Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2020/03096

 

 

 

 

 

2020 09 09

101/ШШ2020/03096

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Харчин овогт Ж.Д /РД:/-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Шарганууд овогт Р.Э /РД:0/-д холбогдох,

 

2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С, хариуцагчийн өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2019 оны 05 сарын 07-ны өдөр иргэн Г.Ш-тай харилцан тохиролцож  тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн  дугаартай хувийн сууцыг, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн  тоот газрын хамт 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болж Түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлснээс 3 сарын дараа Г.Ш нь өөрийн найз О.Уын хамт түрээсэлж байсан бөгөөд тэд ... Эгчээ юм хийх гээд явж байгаа залуу хүмүүс шүү дээ, та 3 сарын хугацаанд бид 2-ыг харсан байх, бид 2 энэ ажлаа өргөтгөөд ажиллавал илүү хурдан өсөж дэвших гээд байна, залуу дүү нараа дэмжээд өгөөч, таны хашаа байшинг барьцаалаад зээл авмаар байна, бид 2-т барьцаалах ямар ч хөрөнгө байхгүй, барьцаагүй бол зээл гаргахгүй гээд байгаа юм, бид нар таны үл хөдлөх эд хөрөнгийг дахиад 7 сар түрээслэнэ тэрнээс дээш хугацаагаар түрээслэх юм чинь тэр хугацаандаа гялс төлөөд дуусчихна, 25,000,000 төгрөг хэрэгтэй байна. гэж гуйсан. Би өөрийн ганц хүүхэд болон эгчийнхээ өнчин 4 хүүхдийг өсгөдөг учраас миний хүүхдүүдтэй ялгаа юу байх вэ гэж бодоод үл хөдлөх хөрөнгөө барьцаалж өгөөд зээл авахад туслаач гэсэн хүсэлтийг нь хүлээж авсан юм. 2019 оны 08 сарын 13-ны өдөр Г.Ш, О.У бид гурав Р.Э гэдэг хүн дээр очсон бөгөөд Р.Эийг надад ... хувиараа мөнгө зээлдэг хүн гэж тайлбарласан. Тухайн өдрөө 25,000,000 төгрөгийг зээлэхдээ хашаа байшинг чинь барьцаанд авч байгаа боловч худалдах-худалдан авах гэрээ байгуулж заавал нэр дээрээ шилжүүлж байж зээл өгөх боломжтой гэж хэлсэн. Би хууль, эрх зүйн мэдлэггүй учраас нэгэнт туслахаар шийдсэн байсан учир тэгдэг л ёстой юм байна гэж бодсон. Мөн ... тусдаа зээлийн гэрээ байгуулахаар нэр шилжүүлж өгсөн ч зүгээр, таны нэр дээр байдаг хөрөнгийг барьцаалж байгаа учраас зээлийн гэрээнд та бас оролцох ёстой гэж тайлбарласан юм. Би бүх зүйлийг Шинэбаяр, Эрдэнсүх нарын хэлсэний дагуу л хийсэн. Үл хөдлөх хөрөнгө болох хувийн сууцаа 10,000,000 төгрөг гэж, газраа 5,000,000 гэж үнэлэн №593, №594 тоот Худалдах- худалдан авах гэрээ байгуулсан болно. Мөн 2019 оны 08 сарын 13-ны өдрийн Иргэд хоорондын хэлцэл гэх зээлийн гэрээг байгуулж түүнд мөн гарын үсэг зурсан. Тус 25,000,000 төгрөгийг Ш-ын данс руу хийсэн атлаа надаар бэлнээр хүлээн авав гэж гарын үсэг зуруулсан. Ингэж хийх ёстой гээл тэрнийх нь дагуу хийсээр байсан. Төд удалгүй Шинэбаяр нь мөнгөө аваад ор сураггүй алга болсон, О.У нь үлдээд ажлаа хийж байгаа. Уламбаяр 2020 оны 01 сарыг хүртэл Шинэбаярын өмнөөс тухайн зээлийг төлж байсан, мөн түрээсийн төлбөрийг төлж байсан боловч 2020 оны 01 сараас хойш төлж чадахгүй болсон. Гэтэл Э зээлээ төлөхгүй байгаа учир хашаа байшинг маань зарлаа гээд зар хүртэл тавиад хүмүүст үзүүлээд яваад байгаа юм. Зээлээ бас надаас нэхээд байгаа учраас арга буюу өмгөөлөгчөөс зөвлөгөө авч ямар нөхцөл байдал үүсээд байгааг, мөн хашаа байшингаа алдахаар болцон байгаагаа ойлгосон юм. 2019 оны 08 сарын 13-ны өдөр байгуулагдсан №593, №594 тоот Худалдах- худалдан авах гэрээ-нүүд нь өөрөө үнэн санаанаасаа худалдах гэж байгуулсан гэрээ биш бөгөөд бусдад зээл авч өгөхийн тулд барьцаанд тавих зорилготой байгуулсан гэрээ юм. Хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан байх бөгөөд хүчин төгөлдөр бусад тооцуулж байж өөрийн хөрөнгийг өөрийн нэр дээр эгүүлэн шилжүүлэх үр дагавар үүсэх юм байна. Миний үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, зах зээлийн ханшаар хамгийн багадаа 60,000,000 төгрөгөөр зарагдах хөрөнгө билээ. Хууль, эрх зүйн мэдлэггүйгээс болж өөрийн хөрөнгөө алдах дээрээ тулаад байна. Тус гэрээнүүдийг ИХ-ийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ж.Дээс 0 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус тоот хаягт байрлах хувийн орон сууцны хамт худалдан авч, үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах 593, 594 тоот гэрээ байгуулан Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189,1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан тохиролцож тухайн гэрээг байгуулсан болно. Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах 593, 594 тоот дугаартай гэрээг үндэслэн Нийслэлийн Улсын Бүртгэлийн газарт бүртгүүлэн газар болон хувийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Нэхэмжлэгч Ж.Дээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар дурджээ. Нэхэмжлэгч Ж.Д нь эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай, өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан Хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн үндэслэлд тохирохгүй байна.

Ж.Д, Г.Ш, О.У нар нь 25,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлж авсан. Зээлээ төлөөд дуусчих юм бол үл хөдлөх эд хөрөнгүүдийг буцаан шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй. Иймд Ж.Дээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Ж.Дээс 0 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, тус тоот хаягт байрлах хувийн орон сууцны хамт худалдан авч Чингэлтэй дүүргийн нотариатч Ц.Цэцэгмаагаар 2019 оны 08 сарын 13-ны өдөр гэрчлүүлэн үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах 593, 594 тоот гэрээ байгуулан Монгол улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189,1, 243 дугаар зүйлийн 243,1 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан тохиролцож гэрээний төлбөр болох 25,000,000 сая төгрөгийг түүнд бэлнээр гаргаж өгсөн болно.Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 593, 594 тоот дугаартай гэрээг үндэслэн Нийслэлийн Улсын Бүртгэлийн газарт бүртгүүлэн газар болон хувийн орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан. Гэвч хариуцагч Ж.Д худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж үл хөдпөх эд хөрөнгөө буцаан авахаар дурджээ. Хариуцагч Ж.Д нь хашаа байшин болон газараа буцаан авах зорилгоор анх худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа авсан 25,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөгийг буцаан надад өгсөн тул үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хариуцагч Ж.Дээс гаргуулан надад олгуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Худалдах худалдан авах гэрээний дагуу худалдагчид төлсөн 25,000,000 төгрөгөө буцаан авахдаа аваагүй үлдсэн 15,000,000 төгрөгийг гаргуулъя гэжээ. Ж.Дээс тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа болно. Учир нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага маань Худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах байгаа билээ. Бид худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй харин Зээлийн гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзэж байгаа юм. Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж өгсөн авсанаа буцаан шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Мөн дээрх 25,000,000 төгрөгийг Зээлийн гэрээ-ний дагуу авсан гэж үзэж байгаа тул тус гэрээний зээлдэгч нар болох Шинэбаяр, Уламбаяр, Д нар хамтдаа хариуцах ёстой байгаа юм. Иймд дан ганц Дээс үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Р.Ээд холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 593, 594 тоот худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр Ж.Д нь 0 тоотод байрлах 120 м.кв хувийн сууц, 276 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг шилжүүлэх, Р.Э нь нийт 15,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

Хариуцагч Р.Э нь дээрх гэрээнүүдийг үндэслэн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэгджээ.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулах болсон үндэслэлийг талуудын хэн аль нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан үйл баримтын талаар маргаагүй.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэж тус тус заасан.

 

 Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар  эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй, энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж буюу худалдах, худалдан авах гэрээ байгуулсныг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх  боломжгүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээгээр  барьцааны эрх үүссэн буюу  газар болон хувийн сууцыг  барьцааны зүйл болгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Зохигчид худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх боловч барьцаа нь үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үнээс шаардлагаа хангуулах эрх бөгөөд уг эрх нь талуудын хооронд хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад зааснаар дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзлэлгүй, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсдэггүй, гадна талдаа хэлцлийн дүр үзүүлэхийг урьдал болгодог шинжтэй байдаг. Гэтэл нэхэмжлэгч Ж.Д нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүрэг хангуулахыг хүлээн зөвшөөрсөн, үүгээрээ тодорхой үүрэг хүлээх хүсэл зоригийн эрмэлзлэлтэй байсан байна.

Иймд талууд анхнаасаа хэлцэл хийснээр тодорхой эрх зүйн үр дагаврыг бий болгохыг буюу барьцааны гэрээний үүрэг хүлээнэ гэж ойлгож байсан байх тул үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамааруулах үндэслэлгүй байна.

Харин талуудын хэн аль нь шүүхийн хэлэлцүүлэгт ...хэн нь ч хууль мэдэхгүй байсан болохоор барьцааны гэрээг байгуулахдаа худалдах, худалдан авах гэрээ гэж байгуулсан гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд талууд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.3 дахь заалтад зааснаар хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн гэж үзэхээр байна.

Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт Ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан тул зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон тул үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагч Р.Эээс гаргуулж, нэхэмжлэгч Ж.Дт шилжүүлэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө шаардах эрхтэй гэж заасан.

 

Хариуцагч Р.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Г.Ш, О.У, Ж.Д нартай Иргэд хоорондын хэлцэл нэртэй гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг зээлдүүлэхээр тохиролцжээ.

 

Уг гэрээний дагуу 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Д нь хүлээн аваагүй, Г.Ш, О.У нарт туслах зорилгоор үл хөдлөх эд хөрөнгүүдээ барьцаанд тавьж, иргэдийн хоорондын хэлцэлд зөвхөн гарын үсэг л зурсан. Мөн уг хэлцэлд нэр бүхий гурван иргэн зээлийн мөнгөн хөрөнгийг авахаар гэрээ байгуулсан байхад уг гэрээний үүргийг зөвхөн Ж.Дээс шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж маргадаг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон О.Уаас ...зээлийн мөнгөнөөс Ж.Дт өгөөгүй, Шинэбаяр бид хоёр хувааж авсан. Бүх мөнгө Шинэбаярын ажил руу орсон, үлдсэн нь миний ажил руу орсон. Ж.Д нь Г.Ш бид хоёрт туслаад өөрөө зээлдэгчээр орсон болохоос өөрөө зээл аваагүй гэж мэдүүлсэн.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн иргэд хоорондын хэлцлийн дагуу гүйцэтгэвэл зохих үүрэг гүйцэтгэгч нар нь Г.Ш, О.У, Ж.Д нар гэж үзэхээр байна. Зээлдэгч Г.Ш, О.У, Ж.Д нар нь уг хэлцлийн дагуу хэн нь хэдэн төгрөгийг авсан эсэх үйл баримт тодорхойгүй байна.

 

Иймд хариуцагчийн зээлийн гэрээний үүргийн үлдэх 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин уг шүүхийн шийдвэр нь зээлдүүлэгч Р.Э нь зээлдэгч Г.Ш, О.У, Ж.Д нараас гэрээний үүргийг жичдээ нэхэмжлэл гаргах замаар шаардахад саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Д, Р.Э нарын хооронд байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 0 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг тус тус Ж.Дийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ээд даалгасугай.

2. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хариуцагч Р.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн иргэд хоорондын хэлцлийн дагуу гэрээний үүргийг зохих этгээдүүдээс шаардахад уг шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ