Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 33

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгч Р.*******ы өмгөөлөгч С.Ичинхорлоо,

шүүгдэгч Ц.*******ийн өмгөөлөгч Э.Чулуунбат,

хохирогч, шүүгдэгч Р.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас овогт ын *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар,******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0037 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хот *******т төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт *******,******* тоотод оршин суух, регистрийн дугаартай,******* овогт *******гийн *******.

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, -ны өдөр Танд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , Хилчиний 87 дугаар  гудамжны 13 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй, одоо *******,******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын *******.

Холбогдсон хэрэг яллах дүгнэлтэд дурдсанаар:

Ц.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.*******ыг дэлгүүрийн худалдагчаас мөнгө нэхлээ гэж хэлэхэд нь түүнтэй маргалдан толгойн тус газар нь алхаар цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулахад яллагдагч Р.******* нь түүний баруун хавирга 2 удаа өшиглөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч Ц.******* нь Р.*******ы эцэг Д.гийн малыг маллан тэдгээртэй цалин хөлсний маргаан үүсгэн хувийн таарамжгүй харилцаатай байх үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр *******,******* тоотод оршин суух гэртээ 18 цагийн орчим Р.*******ыг “та ганц хоёр хоног ажилчихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд яваад байхдаа яадаг юм бэ” гэж хэллээ гээд зуухны хажууд байсан шар өнгийн 27 см урттай төмөр иштэй латуун алхаар түүний толгойн тус газарт цохиж хуйханд няцарсан шарх, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулан Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн: “Би 1 дүгээр хороо ороод нэг шил архи аваад гэртээ хариад байж байтал Р.******* манайд орж ирээд, бид хоёр мал маллах хөлснөөс болж маргалдсан. Түүнээс хойш юу болсныг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.*******ы  өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой аавыгаа хайгаад Ц.*******ийн гэрт нь ороход нэлээн согтуу байсан. Тэгээд Би  “дэлгүүрээс яагаад мөнгө нэхээд байгаа юм” гэхэд үгийн зөрүү байхгүй алхаар цохисон. Тэгээд миний толгойноос цус гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хөнгөн зэрэг гэж гарсан байна лээ.  Миний толгой хаяа өвддөг” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Р.*******ы өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байсан байх ...*******т хандаж “та ганц хоёр хоног ажилчихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд яваад байхдаа яадаг юм бэ” гэсэн ...тэгтэл урдаас ******* нь гэнэт л чамайг ална гээд зуухны хажууд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад миний толгойны баруун хэсэгт цохиод толгой хагалсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 24 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.*******гийн өгсөн: “2017 оны 01 сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байхад би *******ийн гэрт яваад орсон ...манай хүү гаднаас орж ирээд *******т хандаж та хэд хоног үхэр мал малласан цалингаа авчихсан байж манай дэлгүүрийн худалдагчаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм гэж хэлсэн чинь ******* босож ирээд зуухны дэргэд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад манай хүүгийн толгойны баруун хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 27 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “...Р.******* гэх залуугийн толгойны баруун дээд хэсэгт саран хэлбэртэй язарсан шарх үүсч цус гарсан байсныг их эмч 2 оёдол тавьсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/71 дугаар:

“1. *******ы биед хуйханд няцарсан шарх, тархины доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/хх-ийн 54 дүгээр тал/

Хоёр. Шүүгдэгч Р.******* нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр аавыгаа хайж явахдаа *******,******* тоотод оршин суух Ц.*******ийн гэрт 18 цагийн орчим орж “та ганц хоёр хоног ажилчихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд яваад байхдаа яадаг юм бэ” гэхэд Ц.******* “чамайг ална” гэж хэлээд зуухны хажууд байсан шар өнгийн төмөр алхаар толгойн тус газарт цохиход нь өөрийн амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ түүний аюултай үйлдлээс хамгаалахаар холдуулан түлхээд хөлөөрөө цээжний баруун хэсэгт 2 удаа өшиглөж түүний бие махбодид 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж Хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт холбогдсон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ы  өгсөн: “2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой би аавыгаа хайгаад *******ийнхаар орсон юм. Тэгсэн чинь ******* надаас мөнгө нэхээд байхаар нь  “та мөнгөө авчихаад манай худалдагчаас яагаад мөнгө нэхээд байгаа юм бэ” гэхэд намайг “ална” гээд шар иштэй алхаар толгой руу цохисон. Тэгэхээр нь би өшиглөсөн нь үнэн. Гэхдээ хүний хаврига хугарахаар өшиглөсөн гэж бодохгүй байна” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.*******ийн өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой гэртээ согтуу байсан. Тэгээд Р.*******ы толгойг алхаар хагалаад, өөрөө өшиглүүлсэн гэсэн түүнийгээ мэдэхгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр миний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж гарсан байна лээ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******ийн өгсөн: “Миний баруун талын 9, 10 дугаар хавиргыг Р.******* өшиглөөд хугалсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Д.*******гийн өгсөн: “******* босож ирээд зуухны дэргэд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад манай хүүгийн толгойны баруун хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалсан тэгэхээр нь манай хүү түүний хавирга орчимд нь 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Т.ын өгсөн: “Ц.******* гэгч нь согтуу нэрээ хэлэх чадваргүй амнаас нь архи үнэртэж байсан ба биед нь үзлэг хийхэд баруун талын хавирга орчимд гурван хуруу хиртэй хавдартай их хэмжээний эмзэглэлтэй байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 43 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/72 дугаар:

“1. *******ийн биед баруун 9, 10-р хавирганы зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт, /хх-ийн 48 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 82/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа ба шүүгдэгч Ц.*******т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хохирогч Р.******* нь шүүх хуралдаанд “гомдол саналгүй эвлэрч байх тул Ц.*******т ял сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99-р зүйлийн 99.1-т заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71-р зүйлийн 71.1-т зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэх эвлэрлийн гэрээ гаргаж байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан хуулийн заалтыг зөрчөөгүй байна.

Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулж, эдгээрээс өөр ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй тул Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй дээрх заалтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, шүүгдэгч Ц.*******т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь  шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэстэй байна.

Харин Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгүүдэд хүн өөрөө амьд явах, амьдрахын төлөө тэмцэх эрхтэйг болон төр нь хүний амьд явах, амьдрах эрхийг хамгаалах, хүн бүр бусад хүний амьд явах, амьдрах эрхийг хүндэтгэн сахих эрх үүргүүдийг цогц байдлаар хуулийн хамгаалалтанд оруулан бэхжүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалтын байдалд, өөрөөр хэлбэл, энэ хуулиар хамгаалагдсан төр, нийгмийн ашиг сонирхол, өөрийн болон бусдын амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, түүнчлэн бусад эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай халдлагаас хамгаалахдаа энэ хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан ба Р.******* нь өөрийн амь биед аюултай хүч хэрэглэн халдаж буй Ц.*******ийн зүгээс үргэлжилсэн довтолгооныг таслан зогсоохын тулд өөрөөсөө холдуулж түлхэн хөлөөрөө цээжний баруун хэсэгт 2 удаа өшиглөн, өөрийгөө хамгаалах явцдаа халдагч этгээдэд хүндэвтэр гэмтэл учруулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан аргагүй хамгаалалт гэж шүүх үзэн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас******* овогт *******гийн *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2017 0108 0037 дугаартай хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, Р.*******ыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасугай.

2. Шүүгдэгч овогт ын *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******ийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Ц.*******, Р.*******д  нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Р.*******, Ц. ******* нарт урьд авсан батлан даалтад авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, тэдгээрийг шүүх хуралдааны танхимаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй алх 1 ширхэгийг устгасугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.БАВУУ