Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2022/0683

 

 

2022-09-15           128/ШШ2022/0683

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Д П*****” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.С****

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Л*****

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Н******, Б.Н*****

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*****, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Л*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*****, Б.Н*******, нарийн бичгийн дарга А.Мэргэндарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д П*****” ХХК нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “...Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Анх Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” батлагдаж түүний дагуу нэхэмжлэгч “Д П*****” ХХК нь “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл” өгч тусгай зөвшөөрөл авч байжээ.

3. Үүний дараагаар Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” 14 дүгээр тогтоолоор “Д П*********” ХХК-ийн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлжээ.

4. “Д П****” ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолыг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус захиргааны байгууллагын 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 7 дугаар албан бичгээр  “Хороо хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн асуудлыг шийдвэрлэсэн байх тул Хорооны 2022 оны 14 дүгээр тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна” гэх хариуг авсны дагуу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С****** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай тогтоолоор нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Тус тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэлээ тайлбарлахдаа үнэт металл болон үнэт чулууны эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журамд Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан зөрчил дутагдал илэрсэн гэж тайлбарладаг. Санхүүгийн зохицуулах хорооноос “Д П*********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх гол үндэслэл болгож байгаа энэхүү журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулж байна. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан гадагш чиглэсэн үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно. Үүнээс үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нийтээр дагаж мөрдүүлэхээр үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр арилжаа эрхлэгч, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулах, байнга давтагдах шинжтэй захиргааны хэм хэмжээний актыг баталсан. Энэхүү журам нь захиргааны хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйл, 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлж, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д заасны дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захиргааны хэм хэмжээний нэгтгэлд нийлүүлснээр хүчин төгөлдөр болохоор байна. Гэвч энэхүү журам нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдээгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэгдсэн. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-д заасан захиргааны хэм хэмжээний актын шаардлагыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт 67.2-д заасан буюу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлээгүй шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй гэсэн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдүүлснээр үүсэх үр дагаврыг захиргааны хэм хэмжээний акт гаргасан хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага хариуцна гэсэн байдаг. Дээрх бүгдээс дүгнэн үзэхэд Санхүүгийн зохицуулах хороо нь эрх зүйн үйлчлэлгүй, хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж “Д П**********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай тогтоол нь хэрэгжих боломжгүй, захиргааны акт бодитой байх, хуульд үндэслэгдсэн байх шаардлагыг хангаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх гэж заасныг тус тус зөрчсөн бөгөөд захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл хууль зөрчиж гарсан байна гэж үзэж байна. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл түдгэлзүүлэх тухай тогтоолыг хууль бус болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Д П*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Уас 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус хороонд хувьцаа эзэмшигч Х.Ш******, Х.Д******* нар Монгол Улсын Татварын тухай хуулийг зөрчин Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-16 Галлериа-Улаанбаатар худалдаа үйлчилгээний 2 дугаар давхар, Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 15а байр 2-1 тоот Голден Будда Худалдааны төвд үнэт эдлэл худалдан борлуулахдаа онц их хэмжээний мөнгийг хувийн дансаар хүлээн авч, гүйлгээ хийж, мөнгө угааж үйлчлүүлэгчдэд нэмэгдсэн өртгийн албан татварын баримт өгөхгүй, татвараас зайлсхийх гэмт хэргийн шинж чанартай үйлдэлд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хэрэг нээн шалгагдаж байгаа тул “Д П****” ХХК болон “И д л*****” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож өгнө үү гэж, мөн иргэн М.М*******ээс тус хороонд 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж 15а байр, 2-1 тоот Голден Будда төвд хууль болон журамд заасан тусгай зөвшөөрөлгүйгээр “ЭПЛ” брэндийн үнэт эдлэлийг худалдан борлуулж байна. Тухайн салбарын үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийг хэрэгжүүлж өгнө үү гэсэн. Хууль болон захирамжийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 305 дугаар тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд нэр бүхий хоёр этгээдэд газар дээр нь очиж шалгалт хийж гүйцэтгэсэн. Газар дээрх шалгалтын хүрээнд “Д П********” ХХК нь Голден Будда худалдааны төвд зөвшөөрөлгүйгээр салбар нээн ажиллуулсан байсан. Тухайн зөрчил, дутагдал илэрсний улмаас ажлын хэсгээс Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар “Д П********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг буюу үнэт эдлэл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн. Хэлэлцүүлж шийдвэрлэхээс өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үүсэж байгаа нөхцөл байдлын талаар тайлбар, санал авах, боломж олгохоор тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Х.Ш********, Б.У********* нарт сонсох ажиллагаа хийх, мэдэгдлийг хүргүүлсэн. Сонсох ажиллагааны хүрээнд хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Х.Ш******** нь “Д П*********” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хүрээнд салбар нээн ажиллуулахдаа зөвшөөрөл авна гэдгээ мэдээгүй, бид шинээр салбарын зөвшөөрөл авахаар холбогдох баримт бичгийг бүрдүүлж байна гэсэн. Мөн манай байгууллагын үйл ажиллагааг түдгэлзүүлэхгүй, хэвийн явуулж тусална уу гэсэн тайлбарыг ирүүлсэн. Хувьцаа эзэмшигч Б.У*********** хувьд сонсох ажиллагаатай холбоотой мэдээллийг цахим шуудангаар ирүүлсэн. Тус тайлбарт “Д П***********” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.У нь Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн ирүүлсэн мэдэгдэлтэй танилцлаа. Санхүүгийн зохицуулах хорооны “Д П*********” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн газар дээрх шалгалтаар тус компани нь хэд хэдэн зөрчилтэйгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа нь тогтоогдсон. Иймд “Д П*********” ХХК-ийн үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв хэмээн үзэж байна. Одоогоор олон тооны зөрчилтэй компани тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэн хүчингүй болгох асуудлыг хууль, дүрэмд нийцүүлэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэсэн сонсох ажиллагааны тайлбарууд ирсэн. Дээрх илэрсэн зөрчил, дутагдалд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д заасныг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч талаас Санхүүгийн зохицуулах хорооны үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааны журмыг хууль бус, хүчин төгөлдөр бус журам гэж тайлбарлаж байна. Санхүүгийн арга хэмжээг хэрэгжүүлэх Олон улсын байгууллага буюу ФАТФ-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Монгол улсыг саарал жагсаалтад оруулсан ба мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтад оруулсан. Энэхүү саарал жагсаалтад оруулсан гол үндэслэл нь үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нарын үйл ажиллагааг Монгол улсын хэмжээнд хянаж зохицуулахгүй байна, мөнгө угаах эрсдэлд өртөх өндөр эрсдэл байна. Үүнээс шалтгаалан дээрх салбарт зохицуулалтаар үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, тусгай зөвшөөрөл олгож хянаж зохицуулах үүрэг даалгаврыг өгсөн. Тус даалгаврын хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тус тус нэмэлт оруулан санхүүгийн бус бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа болох үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа болгон зохицуулах, хяналт тавих үүргийг Санхүүгийн зохицуулах хороонд олгосон. Үүний хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын тушаалаар холбогдох Монгол улсын хэмжээнд яам, агентлагууд нийлсэн том ажлын хэсэг байгуулж энэхүү ажлын хэсгийн бүрдүүлж Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлөөр салбарын баталж байна. Санхүүгийн зохицуулах хороо хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, Олон улсын байгууллагаас ирсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, Монгол улсын саарал жагсаалтаас гаргах ажлын хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 22 дугаар зүйлийн 22.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн нийт 44 хуулийн этгээд 444 иргэнд үнэт металл, үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг олгож, хяналт тавин ажиллаж байна. Энэ журам нь Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх ёстой хэм хэмжээний актын шаардлагыг хангаж байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн тайлбартай санал нийлэхгүй байгаа ба Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д нийтлэг шинжээр тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны  акт байж болно гэж заасан байдаг. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 150 дугаар тогтоолоор баталсан журам нь үнэт металл, үнэт чулуу эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг тодорхойлоод тусгай зөвшөөрөл олгох, бүртгэх, тэдгээрийг түдгэлзүүлэх зэргээр хүчингүй болгохтой холбоотой нарийвчилсан актаар зохицуулж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн буюу зөвхөн үнэт металл, үнэт эдлэл эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч нарт чиглэсэн захиргааны акт гэж үзэж байгаа тул энэхүү үйл ажиллагааг зохицуулна гэж үзэж байна. Тус шинжээр Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заалтад хамаарах тул энэхүү журам нь хууль зүйн хүчин төгөлдөр журам гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан үндэслэлийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх хариуцагч талаас хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.            Нэхэмжлэгч Д П******* ХХК-иас “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар тогтоолоор тус компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээсэн байна.

2.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана: захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасны дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хууль бус байсныг тогтоолгох” гэж өөрчилсөн бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

3.            Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 176 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д П***** ХХК-д үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон,

- Д П***** ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.У***** болон иргэн М.М*****ээс тус компанийг зөвшөөрөлгүй салбар нээн ажиллуулсан талаар гомдол ирсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн 12 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд шалгалт хийж Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 15а байр 2-1 тоот хаягт байрлалтай Голден будда худалдааны төвд салбар дэлгүүр нээн ажиллуулсан,

- Маргаан бүхий акт болох Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор тус компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн,

- Нэхэмжлэгчээс удаа дараа Санхүүгийн зохицуулах хороонд хандаж өргөдөл, хүсэлт гаргаж байсан бөгөөд тухайлбал 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-133 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандаж “...авсан тусгай зөвшөөрөл нь салбар дэлгүүрт мөн адил хүчинтэй гэж ойлгосон байсан тул манай тусгай зөвшөөрллийг түдгэлзүүлэлгүй үйл ажиллагаа тогтвортой явуулахад туслалцаа үзүүлнэ үү” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан,

- Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 203 дугаар тушаалаар нэхэмжлэгч Д П******* ХХК-д салбар нээхийг зөвшөөрсөн боловч Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 308 дугаар тогтоолоор тус компанийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээхдээ дээрх салбар нээх зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авахыг даалгасан эдгээр үйл баримттай талууд маргаагүй.

4. Д П**** ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 1-1/1132, 2020 оны 1-1/1445 дугаар албан бичгээр тус тус Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 150 дугаар тогтоолоор батлагдсан “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам батлах тухай” тогтоолыг бүртгээгүй, бүртгэгдээгүй журмаар манай үйл ажиллагааг түдгэлзүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргаж байна.

5. Шүүх хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

6. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1-д “Хороо энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр дараах журам, зааврыг батална: тусгай зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам”, 3 дугаар зүйлийн 3.1.9-д “Энэ хуульд заасан санхүүгийн үйлчилгээнд дараахь үйл ажиллагаа хамаарна: үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа” гэж тус тус заасны дагуу хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 150 дугаар тогтоолын хавсралтаар “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам”-ыг баталж тус журмын 3 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч Д П***** ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон байна.

7. Дээрх журмын 5 дугаар зүйлийн 5.1.2-т “Тусгай зөвшөөрөлтэй этгээд нь уг үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой дараах өөрчлөлтүүдийг оруулахын өмнө тухай бүр Хороонд мэдэгдэж, зөвшөөрөл авна: салбар, төлөөлөгчийн газар нээх” гэж заасныг нэхэмжлэгч зөрчсөн тул журмын 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр 3 сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлнэ: энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн” гэж заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д “Хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: санхүүгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл /цаашид “зөвшөөрөл” гэх/ олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих” гэж заасанд нийцсэн байна.

8. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1-1/1132 дугаар албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандаж “...журмыг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд дахин боловсруулж ирүүлэх...” тухай, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1-1/1445 дугаар албан бичгээр “...захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх боломжгүй...” тухай тус тус мэдэгдэж байсан байна.

9. Хариуцагчийн зүгээс дээрх журмыг батлагдах үед Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яаманд хандаж байсан атлаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариу тайлбартаа “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д “Нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн, эсхүл эд юмсын нийтийн эрх зүйн байдлыг тодорхойлох, түүнийг ашиглахтай холбоотой захиргааны акт байж болно” гэж заасны дагуу тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн захиргааны акт учраас захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй” гэж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй хэдий ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.

10. Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-д “Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасан тул “манай компанид хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй” гэж нэхэмжлэгч тайлбарлах хэдий ч дээрх журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа атлаа зарим хэсгийг нь мөрдөхгүй хэмээн маргах нь ойлгомжгүй, нөгөөтэйгүүр Хууль зүй, дотоод хэргийн яамны албан бичиг нь “...хуульд өөрчлөлт оруулсны дараа бүртгүүлэх...” агуулгатай зэргээс дүгнэвэл “Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олголт, бүртгэлийн журам” нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд одоогоор бүртгэлгүй байгаа нь хариуцагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэж үзэхээргүй байна.

11. Иймд дээр дурдсан нөхцлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д П***** ХХК-иас Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дүгээр “Үнэт металл болон үнэт чулуугаар хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх тухай” тогтоолыг хууль бус байсныг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОДМАА