Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/00607

 

 

 

 

 

 

 

 

2021 02 25

101/ШШ2021/00607

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц-д холбогдох

1,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э, хариуцагч С.Ц, хариуцагчийн өмгөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие Г.Э 2018 оны 09 сарын 26-ны өдөр Ц.Этэй 18/00123 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж 2 жилийн хугацаатай Ц.Э байранд амьдрах болсон юм. Би корона вирус гарахаас өмнө Хятад улсын барилгын бараа материал зардаг компанид ажилладаг байсан учраас 1 сарын 1,250,000 төгрөгийн үнэтэй 3 өрөө байрыг түрээсэлсэн. Улс орон даяар корона өвчин дэгдэж миний ажил доголдсон учир түрээсийн мөнгийг бөөнөөр нь бус цувуулж өгсөн боловч түрээсийн мөнгө бүрэн төлсөн. Би Ц.Э рүү асуудал үүссэн гэж хэлэх гээд удаа дараа залгасан боловч утас нь унтраалттай байсан. Ц.Э Австрали явсныг мэдээгүй бүтэн жил явсан. Би түрээсээ багасгамаар байна, төлбөрөө төлөх хугацаа хоцрох шинжтэй байна гэх мэт зөвлөлдөх асуудлууд байсан боловч холбогдож чадахгүй байсан. Гэхдээ би түрээсийн төлбөрөө жаахан хоцроод хийж байсан. 2020 он гарсны дараа Ц.Э хадам ээж С.Ц гэдэг хүн гарч ирээд төлбөрөө төлөөгүй байгаа учраас байрнаас гар, хурдан мөнгөө өг гэх мэтээр маш их шахаж, дарамталж байсан. 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийг өөрт байсан үлдэгдэл мөнгөө шавхаж хийгээд, хариуцагчийн шаардсанаар байрнаас гарахаас өөр аргагүй байдалд ороод 2020 оны 04 сарын 01-ний өдөр байрнаас гаръя гэдгээ хэлсэн. Хариуцагч 2020 оны 02 дугаар сард хариуцагч С.Ээс итгэмжлэл авч ирээд байрнаас гарахыг шаардсан. С.Ц 2 талаасаа тооцоо нийлээд байрнаас гар гэсэн бичгийг намайг байхгүй байхад гэрт орхиод явсан байсан 2020 оны 04 сарын 01-ний өдөр байрнаас гар гэдгийг надад маш хүчтэй ойлгуулсан учраас өөр байр хайж олсон. 2020 оны 04 сарын 01-ний өдөр байрнаасаа гарна гэж хэлсэн боловч С.Ц ирээгүй. 2020 оны 04 сарын 03-ны өдөр ирсэн. Байрнаас гарах юм бол дараагийн түрээслэгчээ олсон тохиолдолд барьцаа болох 1,300,000 төгрөгийг буцааж олгоно гэж өөрөө гараараа бичиж гарын үсэг зурж өгсөн. Дараа нь би С.Цгаас 1,300,000 төгрөгөө авах шаардлагатай байна, корона вирус гарсан хүнд үед ажилгүй хэцүү байна гэж удаа дараа утсаар залгаж гуйсан боловч мөнгө өгөхгүй, утсаа салгаж намайг хохироосон. Утсаа авахгүй, холбогдохгүй байхаар нь Ремакс компанийн зуучлагч залууг хайж олоод тэр залуугаар дамжиж холбогдож мөнгөө өгөхийг шаардсан боловч өгөхгүй байсан учраас аргагүйн эрхэнд шүүхэд хандсан. С.Ц эхэндээ би хариуцагч биш гэж худал хэлж, гүрийсэн боловч үнэнд гүйцэгдээд энд сууж байна. Би 1,300,000 төгрөгөөс ус, цахилгааны мөнгийг хасаад үлдэгдлийг нь өгөөч гэж гуйсан боловч өгөөгүй. Хариуцагчийн өгсөн нотлох баримтаас харахад би тухайн байранд 1 жил 6 сар амьдрахдаа тог, цахилгааныхаа мөнгийг сар бүр бүгдийг нь өгч байсан. Хананд нь нэг хадаас ч хадаагүй, ус алдах гэх мэт асуудал үүсгэж байгаагүй. Би сайн түрээслэгч гэдэг нь харагдаж байна. 04 сард гарч байгаа хүн 03 сарын цахилгааны төлбөрийг төлөх боломжгүй. Нэхэмжлэх нь дараа сардаа ирдэг учраас хариуцагчид ирээд төлсөн байдаг. Барьцаа мөнгийг өгөхийг шаардсан боловч янз бүрийн шалтгаан хэлсээр өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Надтай орон сууц хөлслөх гэрээ байгуулсан Ц.Э нь одоо Австрали улсын Канберра хотод амьдарч байгаа, өөрийнхөө оронд С.Цд итгэмжлэл бичиж өгсөн учраас Ц.Э, С.Ц нарыг хариуцагчаар оролцуулж, түрээсийн байранд суухдаа урьдчилж төлсөн түрээсийн төлбөр болох 1,300,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Иргэн Ц.Э нь хилээр гарсан учир хариуцагч Ц.Эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан. Иймд хариуцагч С.Цгаас миний нэхэмжлэлийн шаардлага болох 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Гэрээг би байгуулаагүй, ямар нэг оролцогч биш. Хөлслүүлэгч Ц.Э, Д.Анхзул нарын өмчлөлийн эд хөрөнгө. Гэр бүлээрээ гадаадад амьдардаг. Энэ агуулгаар байрны төлбөр, түрээс авах, чөлөөлүүлэх талаар нэхэмжлэгчтэй уулзаж байсан. Өөрөөр Ц.Э нарын өмнөөс эрх эдэлж үүрэг хүлээх талаар тусгайлан эрх олгосон зүйл байхгүй. Мөн нэхэмжлэгч Г.Эаас тодорхой хэмжээгээр мөнгө бэлэн болон бэлэн бусаар авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэгч Г.Эы ярьсан бүх зүйл худал, үнэн ярьсан зүйл нэг ч байхгүй байна. Би Г.Этай гэрээ хийгээгүй. Хүүхдүүд маань зуучлагчаар дамжуулж гэрээ хийсэн байсан. Хүүхдүүд гадаадад амьдардаг болохыг Г.Э мэдэж байгаа. Байранд орсныхоо дараа манай нөхөр лүү утасдаад ийм тийм юм дутуу байна, ор эвдчихээд ороо ав, байр өмхий байна агааржуулагч авчир гэх мэт шаардлага тавьж байнгын харилцаа холбоотой байсан. Хүүхдүүдтэй холбоотой байсан. Гэтэл сүүлдээ гадаадад байдаг хүүхдүүдийн утсыг авахаа больсон. Би Г.Этай холбогдоход чи түрээслүүлэгч биш, би чамтай гэрээ хийгээгүй гэж намайг үл ойшоосон. Би 2020 оны 01 сарын 26-ны өдөр гадаадаас ирсэн. Гэрээг олж уншаад 2020 оны 02 сарын 18, 19-ний үед Г.Э руу утсаар яриад байрыг очиж үзье. 1 жил гаруй хугацаанд байрны ашиглалт зарцуулалтын талаар үзэх хэрэгтэй байна гээд 2020 оны 02 сарын 20-ны өдөр очиж үзсэн. Гэтэл зурагтын тавиурыг гутлын тавиур хийгээд цөм цохисон байсан. Маш их бохир заваан байсан. Г.Э эхнэртэйгээ нийлээд ийм тийм байна, юм хий, өвөл хүйтэн байна гэх мэт маш их шалтгаг тоочсон. Би гэрээнийхээ дагуу зохицуулна шүү дээ гэж хэлсэн. Дараа нь утасдахад утсаа авахгүй байсан учраас 2020 оны 03 сарын 10-ны өдөр очиж мөнгөө төлөөчээ, манай хүүхдүүдийн утсыг яагаад авахгүй байгаа юм бэ, холбогдооч гэсэн хүсэлт тавихад гадаадаас маш их цахим халдлага байдаг учраас хүүхдүүдийн утсыг нь блоклосон гэж хэлсэн. Тэгвэл надтай харилц гэсэн чинь чи ямар итгэмжлэгдсэн төлөөлөгч биш гэсэн учраас би хүүхдүүдээсээ итгэмжлэл авсан. Хүндрэл бэрхшээл учруулаагүй бол би итгэмжлэл авах хэрэггүй байсан. Хүн ёсоор ярилцаад тохиролцох боломжтой байсан. Би 2020 оны 03 сарын 12-ны өдөр хүсэлт өгсөн. Г.Э өөрөө гардаж авсан. Гэтэл намайг байхгүйд орхисон байсан гэж тайлбарлаж байна. Г.Э өөрөө гарч ирж аваад тооцоо нийлэх юм байна гэж хэлсэн. Бид огт муудалцаж маргалдсан зүйл болоогүй. Дараа зуучлагч н.Эдалай яриад гурвуулаа уулзъя гэж хэлсэн. Би зуучлагчид хандаж Г.Эыг байрнаас гаргаад өгөөч, хэл ам ойлголцохгүй маш хэцүү байна гэж хэлсэн. Г.Э намайг болон миний хүүхдүүдийг маш их шаналгаж зовоосон. Байрны ашиглалт, байж байгаа байдал маш бохир заваан байгаа учраас гаргаад өгөөч гэж гуйсан. 1 өдөр зуучлагч н.Эдалайтай очсон. Бичгийг би бичээгүй, зуучлагч бичсэн. Тухайн үед Г.Э эхнэртэйгээ нийлээд над руу дайраад байсан. Зуучлагчийн бичсэн зүйлд барьцаа мөнгийг 100 хувь буцааж өгнө гэсэн зүйл байхгүй. Хэрэглээний төлбөр гэх мэт бүх зүйлийг тооцоод илүү гарвал буцааж өгнө гэж яригдаад гарын үсэг зурсан. 2020 оны 04 сарын 01-ний өдөр Г.Э залгаад бид нар өнөөдөр гарлаа, байраа хүлээж ав гэж хэлсэн. Тэгэхэд нь би өмнө нь хэлэхгүй яасан юм бэ, байрыг суллаад тавьчих би хүлээж авъя гэж хэлсэн. Гэтэл чимээгүй болсон, 5 дахь өдөр нь зуучлагч н.Эдалай над руу холбогдоод Г.Э өнөөдөр байрнаас гарч байна, одоо байрыг хүлээлцье гээд таныг дуудаж байна гэж хэлсэн. Би 5 цагийн үед очиход юмаа зөөж байсан. Нүүх унааны зардал байхгүй байна, та мөнгө өгөөч гэж хэлэхээр нь би хүүхдүүддээ хэлсэн. Тухайн үед төлбөр тооцоо гараагүй байсан. Сүүлд нь гардаг, төлбөр гарсны дараа тооцоо хийж байж өгье гэж Г.Этай ярилцсан байсан. 2020 оны 04 сарын 05-ны өдөр зуучлагчтай хамт хүлээлцэх актыг үйлдсэн. Г.Э тухайн үед нэлээн халамцуу байсан. Г.Э эд зүйлээ зөөж дуусгаад байрыг хог, тоос, эвдэрч хэмхэлсэн эд зүйлтэй нь орхиод гарсан. Гарахдаа тэнд байсан манай эд зүйлүүдийг аваад гарсныг би харсан. Г.Э тухайн үед шүүхээр явж байсан юм шиг байсан. Миний данс блоклочихсон байгаа учраас эхнэр н.Дариймаагийн дансанд 500,000 төгрөг хий гэж хэлсэн. Хүүхдүүд над руу 600,000 төгрөг шилжүүлснээс 500,000 төгрөгийг Г.Эы эхнэр лүү шилжүүлсэн. Г.Э 2, 3 дугаар сарын сууц өмчлөгчдийн холбооны мөнгө төлөөгүй, 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 05-ны өдрийн хоорон дахь төлбөр тооцоогоо хийгээгүй байсан. Би эвдрэл гэмтэл, төлбөр тооцоотой холбоотой баримтуудыг үнэнч шударгаар тухай бүрт нь цуглуулж байсан. Худал баримт бүрдүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх зүйл гэрээний дагуу явагдсан. Бид маш их хохирол хүлээсэн. 4, 5 дугаар сард 2 сар түрээслэгчгүй байсан. Хөргөгчийг хагалсан байсан, зурагтын тавиурыг хагалаад гутлын тавиур болгосон байсан, 1,000,000 гаруй төгрөгийн үнэтэй индукцэн шарах шүүгээг шатаагаад 400,000 гаруй төгрөгийн үнэтэй кирамик шарах шүүгээ тавьсан байсан. Хэн ч эвдэлж хэмхэлсэн эд зүйлийн хохирлын барагдуулах ёстой гэж үзэж байна. Миний хохирол 2,000,000 гаруй төгрөг болсон. Итгэмжлэл авах болгонд өчнөөн доллар зарцуулагдана. Гэрээнд тодорхой заасан байхад эсэргүүцээд байгааг гайхаж байна. Бүх зүйл баримттай учраас маргалдахыг хүсэхгүй байна. Орон сууц хөлслөх гэрээний 4.2.4-т хөлслөгч нь энэхүү гэрээний 2.1-т заасны дагуу орон сууц хөлслөх төлбөрт ороогүй бусад хэрэглээний төлбөрийг төлөх гэж заасан. Нэхэмжлэгчийн зүгээс өмнөх саруудын хэрэглээний зардлаа бүгдийг нь төлж байсан. 2, 3 дугаар сарын хэрэглээний төлбөрөө төлөөгүй гэдгээ зөвшөөрч байсан гэж хэлж байна. Эдгээр зардлууд төлөгдөх ёстой гэж үзэж байна. Гэрээнд заасны дагуу мэдэгдэл хүргүүлээд барьцааны мөнгөний талаар харилцан тохиролцсон, байрыг хүлээж авахад эд зүйлүүд эвдрэл гэмтэлтэй байсан гэдгийг баталгаажуулсан. Барьцаа төлбөр бичээд 500,000 төгрөг буцааж өгсөн нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдож байна. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар 290,510 төгрөгийн засвар, үйлчилгээ хийгдсэн гэдэг нь харагдаж байна. Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөл зохих төлбөр, хэрэглээний зардлуудаа төлөөгүй нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч Ц.Э, С.Ц нарт холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний барьцаанд төлсөн 1,300,000 төгрөгийг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Э гадаад улсад байгаа үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага болох 1,300,000 төгрөгийг хариуцагч С.Цгаас гаргуулахаар шаардсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй бөгөөд хариуцагч Ц.Эд холбогдуулан гаргасан шаардлагаас татгалзсан нь хууль зөрчөөгүй.

Хариуцагч С.Ц нь барьцааны мөнгө 500,000 төгрөгийг буцаан өгсөн, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөл зохих төлбөр, хэрэглээний зардал, тавилга, эд хогшилд учирсан эвдрэл гэмтлийг засуулах зэрэгт 1,445,048 төгрөгийн зардал гарсан тул барьцаа мөнгөнөөс суутган тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гарган нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Г.Э нь 2018 оны 09 сарын 26-ны өдөр Ц.Этэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 428 дугаар байрны 143 тоот орон сууцыг нэг сарын төлбөр 1,300,000 төгрөгөөр, 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай хөлслөхөөр гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гэрээ болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-5-7/

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 428 дугаар байрны 143 тоот хаягт байршилтай, 71,50 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078019 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь Ц.Э, Д.Анхзул нарын хоёр иргэний өмч болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000479655 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-42/

Тус орон сууцны өмчлөгч Ц.Э нь 2020 оны 03 сарын 04-ний өдөр С.Цд түүний нэрийн өмнөөс Г.Этай байгуулсан орон сууц хөлслөх гэрээтэй холбогдуулан шаардлага гаргах бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийг олгожээ. Мөн орон сууцны өмчлөгч Ц.Э, Д.Анхзул нар нь 2020 оны 03 сарын 12-ны өдөр С.Цд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13312 Хүннүгийн гудамж, 428 дугаар байрны 143 тоот хаягт байршилтай, 71,50 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204078019 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000479655 дугаартай гэрчилгээтэй, 3 өрөө, 2 иргэний өмчлөлийн орон сууцыг түрээслэх, захиран зарцуулах бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай олгожээ. /хх-36-42/

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар Ц.Э, Г.Э нарын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч нараас хөлслүүлсэн орон сууцтай холбоотой гэрээний үүрэг шаардах, тус орон сууцыг бусдад түрээслэх, захиран зарцуулах бүрэн эрхийг С.Цд олгосон байх тул түүнийг орон сууц хөлслүүлэгчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй этгээд гэж үзнэ.

Нэхэмжлэгч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хөлсөлж байсан орон сууцнаас хугацаанаас нь өмнө гарсан, төлбөл зохих түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тул орон сууц хөлслөх гэрээнд заасны дагуу төлсөн барьцаа 1,300,000 төгрөгөөс гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч С.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ 2020 оны 03 сарын байрны төлбөр 86,289.90 төгрөг, 03 сарын дуудлага 10,000 төгрөг, 02 сарын байрны төлбөр 70,291.50 төгрөг, 02 сарын сууц өмчлөгчдийн холбооны мөнгө 45,500 төгрөг, 03 сарын сууц өмчлөгчдийн холбооны мөнгө 45,500 төгрөг, 03 сарын цахилгааны төлбөр 49,519 төгрөг, нойл засварласан төлбөр 11,500 төгрөг, бараа авсан 185,000 төгрөг, агааржуулагч сэнс 30,000 төгрөг, худалдааны төвөөс авсан бараа 15,820 төгрөг, цэвэрлэгээ хийсэн төлбөр 90,000 төгрөг, Юнивишний 03 сарын төлбөр 35,999 төгрөг, барьцааны 500,000 төгрөг, 2020 оны 04 сарын 01-ний өдөр байрнаас гарахаар харилцан тохиролцсон боловч 2020 оны 04 сарын 05-ны өдөр гарсан учраас 5 өдрийн алданги 215,000 төгрөг, нийт 1,445,048 төгрөгийн зардал гарсан гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 288 дугаар зүйлд хөлслүүлэгчийн эрх, үүргийн талаар заасан бөгөөд 288.2.2-т зааснаар хөлслөгч хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх, хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс муутгахгүй байх үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

2018 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан 18/00123 дугаартай орон сууц хөлслөх гэрээний 2.1-д ...барьцаа 1,300,000 төгрөг төлнө. Барьцаа нь хөлслөх хугацаанд байр болон тавилгад гарах ердийн элэгдлээс хэтэрсэн том хэмжээний эвдрэл гэмтэл, хохирлыг арилгуулах баталгаа болно. ...гэрээний хугацаа дуусахад хэвийн элэгдлээс хэтэрсэн хохирол учирсан тохиолдолд энэхүү барьцааны мөнгөнөөс учирсан хохирлын зардлыг суутгаж үлдсэн мөнгийг хөлслөгчид төлнө. Үүнд СӨХ, цахилгаан, дулаан, цэвэр /халуун, хүйтэн/ болон бохир ус, кабел, интернетийн хэрэглээний төлбөр багтаагүй болно гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн тайлбарт дурдсан 2020 оны 03 сарын байрны төлбөр 86,289.90 төгрөг, 02 сарын байрны төлбөр 70,291.50 төгрөг, 02, 03 сарын сууц өмчлөгчдийн холбооны мөнгө 91,000 төгрөг, 03 сарын цахилгааны төлбөр 49,519 төгрөг, Юнивишн үйлчилгээний 03 сарын төлбөр 35,999 төгрөг, нийт 333,728 төгрөгийг төлөөгүй болохыг хүлээн зөвшөөрч эдгээр төлбөрийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцоход татгалзахгүй гэх тайлбарыг гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй.

Хариуцагч С.Ц нь барьцаа мөнгөнөөс 500,000 төгрөгийг нэхэмжлэгчийн эхнэрийн дансаар шилжүүлсэн тул барьцаа мөнгөнөөс хасч тооцох үндэслэлтэй гэх тайлбарыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаас 500,000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан талаар маргаагүй боловч байранд байсан шарах шүүгээ эвдэрсэн тул шинээр шарах шүүгээ авахад зарцуулсан, уг шарах шүүгээ хөлсөлж байсан орон сууцанд үлдсэн тул барьцааны мөнгөөс хасч тооцох үндэслэлгүй гэж тайлбарыг гарган мэтгэлцсэн.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.2, 289.2.5-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зардал, мөн засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй.

Орон сууцыг тавилгын хамт түрээслэсэн байх бөгөөд шарах шүүгээг сольж тавьсан талаар хариуцагч С.Ц маргаагүй. Хариуцагч нь 1,000,000 төгрөгийн үнэтэй индукцэн шарах шүүгээг шатаагаад 400,000 төгрөгийн керамик шарах шүүгээ тавьсан байсан, эвдэрсэн шарах шүүгээг нэхэмжлэгч авч явсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

Нэхэмжлэгч нь шарах шүүгээг 450,000 төгрөгөөр худалдаж авсан, суулгуулахад 50,000 төгрөг, нийт 500,000 төгрөг төлснийг хариуцагчид хэлсэн, шарах шүүгээг авч явах гэхэд хариуцагч С.Цгийн зүгээс шарах шүүгээг авчихвал онгойсон юм болно гэсний дагуу үлдээсэн гэх тайлбар гаргасныг хариуцагч нь баримтаар үгүйсгэж няцаагаагүй тул шарах шүүгээтэй холбоотой гарсан зардлыг хөлслөгч Г.Э нь хөлслүүлэгчээс шаардах эрхтэй байна.

Хэрэгт БСБ мегастор 2 электрон барааны дэлгүүрийн 2020 оны 02 сарын 22-ны өдөр 459,900 төгрөг, 8,000 төгрөг, нийт 467,900 төгрөг төлсөн кассын чек баримтаар авагдсан бөгөөд худалдан авсан барааг хөлслүүлсэн орон сууцны хаягаар хүргүүлсэн, уг шарах шүүгээ хөлсөлж байсан орон сууцанд үлдсэн болох нь тогтоогдож байх тул шарах шүүгээг худалдан авахад төлсөн мөнгийг хөлслүүлэгч төлөх үүрэгтэй гэж үзнэ. /хх-46, 47, 48, 49/

Хариуцагч С.Ц нь 464014068 дугаартай данснаас 2020 оны 04 сарын 05-ны өдөр шилжүүлсэн 500,000 төгрөгөөс орон сууцанд хөлслүүлэгчийн эзэмшилд үлдсэн худалдан авсан шарах шүүгээний төлбөрт төлсөн 467,900 төгрөгийг харилцан тооцож үлдэгдэл 32,100 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй байна.

2018 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан 18/00123 дугаартай орон сууц хөлслөх гэрээний 2.1-д хөлслөх хугацаанд байр болон тавилгад гарах ердийн элэгдлээс хэтэрсэн том хэмжээний эвдрэл гэмтэл, хохирлыг арилгуулахад гарсан зардлыг барьцааны мөнгөнөөс суутгаж үлдсэн мөнгийг хөлслөгчид төлөхөөр заасан байх боловч хариуцагч нь хөлслүүлсэн орон сууцанд гарсан гэх эвдрэл гэмтлүүд нь ердийн элэгдлээс хэтэрсэн эвдрэл гэмтэл болохыг баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас тавилга эд хогшлын эвдрэл гэмтлийг засварлуулах, цэвэрлэгээ хийлгэх, цэвэрлэгээ хийсэн хүмүүст зориулан худалдан авсан материал, хүнс хоол худалдан авахад зарцуулсан зардал 896,320 төгрөгийг барьцааны мөнгөнөөс суутган тооцох үндэслэлгүй юм. Мөн хариуцагч нь 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 04 сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны 5 хоногийн алданги 215,000 төгрөгийг хөлслөгч төлөх үүрэгтэй гэж барьцааны мөнгөнөөс хасуулахаар тайлбар гаргаж байх боловч уг алдангийг шаардаж харилцан тооцох ёстой гэх тайлбараа баримтаар нотлоогүй тул барьцааны мөнгөнөөс хасч тооцох үндэслэлгүй, гэрээний 2.1-д заасан барьцааны мөнгөнөөс хасч тооцохоор харилцан тохиролцсон зардалд алданги тооцон хасах талаар тохиролцоогүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч С.Цгаас 998,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 301,628 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч С.Цгаас 998,372 /есөн зуун ерэн найман мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 301,628 /гурван зуун нэг мянга зургаан зуун хорин найман/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Цгаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 28,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР