Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2022/00348

 

 

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 148/ШШ2022/00348

Сэлэнгэ аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 8 дугаар баг, 2 дугаар хэсэг 172 тоотод оршин суух хаягтай, Буурал овгийн Нямдаваагийн Ариунболд /РД:УЕ74030256/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, үйлдвэрийн гудамж 32 дугаар байр, 23 тоотод оршин суух, Хонин хотгойд овогтой Базарсүрэнгийн Мөнхбат /РД: МЭ72091018/

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 9-р байр 89 тоотод оршин суух хаягтай, Боржигон овог Рэндоржийн Нямаа /РД: УХ51092063/ нарт холбогдох

Худалдах-худалдан авах тухай 2014 оны 01 сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Мөнхбатын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот /одоогийн 8 дугаар баг 2 хэсэг/ орон сууцыг хууль бусаар амьдарч байгаа Н.Ариунболдын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарангэрэл, хариуцагч Б.Мөнхбат, хариуцагч Р.Нямаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Отгонбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Г.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ариунболд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

... Миний бие өөрийн гэр бүлийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсгийн 172 тоот хашаанд 2003 оноос хойш гэр бүлийн хамтаар амьдарч байна. Гэтэл миний орон сууц, хашааны газрын гэрчилгээнүүдийг надад огт мэдэгдэлгүйгээр Улаанбаатар хотын харьяат иргэн Б.Мөнхбат гэх хүн өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан байна.

Миний тухайд өөрийн төрсөн ээж Р.Нямаад мөнгө төгрөгний хэрэгцээ гараад байна гэхээр нь зээлийн барьцаанд эд хөрөнгө тавих итгэмжлэл хийж өгч байсан. Гэтэл гэнэт гэр бүлийн үл хөдлөх хөрөнгө болох орон сууцыг бас газрыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц худалдах- худалдан авах гэрээг миний ээжийг хуурч мэхлэх замаар хийж 10.000.000 төгрөгөөр худалдсан, худалдан авсан гэх утгатай гэрээгээр эд хөрөнгөнд маань халдан өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулан авсан байна.

Миний ээж уг хүнээс авсан зээлээ үндсэн зээл, хүү төлбөрийн хамт бүрэн барагдуулж дууссаны дараа Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр миний гэр бүлийн эд хөрөнгө болох газар, орон сууцыг миний ээжид шилжүүлэх гэрээ хийсэн байна. Гэвч Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст өөрөө хүсэлт гарган уг байрыг шилжилт хөдөлгөөн хийлгүүлэхгүй гэж миний өмчлөх эрхэд саад учруулсаар байна.

Өөрийн орон сууцаа бусдад худалдагдсан талаар сүүлд мэдсэн юм. Би 2014 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээгээр өөрийн гэр бүлийн амьдран суудаг үл хөдлөх эд хөрөнгөө хэн нэгэнд тухайлбал Б.Мөнхбатад огт худалдаагүй, хэн нэгнээс байр худалдсаны мөнгө гэж нэг ч төгрөг хэзээ ч авч байгаагүй.

Иймд миний эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжих үндэслэл болсон дээрх орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна! гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нарангэрэл шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2018 оны 10 дугаар сард анх удаа Б.Мөнхбатыг харсан. Манай гэрт орж ирээд манай байшин юм байгаа юм гээд манай нөхөрт 10 сая төгрөг өгсөн гэсэн. Нямаа гэж танай ээж үү? гээд тийн гэсэн чинь зээлсэн мөнгөө төлж чадаагүй зарсан гэсэн. Манай нөхөр энэ хүнийг танихгүй, манай нөхрийг ч хараагүй хэрвээ 10 сая төгрөг өгсөн бол би энэ хүнийг хараад таних ёстой. 10,000,000 төгрөг өгөөгүй манай нөхөр ч тэр үед байгаагүй. Уг байшинг 2000 онд худалдаж аваад одоог хүртэл амьдарч байна. Энэ хүнээс бол худалдаж аваагүй. Ямар учраас энэ хүний нэр шилжсэнийг мэдэхгүй байна. Бидэнд 10.000.000 төгрөг өгсөн гээд байна тэр бол худлаа тул 2014 оны 01 сарын 09-ний өдөр Р.Нямаа, Б.Мөнхбат нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү! гэв.

 

Хариуцагч Б.Мөнхбат шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... Миний бие нь Н.Ариунболдоос гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Маргаан бүхий байрыг 2014 оны 01 сарын 09-ний өдрийн гэрээгээр худалдан авсан ба энэ гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан учраас л одоо миний нэр дээр орон сууцны болон газрын гэрчилгээ нь гарсан байгаа. Миний зүгээс хууль бус юм хийгээгүй. Нэхэмжлэгч Н.Ариунболд нь өөрийн ээж Р.Нямаад надад худалдах боломжтой итгэмжлэлийг хийж өгсөн ба тэр итгэмжлэл нь Н.Ариунболд болон түүний ээж Р.Нямаа нарын хоорондын сайн дурын үндсэн дээр миний зүгээс энэ асуудалд нөлөөлөөгүй. Хэрвээ надаас түүний ээж Р.Нямаа нь мөнгө зээлсэн гэж үзэх юм бол бидний хооронд зээлийн гэрээ хийгдэх ёстой. Гэтэл зээлийн гэрээ хийсэн зүйл байхгүй. Тухайн үед хүү Н.Ариунболд нь хэрэгт холбогдоод мөнгөний хэрэгцээ гараад байна, байшингаа зармаар байна гэсний дагуу би худалдаж авсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй! гэжээ.

Хариуцагч Р.Нямаа шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

... 2014 онд Мөнхбат гэх хүнээс банк чөлөөлнө мөнгө зээлнэ гэсэн байхаар нь утсаар яриад надад 5.000.000 төгрөг хэрэгтэй байна зээлэх үү? гэхэд юу барьцаалах юм бэ? гэсэн. Тэгээд миний хүүгийн байшин байна гэтэл та зургийг нь дараад явуулчих гэхээр нь хүүхдүүдээр 4 талаас нь зургийг нь даруулаад аваад очсон миний хүү Ариунболд зөвшөөрч надад итгэмжлэх хийж өгсөн. Намайг ирж уулз гэхээр нь би вагонд суугаад очсон. Очихдоо охиноо дагуулаад очсон. Тэгээд уулзаад нотариат орно энд миний гарын хүн байгаа очно гээд хажуудаа Хас ХХК-тай нотариат руу орсон. Би асуусан, Сэлэнгэд байгаа байрыг яаж барьцаалах вэ гэхэд хоёулаа худалдах, худалдан авах гэрээ хийчихье гэхэд нь би болох юм уу? гэтэл таны хашаа байшингаар юугаа хийх вэ дээ энэ нь хамаагүй хурдан зээл гэхээр мянган ажил болно гээд за тэгвэл тэгье гээд би Сэлэнгэ явахгүй охинд чинь итгэмжлэх хийгээд явуулъя тэгээд гэрээгээ хийгээд авчирч өгөөд мөнгөө ав гэж хэлсэн, ёсоор нь хийсэн. Тухайн үедээ би төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан хүн намайг бас тэгж хэлж болохгүй. Би өөрөө байртай байж юу гэж энэ хүнийг намайг байлгаач гээд хэлээд явах вэ дээ. Налайх хотын 45-р байранд 2 өрөө байртай хүн би. Засгаас өгсөн байранд амьдарч байсан. Би Мөнхбатаас авсан мөнгөө хүүтэй нь бүрэн төлж дуусаад Мөнхбаттай ярьсан, за би мөнгөө хангалттай төлсөн шүү, одоо ингээд хоёулаа дуусгая гэсэн.

Миний бие муу байна гэтэл та хугацаа хэтэрч байсан учраас надад 2,000,000 төгрөг төлөөрэй гэсэн. Би хэлсэн надад яг одоо бол тийм мөнгө байхгүй, биеэ гайгүй болохоор болъё доо л гэсэн юм. Би авгайд нь годон гутал авч өгч байсан. Бор өнгийн годон гутлыг одоо ч бараг өмсөж байгаа байх.

Миний бие муудаж элэгний цероз гэх оноштой яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлага гарч Мөнхбаттай яриад хоёулаа ингээд дуусгая гэтэл та хүү хэтэрсэн, хойшоо урагшаа явж байсан болохоор хүү хэтэрсэн нь үнэн.

Тэгээд би одоо яах юм болж байна гэтэл та надад 3,000,000 өг гээд эгч нь үнэхээр боломжгүй байна эмчилгээнд явах гэж байна гээд хэлсэн. Тэгээд явж байгаад ирэхэд Мөнхбат хашаа байшинг өөрийн нэр дээр шилжүүлж байсан.

Намар Мөнхбат манай хүүгийнд ирээд манай бэртэй уулзахдаа энэ миний байр миний нэр байгаа гэж хэлэхэд нь манай бэр над руу залгаад Мөнхбат гэж хүн ирээд энэ манай хашаа байшин гээд байна юун хүн юм бэ? гэхэд нь би Мөнхбаттай яриад өөрийнх нь нэр дээр шилжүүлснийг мэдсэн.

Би айлыг орон гэргүй болгох нь яах вэ гэж маш их гуйсан, чи бид хоёр ингэж тохироогүй шүү дээ энэ чинь миний юм биш хүний орон гэр шүү дээ гээд уйлж гуйгаад хэсэг ярилцсаны дараа за та тэгвэл 15,000,000 төгрөг өг тэгээд нэр дээрээ болгоод ав гэхээр нь би арай ч дээ чамаас авсан мөнгөө хүүтэй нь төлсөн шүү дээ гээд уйлаад ярихад за яахав 10,000,000 төгрөг тэгээд дуусгая гэхээр нь би сандраад мөнгө олохыг бодъё гээд тасалсан.

Мөнхбат хэд хоногийн дараа залгаад би Сэлэнгэд өвс прецесслэж байна, надад яаралтай мөнгөний хэрэг боллоо та одоо 6,000,000 төгрөг миний данс руу хийгээдэх гэсэн тэгэхээр нь би тэтгэврийн зээл аваад хийсэн. Би дараа нь 1,000,000 төгрөг хийчихлээ шүү Мөнхбатаа одоо 3,000,000 үлдлээ шүү гээд хэлсэн. Тэр үед тэтгэврийг 2 сар болгоод өгдөг байсан. Тэтгэвэр 300,000 төгрөг авдаг байсан. Хамгийн сүүлд 1,750,000 төгрөг болоод за Мөнхбатаа хоёулаа нэг тийшээ бодъё гээд очсон.

Хар хөх өнгийн машинтай ирээд эхнэр нь хажууд нь суучихсан би машинд нь орж сууж байгаад 1,000,000 төгрөгийг нь утсаараа шилжүүлээд 1,750,000 төгрөгийг нь цүнхнээсээ гаргаж өгөөд гэрээгээ шилжүүлж авъя гээд орсон чинь Мөнхбат өөрөө за худалдах-худалдан авах гэрээ хийхээр мөнгө төлдөг юм тэгэхээр татвар төлөхгүйн тулд би танд бэлэглэлийн гэрээгээр хийчихье гэхдээ жилийн хугацаанд та шилжүүлээд авчихна  биздээ гэхээр нь тийм удахгүй байлгүй дээ авчих байх гэж яриад л хийсэн. Би маргааш нөгөөдрөөс нь Улаанбаатараас ирээд байж байтал Нараа /Д.Нарангэрэл/-гаас утастаад нөгөө газрын гэрчилгээгээ авсан уу гэтэл ээжээ газрын гэрчилгээ маань байхгүй болгосон байна гээд өгөхгүй байна гээд тэгэхээр нь Мөнхбат руу залгасан. Гэтэл одоо болтол аваагүй байгаа юм уу? гэсэн тэгээд энэ асуудлууд үүссэн. Би үнэхээр баян хүн биш, хүний гал голомт алдчихгүй юмсан гээд тэтгэврийн зээл аван барин хангалттай мөнгө өгсөн. 10.000.000 төгрөг болгоод нугалаад авсан. Энэ эхнээсээ л эцсийг нь хүртэл мөнгө хүүлж авах гэсэн арга байсан бодож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна! гэв.

Б.Мөнхбат 2022 оны 3 сарын 09-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

... Н.Ариунболдын нэхэмжлэлтэй Б.Мөнхбат миний биед холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Н.Ариунболдын нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий хашаа байшинг 2014 оны 01 сарын 09-ний өдөр миний зүгээс хууль ёсны гэрээ байгуулан худалдаж авсан. Одоогоор улсын бүртгэлд миний өмчлөлд байгаа газар эзэмших эрхийн гэрчилгээ нь хүртэл миний нэр дээр байгаа. Миний худалдаж авсан байшинд нэхэмжлэгч Н.Ариунболд амьдарч байгаа ба өөрсдөө байшингаа худалдаж авмаар байна гэсэн хүсэлтийн дагуу хоорондоо тохиролцож суулгаж байсан болно. Сүүлд нь бидний тохиролцоо үр дүнд хүрээгүй юм.

Иймээс миний өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот /одоогийн 8 баг 2 хэсэг/ орон сууцыг хууль бусаар амьдарч байгаа Н.Ариунболдын эзэмшлээс чөлөөлж өгнө үү! гэжээ.

Нэхэмжлэгч Н.Ариунболд сөрөг нэхэмжлэлд өгсөн тайлбартаа:

... Тэрээр сөрөг нэхэмжлэлдээ намайг бусдын байранд хууль бусаар амьдарч байгаа тухай мөн намайг уг байрны эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан байна. Миний бие энэхүү шаардлага нь огт үндэслэл байхгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 20 жилийн өмнөөс энэ байрандаа амьдарч эхэлсэн, одоо ч амьдарч байгаа бөгөөд би хэн нэгэнд өөрийн амьдран суудаг байраа худалдаагүй.

Б.Мөнхбат нь миний хашаа байшинг 2014 оны 1 сарын 09-ний өдөр хууль ёсны гэрээ хийж худалдаж авсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байна. Энэ худалдах-худалдан авах гэрээг би хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан. Бодит байдал дээр би хашаа байшин, газраа хэн нэгэнд худалдсан зүйл огт байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна! гэжээ.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ариунболд нь хариуцагч Б.Мөнхбат, Р.Нямаа нарт холбогдуулан Худалдах-худалдан авах тухай 2014 оны 01 сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах,

Хариуцагч Б.Мөнхбат нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот /одоогийн 8 дугаар баг 2 хэсэг/ орон сууцыг хууль бусаар амьдарч байгаа Н.Ариунболдын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.

Хариуцагч Б.Мөнхбат нь маргаан бүхий байрыг 2014 оны 01 сарын 09-ний өдрийн гэрээгээр худалдан авсан ба энэ гэрээ нь хуулийн дагуу байгуулагдсан учраас л одоо миний нэр дээр орон сууцны болон газрын гэрчилгээ нь гарсан. Миний зүгээс хууль бус юм хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Харин сөрөг нэхэмжлэлийг Н.Ариунболд нь ... энэхүү шаардлага нь огт үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би 20 жилийн өмнөөс энэ байрандаа амьдарч эхэлсэн, одоо ч амьдарч байгаа бөгөөд би хэн нэгэнд өөрийн амьдран суудаг байраа худалдаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан байх бөгөөд хариуцагч Р.Нямаа нь ... 2014 оны 1 сарын 09-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай... Н.Ариунболдын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг өгсөн байна.

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар болон бичгийн чанартай бусад баримтуудыг үндэслэн Н.Ариунболдын гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.Мөнхбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь: Хэрэгт Р.Нямаа болон Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ авагдаагүй байх боловч зохигчдын тайлбар, Орон сууц худалдах-худалдан авах гэрээ, Ү-1317000385 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ, итгэмжлэл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 3000014069 тоот зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэргээс хариуцагч Р.Нямаа нь зээл авах зорилгоор орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, орон сууцны өмчлөх эрх Б.Мөнхбатад шилжсэн боловч бодитоор шилжээгүй, өдийг хүртэл худалдсан гэх орон сууцанд нэхэмжлэгч Н.Ариунболд амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэрээ нь орон сууцыг худалдах-худалдан авах хүсэл зориггүй, 2014 онд банк чөлөөлнө, бэлэн мөнгө зээлүүлнэ гэсэн зар байхаар нь хаяг болон утсаар нь холбогдоод хүүгийнхээ хашаа байшингийн зургийг авч явуулаад 5.000.000 төгрөг зээлэхээр болж ярьж тохирсон. Тэгээд Б.Мөнхбат нь ...танд яаралтай мөнгө хэрэг болоод байгаа бол худалдах-худалдан авах гэрээ хийхэд мөнгө маш хурдан бүтнэ. Таны хашаа байшингийн бичиг баримт надад байж байг, мөнгөө өгч дуусаад хашаа байшингийн бичиг баримтыг эргүүлээд аваарай гэж хэлсэн. Тэгээд Сэлэнгэ аймгийн нотариатаар орж батлуулаад Улаанбаатар хот орж машин дотор сууж байхдаа мөнгөө надад бэлэн өгсөн. Намайг Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байхад манай бэр над руу утастаж Б.Мөнхбат гэх хүн манай гэрт баахан хүмүүстэй ирээд ... энэ хашаа байшинг өөрийн нэр дээрээ болгосон, одоо хашаа байшинг суллаж өг, эсвэл мөнгө төгрөг өг тэгэхгүй бол зарна... гээд байна гэж хэлсэн. Тэр үед би Б.Мөнхбаттай утсаар ярихад ...та 15.000.000 төгрөг өг, тэгэхгүй бол зарна шүү гэж хэлсэн. Би утсаар гуйсан тэгэхэд ... 10.000.000 төгрөг өг, эсвэл яаралтай 6.000.000 төгрөгийн миний банкны мөнгийг төл. Дараа нь үлдэгдэл мөнгийг бага багаар өгөөрэй гэж хэлсэн. Охинтойгоо ярьж байгаад тэтгэврийн зээл аваад банкны мөнгийг нь хаасан. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хамгийн сүүлийн мөнгийг нь өгөхдөө эхнэрийнх нь хажууд ... чи бид хоёрын асуудал дууссан биз дээ гээд нотариат руу орсон. Б.Мөнхбат хашаа байшингийн бичиг баримтыг шилжүүлэхдээ бэлэглэлийн гэрээ хийе, тэгэхгүй бол татварт их мөнгө төлдөг гэж хэлээд Бэлэглэлийн гэрээ хийсэн. Тэгээд шилжүүлсэн хашаа байшингийн бичиг баримтын эх хувийг надад өгсөн. Тэгээд Би танд одоо итгэмжлэл хийгээд өгье, та авч очоод хашаа байшингаа хүүгийнхээ нэр дээр шилжүүлж аваарай... гэж хэлсэн. 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэд ирж бичиг баримтыг шилжүүлсэн. Үл хөдлөхийн гэрчилгээ, газрын гэрчилгээ авахад бэлэн болсон гээд бичиг баримтуудыг хүү болон бэрдээ өгөөд явсан...Гэтэл үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх гэхэд Б.Мөнхбат нь ямар нэгэн хөдөлгөөн хийж болохгүй гэсэн хүсэлт гаргаж өгөөд явсан байсан. Ингээд Б.Мөнхбатын олгосон итгэмжлэлээр хашаа байшингаа шилжүүлж авах боломжгүй болсон. Б.Мөнхбат бид хоёрын хооронд ямар ч хашаа байшин худалдах, худалдан авах асуудал байгаагүй дүр үзүүлэн хийсэн хэлцэл хэмээн хариуцагч Р.Нямаа тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.

Түүнчлэн Б.Мөнхбат нь 2018 оны 07 дугаар сарын 18-нд өөрийн ХААН банкан дахь 5022606781 тоот дансанд Р.Нямаагаас 1.950.000 төгрөг шилжүүлэн авснаар тухайн өдөр Р.Нямаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 172 тоот  хаягт байрлах 000575523 дугаартай, 1239 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрын эрх шилжүүлэх, мөн хаягт байрлал бүхий 000217180 дугаартай, Ү-1317000385 дугаарт бүртгэж үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгосон 56 мкв талбай бүхий хувийн орон сууц зэргийг бусдад худалдах, бэлэглэх, бэлэглэлийн гэрээ байгуулахыг... зөвшөөрч итгэмжлэл олгосон нь Р.Нямаад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг жинхэнэ эзэн болох Н.Ариунболдод буцаан өгөхийг зөвшөөрсөн, дээрх итгэмжлэлүүдийн дагуу Р.Нямаа, Н.Ариунболд нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 30-нд Газар эзэмших эрх шилжүүлэх Үл хөдлөх хөрөнгө бэлэглэх гэрээ зэргийг тус тус байгуулсан нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг Худалдах-худалдан авах гэрээ- байгуулсан боловч уг гэрээний дагуу хөрөнгүүдийг худалдаж аваагүй болохыг, мөн дээрхи гэрээ нь иргэдийн хооронд амаар байгуулсан зээлийн гэрээг халхавчилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг нотолж байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог шинжтэй байдаг.  

Иргэний хуулийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох бөгөөд Р.Нямаа нь Б.Мөнхбаттай 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан нь  хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Иймд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул Р.Нямаа, Б.Мөнхбат нарын хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хариуцагч Б.Мөнхбат нь өөрт учирсан хохирлоо Р.Нямаагаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Р.Нямаа, Б.Мөнхбат нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.Мөнхбатын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот /одоогийн 8 дугаар баг 2 хэсэг/ орон сууцыг хууль бусаар амьдарч байгаа Н.Ариунболдын эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжсэн улсын бүртгэлийн Ү-131700385 дугаартай Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4 дүгээр баг 3 дугаар хэсэг 172 тоот хаягт байрлах 56 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг өмчлөгчид нь буцаан шилжүүлсүгэй.

3. Хариуцагч Б.Мөнхбат өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөг, хариуцагч Б.Мөнхбатын сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 174,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЗУЛ