Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/03774

 

 

 

 

 

 

 

2021 11 18 101/ШШ2021/03774

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г банкны /РД: 00000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Эт /РД: 000000000/ холбогдох,

3.273.792,42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн,

Хариуцагч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Тусгай активын хэлтсийн захирал Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э Г банктай 2016 оны 11 сарын 9-ний өдөр ЗГ/КР/4628681641773107 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 1.500.000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсаны 42 хувь, хугацаа хэтрүүлсэний 12 хувь, эрх хэтрүүлсэний 24 хувийн тус тус хүүтэй, 2 жилийн хугацаатай, зохих хүүг эргүүлэн төлөх үүрэг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалт хийсэн.

Зээлдэгч Б.Этай байгуулсан гэрээний хугацаа 2018 оны 11 сарын 9-ний өдөр дууссан боловч тэрээр гэрээнд заасны дагуу төлөх ёстой зээл, хүүг төлөөгүй.

2020 оны 12 сарын 1-ний өдрийн байдлаар 12.661.442,24 төгрөгийн зээл авснаас 11.284.376,92 төгрөгийг нь төлсөн, үлдэгдэл нь 1.377.065,32 төгрөг. Бэлэн мөнгөний гүйлгээний хүү 1.584.745,04 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 435.269,47 төгрөг, үүнээс 638.183,87 төгрөг төлсөн ба үлдэгдэл 1.381.830,63 төгрөг. Хугацаа хэтрүүлсэний хүү 495.633,64 төгрөгөөс 11.393,15 төгрөг төлсөн бөгөөд 484.240,49 төгрөг үлдсэн. Эрх хэтрүүлсэний хүү 10.646,06 төгрөгийг төлсөн. Шимтгэл 102.055,98 төгрөг төлөхөөс 71.400 төгрөг төлсөн бөгөөд 30.665,98 төгрөг үлдсэн.

Иймд Б.Эаас зээлийн үндсэн төлбөр 1.377.065,32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1.381.830,63 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 484.240,49 төгрөг, шимтгэл 30.655,98 төгрөг, нийт 3.273.792,42 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Э шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Э би Г банктай 2016 оны 11 сарын 9-ний өдөр 1.500.000 төгрөгийн эрхтэй кредит карт эзэмших гэрээ байгуулан зэс карт эзэмшиж байсан нь үнэн болно. Миний хувьд Г банкны нэхэмжилж байгаа 3.273.792,42 төгрөгийг төлөхгүй. Үндсэн зээл 1.500.000 төгрөгийг төлнө. Г банкны буруутай үйл ажиллагаанаас болоод зээлийн хугацаа хэтэрсэн.

Би Турк улс руу 2018 оны 1 сарын 25-ны өдөр яваад 2018 оны 7 сарын 5-ны өдөр Монголдоо ирсэн. Би 2018 оны 6 сарын 28-ны өдөр Турк улсын цагаар орой 20 цагийн үед Истанбул хотын Нишан таш гудамжинд байрлах банкны АТМ-д картаа уншуулан бэлэн мөнгө авах оролдлого хийсэн.

Эхлээд 2.500 лир уншуулсан ч мөнгө гарч ирээгүй. Үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж ойлгоод 500 лир уншуулахад мөн л мөнгө гарч ирээгүй. Дахин 2000 лир уншуулахад мөнгө гарч ирээгүй ба дэлгэцэнд ямар нэгэн алдаа заасан үг, үсэг, тэмдэглэгээ гарч ирэхгүй байж байгаад АТМ эргээд хэвийн байдалд орж байсан. Картаа буруу хийсэн байж магад гэж бодоод картаа сугалж аваад дахиад хийтэл картыг маань залгичихсан.

Ажлын цаг дууссан байсан тул маргааш өглөө нь банк онгойнгуут очиж уулзахад гадаад улсын болон гадны иргэдийн картыг буцаан олгох журам байхгүй. Устгалд оруулна гэсэн.

Нөхөр Л.Батбилэг бид хоёр Монгол руугаа буцах гэж байсан тул 2018 оны 6 сарын 20-ны өдөр дүү С.Бат-Эрдэнэ, түүний эхнэр П.Нарантуяа нараас 1.633.000 төгрөг төлж картын эргэн төлөлт хийсэн байсан.

Ах Б.Энхболдоос мөнгө зээлж П.Загарпэрэнлэйн Худалдаа хөгжлийн банк дахь данс руу шилжүүлж онгоцны билетээ авч БНКУ-ын Астана хотод буугаад Баян-Өлгий аймагт газраар ирсэн.

Наадмаар Баян-Өлгий аймагт байж байгаад наадмын дараа Улаанбаатар хотод ирээд 2018 оны 8 сарын 18-ны өдөр Сансар салбараас картаа сэргээлгэж авсан. Гэтэл тэр өдөр банкнаас залгаж эргэн төлөлтөө хий гэсэн. Энэ хүртэл би данснаас мөнгө гарсан талаар мэдээгүй байсан.

Банкны ажилтанд болсон үйл явдлыг хэлэхэд утсаар хүсэлт гаргаад шийдвэрлүүлж болно гэсэн. Банк улс хоорондын асуудал учраас хугацаа орно гэсэн. Банкнаас зээлээ төл гэсэн зурвас ирсээр байсан.

Банкнаас утсаар болон бичгээр хариу өгч байгаагүй. Би 2019 оны 1 сарын 9-ний өдөр Солонго салбарт очиж эдийн засагчтай уулзсан ба судалж байгаа, Туркийн банкнаас хариу өгөөгүй байна, танд мэдэгдэнэ гэсэн бөгөөд банкнаас огт залгаагүй.

2019 оны 6 сард Улаанбаатарт ирэхдээ Солонго салбарт дахин очиж уулзахад Туркийн банкнаас хариу ирсэн.Та мөнгө авсан байна. Тиймээс мөнгөө төлөх хэрэгтэй гэсэн. Би Туркийн банк камертай байсан талаар хэлэхэд ойлголоо, эргээд хариу өгнө гээд мөн таг болсон.

Түүнээс хойш хариу өгөхгүй байж байгаад 2019 оны 12 сард Г банкны хуулийн зөвлөх гэх хүн яриад зээлээ төлөхгүй байгаа тул шүүхэд өгнө гэсэн бөгөөд би бүх асуудлыг эхнээс нь ярьсан. Тэр хүн карт авсан салбартаа хүсэлтээ өг, холбогдох хүмүүс нь судлаад хариу өгөх байх гэсэн.

Би маргааш нь Солонго салбарт очиж өргөдөл бичиж өгсөн ба таныг мөнгө төлөх ёстой гэсэн хариу гарсан гэж хэлсэн. 2021 оны 2 сарын 23-ны өдөр Г банкны хуульч гэх хүн яриад шүүхээс мэдэгдэл ирсэн үү гэсэн ба та зэс картын төлбөрөө төлөхгүй байгаа тул таныг шүүхэд өгсөн. Шүүх дээр уулзья гэсэн.

Би Г банкинд хүсэлт, өргөдөл өгсөөр байхад шийдэж өгөхгүй, хугацаа алдчихаад хүү, алданги тооцож байгаа нь шударга бус байна.

Зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр оруулж зээлийн үйлчилгээ авах боломжгүй болгож эрхийг маань зөрчсөн. Миний нөхөр Л.Батбилэг хүртэл зээлийн үйлчилгээ авах боломжгүй болсон.

Надад болон манай гэр бүлд чирэгдэл учруулчихаад маргаантай хугацааны хүү, алданги, торгууль нэхэж байгаа нь үндэслэлгүй. Манай гэр бүл дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас орлогогүй байгаа энэ үед хэрэглээгүй мөнгө төлөх, нэмж торгууль, алданги төлөх боломжгүй гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банк нь хариуцагч Б.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3.273.792,42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Зээлийн үндсэн төлбөр 1.377.065,32 төгрөг,

зээлийн хүүгийн төлбөр 1.381.830,63 төгрөг,

зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 484.240,49 төгрөг,

шимтгэл 30.655,98 төгрөг, нийт 3.273.792,42 төгрөг/

 

Шүүх нэхэмжлэлийг 2021 оны 2 сарын 22-ны өдөр хүлээн авч 2021 оны 3 сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба мөн өдөр нь хариуцагч Б.Эт зохигчийн эрх, үүргийг тайлбарлан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн бөгөөд нэхэмжлэгч талд 2021 оны 3 сарын 9-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгсөн байна.

/ХХ-ийн 10, 12-15 дугаар тал/

 

Хариуцагч Б.Эын нотлох баримт гаргуулах хүсэлтийн дагуу 2021 оны 7 сарын 27-ны өдрийн 11525-р захирамжаар Б.Э руу /99141225 дугаарын утас/ 2018 оны 8 сарын 18-ны өдөр Г банкнаас залгасантай холбоотой,

Уг өдрөөс хойш хугацаанд Б.Э 99141225 дугаарын утаснаас Г банкны 1800-1646 тоот утас руу залган хүсэлт гомдол гаргаж байсан эсэх, мөн тэрээр 2019 оны 1 сарын 9, 2019 оны 6, 8 сар, 2019 оны 12 сарын 20-ны өдрүүдэд Г банкинд өргөдөл гаргаж байсан эсэхтэй холбоотой баримтуудыг нэхэмжлэгч талаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

/ХХ-ийн 38-41 дүгээр тал/

 

Зохигчийн мэтгэлцэх эрхийг хангах үүднээс шүүх хуралдааныг дор дурьдсан үндэслэлүүдээр хойшлуулж байжээ. Үүнд:

-2021 оны 8 сарын 9-ний өдрийн 11 цаг 30 минутанд товлосон хуралдаанд хариуцагч Б.Э Архангай аймагт зорчих үед авто машин эвдэрсэн гэх шалтгаанаар ирээгүй ба нэхэмжлэгчийн төлөөлөгч түүнийг хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан тул,

-2021 оны 10 сарын 20-ны өдрийн 14 цаг 30 минутанд товлосон хуралдаанд хариуцагч Б.Э орон нутагт ургац хураалтын ажлаар явж буй шалтгаанаар ирээгүй тул түүний мэтгэлцэх эрхийг хангахаар,

-2021 оны 10 сарын 27-ны өдрийн 10 цагт товлосон хуралдааныг нэхэмжлэгч Г банк шүүгчийн захирамжаар шаардсан баримтыг дутуу ирүүлсэн тул,

-2021 оны 11 сарын 4-ний өдрийн 11 цаг 30 минутанд товлосон хуралдаанд нэхэмжлэгч тал Б.Эын кредит картны дансны хуулгыг нотлох баримтаар ирүүлэх, хариуцагч Б.Э иргэн П.Наранжав, Т.Загарпэрэнлэй нартай фейсбүүк чатаар харилцсан яриа, бичлэгийг бичсэн гэх хар өнгийн sandisk гэсэн бичигтай плаш дискэнд үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус гаргасан тул хуралдааныг хойшлуулж байжээ.

/ХХ-ийн 53-56, 73-77, 82-88, 98-103 дугаар тал/

 

Хариуцагч Б.Э нь Г банктай 2016 оны 11 сарын 9-ний өдөр ЗГ/КР/4628681641773107 тоот кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж 1.500.000 төгрөгийн зээлийн эрх бүхий картыг 2 жилийн хугацаатай эзэмшин, жилийн хураамжинд 35.000 төгрөг төлөн, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, бэлэн мөнгө авсаны сарын хүү 3.5 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү сарын 1 хувь төлөхөөр, эргэн төлөлтийг доод хувь 10 хувь байхаар тус тус тохирсон нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний хуулбараар тогтоогдлоо.

/ХХ-ийн 6 дугаар тал/

 

Дээрхээс үзэхэд Б.Э болон Г банкны хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдан тэдгээрийн хооронд зээлийн харилцаа үүсжээ.

Хариуцагч Б.Э 2018 оны 11 сарын 11-ний өдрөөс эхлэн уг 1.500.000 төгрөгийн эрх бүхий кредит картыг ашиглан бэлэн болон бэлэн бус гүйлгээ хийн мөнгө зарцуулсан бөгөөд тэрээр хамгийн сүүлд 2018 оны 6 сарын 20-ны өдөр 1.633.000 төгрөгийн эргэн төлөлт хийсэн ба үүнээс хойш хугацаанд ямар нэгэн төлөлт хийгдээгүй талаар талууд тайлбарлаж байна.

Дээр дурдсан өнгөрсөн хугацаанд Б.Э нь үндсэн зээлэнд 11.284.376,92 төгрөг, бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүнд 638.183,87 төгрөг, хугацаа хэтрүүлсэний хүү 11.393,15 төгрөг, эрх хэтрүүлсэний хүүнд 10.646,06 төгрөг, шимтгэл 71.400 төгрөг, нийт 12.016.000 төгрөгийг төлсөн талаар хэн аль нь маргаагүй болно.

/ХХ-ийн 7-9, 34, 120-121 дүгээр тал/

2021 оны 7 сарын 27-ны өдрийн 11525-р захирамжийн дагуу баримтуудыг Г банк ирүүлсэн ба тус банкны лавлах дугаарт Б.Э 99141225 дугаараас 2016 оны 8 сарын 11-ний өдрөөс 2020 оны 1 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд 35 удаа, Турк улсын банкны бэлэн мөнгөний машинаар 2018 оны 6 сарын 28-ны өдөр үйлчлүүлэн бэлэн мөнгө аваагүй гэх өдрөөс хойш тус банкны лавлах үйлчилгээнд 2018 оны 8 сарын 21-ний өдрөөс холбогдсон нь уг дуудлагуудын жагсаалтаар тогтоогдлоо.

Мөн тэрээр Турк улсын банкны АТМ /бэлэн мөнгөний машин/-ээс мөнгө аваагүй гэх гомдол Г банкинд 2018 оны 8 сарын 16-ны өдөр гаргахад уг өдөр нь олон улсын картын байгууллагын дүрмийн дагуу Г банкнаас Турк улсын банкинд нэхэмжлэх илгээсний дагуу 2018 оны 9 сарын 3-ны өдөр Турк улсын Vakif банкнаас харилцагч АТМ-ээс бэлэн мөнгө авсан гэсэн хариуг ирүүлсэн байна.

Харилцагч 2018 оны 10 сарын 2-ны өдөр дахин шалгуулах хүсэлт гаргасны дагуу мөн өдөр нь Г банкнаас дахин хүсэлт илгээн 2018 оны 11 сарын 1-ний өдөр Турк улсын Vakif банкнаас АТМ-ээс бэлэн мөнгө амжилттай гарсан талаарх баримтыг ирүүлсэн тул уг мэдээллийг харилцагчид мэдээлэн мэдэгдэн хүсэлтийг хаасан нь тус банкны эрсдэлийн менежерийн дүгнэлтээр тогтоогдлоо.

Г банкны 2021 оны 11 сарын 11-ний өдрийн тодорхойлолтонд Б.Эын 2019 оны 1, 6, 8, 12 саруудад Г банкинд гаргасан гэх өргөдөл тус банкны өргөдөл, санал, гомдлын бүртгэлийн санд авагдаагүй тул гаргаж өгөх боломжгүй, хүсэлтийг нь шийдвэрлэсэн талаарх баримтуудыг хүргүүлэв гэжээ.

/ХХ-ийн 45-52, 93-97 дугаар тал/

 

Турк улсын Истанбул хот, Нишанташы салбарын ажилтан Коч Өзгүр Б.Эын гүйлгээг шалган 2018 оны 10 сарын 30-ны өдрийн 13-58 минутанд Картын системийн хэрэглэгчийн үйлчилгээний газарт хариугаа хүргүүлсэн бөгөөд шалгалтын тайлбарт үйлчлүүлэгч мөнгө гаргаж авах үйлдлүүдээ гүйцэтгэсэн гэжээ.

Турк улсын банкнаас ирүүлсэн Б.Эын картын гүйлгээний хуулганд 2018 оны 6 сарын 28, 20:15:15 хэрэглэгч дүнгээ орууллаа. Оруулсан дүн 4.000,

2018 оны 6 сарын 28, 20:15:31 гүйлгээг хийхэд таны үлдэгдэл хүрэлцэхгүй байна эсвэл та кредитын хязгаараа хэтрүүллээ. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол та банкиндаа хандана уу,

2018 оны 6 сарын 28, 20:15:48 Хэрэглэгч дүнгээ орууллаа. Оруулсан дүн 2.000,

2018 оны 6 сарын 28, 20:15:57 Гүйлгээ, мессэж хариу амжилттай, мөнгө гаргаж авах мессэж илгээгдэв, мөнгө хэрэглэгчийн данснаас хасагдав,

2018 оны 6 сарын 28, 20:16:15, мөнгө хуурцагнаас авагдлаа, олгогдох мөнгөн тэмдэгт 10ТЛ:1, 20ТЛ:2, 50ТЛ:1, 100ТЛ:19,

2018 оны 6 сарын 28, 20:16:18, мөнгө гарч байна, 20:16:20 мөнгө бэлэн боллоо, мөнгийг хэрэглэгч рүү гаргалаа, мөнгийг хэрэглэгч хүлээн авлаа гэжээ.

/ХХ-ийн 62-71 дүгээр тал/

 

Б.Э нь иргэн П.Наранжав, Т.Загарпэрэнлэй нартай фейсбүүк чатаар харилцсан яриа мөнгө авч чадаагүйг нотолно хэмээн уг яриа, бичлэг гэх баримтанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу 2021 оны 11 сарын 4-ний өдөр sandick гэсэн бичигтэй хар өнгийн плаш диск дэх 7 бичлэгт үзлэг хийсэн бөгөөд уг бичлэгээр түүнийг банкны бэлэн мөнгөний машинаас мөнгө хүлээн аваагүй гэж үзэхээргүй байна.

/ХХ-ийн 105-108 дугаар тал/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.1-т Карт эзэмшигч үүссэн өр төлбөр, картын ерөнхий нөхцөлд заасан шимтгэл хураамжийг гэрээнд заагдсан хугацаа, нөхцлийн дагуу төлөх үүрэгтэй

Мөн гэрээний 3.4-т Тухайн сарын нийт зарцуулсан төлбөрийн эргэн төлөх доод хэмжээг дараа сарын төлбөр эргэн төлөх өдрөөс өмнө картанд төлсөн байна гэж заасны дагуу Б.Э гэрээнд заасан дээрх үүргээ 2018 оны 6 сарын 28-ны өдрийн зарцуулалт хийгдсэн өдрөөс хойш гүйцэтгээгүй байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,

мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-т Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.

Зээлдүүлэгч Г банкны зээлдэгчтэй байгуулсан дээр дурьдсан кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний дагуу зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээл болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөх, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү тус тус төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Г банк нь зээлийн хүүгийн төлбөр 1.381.830,63 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний хүү 484.240,49 төгрөг, шимтгэл 30.655,98 төгрөг тус тус нэхэмжилж байх боловч уг хүүгийн төлбөрийн тооцооллыг тайлбарлан нотолж чадаагүй, нэхэмжилж буй шимтгэл хэдий хугацааных болох, бэлэн мөнгө авсаны болон үлдэгдэл шалгасны шимтгэл тус бүр хэд болох нь тодорхойгүй байна.

 

Хариуцагч тал 2018 оны 6 сарын 20-ны өдөр 1.633.000 төгрөгийн төлөлт хийж 2018 оны 6 сарын 28-ны өдөр 2.000 лир /Туркийн мөнгөн тэмдэгт/-ийн бэлэн мөнгөний гүйлгээ хийн, бэлэн мөнгөний гүйлгээ хийгдсэн гэдгийг баталгаажуулсан Турк улсын банкны хариу мэдээллийг 2018 оны 11 сарын 1-ний өдөр харилцагчид мэдээлсэнээс хойш зээлдүүлэгч Г банк гэрээний 7.4-т заасан арга хэмжээ авалгүй 2021 оны 2 сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэн шударгаар хэрэгжүүлэх зарчимтай нийцэхгүй байна.

Зээлдүүлэгч Г банк нь 2016 оны 11 сарын 7-ны өдрөөс 2020 оны 12 сарыг дуустал хугацаанд зээлдэгч Б.Эын зээлийн төлбөрийн үлдэгдлийг 1.377.065,32 төгрөг байна хэмээн зээлийн тооцоог ирүүлжээ.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч Б.Эын гаргуулах зээлийн хүүгийн төлбөрийг бэлэн бус гүйлгээний хүү болох сарын 2 хувиар тооцох нь зүйтэй гэж үзсэн ба 1.377.065,32*2 хувь=27.541 төгрөг, 27.541 төгрөг*32 сар=881.321 төгрөг тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Эаас 2.258.386 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.015.406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Эаас 2.258.386 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.015.406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г банкны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67.332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эаас 51.084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН