Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02109

 

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2018/02109

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХК-д холбогдох,

Машин, механизм түрээслэх гэрээний үүрэгт 216,676,683 төгрөг гаргуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М ХХК, С ХХК-тай 2015 оны 09-р сарын 03-ны өдөр 15/09/03 тоот Машин, механизм түрээслэх гэрээ байгуулан гэрээний дагуу өөрийн 2 ширхэг 520LC-9s, 480LC- 9s маркийн эксковаторыг түрээслэгчид шилжүүлсэн. Түрээсийн төлбөрт 520LC-9s маркийн эксковаторт 30 хоногийн 40 000 000 төгрөг, 480LC-9s маркийн эксковаторийг 38 000 000 сая төгрөгөөр түрээслэхээр 2 тал тохиролцсон.

Гэрээнд зааснаар С ХХК-ийн ажилласан хугацааны дагуу түрээсийн төлбөрт нийт 175 173 030 төгрөг төлөхөөр тооцоо гарсан. Үүнээс 82 140 500 төгрөгийг төлж үлдэгдэл 93 032 530 төгрөгийг төлж барагдуулаагүй гэрээний үүгийн гүйцэтгэл хангагдахгүй маш их хугацаа өнгөрсөн тул 2 талын тохиролцооны үндсэн дээр гэрээний 4-р зүйлийн 4.1-д зааснаар хугацаа хэтэрсэн хоног тутмын алданги 46 516 265 төгрөгний хамт, мөн дээрх гэрээний дагуу ажилласан түрээсийн эксковаторын операторчний цалин болох 2 640 000 төгрөг, 2015 оны 11-р сарын 04-өөс 12-р сарын 06-ны өдөр хүртлэх эксковатор зээлээр худалдан авсан гэрээний дагуу төлөх зээлийн хүү 24 372 727.32 төгрөг, 2016 оны 06-р сарын 25-ны өдрийн 16/06/25 тоот Машин, механизм түрээслэх гэрээны дагуу ZL50c маркийн авто ачигч, өөрөө буулгагч, 480LC-9s маркийн экскаватор зэрэг техникүүдийг түрээслэх гэрээ байгууласан бөгөөд ZL50c маркийн авто ачигч 1 сарын 12 000 000 сая төгрөг, өөрөө буулгагч 8 000 000 сая төгрөг, 480LC-9s маркийн экскаватор 38 000 000 сая төгрөг байхаар тохиролцон гэрээ байгуулсан.

Нийт ажилласан хоногоор 43 866 666 төгргийн тооцоо гарсан ба үүнээс 12 000 000 төгргийн урьдчилгаа төлсөн, төлбөрийн үлдэгдэл 31 866 666.67 төгрөгийг хугацаандаа төлөөгүй байгаа тул тус гэрээний 4 дүгээр зүйлдийн 4.1-д зааснаар төлөх алдангид 15 933 333.335 төгрөгийн хамт нэхэмжилж байна.

Дээрх гэрээний дагуу хамтран ажиллах хэлцэлийн урсгал зардалд 2017 оны 04-р сарын 29-ны өдрөөс 2017 оны 07-р сарын 21-ны өдөр хүртэл ажиллахад гарсан нийт зардлын 50% болох 2 315 161.13 төгрөг, нийт 216 676 683 төгрөгийг өнөөдрийг болтол төлж барагдуулахгүй байгаагаас үүдэн анай байгууллагад маш их хэмжээний хохирол учирч үйл ажиллагаагаа хэвийн эгэлжлүүлэхэд хүндрэл үүсээд байна. Иймд хариуцагчаас 216,676,683 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ХХК, хариуцагч С ХХК-д холбогдуулан машин механизм түрээслэх гэрээний үүрэгт 216,676,683 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Нэхэмжлэгч М, хариуцагч С ХХК нар 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15/09/03 тоот, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16/06/25 тоот “Машин механизм түрээслэх гэрээ”-ээр нэхэмжлэгч нь 520LC-9s, 480LC-9s маркийн хоёр эксковатор, ZL50c маркийн авто ачигч, 30 тоннын даацтай өөрөө буулгагч автомашин гурван ширхэг, 480LC-9s маркийн экскаваторыг тус тус хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээжээ.

 Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд 2015 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 15/09/03 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 93,032,530 төгрөг болохыг, 2016 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16/06/25 тоот гэрээний үлдэгдэл төлбөр 31,866,666 төгрөг болохыг 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн, тоног төхөөрөмжийн ажлын зардалд 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 2,315,161 төгрөг, цалингийн зардалд 2,640,000 төгрөг тус тус гарч байсныг талууд баталгаажуулсан гэсэн ба хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар нотлогдож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий гэж үзлээ. /хэргийн 11-12, 14, ............. дэх тал/

Дээрх хоёр гэрээний үүрэгт нэхэмжлэгч 62,449,598 төгрөг, хариуцагч гэрээний зохих хугацаанд гүйцэтгээгүйн улмаас бусдад төлсөн зээлийн хүүгийн төлбөр төлсөн 24,372,727 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба 62,449,598 төгрөгийн алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн хэдэн төгрөгөөс тооцсон, алдангийг ямар хугацаагаар тооцож байгаа нь тодорхойгүй, энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тодорхой тайлбарлаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.

Нэхэмжлэгч, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхгүй ба, нэхэмжлэгчийн бусад этгээдтэй байгуулсан гэрээний үүргийг хариуцагч тухайлсан тохиролцсоноос бусад тохиолдолд хариуцах үндэслэлгүй, энэ талаархи нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй байх тул нэхэмжлэгчийн бусдад төлсөн зээлийн хүүгийн төлбөр 24,372,727 төгрөгийг хариуцагч төлөхгүй үндэслэлээр энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иймд хариуцагч С ХХК Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний төлбөрийг нэхэмжлэгч М ХХК-д төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 129,854,357 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 86,822,326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, мөн өдөр эрх, үүргийг танилцуулжээ.

Хариуцагч 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хууль зүйн туслалцаа авах хүсэлт гаргаж, өмгөөлөгч Д.С 06 дугаар сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хүлээн авч хурлыг хойшлуулсан, тус шүүх хуралд хариуцагч С ХХК-ийн захирал Ш.Г оролцож товыг хүлээн авч баримтад гарын үсэг зурсан.

Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

           

            ТОГТООХ нь:

 

1.             Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 129,854,357 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлээс 86,822,326 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.             Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,241,333 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С ХХК-иас 807,226 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.ЭНЭБИШ