Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/03808

 

 

 

 

 

 

 

2021 11 22 101/ШШ2021/03808

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, шүүгчид Т.Болормаа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Т /РД:00000000/,

Нэхэмжлэгч: Б.Н /РД: 00000000/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Г-т /РД: 000000000/ холбогдох,

Гэм хорын хохиролд 64.690.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, Д.Батсүх,

Хариуцагч М.Г,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Тунгалаг,

Иргэдийн төлөөлөгч Х.Дэлгэрмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Т, Б.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Онон, Д.Батсүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Магсаррагчаагийн Гыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлын талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 сарын 1-ний өдрийн 1110 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан. Хохирогч Б.С нь амь насаа алдсан бөгөөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруугийн санаатай үйлдлээр учруулсан гэм хор бөгөөд мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргасан.

1.    Амь хохирогчийн оршуулгын зардлын тухайд:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Магсаррагчаагийн Гыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялаар шийтгэж, хүнийг алах гэмт хэрэгт буруутайг нь тогтоосон.

Талийгаач Б.Сгийн оршуулгын зардалд хариуцагч М.Г нь тухайн үед 10.100.000 төгрөг өгсөн боловч оршуулгын нийт зардалд 14.190.000 төгрөг гарсан байдаг.

Энэхүү оршуулгын зардал нь хэрэгт хавсарган өгсөн нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг бүрэн гүйцэд төлөх үүргийг гэм хор учруулагч хүлээдэг.

Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасны дагуу нас барсан хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болох гэм хор учруулагчаас төлөөгүй үлдэгдэл зардал болох нийт 4.090.000 төгрөгийг гаргуулна.

2. Хохирогчийн хүү С.Тийн сургалтын төлбөр болон сэтгэл санаанд учирсан их хэмжээний хохирлыг гаргуулах тухай:

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасны дагуу М.Гын санаатай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч амь насаа алдсан бөгөөд гэм буруутай үйлдэл, хохирол хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой юм.

Хохирогч гэнэт нас барсанаар амь хохирогчийн гэр бүлийнхэн сэтгэл санааны гүн хямралд орсон төдийгүй, хохирогчийн ганц хүү С.Тт эдийн болон эдийн бус хохирол учраад байгаа бөгөөд өөрийн тэжээгчээ алдсан.

Тэрээр хагас өнчин бөгөөд амь хохирогчийн нэрээр овоглодог, ажил алба эрхэлдэггүй, сургуульд сурдаг. Түүний сургалтын төлбөр, амьжиргааны зардал зэргийг ганц асран хамгаалагч нь болох түүний ээж амь хохирогч гаргадаг байсан.

Гэтэл хүүгийн асран хамгаалагч нас барсанаар тэжээн тэтгэх хүнгүй болж, сургалтын төлбөр, амьжиргааны зардал зэргийг гаргаж өгөх хүнгүй болсон. Хүү С.Т нь Отгонтэнгэр их сургуульд суралцдаг бөгөөд их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр нь 2.750.000 төгрөг юм.

Гэм хор учруулагчаас хүүгийн үлдсэн 2 жилийн сургалтын төлбөр болох нийт 5.500.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Мөн түүнчлэн эдийн бус гэх хор болох сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна.

Уг хохирлын хэмжээг тогтоохдоо шүүхийн шийдвэрийн жишигт үндэслэн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50.000.000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сэтгэл санааны хохиролд гаргуулах хүсэлтэй.

Хариуцагч М.Гын гэм буруутай үйлдлийн улмаас түүнд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан бөгөөд өмгөөллийн үйлчилгээний зардалд нийт 5.000.000 төгрөг зарцуулсан.

Гэм хор учруулсаны улмаас өмгөөллийн үйлчилгээ авч, түүнтэй холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй байх тул өмгөөллийн үйлчилгээний зардалд гаргасан 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Хэрэв хариуцагч М.Г нь гэм хор учруулаагүй байсан бол нэхэмжлэгчийн зүгээс дээрх зардлыг гаргахгүй байх байсан бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан зардал байх тул гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд гэм хор учруулагчийн хууль бус санаатай үйлдлийн улмаас амь хохирогчийн гэр бүл, түүний хүү С.Тийн эрх, ашиг сонирхол нь өмнөх байдалдаа орж чадахгүй бөгөөд түүнд учирсан эдийн болон эдийн бус гэм хорын хохиролд нийт 64.590.000 төгрөгийг хариуцагч М.Гаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Гын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Тунгалаг шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандаж иргэн Б.Н, С.Т нарын гаргасан гэм хорын хохирол нэхэмжлэх шаардлага бүхий нэхэмжлэлийн хариуцагчаар татагдсан иргэн М.Гын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Хүний амь насыг хохироож нөхөж баршгүй хохирол учруулсан нь үнэн. Хохирогчийн хүүд маш их сэтгэл санааны хохирол учирсан. Нэхэмжлэгч нар сэтгэл санааны хохиролд 50.000.000 төгрөг нэхэмжилж байна.

Сэтгэл санааны хохирол учруулсан нь үнэн боловч сэтгэл санааны хохирлыг үнэлэх арга, аргачлал, хуулийн үндэслэл, шүүхийн практик манай улсад байхгүй тул энэ шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд уг хохирлыг хариуцагч М.Гаас нэхэмжлэх үндэслэлгүй. Энэ төрлийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг баримтална гэсэн боловч уг зүйл заалтад сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж өгөх тухай зохицуулалт байхгүй.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалтай холбоотой 10.100.000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, энэ талаар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй болохыг шүүх дүгнэсэн байна.

Гэтэл одоо яагаад 4.190.000 төгрөгийн баримт нэмж гаргаад нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Оршуулгын зардалд нэхэмжилж байгаа 4.090.000 төгрөгөөс 3.400.000 төгрөгийг хариуцагч М.Г төлсөн. 2.800.000 орчим төгрөгийн баримт хуульд нийцээгүй байна.

Хохирогч Б.С нас барах хүртлээ нэг байгууллагад тогоочоор ажиллан сарын 1.200.000 төгрөгийн цалин авдаг байсан талаархи баримт ирүүлсэн байсан бөгөөд энэ баримт байснаараа хохирогчийг тогтмол орлого олдог байсан гэж үзэх боломжгүй.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд Талийгаачийн хүүхэд Отгонтэнгэр сургуульд суралцдаг. Төгсөхөд 2 жил дутуу байгаа тул 2 жилийн сургалтын төлбөрт нийт 5.200.000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт гаргаагүй тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив гэж дүгнэж байсан.

Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Отгонтэнгэр их сургуулийн тодорхойлолт гэх баримтыг үнэн зөв баримт эсэхийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан. Шийтгэх тогтоол гарахүед С.Т 3 дугаар курсэд суралцаж байсан бол 21 орчим настай байх тул талийгаачаар тэжээлгэн тэтгүүлэх асуудал яригдах эсэх нь эргэлзээтэй.

Талийгаач ээж нь хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөгч байсан эсэх талаар нотлох төлбөрийн баримт байхгүй байна. С.Т хүү эхний 2 жил сургалтын төлбөр төлөөгүй.

Мөн шийтгэх тогтоолд хохирогчийн төлөөлөгч тухайн үед Ү.Амарбат өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлснөө шүүгдэгч М.Гаас нэхэмжлэх тухай яриагүй.

Өмгөөлөгчид мөнгө төлснөө хариуцагч М.Гаас гаргуулна гэж байгаа тохиолдолд өмгөөлөгч тухайн орлогыг олсноо татварт тайлагнасан байх шаардлагатайгаас гадна Эрүүгийн хуульд хохирогчийг заавал өмгөөлөгч ав гэж заагаагүй.

Хариуцагч М.Г нөхөн төлбөрийг төлье гэсэн ч эдийн засгийн боломж байхгүй. Биеийн байдлаас болоод хорих ангид ажил хийж чадахгүй байгаа. Мөн өөрийн гэсэн хөрөнгө байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Иргэдийн төлөөлөгч Х.Дэлгэрмаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч Б.Н, С.Т нар 64.590.000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Хүний амь бүрэлгэсэн хүн энэ битгий хэл мөнгө өгөх ёстой байх. Хичнээн хууль эрх зүйн үндэслэл байхгүй ч хүнийхээ хувьд мөнгө өгөх ёстой гэж үзэж байна гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, С.Төгөлдар нар нь хариуцагч М.Гт холбогдуулан гэм хорын хохиролд 64.690.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

-Оршуулгын зардлын үлдэгдэл төлбөр 4.190.000 төгрөг,

-Хүү С.Тийн сургалтын төлбөр 5.500.000 төгрөг,

-Хүү С.Тийн сэтгэл санааны хохирол 50.000.000 төгрөг,

-Өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг,

Нийт 64.690.000 төгрөг,

 

М.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 4 сарын 26-ны орой 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 85 дугаар байрны 6 тоотод хамтран амьдрагч Б.Сгийн хоолойг боомилж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогдсон байна.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор Хотгойд овогт Магсаррагчаагийн Гыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцон,

Шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ялаар шийтгэн, М.Гт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гын цагдан хоригдсон 67 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцон, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч энэ хэрэгт хамааралтай холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэйг дурьдан шийдвэрлэсэн байна.

Дээрхи шийдвэрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгч Ү.Амарбат давж заалдах гомдол гарган Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 сарын 1-ний өдрийн 1110 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн талаар талууд хэн аль нь маргаагүй бөгөөд шийдвэр хуулийн хүчин Т болжээ.

/ХХ-ийн 28-32, 62-84 дүгээр тал/

 

Дээр дурдсан байдал хүчин Т шүүхийн шийдвэрээр тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т Шүүхийн хүчин Т шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заасны дагуу нэхэмжлэгч тал энэ талаар дахин нотлох шаардлагагүй.

 

Хариуцагч М.Гын хүсэлтээр түүнд холбогдох эрүүгийн 2005014690711 дугаартай, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 сарын 3-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолтой хэрэгт үзлэг хийсэн бөгөөд нэхэмжлэгч тал эрүүгийн хэргээс хуулбарлан үзлэгийн тэмдэглэлд хавсаргуулах баримт байхгүй гэсэн бөгөөд хариуцагч тал эрүүгийн хэргийн 205, 206, 207 дугаар тал дахь хохирол шилжүүлсэн баримтыг хуулбарлан тэмдэглэлд хавсаргуулсан болно.

/ХХ-ийн 62-84 дүгээр тал

 

Хариуцагч М.Г нь 2020 оны 4 сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, 2020 оны 4 сарын 30-ны өдөр 5.100.000 төгрөг, 2.000.000 төгрөг, нийт 10.100.000 төгрөг төлсөн талаар талууд хэн аль нь тайлбарлаж байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаас 100.000 төгрөгийг хасч тооцоогүй талаараа тайлбарлан хариуцагч М.Гаас 64.590.000 төгрөгийн нэхэмжилж байгаа талаараа тайлбарлалаа.

/ХХ-ийн 30, 73-75 дугаар тал/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулна гэж заажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон эрүүгийн хэргийг шүүх шийдвэрлэх явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нгийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ү.Амарбат оролцсон нь шүүхийн шийдвэрүүд, талуудын тайлбар болон өмгөөлөгч Ү.Амарбатад өмгөөллийн хөлсөнд 2020 оны 5 сарын 6-ны өдөр 4.000.000 төгрөг, 2020 оны 9 сарын 2-ны өдөр үлдэх төлбөрийг төлснөөр нийт 5.000.000 төгрөг төлсөн нь тогтоогдлоо.

/ХХ-ийн 26-31, 62-84, 88-90 дүгээр тал/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг хэлэлцэх үед иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол нэхэмжлэгч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлийг дахин гаргах эрхээ алдана гэж, мөн 2 дахь хэсэгт Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй гэж тус тус заажээ.

 

Амь хохирогчийн хүү 20 настай, өсвөр насны мөн оюутан зэрэг амьдралын хүнд нөхцөл байдлуудыг нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигтай холбогдох сургалтын төлбөрийн нэхэмжлэлээ нотлох баримтаар бүрдүүлэн М.Г нэхэмжлэх эрхтэй хэмээн шийтгэх тогтоолд заасан байна.

 

Нэхэмжлэгч тал С.Тийн 3, 4 дүгээр дамжааны сургалтын төлбөрт 5.500.000 төгрөгийг нэхэмжилсэн ба Б.С хөдөлмөр эрхэлж байсан нь Найс фүүдс эм жи ХХК-ийн тодорхойлолтоор тогтоогдоно гэж тайлбарлалаа.

Найс фүүдс эм жи ХХК-ийн менежерийн 2021 оны 3 сарын 17-ны өдрийн тодорхойлолтод Б.С Nice foods компанийн Гоё зоогийн газарт удаан хугацааны турш 1 сарын 1.200.000 төгрөгийн цалинтай тогоочоор ажиллаж байсан нь үнэн гэсэн байх бөгөөд уг тодорхойлолт гэх баримтыг үндэслэн түүнийг ажил эрхэлж байсан гэж үзэх боломжгүй болно.

/ХХ-ийн 25 дугаар тал/

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2Нийгмийн даатгалд дор дурьдсан ажилтан албан журмаар даатгуулна, 2.1-т өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэж заасны дагуу нийгмийн даатгалд даатгуулан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтаа ирүүлээгүй тул Б.Сг ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж үзэхээргүй байна.

Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрх зүйн бакалаврын өдрийн 3 дугаар дамжааны 1 жилийн сургалтын төлбөр 2.750.000 төгрөг ба мөн сургуулийн Сургалтын нэгдсэн албаны даргын 2021 оны 5 сарын 25-ны өдрийн 4/32 тоот тодорхойлолтод "С.Т 2018 онд тус сургуулийн эрх зүйн бакалаврын өдрийн ангид элсэн суралцсан. С.Т 2018-2019 онд тус сургуулийн 100 хувийн хөнгөлөлттэй нөхцлөөр суралцаж, 2019-2020 оны хичээлийн жилд 700.000 төгрөгийг 2020 оны 6 сарын 19-ний өдөр сургалтын төлбөрт төлсөн байна. Одоогоор 2-р курсээсээ жилийн чөлөө авсан төлөвтэй байна гэжээ.

С.Т нь сургуульдаа суралцаагүй, жилийн чөлөө авсан нь Отгонтэнгэр их сургуулийн сургалтын албаны даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул 3, 4 дүгээр дамжааны сургалтын төлбөр 5.500.000 төгрөгийг хариуцагч М.Гаас гаргуулах үндэслэлгүй байна.

/ХХ-ийн 24, 92 дугаар тал/

 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т Гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ,

230 дугаар зүйлийн 230.1-т Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 230.2Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө, 230.3-т Гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан ба иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар эдийн бус гэм хорыг шийдвэрлэхэд шүүх Иргэний хуулийн зохицуулалтыг баримтлана.

 

Хариуцагч М.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас Б.Сгийн амь нас хохирч түүний хүү С.Тт хор уршиг учирсан тул тэрээр эдийн бус гэм хорын хохирлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч тал дээрхи хохирлыг хэрхэн яаж тооцон сэтгэл санааны хохирлыг 50.000.000 төгрөг гэж тодорхойлсон нь тодорхойгүй байна.

Иймд хүү Сгийн Тт учирсан сэтгэл санааны хохирлыг хэрэг гарах үеийн буюу 2020 оны 4 сарын 26-ны өдрөөс болон шүүхийн шийдвэр гарах хүртэлх өдрийн амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Үндэсний статистикийн хорооны даргын 2020 оны 1 сарын 13-ны өдрийн А/05 дугаартай Хүн амын амьжиргааны 2020 оны доод түвшнийг тогтоох тухай тушаалаар хүн амын амьжиргааны 2020 онд мөрдөх хэмжээг батлан мөн оны 2 сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэсэн ба Улаанбаатар хот дахь хэмжээг сард 230.000 төгрөг гэж, мөн даргын 2021 оны 1 сарын 18-ны өдрийн А/02 тоот Хүн амын амьжиргааны 2021 оны доод түвшнийг тогтоох тухай тушаалаар хүн амын амьжиргааны 2021 оны түвшнийг тогтоон мөн оны 2 сарын 1-ний өдрөөс мөрдөхөөр шийдвэрлэн Улаанбаатар хот дахь хэмжээг сард 238.700 төгрөг гэж тогтоосон бөгөөд уг тушаал Статистикийн нэгдсэн мэдээллийн сангийн www.1212.mn, болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем legalinfo.mn сайтад тус тус тус тусгагдсан бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий баримт тул дахин нотлох шаардлагагүй.

2020 оны 4 сарын 26-ны өдрөөс 2021 оны 2 сарын 1-ний өдрийг хүртэл, 2021 оны 2 сарын 1-ний өдрөөс 2021 оны 11 сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар дээр дурдсан хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцоход 4.194.018 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгч тал амь хохирогчийн оршуулгын зардал 14.190.000 төгрөг болсон үүнээс хариуцагч М.Г 10.100.000 төгрөгийг төлсөн үлдэх 4.090.000 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарлалаа.

Б.Н, хүү С.Т нар 2020 оны 4 сарын 28-ны өдөр Нью Семетри ХХК-д захиалга өгч оршуулгын үйлчилгээнд 6.700.000 төгрөгийг төлсөн болох нь оршуулгын үйлчилгээний төлбөр төлсөн баримтаар тогтоогдлоо.

/ХХ-ийн 21-23 дугаар тал/

 

Хохирогч Б.Сг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал буюу Загарболор дэлгүүрээс 2020 оны 4 сарын 27-ны өдөр 76.860 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, ногоо, арц, чүдэнз, Барс ХХК дахь худалдаа эрхлэгчидээс 121.860 төгрөг болон 166.200 төгрөгийн хүнсний ногоо, мах, Оргил худалдааны төвөөс 12.740 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн,

2020 оны 4 сарын 28-ны өдөр Улаанбаатар буян ХХК-д гэрэл зураг болон жаазны үнэд 40.000 төгрөг,

2020 оны 4 сарын 28-ны өдөр Гандан дэлгүүрээс 15.000 төгрөгийн бараа, мөн өдөр нь Бумнэт ХХК-иас 61.760 төгрөгийн ундаа, жүүс, 156.200 төгрөгийн будаа, гурил, пүнтүүз, Барс худалдааны төв дэх худалдаа эрхлэгчидээс 352.568 төгрөгийн өргөст хэмх, майонез, ногоо, чихэр, үзэм, хиам, өндөг, ундаа, жимс, вандуй, будаа, мөн Барс-2 худалдааны төвөөс 44.700 төгрөгийн хиам, Тансаг жүрж ХХК-иас 55.000 төгрөгийн жимс, Шонхор захаас 708.000 төгрөгийн мах, Барс маркет төвөөс 24.000 төгрөгийн шар тос, 51.600 төгрөгийн нарийн ногоо, 34.600 төгрөгийн чихэр, 301.880 төгрөгийн ногоо, НВЦ трейдинг ХХК-иас 17.400 төгрөгийн өндөг,

2020 оны 4 сарын 29-ний өдөр Оргил худалдааны төвөөс 79.440 төгрөгийн цай, ундаа, жүүс, Амгалан зах дахь Амэ ембүү бөөний төвөөс 70.680 төгрөгийн хүнсний бараа, Саруул төвөөс 13.500 төгрөгийн бараа, Барс-2 төв дэх худалдаа эрхлэгчидээс 290.690 төгрөгийн цай, давс, манжин, тос, ааруул, хар чавга, алим, мандарин, жсан үзэм, үзэм, Борх ХХК-иас 317.080 төгрөгийн хоол амтлагч, ногоо, бяслаг, лаазалсан туна загас, Барс ХХК-иас 132.000 төгрөгийн ногоо,

2020 оны 4 сарын 30-ны өдөр Нарантуул худалдааны төвөөс 27.000 төгрөгийн алим, мандарин, 351.800 төгрөгийн гахайн утсан мах, хиам, үхрийн хэл, 670.500 төгрөгийн цайнууд, шоколад, самар, резинэн чихэр, орео печень, 241.800 төгрөгийн сүү, өрөм, ааруул, зулын тос, 204.000 төгрөгийн төрөл бүрийн ундаа, 30.000 төгрөгийн төмс, 252.800 төгрөгийн лаа,чүдэнз, цөгц, уут, хадаг, 653.000 төгрөгийн салфетка, жүүс, лаа, чүдэнз, уут,

2020 оны 5 сарын 1-ний өдөр Загарболор дэлгүүрээс 22.200 төгрөгийн хүнсний бараа, Ану мини маркетаас 9.600 төгрөгийн хүнсний бараа, Мөнгөнтуул дэлгүүрээс 27.900 төгрөгийн хүнсний бараа, Сод монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станцаас 40.000 төгрөгийн шатахуун зэрэг нийт 5.695.249 төгрөгийг оршуулгын зардалд зарцуулсан болох нь бараа, бүтээгдэхүүн худалдан авсан төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 6-18 дугаар тал/

 

Гандантэгчинлэн хийдэд 2020 оны 4 сарын 28, 29-ний өдрүүдэд 57.500 төгрөгөөр ном айлтгасан гэх бөгөөд энэ нь зан заншлаас үүдэлтэй тул мөн 2020 оны 6 сарын 11-ний өдөр тус тус 417.860 төгрөг, 281.700 төгрөг, 147.710 төгрөг, 277.900 төгрөг, 34.700 төгрөг, 10.700 төгрөгийн хүнсний бараа худалдан авсан байх боловч дээр дурдсан нийт 1.231.570 төгрөгийг хохирогчийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал гэж үзэхгүй болно.

/ХХ-ийн 6, 8, 13, 17, 19-20 дугаар тал/

 

Хохирогч Б.Сг оршуулахтай холбоотой нийт 12.395.249 төгрөгийн зардал гарсан болох нь дээр дурдсан баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч М.Г нь үүнээс 10.100.000 төгрөгийг нь төлсөн тул тэрээр үлдэх 2.295.249 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө,

497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

508 дугаар зүйлийн 508.1Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж тус тус заасан бөгөөд хохирогч Б.Сгийн өв залгамжлагч, түүний хүү Сгийн Т дээрх хохирлыг нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.Дэлгэрмаа хүний амь нас хохироосон тул хүнийхээ хувьд мөнгө өгөх ёстой хэмээн дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзсэн болно.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хариуцагч М.Гаас оршуулгын зардлын зөрүү 2.295.249 төгрөг, өмгөөлөгчийн зардал 5.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 4.194.018 төгрөг, нийт 11.489.268 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.100.733 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэн М.Оюунчимэг нь Б.Н, С.Т нар оршуулгын зардал нэхэмжлэн 64.690.000 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа хуурамч баримт гаргаж өгсөн гэх гомдол гаргасныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч В.Мөнхбаатар шалгасан ба мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 6 сарын 14-ний өдрийн 2508 дугаар тогтоолоор баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хариуцагч М.Гаас 11.489.267 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Тт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53.100.733 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Б.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Т, Б.Н нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч М.Гаас 198.778 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН

 

ШҮҮГЧИД Т.БОЛОРМАА

 

Б.ЦОЛМОНГЭРЭЛ