Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 2021/ДШМ/207

 

 

 

 

 

 

  2021             3              2                                          2021/ДШМ/207

 

 

Л.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,                          

шүүгдэгч Л.Бын өмгөөлөгч Б.Болдбаатар,                         

нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Т болон шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран болон шүүгдэгч Л.Б дангаараа гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Бд холбогдох 2008006370766 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э овгийн Л-ын Б, 1997 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Увс аймгийн ... суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/;

Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 441/а тоотод байрлах иргэн Л.Тийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Л.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Элжгэн овгийн Лувсаншаравын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Л.Бын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар Л.Бын 2020 оны 9 дүгээр сарын 10-наас 16-ны өдрийг хүртэл урьдчилан цагдан хоригдсон 6 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Хохирогч Л.Т давж заалдах гомдолдоо: “Л.Б бид хоёр үерхдэг дотно харилцаатай хүмүүс байсан бөгөөд анх үерхэж эхэлснээс хойш хамт амьдардаг байсан юм. Бид хоёрт аль алинд нь гэрийн түлхүүр байдаг, хааяа Л.Б түлхүүрээ мартсан үедээ намайг хүлээлгүй тооноор гэр рүү орчихдог байсан, тэрийг нь би сайн мэддэг юм. Сүүлд хөдөө гэр рүүгээ явахаас нь өмнө бид хоёр салсан. Л.Б надаас салахгүй гээд, би салахын тулд хуучин найз залуутайгаа хүртэл эргэж нийлсэн. Тэгсэн ч бид хоёрын харилцаа хэвээр байсан бөгөөд хэрэг гарах үеэр Л.Б намайг олон газраар манай ээж, дүү, эгч нарын гэрээр очиж хайгаад олоогүй болохоор зуршлаараа гэрт ороод унтчихсан юм байна лээ. Ээж маань маргааш өглөө нь залгаж Л.Быг манай гэрт байсныг хэлэхээр нь би гаргаад явуул гэж хэлээд өдөр гэртээ очиход тооно, унь, багана гээд хугарсан байсан. Тэгээд би уурандаа Л.Быг цагдаад өгчихсөн юм. Жаахан хашраая гэж бодоод гомдол гаргасан. Би үнэндээ энэ хүнийг ял аваасай гэж огт бодоогүй. Би хуралд өмгөөлөгчгүй орсон, шүүх хуралд өмнө нь огт орж байгаагүй учраас маш их сандарсан, бас айсан байсан тул энэ бүгдийг хэлж чадаагүй. Би цоожоо сольсноо Л.Бд хэлж амжаагүй байсан, түлхүүрээ ч өгч амжаагүй байсан учраас тэр шөнө мөн адил тооноор орсон байсан. Би Л.Быг хулгай хийх зорилгоор ороогүй гэдгийг нь сайн мэдэж байгаа. Анхан шатны шүүхээс Л.Бд оногдуулсан ял нь хүндэдсэн гэж би бодож байгаа тул эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо болон өмгөөлөгч Б.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би найз охин Л.Тийн гэрт хулгай хийх сэдэл, санаа, зорилготой очоогүй. Миний бие Л.Ттэй уулзах зорилготой байсан. Гэрт нь орохдоо мөн Л.Тийг хүрээд ирэх болов уу гээд хүлээж байсан. Үнэхээр хулгай хийх санаа, зорилго байсан бол яах гэж гэрт нь хоноод өглөө нь гараад явах билээ. Хэрвээ би Тийн гэрт нэвтэрч ороод юу ч авахгүйгээр гарсан бол намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэдгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэх байсныг олж мэдлээ. Ямар нэг хулгайлах сэдэл, зорилгогүй бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн ороод хэсэг хугацааны дараа бусдын эд хөрөнгийг авсан бол хулгайлах гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Нэгэн хийсвэр жишээ А бол К-POP урсгалын үнэнч бишрэгч бөгөөд Солонгосын алдарт С-ын хамтлаг Монгол Улсад ирэхэд хамтлагийн гишүүдээс гарын үсгийг авах зорилгоор зочид буудлын өрөөнд нууцаар нэвтэрч орсон боловч хамтлагийн гишүүд байгаагүй тул оронд нь хамтлагийн гишүүн С-ын өрөөсөн оймсыг нь дурсгал болгон хадгалахаар аваад явсан. Дээрх тохиолдолд орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол хохирлын хэмжээ хамаагүй гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Яагаад анхдагчаар үүссэн сэдэл, зорилго болон хожим үүссэн сэдэл, зорилгын хүчин зүйлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, оймс хулгайлсанд нь гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зүйлчилж болохгүй, ямар учир шалтгаан байна вэ. Дахин хэлэхэд миний бие огт хулгай хийх сэдэл, зорилготой Л.Тийн гэрт ороогүй, гагцхүү Л.Ттэй уулзах хүсэлтэй байсан. Хулгай хийх бодол санаа байсан бол түрийвч, кулон, мөнгөн гинжийг нь олон сараар өөртөө хадгалаад байхгүй, гэмт хэргийн нотлох баримт хэмээн шууд худалдан борлуулах нь ойлгомжтой. Мөрдөн байцаалтын үед хохирлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал, хохирогчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх мөнгө зарцуулалтыг Е-баримтаар нотлох боломжтой байсан, хохирогч өөрөө Е-баримт ашигладаггүй бол төлбөрийн баримтыг хэнд өгч уншуулдагийг тодруулах бүрэн боломжтой байтал тийм ажиллагаа хийсэнгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Л.Б дангаараа гаргасан давж заалдах гомдолдоо: “Би найз охин Л.Тийн гэрт хулгай хийх сэдэл, санаа, зорилготой очоогүй. Миний бие Л.Ттэй уулзах зорилготой байсан. Гэрт нь орохдоо мөн Л.Тийг хүрээд ирэх болов уу гээд хүлээж байсан. Үнэхээр хулгай хийх санаа, зорилго байсан бол яах гэж гэрт нь хоноод өглөө нь гараад явах билээ. Хэрвээ би Тийн гэрт нэвтэрч ороод юу ч авахгүйгээр гарсан бол намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэдгээр зүйлчилж хариуцлага хүлээлгэх байсныг олж мэдлээ. Ямар нэг хулгайлах сэдэл, зорилгогүй бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн ороод хэсэг хугацааны дараа бусдын эд хөрөнгийг авсан бол хулгайлах гэмт хэрэг гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Нэгэн хийсвэр жишээ А бол К-POP урсгалын үнэнч бишрэгч бөгөөд Солонгосын алдарт С-ын хамтлаг Монгол Улсад ирэхэд хамтлагийн гишүүдээс гарын үсгийг авах зорилгоор зочид буудлын өрөөнд нууцаар нэвтэрч орсон боловч хамтлагийн гишүүд байгаагүй тул оронд нь хамтлагийн гишүүн С-ын өрөөсөн оймсыг нь дурсгал болгон хадгалахаар аваад явсан. Дээрх тохиолдолд орон байранд хууль бусаар нэвтэрсэн бол хохирлын хэмжээ хамаагүй гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлж зүйлчлэх үү. Яагаад анхдагчаар үүссэн сэдэл, зорилго болон хожим үүссэн сэдэл, зорилгын хүчин зүйлийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох, оймс хулгайлсанд нь гээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зүйлчилж болохгүй, ямар учир шалтгаан байна вэ. Дахин хэлэхэд миний бие огт хулгай хийх сэдэл, зорилготой Л.Тийн гэрт ороогүй, гагцхүү Л.Ттэй уулзах хүсэлтэй байсан. Хулгай хийх бодол санаа байсан бол түрийвч, кулон, мөнгөн гинжийг нь олон сараар өөртөө хадгалаад байхгүй, гэмт хэргийн нотлох баримт хэмээн шууд худалдан борлуулах нь ойлгомжтой. Мөрдөн байцаалтын үед хохирлыг эргэлзээгүй тогтоож чадаагүй гэж үзэж байна. Тухайлбал, хохирогчийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх мөнгө зарцуулалтыг Е-баримтаар нотлох боломжтой байсан, хохирогч өөрөө Е-баримт ашигладаггүй бол төлбөрийн баримтыг хэнд өгч уншуулдагийг тодруулах бүрэн боломжтой байтал тийм ажиллагаа хийсэнгүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Л.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 22-ны шөнийн 03 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 441/а тоотод байрлах иргэн Л.Тийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, хохирогчийн мэдүүлэг, гэрч Л.Түмэнбаяр, Л.Аюуш нарын мэдүүлэг болон эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. Л.Б нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч орсон нь тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Л.Б нь Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 25 дугаар гудамжны 441/а тоотод байрлах иргэн Л.Тийн хүн байнга амьдрах зориулалттай цоожтой байсан монгол гэрийн тооноор нэвтрэн орж, хохирогч Л.Тийн цүнхэнд байсан түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Тийн “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 13 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Орбитын 25-441/а тоот гэртээ ирсэн чинь гэрийн урд хэсгийн унь нурж унасан байдалтай, гэрийн баруун талын орон дээр байсан цүнх газарт унасан байхаар нь би цүнхээ аваад нээж үзэхэд миний түрийвч байхгүй байсан, түрийвчинд 400.000 төгрөг, миний бүх бичиг баримт байсан болохоор би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. ...” /хх 20-23/,

гэрч Л.Түмэнбаярын “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө 8 цагийн үед би ажилдаа явах гээд гэрээсээ гарсан. Манай дүү Тийн гэрийн тооно нь эргэсэн байхаар нь би гайхаад очоод харсан чинь гэрт нь нэг согтуу эрэгтэй хүн унтаж байхаар нь би тэр хүнийг сэрээгээд дүүгийн гэрээс босгож явуулсан. ...” /хх 85/,

гэрч Л.Аюушийн “...миний охин Т 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр надад “ээжээ би таны эмчилгээнд зарцуулах гээд хэдэн төгрөг хадгалж байсан чинь түрийвчтэйгээ хулгайд алдчихлаа” гэж хэлж байсан. Би охин Тт кулон, мөнгөн гинжийг 1 жилийн өмнө төрсөн өдрөөр нь авч өгч байсан. Манай охин түрийвчтэй мөнгөө алдахдаа кулон, мөнгөн гинжээ хамт алдсан. ...” /хх 150-151/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-8/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 35-36/, хохирогч Л.Тийн эзэмшлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 110-111/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч Л.Быг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Л.Б нь хохирогч Л.Тийн байнга амьдардаг, цоожтой байсан монгол гэрийн тооноор нэвтрэн орж, түүний цүнхэнд байсан түрийвчтэй бэлэн 400.000 төгрөг, бичиг баримт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 551.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Л.Б нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.

Шүүх, шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэв.

Хохирогч Л.Тийн гаргасан “...Л.Бд оногдуулсан ял хүндэдсэн гэж бодож байгаа тул түүнийг цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Быг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, түүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хоёр жилээс найман жил хүртэл хорих ялын доод хэмжээгээр буюу 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэснийг ял хүндэдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд  Л.Быг гэм буруу дээрээ маргасан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоож хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Мөн хэрэг гарсан нөхцөл байдал, үйл баримттай холбоотой гомдлын тухайд, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход хангалттай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв тогтоосон байна.

Шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан “...Л.Б хулгай хийх сэдэл, зорилготой Л.Тийн гэрт ороогүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...”,  шүүгдэгч Л.Б дангаараа гаргасан “...миний бие хулгай хийх сэдэл, зорилготой Л.Тийн гэрт ороогүй шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, “орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгох бөгөөд “орон байранд нэвтэрч үйлдсэн” гэдгийг түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орохыг ойлгоно.

Хэргийн үйл баримтаас дүгнэж үзэхэд, шүүгдэгч Л.Б нь Л.Ттэй урьд нь үерхэж байсан гэдгээр шалтаглаж хохирогчийн зөвшөөрөлгүйгээр түүний байнга амьдардаг, цоожтой монгол гэрийн тооноор хууль бусаар нэвтрэн орох эрхгүй бөгөөд, Эрүүгийн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хувь хүний орон зай буюу тухайн гэрт хадгалан хамгаалагдаж байсан бусдын эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Түүнчлэн Л.Б нь хохирогч Л.Тийн гэрт хоноод, хүмүүсийн сэрээснээр өглөө гэрээс нь гарч явахдаа гэрт нь хадгалан хамгаалагдаж байсан Л.Тийн цүнхнээс түрийвчтэй мөнгө, бусад эд зүйлийг нь өөрөө захиран зарцуулах ямар ч эрхгүй атлаа нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг бусдын өмчлөх эрхэд халдаж, тодорхой эд хөрөнгийг нууц аргаар, хууль бусаар, гэм буруугийн санаатай хэлбэрээр, хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хулгайлж байгаа идэвхтэй үйлдэл гэж үзнэ.

  Шүүх нотлох баримтыг шалгаж, үнэлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан журмыг баримтлан хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бын 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 173 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Т, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Л.Бын дангаараа гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/1015 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Т, шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Б.Болдбаатар нарын хамтран гаргасан болон шүүгдэгч Л.Бын дангаараа гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Шүүгдэгч Л.Б 173 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ