл зориг нь нэгдсэн тул уг автомашины ердийн элэгдэл хорогдлыг тооцож тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч О ББСБ ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох уг автомашиныг хураан авч, 445 000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэсэн болох нь хэргийн 40 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон. Хэргийн баримтаар 445 000 төгрөгийн завсар үйлчилгээ хийсэн болох нь нотлогдсон бөгөөд хариуцагч тал энэ талаар үгүйсгээгүй байна.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул дараах байдлаар залруулах боломжтой.

 

Иймд зээлийн гэрээний дагуу төлөх ёстой төлбөр болох 19 765 500 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 7 710 500 төгрөг, фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан автомашины үнэ 20 700 000 төгрөг, завсар үйлчилгээ хийсэн 445 000 төгрөгийг тус тус хасч тооцвол хариуцагч нар Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 101/ШШ2020/03931 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Т.О, Л.Ж нараас 5 584 701 төгрөг гаргуулан О ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын үлдээж гэснийг үлдээсүгэй гэж, хариуцагч Т.О, Л.Ж нараас 104 305 төгрөг нөхөн гаргуулж нэхэмжлэгч О ББСБ ХХК-д олгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ