Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 21

 

 

 Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00072 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Бичигт багийн 2-57А тоотод оршин суух, ПЖ85042805 регистрийн дугаартай, Цалинч овогт Эрдэнэбатын Баясгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Баянхайрхан багт оршин суудаг, ДБ83052914 тоот регистрийн дугаартай, Модчин овогт Дондовын Баянбаатарт  холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагч Д.Баянбаатар түүний өмгөөлөгч М.Энхзаяа/онлайнаар/, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 2.995.300 төгрөг гаргуулах тухай .

 

Нэхэмжлэлийн агуулга: “Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл жолоодож явсан Д.Баянбаатар нь зам тээврийн осол гаргаж миний хүү М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Д.Баянбаатарт Ховд аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхэд шилжүүлсэн. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаартай тогтоолоор Д.Баянбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

Уг гэмт хэргийн улмаас миний хүү Мөнгөнхүүгийн Мандалбаярын эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд тухайн үед зарцуулагдсан хохирол болох нийт 3,000,000 /гурван сая/ төгрөгөөс 1,004,700 /нэг сая дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор, үлдсэн 1,995,300 /нэг сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа Д.Баянбаатар нь бичгээр илэрхийлж, шүүхэд өгч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн" гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, торгох ялаар шийтгүүлсэн.

Д.Баянбаатар нь нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирлоос 1,004,700 /нэг сая дөрвөн мянга долоон зуу/ төгрөгийг төлсөн боловч, 1,995,300 /нэг сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөгийн хохирлыг одоог хүртэл төлөхгүй байна. М.Мандалбаярын биед учирсан гэмтэл эдгэхгүй байгаагийн улмаас миний бие нь хүүгээ Улаанбаатар хот руу 2018 оны 3 дугаар сар, 6 дугаар саруудад авч явж мэс засал, эмчилгээнд дахин оруулсан.

Д.Баянбаатарт холбогдох эрүүгийн хэрэг шийдэгдсэнээс хойш биднээс дахин 1,000,000 /нэг сая/ төгрөгийн эмчилгээний зардал гараад байна. Иймд хариуцагч Д.Баянбаатараас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 2,995,300 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хэрэгт миний өмгөөлөгч болон эсрэг талын өмгөөлөгч нар хоорондоо ярилцаж байгаад баримт үйлдээд надаар гарын үсэг зуруулсан. Би удаан хугацаанд гэртээ очоогүй байсан учраас хэрвээ үүнд гарын үсэг зурчихвал хэрэг хурдан шийдвэрлэгдээд гэртээ харих юм байна гэсэн ойлголтоор гарын үсэг зурсан. Би хохирогчийг хагалгаанд ороход, мөн хадаас авахуулах мөнгө өгсөн. Мөн түүний ээжид нь 250,000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд тухайн үед эмчилгээний зардал гээд нэхэмжилснийг би төлсөн. Хэрэгт авагдсан хүсэлтийг би ч бичээгүй хоёр өмгөөлөгч бичсэн. Тэгээд би гарын үсэг зурсан. Одоо нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжилж байгаа хохирол нь ямар нэгэн бичиг баримтаар нотлогдоогүй учраас би төлөхгүй. Хэрвээ нотлох баримттай байвал огт төлөхгүй гэж хэлээгүй гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00072 дугаар шийдвэрээр:” Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Баянбаатарт холбогдох гэм хорын хохирол 2,995,300 /хоёр сая есөн зуун ерэн таван мянга гурван зуу/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Э.Баясгалан нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй гэж шийдвэрлэжээ. 

  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:

  Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Д.Баянбаатар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, 7.1 дүгээр зүйлд заасан тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-д зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрснээр хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах нь мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д тусгайлан зааснаас бусад гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх журам юм.  Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолд Д.Баянбаатарын үйлдсэн гэмт хэргийн улмаас М.Мандалбаярын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон байгаа.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бодитой, тал бүрээс нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс алдааг зөвтгөж шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь гэм хорын хохирол 2995300 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Д.Баянбаатарт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.  

Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Баянбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэснээс хойш биднээс дахин 1000000 төгрөгийн эмчилгээний зардал гарсан, мөн 1995300 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа бичгээр илэрхийлж, шүүхэд өгч “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлага нь ямар нэгэн нотлох баримтад үндэслэгдээгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар хариуцагч Д.Баянбаатар нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 63-78 ГАА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 41-55 УНМ улсын дугаартай  Портер маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж зам тээврийн осол гаргаж М.Мандалбаяр, Б.Алтангэрэл нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 143 дугаар шийтгэх тогтоолоор Д.Баянбаатарыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Уг хэргийн хохирогч М.Мандалбаярын хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэгч Э.Баясгалан болох нь улсын бүртгэллийн ерөнхий газар улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүх уг шийтгэх тогтоолын 4-д “шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй” болохыг дурдсан байх боловч  хэргийн 19 дүгээр талд шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Д.Баянбаатар нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч М.Мандалбаярын бодит хохирол 1004700 /нэг сая дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 10-ны дотор, үлдсэн 1995300 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор нөхөн төлж барагдуулах болохоо бичгээр илэрхийлж гарын үсгээ зурсан  байна. /хх-ийн 19 дүгээр тал/           Хариуцагч Д.Баянбаатар нь уг бичгийн баримтыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааны явцад хоёр талын өмгөөлөгч нар байлцаж үйлдсэн  би зөвхөн гарын үсгээ зурсан гэж тайлбарлаж байгаа боловч  энэхүү бичгээр  илэрхийлсэн хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.-д заасан “энэ хуулийн тусгай ангийн хорих ялын дээд хэмжээг 3 жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн...” гэх зохицуулалттай нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Энэ талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учирсан бол гэм буруутай этгээд Иргэний хуулийн 497,505 дугаар зүйлд зааснаар хохирогчийн эмчилгээний зардал, хөдөлмөрийн чадвар алдсанаас олох байсан орлогын  хэмжээгээр хохирлыг нөхөн төлнө.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснааар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс,түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж  тус тус хуульчилжээ.

Дээрх хуульд зааснаар хариуцагч Д.Баянбаатар нь өөрийн гэм буруутай үйлдлийн  улмаас бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч Д.Баянбаатар нь хохирол төлөхөө илэрхийлсэн дээрх бичгийн баримтад дурдсан хохирогч М.Мандалбаярын бодит хохирлоос эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараа 1000000 төгрөгийг төлсөн байна. Үлдсэн 1995300 төгрөгийг 2018 оны 04 дүгээр сарын 30-ны дотор нөхөн төлж барагдуулахаар бичгээр илэрхийлсэн боловч төлөөгүй байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас үнэлж, хариуцагч Д.Баянбаатараас түүний эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд шүүхэд хохирол төлөхөө илэрхийлсэн бичгийн баримтад дурдсан 1995300 төгрөг, 2018  оны 03 дугаар сарын 07-ны  өдөр Улаанбаатараас Ховдод ирсэн хот хооронд орон нутгийн  зорчигч тээврийн тасалбараар Мөнгөнхүү 65000 төгрөг, Мандалбаяр 32500 төгрөг, Баясгалан 65000 төгрөг, 2018  оны 06 дугаар сарын 04-ний  өдөр Ховдоос Улаанбаатар хот явсан   зорчигч тээврийн тасалбараар Мандалбаяр 32500 төгрөг, Баясгалан 65000 төгрөг нийт 2255300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 497,505 дугаар зүйлд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ./хх-ийн 6-10,19 дүгээр тал/ Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын  зарим хэсгийг нь хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн шаардлага хангагдсан хэмжээгээр хариуцагч Д.Баянбаатараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2019/00072 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч Д.Баянбаатараас гэм хорын хохиролд 2.255.300 /хоёр сая хоёр зуун тавин таван мянга гурван зуун/ төгрөг гаргуулж,нэхэмжлэгч Э.Баясгаланд олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Э.Баясгалан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч Д.Баянбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 51035 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.” гэж өөрчлөлт оруулж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7.-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              М.НЯМБАЯР

          

                                            ШҮҮГЧИД                                  Б.ДАМБА

                      

                                                                                               Н.ТУЯА