Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2021/02174

 

 

 

 

 

 

 

2021 07 22 101/ШШ2021/02174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.М /00000000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Б /РД: 0000000000/ холбогдох,

1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.М би Л.Бы хүсэлтийн дагуу 2020 оны 7 сарын 28-ны өдөр Хаан банк дахь өөрийн 5070258043 тоот данснаас 1.500.000 төгрөгийг авч Л.Бд өгсөн.

Л.Б хүүхдүүд шинэ байранд орсон, тавилга авах хэрэгтэй гээд надаас 7 хоногийн хугацаатай зээлсэн. Хэсэг хугацааны дараа 500.000 төгрөгийг маань өгсөн. Дараахан нь над руу утсаар яриад манай охин танд баярлалаа гээд 30.000 төгрөг өгсөн шүү гэж хэлсэн. Надад өгсөн 30.000 төгрөгийг авна.

Би Л.Бд мөнгө өгснөө хүүхдүүддээ хэлээгүй, нуучихсан. Гэтэл хүүхдүүдэд маань мөнгө хэрэг болоод байгаа юм. Л.Б надад настай хүний биед сайн, та уу гээд эм авчирч өгч байсныг уусан. Тэрнээс биш янз бүрийн бүтээгдэхүүн зарах сүлжээнд элсээгүй. Зээлсэн мөнгөний үлдэгдэл 1.000.000 төгрөгөө Л.Баас авна гэв.

 

Хариуцагч Л.Б шүүхэд гаргасан тайлбартаа:

Л.Б миний бие Ц.М гэж хүнтэй харилцан тохирч 1.500.000 төгрөг авсан нь үнэн. Гэвч энэ хүн сүлжээний бизнесд орж сургалт семинар сонсон 330.000 төгрөгөөр сүлжээнд элсээд 2 удаа бүтээгдэхүүн авч уусан. Иймд 660.000 төгрөгийг суутгаж, үлдэгдэл 340.000 төгрөг бэлэн төлнө. Би 500.000 төгрөгийг бэлэн төлсөн гэжээ.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Л.Бд холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Л.Бд 2020 оны 7 сарын 28-ны өдөр 1.500.000 төгрөгийг 7 хоногийн хугацаатайгаар зээлдүүлсэн болох нь, мөн Л.Б 500.000 төгрөгийг төлсөн нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба талууд хэн аль нь энэ талаар маргахгүй байна.

/ХХ-ийн 4 дүгээр тал /

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Л.Б 1.500.000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх ба талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Ц.М нь 1.500.000 төгрөгийг зээлдэгч Л.Бд хүлээлгэн өгсөн бөгөөд талуудын тохиролцоо ёсоор уг мөнгөө буцаан өгөх үүргээ хариуцагч Л.Б дутуу биелүүлсэн буюу 1.000.000 төгрөгийг нь төлөөгүй тул зээлдүүлэгч Ц.М зээлдэгч Л.Баас зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

 

Зээлдэгч Л.Б нь зээлдүүлэгч Ц.Мыг сүлжээний бизнест 330.000 төгрөгөөр элссэн, сургалтанд суусан, 2 хайрцаг сүлжээний бүтээгдэхүүн авч хэрэглэсэн тул 660.000 төгрөгийг өгөхгүй хэмээн маргасан ба бараа бүтээгдэхүүн сүлжээгээр зарах сургалтанд суусан, мөн бүтээгдэхүүн авч хэрэглэсэн гэх асуудал нь Ц.Мын нэхэмжлэлтэй Л.Баас зээлийн төлбөр шаардсан хэрэгт хамааралгүй болно.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Баас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгох нь зүйтэй гэж үзэв.

 

 

Л.Б нь Ц.Мт бараа бүтээгдэхүүн зарсан эсэхтэй холбоотой асуудлаа жич нэхэмжлэлээ гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Л.Бы охины түүнд өгсөн гэх 30.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэл гаргаагүй тул уг асуудлыг шийдвэрлэх боломжгүй.

Хариуцагч Л.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгч Ц.Мын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Л.Бы иргэний үнэмлэхэд түүний хаягийг хххххххххххххххх тоот гэж тусгасан ба тэрээр нэхэмжлэлийн хувь гардан авахдаа өөрийн оршин суух хаягийг Налайх дүүрэг, 5-р хороо, 70-р байр, 5 тоот хэмээн тодорхойлсон бөгөөд хариуцагч Л.Б нь хэргийг шийдвэрлэх шүүхийн харьяаллын талаар маргаагүйг дурдлаа.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Баас 1.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Баас 28.550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН