Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1508

 

Д.Ганболдын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч С.Энхтөр, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01769 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Д.Ганболдын нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Зэндмэнэд холбогдох

 

            Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                                  Д.Ганболд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Даваажав нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Би хариуцагч С.Зэндмэнэд 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж             5 000 000 төгрөг зээлсэн. Хариуцагчийн машиныг ломбард авахгүй байсан тул надаас төмс хөлдөх гээд байна гэж сарын 500 000 төгрөгийн хүүтэйгээр зээлсэн юм. Маргааш нь ахынхаа машиныг цагдаад хураалгачихлаа гээд надаас 800 000 төгрөг авсан. Хариуцагч нь үндсэн өр дээрээ нэмээд төлнө гэсэн боловч мөнгөө өгөхгүй байсаар 12 сар болсон. Гэтэл нэг өдөр ирээд хүүхдүүд өвдөөд бараагаа зарж чадахгүй байна гээд 200 000 төгрөгөөр хүнсний зүйл авч өгсөн. Мөн шинэ жилийн дараахан шинэ акумлятор авч өгч машиныг засуулсан. Цагаан сараар өрөө төлөхгүй байсан тул зардлаа барагдуулах зорилгоор машиныг нь зарахаар тохиролцоод илүү гарсан 1 000 000 төгрөгийг ав гэсэн боловч аваагүй тул машины нэрийг шилжүүлж чадаагүй. Миний машиныг унаж яваад эвдэлсэн. Мөн манай гаднаас машинаа аваад явчихсан байсан. Цувуулж авсан нийт 5 000 000 төгрөгөөс 3 825 000 төгрөгийг нь цаасан дээр бичиж өгсөн. 2016 оны 5 дугаар сараас хойш дахиж өрөө төлөөгүй тул машиныг нь өгөхгүй байгаа юм гэв.

 

            Хариуцагч С.Зэндмэнэ нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 11 сарын 1-ний нэхэмжлэгч Д.Ганболдоос 2 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлж хугацааны эцэст 2 500 000 төгрөг болгож өгнө гэж тохирч зээлж авсан. Гэрээ хийх үедээ ямар нэгэн байдлаар эд хөрөнгөө барьцаалаагүй, харин тохирсон хугацаа болоход мөнгийг төлж чадахгүй байдалд хүрсэн учир өөрийн эзэмшлийн BMW318i маркийн хар өнгийн 8976УНЛ дугаартай машиныг түүгээр худалдуулж зээлсэн мөнгөө төлөөд илүү мөнгийг нь өөрөө авахаар Д.Ганболдтой 2016 оны 2 сард тохирч машинаа өгч явуулсан боловч Д.Ганболд машин худалдаж өгөөгүй бөгөөд уулзах гэхээр уулзахгүй, утсаар 2016 оны 5 сард мөнгийг чинь өгье, машинаа авъя гэж ярихад машиныг чинь өгөхгүй, мөнгөө өгсний чинь дараа өгье гээд өгөлгүй явсаар 2016 оны 9 сард би өөрийн машинаа БЗД-ийн 5-р хороо Тарвалин хотхоны гадаа зогсож байхыг нь хараад өөрт байсан илүү түлхүүрээрээ асааж авч явсан юм. Гэтэл Д.Ганболд намайг машин авч явахдаа багажинд байсан 5 000 000 төгрөгийг хулгайлсан гэж цагдаад гомдол гарган БЗД-ийн цагдаа 2016 оны 9 сараас эхлэн намайг шалгаж, эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татаж шалгаад 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр БЗД-ийн Прокурорын газрын 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр надад холбогдох 201625014098 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч Д.Ганболд нь 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2-ны өдөрлүү шилжих шөнө миний BMW318i маркийн хар өнгийн 8976УНЛ дугаарыг нь сольж 0277УНЕ дугаартай болсон машиныг БЗД-ийн 16-р хороо 16 авто угаалгын төлбөртэй зогсоол дээрээс дур мэдэн авч явсан учир БЗД-ийн Цагдаагийн 1-р хэлтэст хэрэг бүртгэгч н.Төгс-Эрдэнэ 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн 201725010954 дугаартай хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Д.Ганболд машиныг нь өгөхгүй, иргэний хэргээ шийдүүлсний дараа өгнө гэдэг юм. Хариуцагч миний бие анх зээлсэн  2 000 000 төгрөгийг тохирсон 500 000 төгрөгийн хүүтэй нийт 2 500 000 төгрөг төлөх бөгөөд үүнээс 1 000 000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Д.Ганболдын хаан банкны дансанд шилжүүлсэн, одоо 1 500 000 төгрөгийг төлнө. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 500 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, бидний хооронд байгуулсан хүү болон алдангийн гэрээ байхгүй учир төлөх үндэслэлгүй, миний автомашинаа эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг эдлүүлэхгүй дураараа аашлах гэмт хэрэг үйлдэж байгаад харамсаж байна гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Зэндмэнээс 1 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ганболдод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 38950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

             

Нэхэмжлэгч Д.Ганболд давж заалдах гомдолдоо: ... Би 2015 оны 10 сард  Содмаа овогтой  Зэндмэнэд 5 000 000 төгрөгөө зээлдэж, залилуулаад шүүхэд гомдол гаргаж 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүх хурал болсон. Шүүх хуралд шүүгч Д.Ганболд хэрэгт хавсаргасан нотлох баримт, зураг, С.Зэндмэнэний өөрийн гараар тооцоо хийсэн баримт их хувиар байсаар байтал нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Миний бүрдүүлж өгсөн баримтад тайлбар аваагүй. С.Зэндмэний өмгөөлөгч шүүх хурал дээр энэ хүн надад амрагийн холбоотой байсан, надад эрүү үүсгэсэн байгаа гэх мэтээр авирлаж миний мөнгө төгрөгийг өгөхгүй байх башир арга шалтгаан хайж зохион байгуулалттай гэж доромжилж байна. Иймд шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй тул миний гомдлыг барагдуулж өгнө үү гэжээ.  

                                                                                                                       

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч С.Зэндмэнэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч үндсэн зээлд 2 000 000 төгрөг, зээлийн хүүд 500 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

            Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бичгийн баримт үйлдэн С.Зэндмэнэ нь 2 000 000 төгрөгийг зээлж, 500 000 төгрөгийн хүүтэй 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр тохиролцсон байна.                                /хэргийн 12 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            Иймд нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Д.Ганболд нь хариуцагч буюу зээлдэгч С.Зэндмэнээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар дээрх бичгээр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл, зээлийн хүү шаардах эрхтэй.

           

Талууд зээлийн гэрээний үүрэгт хариуцагч 1 000 000 төгрөгийн буцаан төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч С.Зэндмэнээс зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөг төлөхөөс 1 000 000 төгрөгийг төлсөн байх тул 1 500 000 төгрөгийг төлүүлэх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

 

Нэхэмжлэгч Д.Ганболд нь нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг гаргуулах үндэслэлээ “...хариуцагчийн ахын машиныг журмын хашаанаас гаргахад 800 000 төгрөг, хүнсний зүйл авахад 200 000 төгрөг тус тус өгсөн, машиныг нь засуулж шинэ акумлятор авч өгсөн” гэж тайлбарлаж байгаа боловч уг байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэргийн баримтаар дээрх байдал нь тогтоогдоогүй байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ганболд нэхэмжлэлийн шаардлагаас 2 500 000 төгрөгийг шаардсан шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн, уг мөнгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо ...“нотлох баримтын фото зураг, хариуцагчийн тооцоо хийсэн баримтыг хавсаргаж өгсөн байхад шүүх үнэлээгүй” гэсэн үндэслэл заажээ.

 

Хэргийн 4-6 дугаар талд гараар бичсэн тооцооны бичиглэлийн фото зураг, 8976 УНЛ гэсэн автомашины номерийн зураг, хэргийн 10-11 дүгээр талд тэмдэглэлийн дэвтрийн хуудас дээр балаар, бичгийн тал цаасан дээр харандаагаар бичсэн тооцоо / тоо болон зарим бичиглэл/ зэрэг бичгийн баримтууд авагдсан байна. Дээрх баримтууд дээр мөнгө өгсөн, авсан тухай бичсэн болон зохигчдын гарын үсэг, нэр хаяг бичигдээгүй, авто машины номерийг авсан фото зургийг үндэслэн хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2 500 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                            

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2017/01769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ганболдын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Д.Ганболдоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 А.МӨНХЗУЛ                  

                             ШҮҮГЧИД                                 С.ЭНХТӨР

                                                                               Ц.ИЧИНХОРЛОО