Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00870

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч С.Энхтөр, шүүгч Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00607 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Э-ы хариуцагч С.Ц-д холбогдуулан гаргасан барьцаа 1,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э-, хариуцагч С.Ц-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Г.Э- миний бие 2018 оны 09 сарын 26-ны өдөр Ц.Эрдэнэтэй 18/00123 дугаартай орон сууц хөлслөх гэрээ байгуулж, түүний өмчлөлийн орон сууцыг 2 жилийн хугацаатай, сарын 1,250,000 төгрөгөөр түрээслэсэн. Ц.Эрдэнэтэй түрээсээ багасгах, төлбөрөө төлөх хугацаа хоцрох гэх мэт асуудлаар холбогдох гэсэн боловч чадаагүй. Австрали Улс руу явсныг бүтэн жил мэдээгүй.

2020 он гарсны дараа Ц.Эрдэнийн хадам ээж С.Ц- төлбөрөө төлөөгүй учраас байрнаас гар, хурдан мөнгөө өг гэж шаардсан. 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх төлбөрийг өөрт байсан үлдэгдэл мөнгөөр төлсөн. С.Ц- 2020 оны 04 сарын 03-ны өдөр ирсэн ба дараагийн түрээслэгч орсон тохиолдолд барьцаа мөнгө болох 1,300,000 төгрөгийг буцааж олгох талаар гарын үсэг зурж өгсөн. Удаа дараа барьцаа мөнгөө шаардсан, ашиглалтын зардлыг хасаад үлдэгдлийг нь өгөөч гэж гуйсан боловч өгөөгүй. Байрыг түрээслэхэд зуучилсан зуучлагчаар хүртэл дамжуулж мөнгөө буцаан авах талаар хэлүүлсэн.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, амьдарч байх хугацааны ашиглалтын зардлыг бүрэн төлсөн, ямар нэгэн байдлаар байрыг дордуулаагүй, сайн түрээслэгч байсан. Гэрээ байгуулсан Ц.Эрдэнэ нь Австрали улсын Канберра хотод амьдарч байгаа бөгөөд С.Ц-д итгэмжлэл бичиж өгсөн учраас хамтад нь хариуцагчаар оролцуулж, урьдчилж төлсөн түрээсийн төлбөр болох 1,300,000 төгрөгөө буцаан авахаар нэхэмжлэл гаргасан. Ц.Эрдэнэ нь хилээр гарсан учир түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан.

Иймд хариуцагч С.Ц-гаас 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй учраас энэ харилцааны оролцогч биш. Гэрээний зүйл нь Ц.Эрдэнэ, Д.Анхзул нарын өмчлөлийн эд хөрөнгө. Гэр бүлээрээ гадаадад амьдардаг учраас байрны төлбөр, түрээс авах, чөлөөлүүлэх талаар нэхэмжлэгчтэй уулзаж байсан. Өөрөөр Ц.Эрдэнэ нарын өмнөөс эрх эдэлж үүрэг хүлээх талаар тусгайлан эрх олгосон зүйл байхгүй. Г.Э- нь гадаад улсад байгаа хөлслүүлэгч нар болон түүний эцэг, эх С.Ц- нартай байнгын холбоотой байж орон сууцны талаар шаардлагуудыг гаргадаг байсан. Хариуцагч нь 2020 оны 01 сарын 26-ны өдөр гадаад улсаас ирсэн ба орон сууцыг 2020 оны 02 сарын 20-ны өдөр очиж үзэхэд зурагт, гутлын тавиур эвдрэлтэй мөн маш бохир байсан. 2020 оны 03 сарын 12-ны өдөр орон сууц чөлөөлүүлэх талаар хүсэлт өгснийг Г.Э- өөрөө гардаж авсан.

2020 оны 04 сарын 05-ны өдөр зуучлагч н.Эрдэнэдалайтай хамт орон сууцыг хүлээн авч, акт үйлдсэн. Барьцаа буцаан өгөх талаарх бичгийг С.Ц- биш зуучлагч бичсэн. Уг бичигт барьцаа мөнгийг 100 хувь буцааж өгнө гэсэн зүйл байхгүй, харин ашиглалтын зардал гэх мэтийг тооцоод илүү гарвал буцааж өгнө гэж яригдаад гарын үсэг зурсан. Эхнэр н.Дариймаагийнх нь дансанд 500,000 төгрөг хийсэн. Г.Э- 2020 оны 02, 03 сарын сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болон 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 05-ны өдрийн хоорон дахь төлбөрийг төлөөгүй. Эвдрэл гэмтэл, төлбөр тооцоотой холбоотой баримтуудыг үнэнч шударгаар тухай бүрт нь цуглуулж байсан. Бүх зүйл гэрээний дагуу явагдсан. Хөргөгчийг хагалсан, зурагтын тавиурыг хагалаад гутлын тавиур болгосон, 1,000,000 гаруй төгрөгийн үнэтэй индукцэн шарах шүүгээг шатаагаад 400,000 гаруй төгрөгийн үнэтэй керамик шарах шүүгээ тавьсан байсан. Эвдэлж хэмхэлсэн эд зүйлийн хохирлыг барагдуулах ёстой гэж үзэж байна. Хохирол 2,000,000 гаруй төгрөг болсон. Орон сууц хөлслөх гэрээний 4.2.4-т хөлслөгч нь энэхүү гэрээний 2.1-т заасны дагуу орон сууц хөлслөх төлбөрт ороогүй бусад хэрэглээний төлбөрийг төлөх гэж заасан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар 290,510 төгрөгийн засвар, үйлчилгээ хийгдсэн гэдэг нь харагдаж байна.

Орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөл зохих төлбөр, хэрэглээний зардлуудаа төлөөгүй нь баримтуудаар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ц-гаас 998,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 301,628 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-гаас улсын тэмдэгтийн хураамжид 28,510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх 500,000 төгрөгнөөс орон сууцанд хөлслүүлэгчийн эзэмшилд үлдсэн худалдан авсан плитканы төлбөрт төлсөн 467,900 төгрөгийг харилцан тооцож үлдэгдэл 32,100 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь үндэслэлгүй. Барьцаа төлбөрөөс 500,000 төгрөгийг буцаан төлснөө баримтаар илэрхийлсээр байхад шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч нь хөлслүүлэгчийн плиткийг шатааж түүний оронд 459,000 төгрөгөөр өөр плитка худалдаж авч тавьсан баримт өгч байхад шүүх 467,900 төгрөг гэж ямар ч баримтгүй үнэлгээг гаргаж ирж хэргийг нэг талд буюу нэхэмжпэгчийн талд шийдвэр гаргасан.

Нэхэмжлэгч зөвхөн барьцаа төлбөр 1,300,000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжлэл гаргасан байхад нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйл буюу плиткаг үнэлж нэхэмжлэлийн шаардлагад тооцсон нь хууль бус, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Г.Э- нь тухайн байранд хөлсөлж суух хугацаандаа орон сууцанд маш их эвдрэл, гэмтэл, хохирол учруулсан бөгөөд үүний төлбөрт гарсан 896,000 төгрөгийг барьцаа мөнгөнөөс суутган тооцуулах хүсэлтийг, нотлох баримтуудын хамт шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөөр байхад шүүх үнэлээгүй. Нэхэмжлэгч нь байрыг хөлсөлж байх хугацаандаа плитка шатаасан нь 2018 оны 09 сарын 26-ны өдөр байгуулсан 18/00123 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ-ний 2.1-д заасан ердийн элэгдлээс хэтэрсэн том хэмжээний эвдрэл, гэмтэл хохирлыг арилгуулах баталгаа болно гэсэнд хамаарах хохирол юм. Гэтэл шүүх ердийн элэгдлээс хэтэрсэн том хэмжээний эвдрэл, гэмтэл гэж үзээгүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 333,728 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох үндэслэлтэй гэсэн атлаа хариуцагч С.Ц-гаас 998,372 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 301,628 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь эргэлзээтэй алдаатай байна. Иймд С.Ц-гийн 464014068 дугаартай данснаас 2020 оны 04 сарын 05-ны өдөр шилжүүлсэн барьцааны төлбөр буцаасан 500,000 төгрөгийг мөн Г.Э- нь тухайн байранд хөлсөлж суух хугацаандаа орон сууцанд маш их эвдрэл, гэмтэл, плитка шатааж учруулсан хохирол болон бусад хохирлын төлбөрт нотлох баримтаар гаргаж өгсөн 896,000 төгрөгийн баримтыг үнэлүүлж нэхэмжлэлийн шаардлага болон барьцааны төлбөр 1,300,000 төгрөгөөс хасч тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Ц.Эрдэнэ, С.Ц- нарт холбогдуулан барьцааны төлбөрт төлсөн 1,300,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Эрдэнээс татгалзсан байна. /хх1,52/

 

Хариуцагч С.Ц- нь нэхэмжлэгчтэй гэрээний харилцаанд оролцоогүй ба тэрээр орон сууц хөлслөх хугацааны ашиглалтын зардал, төлбөрийг бүрэн төлөөгүй, хөлслүүлэгчийн эд зүйлийг эвдэж эд хөрөнгийн хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэл заан маргажээ. /хх23/

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Г.Э- нь 2018 оны 09 сарын 26-ны өдөр Ц.Эрдэнэтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, 26-р хороо 428-р байр, 143 тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцыг нэг сарын 1,300,000 төгрөгөөр хөлслөхөөр харилцан тохиролцсон, улмаар уг орон сууцанд 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд амьдарч, 2020 оны 04 сарын 03-ны өдөр хөлслүүлэгч Ц.Эрдэнээс олгосон итгэмжлэлийн дагуу хариуцагч С.Ц-д орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

 

Талууд дээрх гэрээний төлбөрийн үүрэг болон хөлслөгч нь барьцаа төлбөр 1,300,000 төгрөгийг хөлслүүлэгч талд хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй. Харин барьцаа 1,300,000 төгрөгөөс эд зүйлийн үнэ, ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр зэргийг суутган тооцох эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Хэргийн 36, 39 дэх талд тус тус авагдсан Итгэмжлэл-ээс үзвэл, хөлслүүлэгч Ц.Эрдэнэ нь 2020 оны 03 сарын 04-ний өдөр болон 2020 оны 03 сарын 12-ны өдрүүдэд С.Ц-д дээрх орон сууцыг захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээтэй холбоотой асуудлаар шаардлага гаргах, өөрийг нь бүрэн төлөөлөх эрхийг олгосон байна. Иймд анхан шатны шүүх Г.Э- болон Ц.Эрдэнэ нарын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон хариуцагч С.Ц-г орон сууц хөлслүүлэгчийн бүх эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхтэй гэж дүгнэсэн нь хэргийн баримтад нийцсэн байна.

 

Харин ийнхүү дүгнэсэнтэй холбоотойгоор болон нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хариуцагч Ц.Эрдэнэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад энэ агуулгыг нэмсэн өөрчлөлт оруулж байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4 дэх хэсэгт орон сууц хөлслөх гэрээнд мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарахаар зохицуулсан байх ба Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4, 289.1.5, 288 дугаар зүйлийн 288.2.2-т тус тус зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн элэгдлээс илүү муутгахгүй байх, гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн байдлаар буцааж өгөх үүрэгтэй, харин хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй юм.

 

Өөрөөр хэлбэл, орон сууц хөлслөх гэрээний 4.2.4, 4.2.5-д тусгагдсан хөлслөгч нь гэрээний хугацаанд хэрэглээний төлбөрийг төлөх, хөлслүүлэгчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцах тухай талуудын тохиролцоо дээр дурдсан хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч С.Ц- нь 2020 оны 04 сарын 05-ны өдөр 500,000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Э-ы эхнэрийн данс руу барьцаа төлбөр гүйлгээний утгатайгаар шилжүүлэн өгсөн болох нь холбогдох дансны хуулгаар тогтоогдсон тул плитканы үнэ гэж 500,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэсэн нэхэмжлэгч Г.Э-ы тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, бусдын шарах шүүгээг эвдсэний хариуцлагыг хөлслөгч өөрөө хариуцах хуулийн зохицуулалттай байтал 459,900 төгрөгөөр худалдан авч, 8,000 төгрөгөөр суурилуулсан шарах шүүгээний үнийг хариуцагч талаас шилжүүлсэн 500,000 төгрөгөөс суутган тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт буруу болжээ. Нэхэмжлэгч нь шарах шүүгээний үнийг хариуцагчаас шаардаагүй болно.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд барьцаа болох 1,300,000 төгрөгөөс хариуцагчийн буцаан шилжүүлсэн 500,000 төгрөг болон баримтаар нотлогдсон, хөлслөгчийн төлөхийг хүлээн зөвшөөрсөн ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр, Юнивишн үйлчилгээний төлбөр нийт 333,728 төгрөгийг хасч, үлдэх 466,272 төгрөгийг С.Ц-гаас гаргуулан Г.Э-д олгож, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Үнийн дүнгийн өөрчлөлт оруулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилсан өөрчлөлтийг мөн оруулав.

 

Харин 2,000,000 төгрөгийн эд зүйл эвдэрч гэмтсэн, 896,000 төгрөгийн хохирол учирсан талаарх тайлбараа хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байх тул энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан, 2 дахь заалтад дээр дурдсан агуулгаар нэмэлт өөрчлөлт хийх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00607 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Ц-гаас 466,272 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Э-д олгож, үлдэх 833,728 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан ...28,510... гэснийг ...14,638... гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилж,

тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч Ц.Эрдэнэд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн 2 дахь заалт шинээр нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.Ц-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 01-ний өдөр төлсөн 28,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.НЯМБАЗАР