Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01447

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/01447

 

 

 

 

 

                                        Ц.Мын нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02174 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Мын хариуцагч Л.Бд холбогдуулан гаргасан 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2020 оны 7 сарын 28-ны өдөр Хаан банкны 5070258043 тоот данснаасаа 1 500 000 төгрөг авч Л.Бд өгсөн. Л.Б хүүхэд нь шинэ байранд орсон, тавилга авах хэрэгтэй гэж 7 хоногийн хугацаатай зээлдэж авсан. 500 000 төгрөгийг буцааж өгсөн. Л.Б настай хүний биед сайн гэж эм авчирч өгсөн. Харин бүтээгдэхүүн зарах сүлжээнд элсээгүй. Үлдэгдэл 1 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.  

 Хариуцагчийн тайлбарт: 1 500 000 төгрөг авсан. Нэхэмжлэгч сүлжээний бизнест орж сургалт семинар сонссон. 330 000 төгрөгөөр сүлжээнд элсээд 2 удаа бүтээгдэхүүн авч уусан. Иймд 1 500 000 төгрөгөөс 660 000 төгрөг суутгаж, үлдэгдэл 340 000 төгрөгийг төлнө. 500 000 төгрөгийг төлсөн гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Баас 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож, нэхэмжлэгч Ц.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28 550 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.Баас 28 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Бы давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бөгөөд и-мэйлээр эмчийн тамгатай бичиг явуулсан боловч хариуцагчийг оролцуулалгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Зөвхөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж шийдвэр гаргасанд эргэлзэж байна. Иймд гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Нэхэмжлэгч Ц.М хариуцагч Л.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч “1 500 000 төгрөг авсан, 500 000 төгрөг буцааж өгсөн, нэхэмжлэгч сүлжээний бизнест 300 000 төгрөгөөр элсэж 2 удаа бүтээгдэхүүн авч хэрэглэсэн тул 1 000 000 төгрөгөөс 660 000 төгрөг суутгасан. Үлдэгдэл 340 000 төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

1. Хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн гэх гомдол үндэслэлтэй байна. Чимэжүд эмнэлгээс хариуцагч Л.Быг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа талаарх тодорхойлолтыг шүүгчийн туслахын э-мэйл хаягаар явуулсан байх ба  уг тодорхойлолтод “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Л.Б нь манай эмнэлэгт 2021.07.20-ны өдрөөс 5 хоногийн хугацааны тархины судасны бусад тодорхойгүй өвчний үлдэц оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа нь үнэн болно” гэжээ. /хх23/ Шүүх уг баримтыг тус шүүхэд хамааралгүй гэж дүгнэн хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан нь учир дутагдалтай болжээ. Эмнэлгийн байгууллага шүүхийн нэрийг буруу бичсэн байх магадлалтай, хариуцагч тухайн өдрүүдэд өвчтэй байгаа болохыг анхаарч үзээгүй байна.

 

2. Маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. Мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг шийдвэрлэдэг.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “нэхэмжлэгч сүлжээний бизнест элсэж сургалтад суусан. 2 удаа бүтээгдэхүүн худалдаж авсан тул 1 000 000 төгрөгөөс нь 660 000 төгрөгийг хасч тооцно” гэж тайлбарлан, 2020.09.28, 2020.10.15-ны өдрийн нэхэмжлэгчийн гарын үсэг бүхий баримтыг ирүүлсэн байна. /хх15/  Хариуцагч нь татгалзлын үндэслэлдээ тус баримтыг зааж байгаа нөхцөлд талуудын хооронд сүлжээний бизнесийн талаарх тохиролцоо байсан эсэх, нэхэмжлэгч бүтээгдэхүүн авч хэрэглэсэн эсэх, уг бүтээгдэхүүний үнийг зээлийн дүнгээс хасахаар тохиролцсон эсэх үйл баримтын талаар нэхэмжлэгчээс тодруулж зохигчдыг мэтгэлцүүлэх зайлшгүй шаардлагатай.

 

Дээрх үйл баримт нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой тул үүнийг тодруулахгүйгээр давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2021/02174 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.     

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ш.ОЮУНХАНД

 

                                           ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

 

                                                                                         А.МӨНХЗУЛ