Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Мэндсайхан, Ц.Сандуйдамцаг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

           Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                                                       

          Прокурор С.Энхмаа,

          Нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

         

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Бавуу даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Энхмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/02 дугааартай улсын яллагчийн эсэргүүцлээр Р.Мэндсайхан, Ц.Сандуйдамцаг нарт холбогдох 2017 0108 0037 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Тойн овгийн Равзанаадийгийн Мэндсайхан, 1989 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерийн программист мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эгчийн хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн 7 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ДЮ89072610/,

 

2. Амар овгийн Цогзолноровын Сандуйдамцаг, 1970 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 87 дугаар гудамжны 13 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, одоо Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн 7 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:НЛ70110771/,

 

Ц.Сандуйдамцаг нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Р.Мэндсайханыг “дэлгүүрийн худалдагчаас мөнгө нэхлээ” гэж хэлэхэд нь түүнтэй маргалдан толгойн тус газар нь алхаар цохиж бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

 

Р.Мэндсайхан нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр аавыгаа хайж явахдаа Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үнэгтэйн 7 дугаар гудамжны 1 тоотод оршин суух Ц.Сандуйдамцагийн гэрт 18 цагийн орчим орж, “та ганц, хоёр хоног ажиллачихаад дэлгүүр дээгүүр манай худалдагч Цэнд-Аюушаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм” гэхэд Ц.Сандуйдамцаг “чамайг ална” гэж хэлээд зуухны хажууд байсан шар өнгийн төмөр алхаар толгойн тус газарт цохиход нь түлхэж, хөлөөрөө түүний цээжний баруун хэсэгт хоёр удаа өшиглөж, бие махбодид нь 9, 10 дугаар хавирганы зөрөөгүй хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас: Ц.Сандуйдамцагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Р.Мэндсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Мэндсайханд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Ц.Сандуйдамцагийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар Ц.Сандуйдамцагийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Р.Мэндсайхан, Ц.Сандуйдамцаг нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Р.Мэндсайхан, Ц.Сандуйдамцаг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй алхыг устгахыг даалгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор С.Энхмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Шүүх шийтгэх тогтоолын 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар” гэж шийтгэх тогтоолд дурдсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

Ц.Сандуйдамцаг нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө Р.Мэндсайханы малыг маллаж байсан боловч ажлаа хийлээ, хийсэнгүй, мөн цалин хөлс өглөө, өгсөнгүй гэж тэдний хооронд хувийн таарамжгүй харьцаа удаа дараа үүссэн үед буюу 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангамжийн 1-13 тоотод оршин суух өөрийн гэртээ, хохирогч Р.Мэндсайхан, түүний аав болох Д.Равзанаадий нартай хамт байхдаа, согтуугаар хохирогч   Р.Мэндсайханы   толгойн тус газар нь алхаар цохиж, хөнгөн зэргийн гэмтэл учруулсан, Р.Мэндсайхан   нь   Ц.Сандуйдамцагийн   “намайг   алхаар цохилоо”   гэж   Ц.Сандуйдамцагийн барьж байсан   алахыг   нь   аав   нь   булааж   авсаны   дараа   буюу   халдлага   дууссаны   дараагаар   гэрч   Ч.Гүрмэлийг    орж   ирсэний   дараа   буюу Ц.Сандуйдамцагийн гэмт үйлдэл төгссөний дараа түүний цээжин тус газарт нь хоёр удаа өшиглөж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ... гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж хэргийг бүхэлд нь хянав.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Прокуророос Ц.Сандуйдамцаг нь хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт, Р.Мэндсайхан нь хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэж үзэж, Ц.Сандуйдамцагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар, Р.Мэндсайханы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ц.Сандуйдамцагийг 2 удаа өшиглөсөн Р.Мэндсайханы үйлдлийг үргэлжилсэн довтолгооноос хамгаалсан гэж үйл баримт тогтоосон боловч гэрч Ч.Гүргэлийн мэдүүлгээр довтолгоон үргэлжлээгүй, харин Р.Мэндсайханы толгойг алхаар цохисоны дараа өөрөөр хэлбэл халдлага дууссаны дараа буюу “... намайг илүү гэрт сууж байтал эрэгтэй хүмүүс хоорондоо хэрэлдэж, маргалдаж байгаа чимээ гарахаар нь гэртээ яваад ортол Р.Мэндсайханы толгойны баруун талаас цус гарчихсан байсан. Харин манай нөхөр гэрийн зүүн талд, орны хөлд хоёр хөлөө жийчихсэн сууж байсан. Тэгээд би “та нар юу болоод байгаа юм бэ” гэсэн чинь Р.Мэндсайхан “танай нөхөр чинь миний толгойг алхаар цохиод хагалчихлаа” гэж хэлээд манай нөхрийн баруун талын хавирга руу хоёр удаа нилээн хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь “боль” гээд голоор нь ороод салгасан ...” /хх 30-31/ гэсэн мэдүүлгийг няцаасан дүгнэлт огт хийгдээгүй байна.

 

Нөгөө талаас гэрч Д.Равзанаадийгийн “... 2017 оны 1 дүгээр сарын 26-ны орой 18 цаг өнгөрч байхад Би Ц.Сандуйдамцагийн гэрт яваад орсон чинь ганцаараа сууж байсан. Харин эхнэр нь манай үхэр, малыг хашаад гадаа ажилтай явсан. Тухайн үед би түүнийг согтуу байна гэдгийг мэдээгүй. Гэртээ цай уугаад л сууж байсан. Тэгтэл манай хүү гаднаас ганцаараа орж ирээд Ц.Сандуйдамцагт хандаж “та хэд хоног үхэр мал малласан цалингаа авчихсан байж манай дэлгүүрийн худалдагчаас мөнгө нэхээд байхдаа яадаг юм бэ” гэж хэлсэн чинь Ц.Сандуйдамцаг босож ирээд зуухны дэргэд байсан шар өнгийн төмөр иштэй алхыг аваад манай хүүгийн толгойны баруун хэсэгт нэг удаа цохиод толгойг нь хагалсан. Тэгэхээр нь манай хүү түүний хавирга орчимд хоёр удаа өшиглөсөн. ... тухайн үед Ц.Сандуйдамцагийн гэрт манай хүү бид гурав л байсан. Түүний эхнэр нь гадаа малынхаа ажилд гарсан байсан ...” /хх 26-27/ хэмээн мэдүүлжээ.

 

Гэмт хэргийн нийгмийн аюулыг үгүйсгэх нөхцөл байдал болох аргагүй хамгаалалт нь нийгэмд аюултай халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой болсон тэр цаг үед хийгдсэн байхыг шаарддаг. Харин довтолгоон төгссөн хойно хийгдсэн гэмт үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна гэж үзлээ.

 

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зайлшгүй шаардлагатай гэрч нарыг талуудын хүсэлтээр шүүх хуралдаанд оролцуулж, тэдний мэдүүлгийн зөрүүг арилгах замаар гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг тодруулсны эцэст шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

 

Түүнчлэн Налайх, Баганхангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Мэндсайханд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 40.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасныг үндэслэл болгож шийдвэрлэсэн нь хуулийн шаардлагад нийцээгүй, ойлгомжгүй, хууль хэрэглээний алдаа гаргасан болохыг анхааруулж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Шийтгэх тогтоол хүчингүй болсонтой холбогдуулан прокурор С.Энхмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2. дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Р.Мэндсайхан, Ц.Сандуйдамцаг нарт холбогдох хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн, дахин хэлэлцүүлэхээр Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж, прокурор С.Энхмаагийн бичсэн 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 5/02 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.БАТСАЙХАН

 

                                 ШҮҮГЧИД                                              О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                                                                      Ж.ЭРДЭНЭЧИМЭГ