Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00535

 

 

 

С.Т-, Б.Н- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/03808 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Т-, Б.Н- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч М.Г-т холбогдох,

Гэм хорын хохиролд 64,690,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор М.Г-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлын талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэсэн. Мөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 1110 дугаар магадлалаар дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн.

Хохирогч Б.С- нь амь насаа алдсан бөгөөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруугийн санаатай үйлдлээр учруулсан гэм хор бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй гэж заасан.

Амь хохирогчийн оршуулгын зардлын тухайд:

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан.

Талийгаач Б.С-гийн оршуулгын зардалд хариуцагч М.Г- нь тухайн үед 10,100,000 төгрөг өгсөн боловч оршуулгын нийт зардалд 14,190,000 төгрөг гарсан. Энэхүү оршуулгын зардал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдох бөгөөд хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардлыг бүрэн гүйцэд төлөх үүргийг гэм хор учруулагч хүлээдэг. Иймд Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасны дагуу нас барсан хохирогчийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болох гэм хор учруулагчаас төлөөгүй үлдэгдэл зардал болох нийт 4,090,000 төгрөгийг гаргуулна.

Хохирогчийн хүү С.Т-ийн сургалтын төлбөр болон сэтгэл санаанд учирсан их хэмжээний хохирлыг гаргуулах тухай:

Хохирогч гэнэт нас барснаар амь хохирогчийн гэр бүлийнхэн сэтгэл санааны гүн хямралд орсон төдийгүй, хохирогчийн ганц хүү С.Т-т эдийн болон эдийн бус хохирол учраад байгаа бөгөөд өөрийн тэжээгчээ алдсан. Тэрээр хагас өнчин бөгөөд амь хохирогчийн нэрээр овоглодог, ажил алба эрхэлдэггүй, сургуульд сурдаг. Түүний сургалтын төлбөр, амьжиргааны зардал зэргийг ганц асран хамгаалагч нь болох түүний ээж амь хохирогч гаргадаг байсан. Гэтэл хүүгийн асран хамгаалагч нас барснаар тэжээн тэтгэх хүнгүй болж, сургалтын төлбөр, амьжиргааны зардал зэргийг гаргаж өгөх хүнгүй болсон. Хүү С.Т- нь Отгонтэнгэр их сургуульд суралцдаг бөгөөд их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр нь 2,750,000 төгрөг юм. Гэм хор учруулагчаас хүүгийн үлдсэн 2 жилийн сургалтын төлбөр болох нийт 5,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна.

Мөн түүнчлэн эдийн бус гэх хор болох сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Уг хохирлын хэмжээг тогтоохдоо шүүхийн шийдвэрийн жишигт үндэслэн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээг тодорхойлохдоо 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгийг их хэмжээний хохирлын доод хэмжээ болгон хуульчилсан зэрэг жишиг болох нөхцөл байдлуудыг харгалзан үзэж сэтгэл санааны хохиролд гаргуулах хүсэлтэй.

Хариуцагч М.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас түүнд холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авсан бөгөөд өмгөөллийн үйлчилгээний зардалд нийт 5,000,000 төгрөг зарцуулсан. Гэм хор учруулсны улмаас өмгөөллийн үйлчилгээ авч, түүнтэй холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй байх тул өмгөөллийн үйлчилгээний зардалд гаргасан 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Хэрэв хариуцагч М.Г- нь гэм хор учруулаагүй байсан бол нэхэмжлэгчийн зүгээс дээрх зардлыг гаргахгүй байх байсан бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас гарсан зардал байх тул гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд гэм хор учруулагчийн хууль бус санаатай үйлдлийн улмаас амь хохирогчийн гэр бүл, түүний хүү С.Т-ийн эрх, ашиг сонирхол нь өмнөх байдалдаа орж чадахгүй бөгөөд түүнд учирсан эдийн болон эдийн бус гэм хорын хохиролд нийт 64,590,000 төгрөгийг хариуцагч М.Г-аас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Сэтгэл санааны хохирол учруулсан нь үнэн боловч сэтгэл санааны хохирлыг үнэлэх арга, аргачлал, хуулийн үндэслэл, шүүхийн практик манай улсад байхгүй тул энэ шаардлагыг шүүх шийдвэрлэх боломжгүй. Иймд уг хохирлыг хариуцагч М.Г-аас нэхэмжлэх үндэслэлгүй. Энэ төрлийн маргааныг шүүх шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийг баримтална гэсэн боловч уг зүйл заалтад сэтгэл санааны хохирлыг мөнгөөр үнэлж өгөх тухай зохицуулалт байхгүй.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолд дурдсанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалтай холбоотой 10,100,000 төгрөгийг хүлээн авсан талаараа маргаагүй, энэ талаар нэмж нэхэмжлэх зүйл байхгүй болохыг шүүх дүгнэсэн байна.

Гэтэл одоо яагаад 4,190,000 төгрөгийн баримт нэмж гаргаад нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Оршуулгын зардалд нэхэмжилж байгаа 4,090,000 төгрөгөөс 3,400,000 төгрөгийг хариуцагч М.Г- төлсөн. 2,800,000 төгрөгийн баримт хуульд нийцээгүй байна. Хохирогч Б.С- нас барах хүртлээ нэг байгууллагад тогоочоор ажиллан сарын 1,200,000 төгрөгийн цалин авдаг байсан талаарх баримт ирүүлсэн байсан бөгөөд энэ баримт байснаараа хохирогчийг тогтмол орлого олдог байсан гэж үзэх боломжгүй.

Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд Талийгаачийн хүүхэд Отгонтэнгэр сургуульд суралцдаг. Төгсөхөд 2 жил дутуу байгаа тул 2 жилийн сургалтын төлбөрт нийт 5,200,000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг нотолсон баримт гаргаагүй тул энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив гэж дүгнэж байсан. Хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Отгонтэнгэр их сургуулийн тодорхойлолт гэх баримтыг үнэн зөв баримт эсэхийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулсан. Шийтгэх тогтоол гарах үед С.Т- 3 дугаар курсэд суралцаж байсан бол 21 орчим настай байх тул талийгаачаар тэжээлгэн тэтгүүлэх асуудал яригдах эсэх нь эргэлзээтэй.

Талийгаач ээж нь хүүгийнхээ сургалтын төлбөрийг төлөгч байсан эсэх талаар нотлох төлбөрийн баримт байхгүй байна. С.Т- хүү эхний 2 жил сургалтын төлбөр төлөөгүй. Мөн шийтгэх тогтоолд хохирогчийн төлөөлөгч тухайн үед Ү.А- өмгөөлөгчид өмгөөллийн хөлс төлснөө шүүгдэгч М.Г-аас нэхэмжлэх тухай яриагүй. Өмгөөлөгчид мөнгө төлснөө хариуцагч М.Г-аас гаргуулна гэж байгаа тохиолдолд өмгөөлөгч тухайн орлогыг олсноо татварт тайлагнасан байх шаардлагатайгаас гадна Эрүүгийн хуульд хохирогчийг заавал өмгөөлөгч ав гэж заагаагүй.

Хариуцагч М.Г- нөхөн төлбөрийг төлье гэсэн ч эдийн засгийн боломж байхгүй. Биеийн байдлаас болоод хорих ангид ажил хийж чадахгүй байгаа. Мөн өөрийн гэсэн хөрөнгө байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Нэхэмжлэгч Б.Н-, С.Т- нар 64,590,000 төгрөг нэхэмжилж байгаа юм байна. Хүний амь бүрэлгэсэн хүн энэ битгий хэл мөнгө өгөх ёстой байх. Хичнээн хууль эрх зүйн үндэслэл байхгүй ч хүнийхээ хувьд мөнгө өгөх ёстой гэж үзэж байна.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар хариуцагч М.Г-аас 11,489,267 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 53,100,733 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч С.Т-, Б.Н- нар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч М.Г-аас 198,778 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Ү.А-ад төлсөн өмгөөлөгчийн хөлсний талаар:

Эрүүгийн шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр болсон ба үүнээс өмнө 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөгийг өмгөөлөгч Ү.А-ад бэлнээр төлсөн гэх баримт байх боловч анхан шатны хуралдаан дээр энэ баримтаа гаргаж нэхэмжлээгүй нь тэр төлбөрийг төлсөн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Тухайн өмгөөлөгчийн хувьд тухайн орлогыг олсон эсэх нь мөн эргэлзээтэй байна. Учир нь өмгөөлөгчийн тухайн орлогоосоо албан татвар төлсөн гэх баримтыг нэхэмжлэгч тал гарган өгсөн боловч тэр баримтаас харахад өмгөөлөгчийн овог бичигдээгүй, регистрийн дугаар байхгүй бөгөөд таван сая биш дөрвөн сая төгрөгөөс орлогын албан татвар төлсөн баримт байх тул энэ хэрэгт хамааралтай гэж үзэхээргүй буюу өөрөөр хэлбэл өмгөөлөгч Ү.А-ад өмгөөллийн хөлсөнд 5,000,000 төгрөг төлсөн гэдэг нь эргэлзээтэй харагдаж байгаа болно.

            5.2. Сэтгэл санааны хохиролд 4,195,018 төгрөг зэргийг олгохоор заасныг зөвшөөрөхгүй.

Шүүх нь амь хохирогч Б.С- агсны хүү С.Т-т учирсан сэтгэл санааны хохирлыг чухам ямар хууль тогтоомжийн ямар заалт үндэслэн амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан үнэлгээ хийсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх нь энэ асуудлыг шийдвэрлэсэн үндэслэлээ болгож Иргэний хуулийн 229, 230 дугаар зүйлийг заасан байх боловч энд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг хэрэг үйлдэгдэх үеэс шүүхэд нэхэмжлэл гаргах үе хүртэлх хугацаанд мөрдөгдөж байсан амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан үнэлж болох тухай тодорхой зохицуулалт байхгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нийт 9,195,018 төгрөгийг төлбөрийг хасч өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан хариу тайлбарын агуулга:

Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан тул тус шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч С.Т-, Б.Н- нар нь хариуцагч М.Г-т холбогдуулан

1.1. Б.С-гийн оршуулгын зардалд 4,190,000 төгрөг

1.2. Хүү С.Т-ийн сургалтын төлбөрт 5,500,000 төгрөг /Отгонтэнгэр их сургуулийн 1 жилийн сургалтын төлбөр 2,750,000 төгрөг юм. 2 жилийн сургалтын төлбөр 5,500,000 төгрөг/

1.3. С.Т-ийн сэтгэл санааны хохиролд 50,000,000 төгрөг,

1.4. Өмгөөлөлийн зардалд 5,000,000 нийт 64,690,000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан. /хх1-4, 38-39/

 

А. Хэрэгт дараах үйл баримт маргаангүй байна. Үүнд:

А.1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолоор М.Г-ыг хүнийг алах гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ДШМ/1110 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 661 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ. Дээрх тогтоол, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хх 28-31, 62-84/

 

А.2. Дээрх шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм хорын хохирлын талаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна./хх31/

 

А.3. Оршуулгын зардалд өмнө нь М.Г- нь 10,000,000 төгрөг төлсөнд талууд маргаангүй. /хх1-2, 38-39/

 

А.4. Нэхэмжлэлээс 53,100,733 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

А.5. Оршуулгын зардалд 4,190,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт заасныг хариуцагч зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй.

 

В. Зохигч дараах асуудлаар маргаантай байна. Үүнд:

            В.1. Нэхэмжлэгчийн “Өмгөөлөгчийн зардалд 5,000,000 төгрөг гаргуулахаар” нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “энэ талаар баримтгүй, хэрэгт авагдсан баримт нь эргэлзээтэй, өмнөх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр энэ асуудал шийдвэрлэгдсэн” гэж маргажээ. /хх122/

 

Хэргийн баримтаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч тал өмгөөлөгч Ү.А-ад өмгөөллийн хөлсөнд 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үлдэх 1,000,000 төгрөгийг төлснөөр нийт 5,000,000 төгрөг төлсөн баримт авагдсан. /хх26-31, 62-84/ Дээрх баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Хохирогч нь өмгөөлөгч Ү.А-аас хууль зүйн үйлчилгээ тусламж авсан нь бэлэн мөнгө хүлээлцэх акт болон хувь хүний орлогын албан татварын тайлан гэх баримтуудаар тогтоогдсон байна. /хх88-90/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтан, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангах зорилгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийг оролцуулахаар заасан. Хууль зүйн туслалцааны зардлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан хохирогчоос гарсан эд хөрөнгийн хохирол гэж үзнэ. Иймд анхан шатны шүүх 5,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруутгахгүй. Иймд хариуцагчийн “нотлох баримт эргэлзээтэй, өмгөөлөгч 4,000,000 төгрөгөөс орлогын албан татвар төлсөн” гэх гомдол үндэслэлгүй.

 

            В.2. Нэхэмжлэгчийн сэтгэл санааны хохиролд 4,195,018 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч эс зөвшөөрч хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

           

            Эх Б.С- бусдад алагдсанаар түүний ганц хүү С.Т- сэтгэл санааны гүн хямралд орсон талаар шүүх дүгнэснийг хариуцагч няцааж чадаагүй.

 

            Сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг шүүх тодорхойлох эрхтэй бөгөөд заавал амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцоолох үндэслэлгүй юм. Иймд сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээг амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр тооцоолсон гэх анхан шатны шүүхийн дүгнэлт эрх зүйн хувьд үндэслэлгүй боловч сэтгэл санааны хохирлын хэмжээг 4,195,018 төгрөгөөр тогтоосныг нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь зүйтэй.

 

            Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчилж, давж заалдах гомдлын 5.1, 5.2-т заасныг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/03808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “510 дугаар зүйлийн 510.1” нэмж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.БАТЗОРИГ

 

                                                       ШҮҮГЧИД                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

  Ш.ОЮУНХАНД