Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 101/2021/03872

 

                             

 

 

 

                  2021       11           25   

           101/ШШ2021/03872

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.У гаргасан,

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

 

3,220,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б.Б, нарийн бичгийн дарга З.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал т

ус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Би, 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр хариуцагч Б.Бтэй гэрээ байгуулж, түүнд урьдчилгаа төлбөрт барьцаа 1,400,000.00 төгрөгийг оролцуулаад нийт 4,200,000.00 төгрөгийг “Хаан банк” ХХК дахь  тоот данс руу шилжүүлсэн. Миний бие уг үл хөдлөх хөрөнгийг хөлслөхөд зуучлалын үйлчилгээ үзүүлсэн ХХК-тай холбогдсон ба хариуцагч нь тус компаниар зуучлуулсан байсан.

 

Гэвч намайг төлбөрийг шилжүүлснээс хойш 1 цагийн дараа нөхөр маань хөдөө томилолтоор ажиллах болсон тухай сонсмогц миний бие орон сууц хөлслөх шаардлагагүй болсон талаар зуучлагч компанийн ажилтанд мэдэгдэж, төлсөн төлбөрөө буцааж авах хүсэлтийг тавьсан юм. Тэгэхэд зуучилсан компанийн ажилтан надад хариу хэлэхдээ дараагийн хөлслөгч олоод мөнгө нь төлөгдмөгц тань руу буцаан шилжүүлэн гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй.

 

Зохигчдын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Хөлслүүлэгч нь орон сууцыг энэхүү гэрээний хавсралт болох хүлээлцэх актаар хөлслөгчид хүлээлгэн өгч цахилгаан, халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг тэмдэглэн, түлхүүрийг нь хүлээлгэн өгч, хоёр талын төлөөлөгчид гарын үсэг зурна” гэж, мөн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэхүү гэрээний салшгүй хэсэг болох хүлээлцэх актын хамт хүчинтэй” гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Б.Б нь надад орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээг хүчингүй гэж үзэж байна. Тус гэрээний ард бичигдсэн орон сууц хүлээлцэх акт дээрх гарын үсэг нь минийх биш, хариуцагч нь надад өөртэйгөө холбоо барих утасны дугаар болон орон сууц хөлслөх гэрээг өгөөгүй тул орон сууцыг гэрээ байгуулсан өдрөө хөлслөхөө больсон талаар хариуцагчид мэдэгдэж чадаагүй юм.

 

Мөн хариуцагч нь намайг орон сууцанд 20 гаруй хоног амьдарсан гэж тайлбарлаж байгаа ч би тухайн орон сууцыг хүлээн аваагүй тул эзэмшиж, ашиглаж чадаагүй, тиймээс ямар нэгэн хэрэглээний зардлын асуудал гарахгүй. Түүнчлэн хариуцагч нь надад 4,200,000.00 төгрөгийг төлнө гэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 630,000.00 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 350,000.00 төгрөг, нийт 980,000.00 төгрөгийг буцааж өгснөөс хойш дахин нэхэмжлэхэд “би үлдсэн мөнгийг ашиглаад дууссан тул төлөх үндэслэлгүй” гэж маргасан.

 

Иймд, хариуцагч Б.Бгээс үлдэгдэл 3,220,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч тус шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

“Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг “Г” ХХК-иар дамжуулан тус компанийн захирлын найз Д.У гэж хүнд 2 сарын хугацаатай өөрийнхөө өмчлөлийн 0 тоотод байрлах 51.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр тохирч, нэмэлтээр 1 сарын барьцаатай төлбөр авах нөхцөлтэйгөөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

 

Гэрээнд зааснаар орон сууцыг сарын 1,400,000.00 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь надад 2 сарын түрээсийн төлбөрийг барьцаа хөрөнгийн хамтаар 4,200,000 төгрөгийг өгсөн. Үүнээс би, зуучлалын хөлсөнд “Г” ХХК-нд 1,120,000 төгрөгийг төлсөн ба орон сууцны түлхүүрийг тухайн компанид хүлээлгэн өгсөн.

 

Намайг байраа хөлслүүлснээс хойш 7 хоногийн дараа орон сууцнаасаа зарим нэг эд юмсаа авахаар ирэхэд нэхэмжлэгч Д.Уийн нөхөр гэх хүн нөүтбүүк дээрээ ажлаа хийгээд сууж байсан. Би, орон сууцандаа ирэхээсээ өмнө нэхэмжлэгчтэй холбоо барьж байгаад ирсэн гэдгийг тэрээр мэдэж байж худал тайлбар өгч байна. Талуудын байгуулсан гэрээнд зааснаар гэрээний 1.2, 8.1-д гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно.

 

Надад нэхэмжлэгч болон “Г” ХХК нараас гэрээг цуцалсан талаар огт хэлээгүй, харин би орон сууц хөлслөх гэрээ байгуулсан өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа телевизийн мэдээгээр түрээслүүлэн гэсэн зараас мэдээд орон сууцандаа нүүж ирсэн. Би, нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 630,000.00 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 350,000.00 төгрөг төлсөн. Гэвч нэхэмжлэгч тал орон сууцны ашиглалтын зардал болох цахилгаан, халуун, хүйтэн ус, интернэт, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэргийг төлөөгүй байсан. Үүнээс цахилгаан зардал 20,000.00 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 1 сарын төлбөр 41,000.00 төгрөг, юнивишион төлбөр 39,900.00 төгрөг, орон сууцны төлбөр 80,000.00 төгрөгийг ойролцоогоор төлөх ёстой.

 

Мөн нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.4-т “Хөлслөгч нь энэхүү гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанаас өмнө цуцлахыг хүсвэл энэ тухай хөлслүүлэгчид 1 сарын өмнө мэдэгдэх бөгөөд уг мэдэгдэлтэй танилцаж орон сууцнаас гаргаж, урьдчилан төлсөн түрээсийн төлбөрийг хөлслөгч талд буцааж олгоно” гэдгийг зөрчсөн. Түүнчлэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д “Хөлслөгч нь дараах нөхцөл бүрдсэн тохиолдолд хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэл гаргаж гэрээг дангаар цуцлах эрхтэй” гэдгийг ч зөрчсөн.

 

Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.2-т “Гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанаас нь өмнө цуцлах саналыг хөлслөгч гаргасан тохиолдолд хөлслөгчийн урьдчилан төлсөн барьцааны мөнгийг хөлслүүлэгч талд эргүүлж олгохгүй ба гэрээний үлдсэн хугацааны төлбөрийг буцаан олгоно” гэж зааснаар 1 сарын барьцаа болон 1 сарын төлбөр дээр ашиглалтын зардал 180,000.00 төгрөг нэмж тооцож хасагдах ёстой. Өөрөөр хэлбэл, 1,400,000+1,400,000+180,000=2,980,000 төгрөг бөгөөд 4,200,000-2,980,000=1,220,000 төгрөг, үүнээс буцаалт 980,000 төгрөгийг өгсөн.

 

Иймээс үлдэгдэл 240,000.00 төгрөгийг зуучлагч “Г” ХХК-иас авч өгнө. Тус гэрээний ард бичигдсэн орон сууц хүлээлцэх акт дээрх гарын үсэг нь минийх бөгөөд хэдийгээр би нэхэмжлэгчид утасны дугаараа өгөөгүй гэдэг боловч нэхэмжлэгчид орон сууцыг хөлслөх гэрээ болон түлхүүрийг хүлээлгэн өгөх үүргийг зуучилсан компани гүйцэтгэх ёстой байсан байх” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Уээс хариуцагч Б.Бд холбогдуулан 3,220,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсчээ. Шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Д.У нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Бтэй орон сууц хөлслөх гэрээ байгуулж, түүний өмчлөлийн 0 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн сарын 1,400,000.00 төгрөгөөр 1 жилийн хугацаатай хөлслөхөөр тохиролцсон байна.

 

Тодруулбал, хариуцагч Б.Б нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бусдад хөлслүүлэхээр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-тай зуучлалын үйлчилгээ үзүүлэх тухай гэрээг 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, тус компаниас хариуцагчийн өмчлөлийн орон сууцыг бусдад хөлслүүлэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр саналын дуудлага гаргажээ.

 

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д “Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх, үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд, хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ” гэж, мөн 195.4-т “Тодорхой бус этгээдүүдэд хандсан хүсэл зоригийн илэрхийлэлд гэрээ байгуулах санал болохыг шууд заагаагүй бол түүнийг санал гаргах дуудлага гэнэ” гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Б нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хөлслүүлэхээр зуучлагч “Г” ХХК-иар дамжуулан нийтэд хандсан саналын дуудлагыг нэхэмжлэгч Д.У нь хүлээн авч, тэрээр хариуцагчид гэрээ байгуулах санал гаргаснаар зохигчид 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь барьцаа 1,400,000.00 төгрөгийг оролцуулан нийт 4,200,000.00 төгрөгийг хариуцагчид төлснийг тэрээр хүлээн авчээ.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

  1. Гэтэл нэхэмжлэгч Д.У нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч Б.Бтэй гэрээ байгуулсны дараагаар тус өдрөө зуучлагч “Г” ХХК-ийн ажилтанд уг орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон талаар мэдэгдэж, шилжүүлсэн 4,200,000.00 төгрөгийг буцаан авахыг хүсчээ.

 

Тодруулбал, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Ут өөртэйгээ холбоо барих утасны дугаар болон талуудын байгуулсан орон сууц хөлс гэрээг тус тус өгөөгүйгээс нэхэмжлэгч нь орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон тухай хариуцагчид мэдэгдэх боломжгүй байсан тул тийнхүү зуучлалын үйлчилгээ үзүүлсэн компанийн ажилтанд мэдэгдсэн байна.

 

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж, мөн 40.2-т “Нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авахаас урьдчилан буюу шууд татгалзсан бол хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, нэхэмжлэгч Д.У нь нэгэнт байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж байгаагаа хариуцагч Б.Бд мэдэгдснээр уг мэдэгдлийг хүлээн авсанд тооцох, хариуцагч нь ийнхүү хүлээн авсан мэдэгдлийг зөвшөөрөхгүй байгаа тухайгаа нэхэмжлэгчид буцаан мэдэгдснээр гэрээнээс татгалзахтай холбоотой хүсэл зоригийн илэрхийлэл харилцан хүчин төгөлдөр болох учиртай.

 

Энэ талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж, мөн 204.2-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж тус тус заасан.

 

Гэтэл хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Ут өөртэйгээ холбоо барих утасны дугаар болон талуудын байгуулсан орон сууц хөлс гэрээг өгөөгүйгээс нэхэмжлэгч нь орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон тухай хариуцагчид өөрт нь мэдэгдэж чадаагүй, хариуцагч буюу орон сууц хөлслүүлэгч нь энэ талаар хожим зуучлалын үйлчилгээ үзүүлсэн компанийн ажилтнаас мэдсэн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн хариуцагч Б.Б болон зуучлагч “Г” ХХК нарын байгуулсан гэрээний 1, 2, 3 дугаар зүйлд тус тус зааснаар зуучлагч нь хариуцагчийг бусад этгээдтэй гэрээ, хэлэлцээр байгуулахтай холбоотой харилцаанд төлөөлөх, зуучлах, орон сууц хөлслөх гэрээний биелэлтэд хяналт тавих, мэдээллээр хангах зэрэг үүргийг хүлээсэн байна. 

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч Д.Уийг гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа нөгөө талдаа мэдэгдээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм. Иймд, нэхэмжлэгчийг нийтэд санал болгосон саналын дуудлагын дагуу хариуцагчид орон сууц хөлслөх гэрээ байгуулах санал (гэрээ байгуулахаас өмнө)-аа буцаан дуудсан гэж үзэхгүй бөгөөд, харин зохигчид Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 302 дугаар зүйлийн 302.1-д тус тус зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан боловч хөлслөгч нь тухайн өдөр гэрээнээс татгалзах саналыг нөгөө талдаа гаргасан гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагч Б.Бгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дурдсанаар хариуцагч нь зуучлалын үйл ажиллагаа явуулдаг “Г” ХХК-нд өөрийгөө төлөөлөх эрхийг олгосон, тус компани нь хариуцагчид нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж байгаа тухай мэдэгдээгүй байна.

 

Ингээд нэхэмжлэгч нь хожим хариуцагчтай холбогдож, хариуцагч нь нэхэмжлэгчид 4,200,000.00 төгрөгөөс 980,000.00 төгрөгийг буцаан өгсөн байх бөгөөд 3,220,000.00 төгрөгийг ашиглачихсан, мөн орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.2-т заасныг үндэслэн буцаан төлөхгүй гэж маргасан.

 

  1. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1-д “Хөлслүүлэгч нь дараахь үүрэг хүлээнэ” гээд 288.1.1-д “хөлслөх хугацааны турш гэрээнд заасны дагуу ашиглах боломжтой, ашиглалтын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө хөлслөгчид шилжүүлэх” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хөлслүүлэгч болох хариуцагч нь орон сууц хөлслөх гэрээний зүйлийг нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалт (хяналт)-нд шилжүүлснээр нэхэмжлэгч нь орон сууцыг зориулалтын дагуу эзэмших эрхтэй болно.

 

Энэ талаар зохигчдын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т “Хөлслүүлэгч нь орон сууцыг энэхүү гэрээний хавсралт болох “хүлээлцэх акт”-аар хөлслөгчид хүлээлгэн өгч, цахилгаан, халуун, хүйтэн усны тоолуурын заалтыг тэмдэглэж, түлхүүрийг хүлээлгэн өгч, хоёр талын төлөөлөгчид гарын үсэг зурж хүлээлцэн” гэж заажээ.

 

Гэвч хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Ут орон сууц хөлслөх гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй байна. Хэдийгээр шүүх хуралдаан дээр хариуцагчийн өгсөн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн орон сууц хөлслөх гэрээний хүлээлцэх акт гэсэн гэсэн хэсэгт хөлслүүлэгч болон хөлслөгч нар гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч нь гарын үсэг зураагүй гэснийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, хөлслүүлэгч болон хөлслөгч гэсэн хэсэг дэх гарын үсгийг өөрийн гарын үсэг гэж тайлбарласан.

 

Иймээс нэхэмжлэгч Д.У нь 0 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай орон сууцыг хүлээн аваагүй байх тул түүнийг ашигласанд тооцох боломжгүйгээс гадна гэрээ байгуулсан өдрөө гэрээнээс татгалзаж байгаагаа мэдэгдсэн байна.

    

  1. Хариуцагч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “би, намайг төлөөлж байсан зуучлалын үйлчилгээ үзүүлсэн “Г” ХХК-нд түлхүүрийг хүлээлгэн өгсөн, тус компани орон сууцыг нэхэмжлэгчид өгөх ёстой байсан, нэхэмжлэгчийг орон сууцыг хөлслөхөөс татгалзсан талаар гэрээ байгуулсан өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа манай орон сууцыг хөлслүүлэхээр зарлал тавьсан байсныг зар мэдээнээс олж мэдсэн, тэгээд дахиад хөлслүүлэхээс татгалзсан” гэсэн.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д “Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно” гэж, мөн  210.3-т “Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж тус тус заажээ.

 

Тайлбарлавал, хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Ут орон сууцыг хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд үүнийг бусдаар гүйцэтгүүлж байгаа тохиолдолд тэрхүү этгээдийн үйлдлийг хариуцах учиртай. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч нь орон сууцны түлхүүрийг хүлээн авснаар хөлслөх боломжтой болох байсан боловч хүлээн аваагүй тул орон сууцыг хэрэглэсэн буюу хэрэглээний зардал гаргасан гэж үзэх боломжгүй юм.

 

  1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заажээ. Тодруулбал, гэрээнээс татгалзсанаар гэрээг байгуулахын өмнөх нөхцөл байдал сэргээгдэх зарчимтай бөгөөд талууд харилцан өгсөн, авсан зүйлээ буцаах эрх зүйн үр дагаврыг үүсгэдэг

  

Энэ тохиолдолд хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Д.Ут орон сууц хөлслөх гэрээний дагуу авсан 4,200,00.00 төгрөгийг буцааж өгөх үүргийг хүлээнэ. Гэхдээ гэрээнээс татгалзсанаар аль нэг тал үндэслэлгүйгээр хөрөнгөжиж үлдэх ёсгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Д.У нь орон сууцыг ашигласан хугацааны хөлсийг хариуцагч Б.Бд төлөх ёстой. Гэвч нэхэмжлэгч нь орон сууцыг хүлээн авч, эзэмшиж ашиглаагүй байх тул хөлс төлөх үүрэг үүсээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж, мөн 107 дугаар зүйлийн 107.3-д “Хариуцагч, хариуцагчийн талд оролцож буй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргана” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, тухайн хэрэг маргааны талууд нотлох үүргийн хуваарилалтын хувьд өөрт ашигтай тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцыг 20 гаруй хоног ашигласан гэсэн тайлбараа баримтаар нотолсонгүй. Тухайлбал, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн акт болон хүлээлцсэн өдрөөс хойш хэрэглээний халуун, хүйтэн ус болон цахилгааныг ашигласан гэх тоолуурын заалт зэргээр нотлогдож болох ч ийм баримт өгсөнгүй.    

 

  1. Зохигчдын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.2-т “Гэрээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаанаас нь өмнө цуцлах саналыг хөлслөгч гаргасан тохиолдолд хөлслөгчийн урьдчилан төлсөн барьцааны мөнгийг хөлслүүлэгч тал эргүүлэн олгохгүй ба гэрээний үлдсэн хугацааны төлбөрийг буцаан олгоно” гэсэн байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Д.У нь орон сууц хөлслөх гэрээний хугацаа дуусахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалсан тохиолдолд барьцаа 1,400,000.00 төгрөгийг хариуцагч Б.Бгээс буцаан авах эрхээ алдаж, харин гэрээний үлдсэн хугацааны төлбөрийг авах ажээ.

 

Гэтэл талуудын хооронд орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан боловч хариуцагч нь орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, нэхэмжлэгч нь тэр даруй гэрээнээс татгалзсан ба гэрээ тодорхой хугацаанд үргэлжлээгүй байх тул цуцлагдсан гэж дүгнэхгүй. Нөгөө талаар талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл барьцаа 1,400,000.00 төгрөг нь орон сууц хөлслөх гэрээг хожим дуусгавар болгосны дараагаар хөлслөгч нь хөлслүүлэгчид төлбөр төлөх үүрэгтэй байх тохиолдолд суутгах агуулгатай байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-д “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж зааснаар талууд хохирол нотлох шаардлагагүйгээр гэрээнээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж нөгөө талдаа хариуцлага ногдуулж болно.

 

Гэтэл Д.У нь зохигчдын байгуулсан орон сууц хөлслөх гэрээний зүйлийг ашиглаагүй байх тул ашиглалттай холбоотой төлөх ёстой төлбөр бий болоогүй, мөн барьцаа 1,400,000.00 төгрөг нь анзын шинжтэй тохиролцоо биш байна. Иймд, шүүхээс дээр дурдсаныг тус тус үндэслэн хариуцагчаас 3,220,000.00  төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Бгээс 3,220,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ут олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,470.00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 66,470.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МАНДАЛБАЯР