Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00137

 

 

2022 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2022/00137

 

Д.У-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03872 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.У-ийн хариуцагч Б.Б-д холбогдуулан гаргасан 3,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.У, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/1 дүгээр байрны 1 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр хариуцагч Б.Б-тэй гэрээ байгуулж, түүнд урьдчилгаа төлбөрт барьцаа 1,400,000 төгрөгийг оролцуулаад нийт 4,200,000 төгрөгийг Хаан банк ХХК дахь 5562013388 тоот данс руу шилжүүлсэн.

Миний бие уг үл хөдлөх хөрөнгийг хөлслөхөд зуучлалын үйлчилгээ үзүүлсэн Гоо хөгжил капитал ХХК-тай холбогдсон ба хариуцагч нь тус компаниар зуучлуулсан байсан. Гэвч намайг төлбөрийг шилжүүлснээс хойш 1 цагийн дараа нөхөр маань хөдөө томилолтоор ажиллах болсон тухай сонсмогц миний бие орон сууц хөлслөх шаардлагагүй болсон талаар зуучлагч компанийн ажилтанд мэдэгдэж, төлсөн төлбөрөө буцааж авах хүсэлтийг тавьсан. Тэгэхэд зуучилсан компанийн ажилтан надад хариу хэлэхдээ дараагийн хөлслөгч олоод мөнгө нь төлөгдмөгц тань руу буцаан шилжүүлэн гэсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөөгүй.

Хариуцагч Б.Б нь надад орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул гэрээг хүчингүй гэж үзэж байна. Тус гэрээний ард бичигдсэн орон сууц хүлээлцэх акт дээрх гарын үсэг нь минийх биш, хариуцагч нь надад өөртэйгөө холбоо барих утасны дугаар болон орон сууц хөлслөх гэрээг өгөөгүй тул орон сууцыг гэрээ байгуулсан өдрөө хөлслөхөө больсон талаар хариуцагчид мэдэгдэж чадаагүй.

Мөн хариуцагч нь намайг орон сууцанд 20 гаруй хоног амьдарсан гэж тайлбарлаж байгаа ч би тухайн орон сууцыг хүлээн аваагүй тул эзэмшиж, ашиглаж чадаагүй, тиймээс ямар нэгэн хэрэглээний зардлын асуудал гарахгүй. Түүнчлэн хариуцагч нь надад 4,200,000 төгрөгийг төлнө гэж байгаад 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 630,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 350,000 төгрөг, нийт 980,000 төгрөгийг буцааж өгснөөс хойш дахин нэхэмжлэхэд би үлдсэн мөнгийг ашиглаад дууссан тул төлөх үндэслэлгүй гэж маргасан. Иймд хариуцагч Б.Б гээс үлдэгдэл 3,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр зуучлалын үйлчилгээ үзүүлдэг Гоо хөгжил капитал ХХК-аар дамжуулан тус компанийн захирлын найз Д.У гэж хүнд 2 сарын хугацаатай өөрийнхөө өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/1 дүгээр байрны 1 тоотод байрлах 51.9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хөлслөхөөр тохирч, нэмэлтээр 1 сарын барьцаатай төлбөр авах нөхцөлтэйгөөр 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан.

Гэрээнд зааснаар орон сууцыг сарын 1 400 000 төгрөгөөр хөлслүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь надад 2 сарын түрээсийн төлбөрийг барьцаа хөрөнгийн хамтаар 4,200,000 төгрөгийг өгсөн. Үүнээс би, зуучлалын хөлсөнд Гоо хөгжил капитал ХХК-д 1,120,000 төгрөгийг төлсөн ба орон сууцны түлхүүрийг тухайн компанид хүлээлгэн өгсөн. Намайг байраа хөлслүүлснээс хойш 7 хоногийн дараа орон сууцнаасаа зарим нэг эд юмсаа авахаар ирэхэд нэхэмжлэгч Д.У-ийн нөхөр гэх хүн нөүтбүүк дээрээ ажлаа хийгээд сууж байсан. Би, орон сууцандаа ирэхээсээ өмнө нэхэмжлэгчтэй холбоо барьж байгаад ирсэн гэдгийг тэрээр мэдэж байж худал тайлбар өгч байна.

Талуудын байгуулсан гэрээнд зааснаар гэрээний 1.2, 8.1-д гарын үсгээ зурснаар хүчин төгөлдөр болно. Надад нэхэмжлэгч болон Гоо хөгжил капитал ХХК-аас гэрээг цуцалсан талаар огт хэлээгүй, харин би орон сууц хөлслөх гэрээ байгуулсан өдрөөс хойш 20 гаруй хоногийн дараа телевизийн мэдээгээр түрээслүүлэн гэсэн зараас мэдээд орон сууцандаа нүүж ирсэн.

Би, нэхэмжлэгчид 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 630,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 350,000 төгрөг төлсөн. Гэвч нэхэмжлэгч тал орон сууцны ашиглалтын зардал болох цахилгаан, халуун, хүйтэн ус, интернэт, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр зэргийг төлөөгүй байсан. Үүнээс цахилгаан зардал 20,000 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 1 сарын төлбөр 41,000 төгрөг, юнивишион төлбөр 39,900 төгрөг, орон сууцны төлбөр 80,000 төгрөгийг ойролцоогоор төлөх ёстой.

Мөн нэхэмжлэгч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.5.4, 3.6-д заасныг зөрчсөн. Тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.6.2-т зааснаар 1 сарын барьцаа болон 1 сарын төлбөр дээр ашиглалтын зардал 180,000 төгрөг нэмж тооцож хасагдах ёстой. Өөрөөр хэлбэл, 1,400,000+1,400,000+180,000=2,980,000 төгрөг бөгөөд 4,200,000-2,980,000=1,220,000 төгрөг, үүнээс буцаалт 980,000 төгрөгийг өгсөн. Иймээс үлдэгдэл 240,000 төгрөгийг зуучлагч Гоо хөгжил капитал ХХК-аас авч өгнө. Тус гэрээний ард бичигдсэн орон сууц хүлээлцэх акт дээрх гарын үсэг нь минийх бөгөөд хэдийгээр би нэхэмжлэгчид утасны дугаараа өгөөгүй гэдэг боловч нэхэмжлэгчид орон сууцыг хөлслөх гэрээ болон түлхүүрийг хүлээлгэн өгөх үүргийг зуучилсан компани гүйцэтгэх ёстой байсан гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Б.Б гээс 3,220,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,470 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 66,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.У нь Гоо хөгжил капитал ХХК-д түрээсийн мөнгө шилжүүлснийхээ дараа орон сууц хөлслөх шаардлагагүй болсон хэмээн тайлбарлаж байсан. Гэтэл Гоо хөгжил капитал ХХК-д хэрхэн яаж мэдэгдсэн талаараа нотолж чадаагүй атлаа тухайн орон сууцанд амьдарч байгаагүй мэт тайлбар хэлж мэдүүлж байгаа нь ямар ч үндэслэлгүй юм.

Учир нь орон сууц зуучлагч Гоо хөгжил капитал ХХК болон нэхэмжлэгч тал надад ямар нэгэн байдлаар гэрээ цуцалсан тухай мэдэгдэж байгаагүй бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс 20 хоногийн дараа би үнэгүй.мн сайтаас орон сууцыг минь хөлслүүлнэ гэсэн зараар зуучлагчтай холбогдож энэ тухай анх олж мэдсэн. Орон сууц зуучлагч Гоо хөгжил капитал ХХК-тай гэрээ байгуулсан үеэс хойш орон сууцтай холбоотой гарсан асуудлуудыг Гоо хөгжил капитал ХХК нь тухай бүр цаг алдалгүй Б.Б надад мэдэгдэж байх ёстой байсан.

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд амьдарч байгаагүй гэдгээ нотолж чадаагүй бөгөөд миний зүгээс орон сууц ашиглалтын зардлууд болох халуун хүйтэн ус, цахилгааны төлбөр 20,000 төгрөг, интернет 39,900 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 41,000 төгрөг, орон сууцны төлбөрт 80,000 төгрөгийг ойролцоогоор гарсан ба эдгээр төлбөр нь нэхэмжлэгчийн уг орон сууцанд амьдарч байсан гэдгийг нотолж байгаа бөгөөд эдгээр төлбөрийг төлөх ёстой.

Иймээс нэхэмжлэгчийг тухайн орон сууцанд нэг сар амьдарсан гэж үзэж нэхэмжилж буй үнийн дүнгээс нь 1,400,000 төгрөгийг хасах нь зүйтэй байна. Мөн гэрээ цуцалсан талаар надад нэхэмжлэгч болон зуучлагч компаний хэн нь ч мэдэгдээгүй бөгөөд барьцаа төлбөрт төлсөн мөнгийг мөн өгөх боломжгүй юм. Зуучлагч тал гэрээ байгуулсан ба хүлээлцэх акт дээр түрээслэгч тал гарын үсэг зураагүйг мэдээгүй болно. Нэхэмжлэгчид 12 дугаар сарын 21-ний өдөр 630,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 350,000 төгрөгийг тус бүр нэхэмжлэгч рүү буцааж шилжүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Миний бие тухайн орон сууцыг хүлээж аваагүй, тэнд амьдраагүй бөгөөд Гоо хөгжил капитал ХХК-аас дараагийн түрээслэгчийг орон сууцанд оруулахаар Б.Б-д хэлэхэд бид орон сууцаа түрээслэхээ больсон, орон сууцандаа орно гэж хэлсэн байдаг. Миний зүгээс түрээсийн төлбөрт өгсөн мөнгөө буцааж авна гэхэд Гоо хөгжил капитал ХХК-аас таны мөнгийг асуудалгүй шилжүүлж өгнө гэж хэлсэн ба хариуцагчаас надад 2 удаагийн гүйлгээгээр нийт 9,800,000 төгрөгийг шилжүүлээд дараа нь сураггүй болсон.

Гоо хөгжил капитал ХХК-аас мөнгөө асуухад ...Б.Б нь мөнгөгүй гээд утсаа таслаад, загнаад байна гэж хэлэхээр нь өөрөө Б.Б-тэй холбогдсон ба ...надад өгөх юм байхгүй, шүүхээр явбал яв гээд утсаа авахаа больсон учраас шүүхэд хандсан. Би нэг жилийн хугацаанд түүнтэй 4 удаа холбогдсон ба мөнгөө өгөх байх гэж хүлээсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, гомдолд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч Д.У нь хариуцагч Б.Б-д холбогдуулан 3,220,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Д.У, Б.Б нар зуучлагчийн тусламжтайгаар 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж, Б.Б гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 13312 Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, 320/1 дүгээр байр, 1 тоот хаягт байрлах 52 м.кв талбайтай орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн сарын 1,400,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар Д.У-т хөлслөхөөр тохиролцсон байна. /хх-5-10 дахь тал/

 

Орон сууц хөлслөх гэрээний дагуу Д.У нь барьцаа 1,400,000 төгрөгийг оролцуулан нийт 4,200,000 төгрөгийг Б.Б-д шилжүүлэн өгснийг тэрээр хүлээн авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-4 дэх тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Д.У нь 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Б.Б-тэй орон сууц хөлслөх гэрээ байгуулсны дараагаар тус өдрөө зуучлагч Гоо хөгжил капитал ХХК-ийн ажилтанд уг орон сууцыг хөлслөх шаардлагагүй болсон талаар мэдэгдэж, орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 4,200,000 төгрөгийг буцаан авахыг шаардсан боловч Б.Б түүний шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өгөхөөс татгалзсанаас талуудын хооронд маргаан үүсчээ.

 

Хариуцагч Б.Б нэхэмжлэгч Д.У-т орон сууцны эзэмшлийг шилжүүлж өгөөгүй байна. Зуучлагч компанид орон сууцны түлхүүр хүлээлгэн өгснийг үл хөдлөх эд хөрөнгө эзэмших эрхийг гэрээний нөгөө тал буюу Д.У-т шилжүүлэн өгсөн гэж дүгнэхгүй юм.

 

Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө буцаан шаардахдаа төлсөн төлбөрийг хасч тооцон нэхэмжлэлийн шаардлагаа 3,222,000 төгрөгөөр тодорхойлсон талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөөгүй тул орон сууцны ашиглалттай холбоотой зардал гаргахгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул хариуцагч Б.Б гээс 3,220,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.У-т олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч Д.У нь орон сууц хөлслөх гэрээний зүйлийг ашиглаагүй, барьцаа 1,400,000 төгрөг нь анзын шинжтэй тохиролцоо биш байх тул нэхэмжлэлээс хасч шийдвэрлэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь орон сууцыг бодитойгоор эзэмшиж байсан, түлхүүрийг зуучлагч компанид өгснөөр орон сууц хөлслөгчийн эзэмшилд байсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/03872 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66,470 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ