Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2020/02955

 

 

 

 

 

 

 

 

 

2020 08 26

101/ШШ2020/02955

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Ланган овогт С.Б /рд:0/-ийн  нэхэмжлэлтэй, 

 

Хариуцагч: 0тоотод оршин суух, Боржигон овогт П.Х /рд:0/-т холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 100,630,727 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, хариуцагч П.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн өмчлөлийн 0 иргэн П.Хт худалдахаар тохиролцож түүний эзэмшилд 2018 оны 12 дугаар сард орон сууцыг шилжүүлж өгсөн. Анх 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээ хийхдээ 116,033,200 төгрөгөөр худалдахаар тохиролцож төлбөрийг 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч тэрээр огт төлөлт хийлгүй мөн оны 6 cap хүргэсэн. Ингээд бид дахин гэрээний хугацааг сунгах замаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны үнийг 115,333,118 төгрөгөөр тохиролцож төлбөр төлөх эцсийн хугацааг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцон. П.Х нь миний өмчлөлийн орон сууцыг эзэмшиж эхэлснээсээ хойш орон сууц худалдахтай холбогдсон гэрээ байгуулаагүй байхдаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл бусдад үсчин, гоо сайхан, намын сонгуулийн штабын зориулалтаар түрээслүүлэн ашиг олж байгаа билээ. Миний бие өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бын эхнэр Э.Аын эзэмшлийн ХААН банкин дахь 0 тоот дансаар төлбөрийг авч байсан ба худалдан авагч П.Х нь 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөг төлж, түүнээс хойш төлбөрийг байнга хугацаа хэтрүүлж ирсэн бөгөөд 2019 оны 10 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 10-ны өдрийг хүртэл увуулж цувуулан 66,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 7,700,000 төгрөг, нийт 73,700,000 төгрөгийг үндсэн төлбөрт төлсөн. Өнөөдрийн байдлаар түүний төлбөрийн үлдэгдэл 41,633,118 төгрөг байна.

Бидний байгуулсан гэрээний 3.6-д заасны дагуу түүний хугацаа хэтрүүлсэн хоног тутмын алдангийг зөвхөн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар тооцож үзэхэд нийт 96,000,703 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хуулийн заалтад нийцүүлэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлбөл зохих 112,333,118 төгрөгийн 50 хувиар тооцоход 56,166,559 төгрөг болж байна. Худалдан авагч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол миний бие мөнгөө наад зах нь өнөөдрийг хүртэл банкинд хадгалуулсан тохиолдолд хадгаламжийн хүүнд тодорхой хэмжээний орлого олох ёстой байсан. Олох ёстой орлогыг тооцохдоо банкны хугацаагүй хадгаламжийн хүүгээр /сарын 0.68 х 10 cap/, өнөөдрийг болтол төлөөгүй дүнгээр тооцоход 2,831,050 төгрөг болж байна. Бидний байгуулсан гэрээний 6.5-д заасны дагуу өнөөдрийг хүртэл өөрийн итгэмжпэгдсэн төлөөлөгч нараар дамжуулан худалдан авагчтай зөвшилцөх гэж удаа дараа оролдсон бөгөөд уулзаж ярилцах бүрт ...тэдийд өгнө, эсхүл төлбөрийг хэрхэн барагдуулах талаарх гэрээг хийхгүй..." гэх мэтээр хугацаа авч, гэрээг дүгнэх, зөвшилцөхөөс зайлсхийж ирсэн тул С.Б миний бие зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар ийнхүү шүүхэд хандаж байна.

 

Иймд худалдан авагч П.Хаас үл хөдлөх хөрөнгө худалдах авах гэрээний үлдэгдэл төлбөр 41,633,118 төгрөг, алданги 56,166,559 төгрөг, олох ёстой байсан орлого болох 2,831,050 төгрөг, нийт 100,630,727 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие иргэн С.Бтэй өөрийн биеэр уулзаж, холбоо барьж байгаагүй бөгөөд тухайн байрны эзэмшигч этгээд гэж өөрийгөө танилцуулсан Ч.Бтай уулзаж зээлийн барьцаанд байгаа гэх холбогдох 3 орон сууц, нэг газрыг нийт 290,232,200 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож холбогдох төлбөрүүдийг төлж барагдуулан. Баянзүрх дүүргийн 25-р хороо, 93-р байр, 2а болон 2б тоотыг буюу гурван орон сууцнаас хоёр орон сууцыг шилжүүлж авснаас нэхэмжлэгчийн дурдаад буй 93-р байрны 2 тоот байр, газрын хамт үлдсэн. Тухайн байруудыг авснаас хойш бүрэн засвар хийж, тохижуулсан бөгөөд нийт 248,599,082 төгрөг төлсөн. Ийнхүү Ч.Бтай харилцан тохиролцож 2020 оны 04 дугаар сарын 01 -ны өдөр үлдэгдэл 41.633.000 төгрөгийг төлөхөөр болсон бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр уулзаж гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлж банкны барьцаанд тавьж төлбөрийг бүрэн барагдуулахаар болсныг хэлж Ч.Б хүлээн зөвшөөрснөөр нотариат ороход Ч.Бын С.Бөөс авсан итгэмжлэлийн хугацаа дууссан байсан тул тухайн үед гэрээ байгуулж чадаагүй. Үүний дараа Ч.Б нь утсаар болон биеэр уулзаж намайг болон тус байрны 2 давхарт амьдрах манай ээж, аавыг байнга дарамтлах болсон бөгөөд энэ хугацаанд зөвхөн мөнгөө өгөхийг шаардаж байсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх, итгэмжлэл авсан эсэх талаар огт дурдаагүй. Ийнхүү Ч.Бд нэхэмжлэлд дурдаад буй орон сууцны худалдах, худалдан авах гэрээг байгуулж банкнаас зээл авч өгөх тухай хэлсээр байхад өөрийн итгэмжлэлийг сунгалгүйгээр өнөөдрийг хүрч алданги нэхэмжилж байгааг эс зөвшөөрч байна. Мөн анх тохиролцсон ёсоор шилжүүлэх ёстой газар нь гуравдагч этгээдийн нэр дээр байсныг дурдах нь зүйтэй. Улсын бүртгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь эд хөрөнгийн доголдолгүй буюу манай нөхцөлд баримт бичиг нь бүрэн бус, өөр этгээдэд шилжүүлсэн, барьцаанд байгаа эсэх нь тодорхойгүй байхад орон сууц, газрын төлбөрийг төлөх боломжгүйг мэдэгдэж байсан. Мөн тухайн хугацаанд тохиролцсон ёсоор газар шилжүүлэх байсан боловч өнөөдрийг хүртэл холбогдох газрыг шилжүүлээгүй миний ашиглалтад байхгүй болно. Иймд нэхэмжлэгч С.Б нь нэхэмжлэлд дурдсан орон сууц болон тохиролцсон газрыг иргэн П.Х миний нэр дээр шилжүүлсэн тохиолдолд холбогдох төлбөрийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Нэхэмжлэлд алданги тооцох тухай дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч өөрийн үүргийг биелүүлсэн тохиолдолд тухайн алдангийг тооцох нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээний дагуу С.Б нь холбогдох орон сууц болон газрыг миний нэр дээр шилжүүлж өмчлөх эрхийг шилжүүлэх тухай дурдсан түүний хариуд төлбөрийг төлөхөөр заажээ. Гэтэл өөрийн үүргийг биелүүлээгүй байж иргэн надаас хэдний өдрөөс эхлэн, ямар хугацаанд, хэдэн өдрийн хэдэн төгрөгөөр тооцож нэхэмжилж байгааг дурдаагүй. Мөн хадгаламжид хийх байсан эсэх нь тодорхоогүй байгаа нь тус нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй болгож байна.

Гэрээний үлдэгдэл төлбөр болох 41,633,000 төгрөгийг төлнө. Харин алдангийг төлөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч П.Хт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг, хохиролд нийт 100,630,727 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 41,633,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 41,633,118 төгрөг төлөөгүй үлдсэн. Гэрээний төлбөрийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төлж дуусгах үүрэгтэй байсан. Иймд уг өдөр төлөх байсан үүрэг 112,333,118 төгрөгөөс тооцож 56,166,559 төгрөгийг алдангид нэхэмжилнэ. Худалдан авагч нь хугацаандаа төлбөрөө төлсөн бол худалдагч нь банкинд хадгалуулах замаар орлого олох байсан гэж хохиролд 2,831,050 төгрөг гэж тодорхойлж, нийт 100,630,727 төгрөг гаргуулна гэж,

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний төлбөрт 41,633,118 төгрөг төлөөгүй үлдсэн нь үнэн. Гэхдээ гэрээний зүйл нь зөвхөн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, ХД 93 дугаар байр, 2 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууц байгаагүй. 0 тоотод байрлах 263 м.кв газар байсан. Худалдагч нь дээрх газрын эрхийг надад шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй. Мөн алданги болон олох ёстой байсан орлого нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Зохигчдын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч С.Б нь 0 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч П.Х нь орон сууцны үнэд 116,033,200 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Мөн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр зээлээр худалдах, худалдан авах нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр байгуулагдсан гэрээний зүйл болох орон сууцны үнийг өөрчилж 115,333,118 төгрөг болгожээ.

 

Хариуцагч нь 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн гэрээний үнийн дүнг хожим өөрчилж, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 115,333,118 төгрөг болгосон үйл баримтад маргаагүй. Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг зааж, үндэслэсэн.

 

Хэрэгт авагдсан дээрх бичгийн гэрээнүүд болон талуудын тайлбараас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Талууд шүүхийн хэлэлцүүлгийн явцад худалдагч нь гэрээний зүйл болох орон сууцыг 2019 оны 06 дугаар сард худалдан авагчид шилжүүлсэн болон худалдан авагч нь орон сууцны үнэд нийт 73,700,000 төгрөг төлсөн үйл баримтад хэн аль нь маргаагүй, тайлбарласан.

 

Хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйлийг 0 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууцнаас гадна 0 тоотод байрлах 263 м.кв талбай бүхий газар байсан гэж маргах боловч тэрээр уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Тэрээр талуудын хооронд газар худалдах, худалдан авахтай холбоотой харилцаа байсан гэх боловч тухайн газрыг хэзээ, хэнээс, хэнд, хэдэн төгрөгөөр худалдсан эсэх, тухайн газар нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хэрхэн хамаарч байгаа болох нь тодорхойгүйн дээр 2019 оны 1 дүгээр сарын 14, 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний зүйлд газартай холбоотой үйл баримт агуулагдаагүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр болон 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээнээс тус тус үзэхэд гэрээний зүйл нь 0 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий орон сууц байна.

 

Түүнчлэн хариуцагч нь 0 тоотод байрлах 263 м.кв талбай бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээг шүүхэд өөрөө нотлох баримтаар бүрдүүлж өгсөн ба уг газрын өмчлөгчөөр Ц.Н гэх иргэн бүртгэлтэй болох нь тус өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. Иймд хариуцагч П.Хын нэхэмжлэгч С.Бтэй байгуулсан гэрээний зүйлд газрын эрх байсан гэх түүний татгалзал учир дутагдалтай байна.

 

Иймд хариуцагчийн 0 тоотод байрлах 263 м.кв газар нь талуудын гэрээний тохиролцоонд байсан, уг газрын эрхийг шилжүүлж өгөхгүй байгаа гэх үндэслэлээр орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үүрэг биелүүлээгүй гэх түүний татгалзал үндэслэлгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт Энэхүү гэрээг нотариатаар гэрчлүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх худалдан авагч талд үүсэж, худалдагч талын өмчлөх эрх дуусгавар болно гэж заажээ. Талууд худалдах, худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагч нь худалдан авагчид шилжүүлээгүй талаар хэн аль нь тайлбарласан.

 

Гэхдээ хариуцагч нь уг үндэслэлээр гэрээ цуцлах талаар шаардлага гаргаагүйн дээр тэрээр 2019 оны 06 дугаар сард гэрээний зүйл болох 0 тоотод байрлах 69.94 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ бодитоор шилжүүлэн авч, гэрээний зүйлийг бусдад түрээслүүлэх замаар ашиглаж байгаа талаар өөрөө тайлбарласан.

 

Талуудын байгуулсан 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээний 3.4-т төлбөрийг төлж дууссаны дараа улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаар худалдагч С.Б нь гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг орон сууцны төлбөрийг төлж дууссаны дараа худалдан авагч П.Хт шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Мөн хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээг худалдагч С.Бийг төлөөлж байгуулсан Ч.Бд олгосон итгэмжлэлийн хугацаа нь дууссан байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөөгүй, үүнтэй холбоотойгоор газрын эрхийг надад шилжүүлээгүй гэж маргадаг. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт Төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж заасан.

 

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн гэрээг байгуулахад худалдагчийг төлөөлж Ч.Б гэрээ байгуулсан байна. Төлөөлөгч Ч.Бд олгосон итгэмжлэлийн хугацаа гэрээ байгуулсанаас хойш хожим дууссан нь гэрээний үүрэг биелүүлэхгүй байх үндэслэлд хамаарахгүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулах үед худалдагчийн төлөөлөгч Ч.Бд олгосон итгэмжлэлийн хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр байсан байна. Гэрээ байгуулсанаас хойш түүнд олгосон итгэмжлэлийн хугацаа дууссан нь худалдан авагч П.Хын худалдагч С.Бийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхгүй байх шалтгаан биш.

 

Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгч С.Бөд бий болох тул хариуцагч П.Х нь гэрээний үүргийг нэхэмжлэгч С.Бийн өмнө хариуцна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 41,633,118 төгрөгийн мөнгөн хөрөнгө үлдсэн талаар тайлбарласан атлаа алдангид 56,166,559 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

 

Хариуцагч нь гэрээний 3.2-т зааснаар 2019 оны 08 сарын 15-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээж, мөн гэрээний 3.6-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон байна. Иймд хариуцагч нь гэрээний 3.2-т заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй, түүний гүйцэтгээгүй үүрэг 41,633,119 төгрөг байх тул уг үүргээс тооцож 20,816,558 төгрөгийн алдангийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Мөн нэхэмжлэгч нь олох байсан орлогод 2,831,050 төгрөг гаргуулахаар шаардсан боловч уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн хохиролд нэхэмжилсэн 2,831,050 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч П.Хаас худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 41,633,118 төгрөг, алданги 20,816,559 төгрөг, нийт 62,449,677 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бөд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч П.Хаас 62,449,677 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Бөд олгож, нэхэмжлэлээс 38,181,050 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 661,103 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 470,448 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ