Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00281

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/00281

 

 

xxxxxxxХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03774 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч xxxxxxxХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ********-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 3,273,792 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Насанбуян, хариуцагч ********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

1.Нэхэмжлэгч xxxxxxxХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ******** нь xxxxxxxХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ЗГ/КР/ дугаар Кредит карт эзэмших гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсаны 42 хувь, хугацаа хэтрүүлсний 12 хувь, эрх хэтрүүлсний 24 хувийн тус тус хүүтэйгээр зээлийн эрхтэй карт нээлгэсэн.

Гэрээний хугацаа 2018 оны 11 сарын 09-ний өдөр дууссан боловч зээл, хүү төлөөгүй. Иймд ********аас зээлийн үндсэн төлбөр 1,377,065 төгрөг, хүү 1,381,830 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 484,240 төгрөг, шимтгэл 30,655 төгрөг, нийт 3,273,792 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч ********ын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. xxxxxxxХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж зээлийн хугацаа хэтэрсэн. Би Бүгд Найрамдах Турк улс руу 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яваад мөн оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монголд буцаж ирсэн.

Би 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Турк улсын Истанбул хотын гудамжинд байрлах банкны бэлэн мөнгөний машинаас картаа уншуулан бэлэн мөнгө авах оролдлого хийсэн. Эхлээд 2,500 лира уншуулахад мөнгө гарч ирээгүй, үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж ойлгоод 500 лира уншуулахад мөн гарч ирээгүй. Дахин 2,000 лира уншуулахад мөнгө гарч ирээгүй ба картаа дахин хийхэд картыг маань залгисан.

Тухайн өдөр ажлын цаг дууссан тул маргааш өглөө банк онгойход очиж уулзахад гадаад улсын болон гадны иргэдийн картыг буцаан олгох журам байхгүй, устгалд оруулна гэсэн.

2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр xxxxxxxХХК-ийн Сансар салбарт картаа сэргээлгэж авсан ба мөн өдөр банкнаас залгаж эргэн төлөлтөө хий гэсэн. Энэ хүртэлх хугацаанд би данснаас мөнгө гарсныг мэдээгүй. Банкны ажилтанд болсон үйл явдлыг хэлэхэд утсаар хүсэлт гаргаад шийдвэрлүүлж болно, улс хоорондын асуудал учраас хугацаа орно гэж хэлсэн.

Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр xxxxxxxХХК-ийн Солонго салбарт очиж эдийн засагчтай уулзахад Туркийн банкнаас хариу өгөөгүй байна, танд мэдэгдэнэ гэсэн бөгөөд банкнаас огт залгаагүй. 2019 оны 06 дугаар сард Солонго салбарт дахин очиж уулзахад Туркийн банкнаас хариу ирсэн. Та мөнгө авсан байна, иймээс мөнгөө төлөх хэрэгтэй гэхэд би Туркийн банк камертай байсан талаар хэлэхэд ойлголоо, эргээд хариу өгнө гэсэн боловч хариу өгөөгүй. Би xxxxxxxХХК-д хүсэлт, өргөдөл өгсөөр байхад шийдэж өгөөгүй, хүү алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна. Би хэрэглээгүй мөнгөө төлөх боломжгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ********аас 2,258,386 төгрөг гаргуулан нэхэмжлэгч xxxxxxxХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,015,406 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч xxxxxxxХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,332 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********аас 51,084 төгрөг гаргуулан нэхэмжлэгч xxxxxxxХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч xxxxxxxХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчийн зээлийн хүүгийн хэмжээг сарын 2 хувь буюу бэлэн бус гүйлгээний хүүгийн хувиар бодож тооцооллын алдаа гаргасан. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний 2.1-д бэлэн гүйлгээний хүүг сарын 3,5 хувь байхаар заасан.

Мөн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 32 сар байна гэж буруу тооцсон ба нийт 29 сар байна. Иймээс хүүгийн төлбөрийг үндсэн зээлийг үлдэгдэл болох 1,377,065 төгрөгөөс сарын 3.5 хувиар тооцож, 1,377,065*3.5%=48,197.28 төгрөг, 48,197*29сар=1,397,721 төгрөг байна. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 1,377,065 төгрөг, бэлэн гүйлгээний хүүгийн үлдэгдэл 1,381,830 төгрөг, шимтгэл 30,655 төгрөг нийт 2,789,551 төгрөгийг хариуцагч ********аас гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ********аас давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг зөвшөөрөхгүй. Би xxxxxxxХХК-аас Туркийн банкны камерын бичлэгийг гаргуулах хүсэлт гаргасан боловч надад үзүүлээгүй. Намайг 2,000 лира авсан гэдэг баримт 2019 онд xxxxxxxХХК-д ирсэн байхад надад танилцаагүй. Шүүгчийн захирамж гаргуулж байж бэлэн мөнгөний дансны хуулгыг үзэж, Туркийн банкнаас ирсэн баримттай танилцсан. Мөн xxxxxxxХХК-д гаргасан өргөдлүүд алга болсон. Тиймээс би зээлийн төлбөрийн төлөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч xxxxxxxХХК нь ********аас зээлийн гэрээний үүрэгт 3,273,792 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ./хх1,17-20/

 

3.Хариуцагч ******** нь xxxxxxxХХК-тай 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, бэлэн бус гүйлгээний жилийн 24 хувь, бэлэн мөнгө авсны сарын 42 хувийн хүүтэй төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх6-8/

 

4.Талуудын байгуулсан 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ЗГ/КР/4 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагч ******** 1,500,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит карт эзэмшиж байсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй, хариуцагч ******** нь Бүгд Найрамдах Турк улсын Истанбул хотод зорчиж явахдаа тус хотын Нишан таш гудамжинд байрлах банкны бэлэн мөнгөний машинаас xxxxxxxХХК-ийн кредит карт ашиглан бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийсэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

5.Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг тогтоохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дах хэсэгт заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн гадаад хэл дээр бичигдсэн нотлох баримт нь эх хувь биш, хуулбар хувь дээр нэхэмжлэгч xxxxxxxХХК нь байгууллагын хуулбар үнэн тэмдэг даржээ. /хх95-97/ Нэхэмжлэгч тал уг баримт нь Турк Улсаас имэйлээр ирсэн гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Энэ тохиолдолд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах, эсвэл имэйл хаягт үзлэг хийлгэн бэхжүүлэх ажиллагаа явуулах хүсэлтэй эсэх талаар талуудаас тодруулж, холбогдох ажиллагаа явуулах боломжтой байжээ.

 

6.Дээрх алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлд хамаарах тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хэргийг хянах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,

168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/03774 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,585 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ  Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД