Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 04

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Мөнхжаргал даргалж, шүүгч М.Нямбаяр, Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 6 дугаар баг, 5-6 тоотод оршин суух, 1969 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОО69061775, Ш овогт Б-ын Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Сагил сумын Өндөр мод багт оршин суух, 1967 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОТ67092392, Б овогтой Ж-гийн З-д холбогдох, иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Ж.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ж.З-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс морь гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Б анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2015 оны 6 дугаар сард Увс аймгийн Түргэн сумын нутаг Шар гэс гэх газарт хаваржиж байхдаа хоёр тооны морио Давст сумын иргэн Доной гэх айлын адуунд тавьчихсан байж байгаад зөв гуяндаа мухар олом тамгатай, халтар үрээ морио хулгайд алдсан. Би уг адуугаа хулгайд алдсанаас хойш 2 жилийн хугацаанд эрж, хайж маш их зардал гаргасан ба адуугаа олоогүй байж байтал 2017 оны 9 дүгээр сарын 10-ны үед миний алдагдсан хар халтар үрээг Оюунгэрэл гэх, зүс таних эмэгтэй хөтөлж ирээд манай хадлангийн талбайн хажууд аргамжиж, идүүлж байхыг би холоос хараад таньсан.

Тэгээд би цагдаад мэдэгдэхэд Цагдаагийн газраас шалгаад Ж.З хулгайлж авч, Баянцагаанд бэлэглэсэн болох нь тогтоогдсон.

Ж.З миний морийг өөрийн гэж маргалдсан боловч Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн малын тамга судлалын шинжилгээгээр маргаан бүхий морины им тамга нь Ж.3ундуйгаас хураан авсан аагт олом тамганы дардастай хэмжээ, аагны хэлбэр дүрс, байршил зэрэг шинжээрээ тохироогүй, харин Б.Б надаас хураан авсан мухар олом тамгатай, миний хар халтар морины зөв талын гуянд дарсан тамганы дардастай тохирч байгааг шинжээч тогтоосон юм.

Миний хар халтар морийг надад авч өгөөд, Ж.Згийн миний адууг хулгайлсан үйлдэл нь хуучин мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1-д хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

Б.Б миний халтар морь дахин Ж.3ундуйгийн адуунд нийлсэн, түүнийг надад буцааж өгөхгүй, өмчлөх эрхийг минь зөрчиж байна. Надад адуун сүрэг гэж байхгүй, ганц морьтой, хар халтар морь 2015 оноос хойш сүрэгт орж, тэндээ идээшин дассан байхыг үгүйсгэхгүй.

Ж.З өөрөө 200 гаруй тооны адуутай хүн байж, Б.Б миний ганц морийг булаацалдаад байгаад гомдолтой байна. Мөн Б.Б миний бие зөвхөн морио л авах хүсэлтэй ба надад байгаа ганц морь юм.

Иймд Ж.Згаас Б.Б миний хар халтар зүсмийн, морийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ж.З анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие 2017 онд Баянцагаан гэх залууд өөрийн унаган халтар морио өгсөн. Гэтэл Б.Б гэх хүн миний морийг булаацалдаж, тамга давхарлаж дарсан гэх үндэслэлээр булаацалдаж байна.

Давхарлаж дарсан биш, тамгалж байх үед хөдөлж урьдныхаа тамганы хажууд дарагдсан байгаа. Хар халтар морины эцэг эх, ах, дүү адуу нь бүгд байгаа. Хар халтар морийг манай хавь орчны хүмүүс бүгд танина.

Бас сурган унаж байсан хүмүүс байгаа. Хар халтар морийг намар 11 дүгээр сард Баянцагаанаас булааж аваад унаж өвөлжөөд 4 дүгээр сард Б.Б адуундаа тавихад адууг нь дагалгүй, өөрийн адуундаа гүйж ирээд, эх гүүгээ дагаад байж байгаа.

Хавар адуу дэллэж байхад Б.Б морио авъя гэж ирэхэд нь би адуу ижилдээ ирээд эхээ дагаад явж байхад, чи малын чинээ ухаантай бай гээд явуулсан. Гэтэл одоо болтол хэл ам хийгээд байх юм.

Шүүхийн байгууллага үнэн мөнийг нь тогтоож өгнө үү. Хэрэв Ж.З би хүний морь авсан бол буруугаа хүлээхэд бэлэн, харин Б.Б хүн гүтгэж нэр хүнд, сэтгэл санаа, ажил амьдралаар хохироож байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ж.Згаас 7 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн, 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Згаас 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгох”-оор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Ж.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийн эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Баттулгын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ж.З би удаа дараагийн хурал дээр дахин шинжээч томилуулж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүссэн боловч дан ганц прокурорын тогтоолыг үнэлж шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь халтар морины даага байхад дарсан тамга бие нь өсөж том болохын хэрээр өсөж томорч байдгийг тооцож үзээгүй .

Халтар зүсмийн морины тамганы дөрвөлжин хэсэг таарч байна гэх боловч дааган цагт нь дарсан тамга өсөж томроогүй хэвээр байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна.

2014, 2015 оны мал тооллогын маягт дээр нэг эр мал гэж байдаг. Гэтэл халтар морьтой нас чацуу морь Б.Цэдэнбал гэдэг залуугийн адуунд байгаа Б.Б өөрөө нэг морьтой гэдгээ ярьдаг огт байхгүй адууг Ж.З надаас нэхэж байна.

Ж.З миний халтар морины эцэг, эх, ах, дүү нь бүгд одоо надад байгаа уг морийг сургасан, зассан, дэллэсэн, унаж байсан хүмүүс олон байна.

Иймд та бүхэн үнэн зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ

Анхан шатны шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан танилцуулж, зохигчдийн гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйл, 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсгийн зохицуулалтанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч Ж.З-д холбогдуулан хууль бус эзэмшлээс халтар зүсмийн морь гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх хариуцагчаас 7 настай, зөв гуяндаа мухар олом тамгатай, хар халтар зүсмийн 890.000 төгрөгийн үнэлгээ бүхий морийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт Увс аймгийн прокурорын газрын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн маргаан бүхий адууг Б.Баттулгын өмчлөлийн адуу болохыг тогтоож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан 5/35 дугаартай прокурорын тогтоол, мөн хэрэг бүртгэлтийн явцад хийгдсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн малын тамга судлалын шинжилгээний 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Шинжилгээнд ирүүлсэн хар халтар зүсмийн морины тамга нь харьцуулах загварт ирүүлсэн Ж.Згаас хураан авсан гэх аагт олом тамганы дардастай хэмжээ, аагны хэлбэр дүрс, байршил зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна.

Харин Б.Бас хураан авсан гэх мухар олом тамганы өндөр болон өргөний хэмжээгээрээ тохирч байна” гэх 18/19 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт хэрэгт авагджээ.

Дээрхи нотлох баримтуудаар маргаан бүхий халтар зүсмийн моринд дарагдсан тамга нь нэхэмжлэгч Б.Баттулгын адуундаа дардаг мухар олом тамгаар дарагдсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд хэрэгт эдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх баримт байхгүй байна.

Хариуцагч Ж.З “уг адуу нь миний унаган адуу энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг тайлбараа хэрэгт хамааралттай, ач холбогдол бүхий нотлох баримтаар нотлоогүй гэрч нар нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэн хар халтар зүсмийн морийг Ж.Згийн адуу гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Хариуцагч Ж.З давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар морины үнэ буюу 890.00 төгрөгний тэмдэгтийн хураамжинд тохирох 25.910 төгрөг төлөх байтал 70200 төгрөг төлж, 44.290 төгрөгийг илүү төлсөн байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүлийн 44.1.1-д зааснаар тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 44.290 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэлээр шүүгчийн захирамжаар зохих данснаас буцаан гаргуулж хариуцагч Ж.Зд олгож, 25.910 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 59 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 25.910 /хорин таван мянга есөн зуун арав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд илүү төлсөн 44.290 /дөчин дөрвөн мянга хоёр зуун ер/ төгрөгийг шүүгчийн захирамжаар 100150000957 тоот данснаас буцаан гаргуулж, хариуцагч Ж.З-д олгохыг дурьсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД                                           М.НЯМБАЯР

 

Д.ЖАМБАЛСҮРЭН