Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/01769

 

 

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2017/01769

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д. Г 

 

Хариуцагч: С.З 

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Г, хариуцагчийн төлөөлөгч Ш.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Н нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.Зд 2015.10.21-ээс эхэлж 5,000,000 төгрөг зээлсэн. Энэ хүнээс 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Хохирлыг минь барагдуулж өгнө үү. Хариуцагчид 2015 оны 10 сард 2 сая төгрөг сарын хугацаатай зээлүүлсэн. Ингэхдээ төмс хөлдөх гээд байна гээд гуйгаад авсан. Сарын 500,000 төгрөгний хүүтэйгээр авсан. Хариуцагчийн машиныг ломбард авахгүй байсан тул надаас гуйгаад авсан юм. Маргааш нь ирээд би архи ууж байгаад цагдаад баригдаад ахынхаа машиныг хураалгачихлаа туслаач гэж гуйсан. Ингээд 800,000 төгрөгөөр машиныг нь журмын хашаанаас гаргаж өгсөн. Хариуцагч нь өрөн дээрээ нэмээд төлнө гэсэн. Сарын дараа мөнгөө өгөхгүй байсаар 12 сар болсон. Гэтэл нэг өдөр ирээд хүүхдүүд өвдөөд бараагаа зарж чадахгүй байна гээд 200,000 төгрөгөөр хүнсний зүйл авч өгсөн. Шинэ жилийн дараа машиныг хүн гэмтээчихлээ гээд засуулсан, шинэ аккумлятор авч өгсөн. Цагаан сар болоод мөнгөө төлөхгүй байсан тул машиныг нь аваад зараад хохирлоо гаргуулах болсон. Улмаар зарахаар тохиролцоод илүү гарсан 1 сая төгрөгийг ав гэхэд авахгүй гэсэн. Ингээд машины нэрийг шилжүүлж чадаагүй. Дараа нь миний машиныг авч яваад эвдээд ирсэн. Бас машинаа манай гаднаас аваад явсан. Цувуулж мөнгө авсаар 3,825,000 гэдгийг цаасан дээр бичиж өгсөн. Дахин цувуулж авсаар байгаад нийт 5 сая төгрөг болсон. 2016 оны 5 сараас хойш дахиж мөнгө өгөөгүй. Мөнгөө өгөхгүй байгаа тул машиныг нь өгөхгүй байгаа юм гэв.

 

Хариуцагч С.З нь шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Гын надад холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гардан аваад нэхэмжлэлийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Хариуцагч С.З би 2015 оны 11 сарын 01-нд нэхэмжэгч Д.Гоос 2.000.000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлж хугацааны эцэст 2.500.000 төгрөг болгож өгнө гэж тохироч зээлж авсан. Гэрээ хийх үедээ ямар нэгэн байдлаар эд хөрөнгөө барьцаалаагүй, харин тохиросон хугацаа болоход мөнгийг төлж чадахгүй байдалд хүрсэн учир өөрийн эзэмшилийн BMW318i маркийн хар өнгийн ******* дугаартай машиныг түгээр худалдуулж зээлсэн мөнгөө төлөөд илүү мөнгийг нь өөрөө авахаар Д.Гтой 2016 оны 2 сард тохирч машинаа өгч явуулсан боловч Д.Г машин худалдаж өгөөгүй бөгөөд уулзах гэхээр уулзахгүй, утсаар 2016 оны 05 сард мөнгийг чинь өгье, машинаа авъя гэж ярихад машиныг чинь өгөхгүй, мөнгөө өгсөний чинь дараа өгье гээд өгөлгүй явсаар 2016 оны 09 сард би өөрийн машинаа БЗД-ийн 5-р хороо Тарвалин хотхоны гадаа зогсож байхыг нь хараад өөрт байсан илүү түлхүүрээрээ асааж авч явсан юм. Гэтэл Д.Г намайг машин авч явахдаа багажинд байсан 5,000,000 төгрөгийг хулгайлсан гэж цагдаад гомдол гарган БЗД-ийн цагдаа 2016 оны 09 сараас эхлэн намайг шалгаж, эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад 2017 оны 01 сарын 04-ний өдөр БЗД-ийн Прокурорын газрын 12 дугаартай тогтоолоор ЭБШ хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр надад холбогдох 201625014098 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Д.Г нь 2017 оны 03 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө миний BMW318i маркийн хар өнгийн ******* дугаарыг нь сольж ******* дугаартай болсон машиныг БЗД-ийн 16-р хороо 16 авто угаалгын төлбөртэй зогсоол дээрээс дур мэдэн авч явсан учир БЗД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэгч Төгс-Эрдэнэ 2017 оны 03 сарын 20-ны өдөр эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201725010954 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Д.Г машиныг нь өгөхгүй, иргэний хэргээ шийдүүлсэний дараа өгнө гэдэг юм. Хариуцагч миний бие анх зээлсэн 2.000.000 төгрөгийг тохиросон 500.000 төгрөгийн хүүтэй нийт 2.500.000 төгрөг төлөх бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийг 2016 оны 02 сарын 25-ны өдөр Д.Гын хаан банкны дансанд шилжүүлсэн, одоо 1.500.000 төгрөгийг төлнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, бидний хооронд байгуулсан хүү болон алдангийн гэрээ байхгүй учир төлөх үндэслэлгүй, миний автомашинаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эдлүүлэхгүй дураараа аашлах гэмт хэрэг үйлдэж байгаад харамсаж байна гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ш.Сарангэрэл нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн харилцаа 2015.11.1-нд үүсэж, 2 сая төгрөгийг 45 хоногоор зээлсэн. 2 500 000 төгрөг болгож өгөхөөр тохирсон. Энэ талаараа гараар бичсэн баримтыг нэхэмжлэгч хэрэгт өгсөн байна лээ. Улмаар зээлээ төлж чадахгүй байсан болохоо зээлэндээ машинаа өгч явуулсан. Машин зарагдаагүй ба илүү мөнгө нэхээд бсан тул машинаа буцааж авч явсан. Ингээд аваад явсаны дараа нэхэмжлэгч нь энэ талаар багажинд байсан 5 сая төгрөгийг авчлаа гэж эрүү үүсгээд хэрэгсэхгүй болсон. Иймд 2 сая төгрөг зээлсэн ба зээлсэн 2,500,000 төгрөг төлнө гэдгээ зөвшөөрнө. Үүнээс 1 саяыг төлсөн тул одоо 1,500,000 төгрөг төлнө. Бусад төлбөр нэхэмжилсэн нь баримтаар нотлогдохгүй байна гэв.

 

Хавтаст хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Г нь зээлийн гэрээний үүрэгт нийт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.З нь 2,000,000 төгрөгийг зээлж, хүүнд 500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон болохыг зөвшөөрч, үлдэх 2,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар хэн аль нь маргахгүй байна. Мөн анх 2,000,000 төгрөг зээлж, хүүнд 500,000 төгрөгөөр тохиролцсон болох нь хэрэгт байгаа гараар бичсэн баримт, хариуцагч, түүний төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна. Тухайн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч хүү төлөх талаар гараар баримт үйлдсэн, хариуцагч хүүг хүлээн зөвшөөрч байх тул зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, улмаар хариуцагчид уг харилцааны дагуу нийт 2,500,000 /үндсэн зээл 2,000,000 төгрөг, хүүнд 500,000 төгрөг/ төгрөг төлөх үүрэг үүссэн гэж үзлээ.

 

Харин үлдэх 3,000,000 /5,000,000-2,000,000/ төгрөгийг 800,000 төгрөг болон бусад хэд хэдэн удаагийн үйлдлээр зээлээр өгсөн гэх тайлбараа нэхэмжлэгч нотлоогүй бөгөөд холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Хэдийгээр хэрэгт 800,000 төгрөгний зарлагын баримт байх боловч уг баримтаар нэхэмжлэгч өөрийн данснаас зарлага гаргасан болох нь тогтоогдох боловч харин уг мөнгийг хариуцагчид олгосон нь тогтоогдохгүй байна.

 

Улмаар хариуцагч нь 1,000,000 төгрөгийг буцаан төлсөн болох нь 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Ариг банкны баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч нь уг мөнгийг хүлээн авсан талаар маргахгүй байна.

 

Эдгээрийг нэгтгэн дүгнэвэл хариуцагчид зээлийн гэрээний үүрэгт нийт 2,500,000 төгрөг төлөх үүрэг үүссэн бөгөөд үүнээс 1,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 1,500,000 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчаас 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч С.Зэс 1,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Год олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Г