Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00255

 

Ж.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03096 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2183 дугаар магадлалтай,

 Ж.Дийн нэхэмжлэлтэй

Р.Ээд холбогдох

 Үндсэн нэхэмжлэл: 2019.08.13-ны өдөр байгуулагдсан 593 болон 594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах,

Сөрөг нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Сарнай, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Учрал, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч Ж.Д нь хариуцагч Р.Ээд холбогдуулан 2019.08.13-ны өдөр байгуулагдсан 593, 594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Р.Э нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...Ж.Д нь эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай өөрийн хийж байгаа үйлдлээ бүрэн ухамсарласан Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн үндэслэлд тохирохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 Хариуцагч Р.Э сөрөг нэхэмжлэлдээ: 2019.08.13-ны өдөр харилцан тохиролцож байгуулсан 593 болон 594 тоот худалдах-худалдан авах гэрээний үнэ болох 25,000,000 төгрөгийн үлдэгдэл 15,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч мөнгийг зээлийн гэрээний дагуу нэхэмжилж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа “... 25,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу авсан гэж үзэж байгаа тул тус гэрээний зээлдэгч нар болох Г.Шинэбаяр, О.Уламбаяр, Ж.Д нар хамтдаа хариуцах ёстой. Иймд дан ганц Ж.Дээс үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03096 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3, 492 дугаар зүйлийн 492.1.1-т тус тус заасныг баримтлан 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Ж.Д, Р.Э нарын хооронд байгуулагдсан №593, №594 тоот худалдах, худалдан авах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамж, 329 тоотод байрлах /Ү-....../ 120 м.кв хувийн сууц, /Г-....../ 276 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын эрхийг тус тус Ж.Дийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Р.Ээд даалгаж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Р.Эийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Р.Э нь 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн иргэд хоорондын хэлцлийн дагуу гэрээний үүргийг зохих этгээдүүдээс шаардахад уг шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2183 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Дээс 15,000,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Р.Ээд олгосугай.” гэж өөрчлөн найруулж, 4 дэх заалтын “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 232,950 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Ж.Д нь 2019.05.07-ны өдөр иргэн Г.Шинэбаяртай харилцан тохиролцож “ЧД-ийн 15-р хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 329 тоотод байршилтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-...... дугаартай хувийн сууцыг, газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Г-...... тоот газрын хамт 1 жилийн хугацаатай түрээслүүлэхээр болж “Түрээсийн гэрээ” байгуулсан байдаг. Түрээсийн гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгөө түрээслүүлснээс 3 сарын дараа Г.Шинэбаяр нь өөрийн найз О.Уламбаярын хамт түрээсэлж байсан бөгөөд тэд “Эгчээ бид юм хийх гээд явж байгаа залуу хүмүүс, та энэ 3 сарын хугацаанд бид 2-ыг харж байсан байх, бид 2 энэ ажлаа өргөтгөөд ажиллавал илүү хурдан өсөж дэвших гээд байна, залуу дүү нараа дэмжээд өгөөч, таны хашаа байшинг барьцаалаад зээл авмаар байна, бид 2-т барьцаалах ямар ч хөрөнгө байхгүй, барьцаагүй бол зээл гаргахгүй гээд байгаа юм, бид нар таны үл хөдлөх хөрөнгийг дахиад 7 сар түрээсэлнэ, магадгүй илүү ч хугацаагаар түрээслэх юм чинь тэр хугацаандаа гялс төлөөд дуусгачихна, 25,000,000 төгрөг хэрэгтэй байна...” гэж гуйсан байдаг учир нэхэмжлэгч Ж.Д нь өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авахад туслаач гэсэн хүсэлтийг нь хүлээж авсан юм.

4.2. 2019.08.13-ны өдөр Г.Шинэбаяр, О.Уламбаяр, Ж.Д гурав Р.Э гэдэг хүн дээр очсон бөгөөд Р.Эийг Ж.Дт Г.Шинэбаяр нь “...хувиараа мөнгө зээлдэг хүн” гэж тайлбарласан. Тухайн өдрөө 25,000,000 төгрөгийг зээлэхдээ Р.Э нь таны хашаа байшинг чинь барьцаанд авч байгаа боловч худалдах, худалдан авах гэрээ байгуулж заавал нэр дээрээ шилжүүлж байж зээл өгөх боломжтой гэж хэлсэн байдаг. Ж.Д нь хууль, эрх зүйн мэдлэггүй, мөн нэгэнт туслахаар шийдсэн байсан учир тэгэх л ёстой юм байна хэмээн бодож бүгдийг Г.Шинэбаяр болон Р.Э нарын хэлсний дагуу гүйцэтгэсэн. Түүнчлэн “...тусдаа зээлийн гэрээ байгуулахаар нэр шилжүүлж өгсөн ч зүгээр, таны нэр дээр байдаг хөрөнгийг барьцаалж байгаа учраас зээлийн гэрээнд та зайлшгүй оролцох ёстой.” гэж тайлбарласан юм. Ж.Дийн үл хөдлөх хөрөнгө болох хувийн сууцыг 10,000,000 төгрөг, газрыг 5,000,000 гэж үнэлэн 593, 594 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан болно. Мөн 2019.08.13-ны өдрийн “Иргэд хоорондын хэлцэл” гэх зээлийн гэрээг байгуулж түүнд мөн гарын үсэг зурсан үйл баримт харагддаг.

4.3. Гэвч хариуцагч тал анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон тайлбартаа үндсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг буюу “...Чингэлтэй дүүргийн нотариатч Ц.Цэцэгмаагаар 2019.08.13-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах 593, 594 тоот гэрээг байгуулан Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан тохиролцож гэрээний төлбөрт 25,000,000 төгрөгийг өгсөн, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан...” гэдэг атлаа давхар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг үндэслэн зээлийн гэрээний дагуу Ж.Дээс мөнгө шаарддаг нь ойлгомжгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа үгүйсгэж буй асуудал юм. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа огт нотолдоггүй, шүүх хурлын ажиллагааны болон процессын явцад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрийн тайлбар, гаргасан сөрөг нэхэмжлэлээрээ нотолж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 62.1.4 дэх заалт /нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт/-ыг зөрчиж байгаа юм.

4.4. Түүнчлэн худалдах, худалдан авах гэрээ гэж үзэж байгаа ч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг үндэслэн мөнгө нэхэмжилдэг атлаа Ж.Дт 15,000,000 өгсөн гэдгээ нотолдоггүй, хавтаст хэрэгт авагдсан материалаар иргэд хоорондын хэлцлийн дагуу орж ирсэн мөнгө нь Г.Шинэбаярын дансанд орсон гэдэг нь нотлогддог бол Г.Шинэбаяр, О.Уламбаяр нар нь 25,000,000 төгрөгийг захиран зарцуулсан, Ж.Д ямар ч мөнгө аваагүй гэдэг нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тус тус нотлогддог байна. Мөн 2020.06.26-ны өдрийн О.Уламбаярын мэдүүлсэн гэрчийн мэдүүлэгт тэмдэглэгдсэнээр “...хэлцлийн дагуу орж ирсэн 25,000,000 төгрөгөөс ямар ч мөнгө Ж.Д эгчид өгөөгүй, Г.Шинэбаяр бид хоёр хувааж авсан. Ж.Д эгч өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанд тавьж зээл авч өгсөн шалтгаан нь бид 2-ын бизнест туслах зорилготой байсан. Тухайн үед гэрээний дагуу төлөлтөө хийгээд явахад болно гэсэн...” гэх мэдүүлгийг өгсөн байна.

4.5. Гэтэл давж заалдах шатны шүүх 2019.08.13-ны өдрийн “Иргэд хоорондын хэлцэл”-д Ж.Д нь гарын үсэг зурсан тул Г.Шинэбаяр, О.Уламбаяр. Ж.Д нар нь хамтарсан үүрэг гүйцэтгэгч юм. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Р.Э нь Ж.Дээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй хэмээн үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл тус зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан болоод 25,000,000 төгрөг нь хэний дансанд орсон, тус мөнгийг ямар этгээдүүд захиран зарцуулсан зэрэг нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэгт хангалттай тусгагдсан атал гарын үсэг зурсан гэсэн шалтгаанаар Ж.Дээс 15,000,000 төгрөг гаргуулахаар магадлалд тусгасан нь үндэслэлгүй байна.

4.6. Хэрэв иргэд хоорондын хэлцлийн дагуу орж ирсэн мөнгийг Ж.Д нь төлөх ёстой хэмээн үзэж байгаа бол хамтран үүрэг гүйцэтгэгчээр Г.Шинэбаяр, О.Уламбаяр нарыг хариуцагчаар татаж, хэн хэдэн төгрөг захиран зарцуулсан зэргийг зайлшгүй нотлох шаардлагатай хэмээн үзэж байна. Нөгөө талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Саруултамирын анхан шатны шүүхийн ажиллагааны болон процессын явцад гаргасан тайлбар, баримтад дурдагдсан “...Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн харилцан тохиролцож гэрээний төлбөрт 25,000,000 төгрөгийг өгсөн, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан...” гэх тайлбар, сөрөг нэхэмжлэл, анхан шатны шүүхийн шийдвэрийг нягтлан үзэх нь зүйтэй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хуульд нийцсэн бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, хангалттай нотлох баримтад тулгуурлаагүй, бүрэн дүүрэн нотлогдоогүй хэмээн үзэж магадлалын зарим хэсэг буюу нэхэмжлэгч Ж.Дээс 15,000,000 төгрөгийг гаргуулж Р.Ээд олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176.2.3 дахь хэсэгт заасны дагуу магадлалын зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 6. Нэхэмжлэгч Ж.Д, хариуцагч Р.Ээд холбогдуулан зохигчийн хооронд 2019.08.13-ны өдөр байгуулсан 593 болон 594 тоот худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг, хариуцагч нэхэмжлэгчид холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 15,000,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу шаардаж байна гэсэн агуулгатай тайлбарласан байна.

 Хариуцагч үндсэн нэхэмжлэлээс татгалзаагүй, харин нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж, энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн нэхэмжлэлийн талаарх дүгнэлтийг өөрчилж хууль хэрэглэх асуудлаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 8. Давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн талаар хийсэн анхан шатны шүүхийн алдааг залруулаагүйгээс гадна сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 Тухайлбал, анхан шатны шүүх Ж.Дийн нэхэмжлэлийг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг зөрчсөний улмаас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, энэ алдааг давж заалдах шатны шүүх залруулаагүй нь учир дутагдалтай байна.

 9. Хэргийн баримтаас үзвэл, зохигчийн хооронд 2019.08.13-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу Чингэлтэй дүүргийн, 15 дугаар хороо, Жаргалантын 13 дугаар гудамжны 329 тоотод байршилтай хувийн сууц, мөн тоотын газрын өмчлөх эрх тус тус нэхэмжлэгч Ж.Дийн өмчлөлөөс хариуцагч Р.Эийн өмчлөлд шилжиж улсын бүртгэлд бүртгэгдсэн, энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 10. Нэхэмжлэгч 593 болон 594 тоот худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа “...газар, хувийн сууцыг үнэн санаанаасаа худалдаж, худалдан авахаар бус бусдын зээлийн барьцаа болгох зорилготой байсан учир дүр үзүүлэн хийсэн хэлцэл, иймээс үл хөдлөх эд хөрөнгөө өөрийн өмчлөлд буцаан авах хүсэлтэй” гэсэн, хариуцагч нэхэмжлэлийн энэ хүрээнд тайлбар гаргахдаа нэхэмжлэлийг үгүйсгээгүй байна. Дээрхээс үзвэл талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд хариуцагчийн өмчлөлд шилжин бүртгэгдсэн боловч энэхүү гэрээ нь талуудын бодит хүсэл зоригийн дагуу байгуулагдаагүй, тухайлбал нэхэмжлэгч Ж.Д нь хувийн сууц, газраа захиран зарцуулах эрхэд шилжүүлж, үнийг авах, хариуцагч Р.Э нь тэдгээрийн үнийг төлж, эзэмшил болон өмчлөлдөө шилжүүлэх буюу зохигчдод худалдах-худалдан авах гэрээний эрх, үүргийг үүсгэх эрмэлзэлгүй, олгосон зээлийн барьцаа болгох зорилготой байсныг хэн аль нь зөвшөөрсөн байна.

11. Гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, эсхүл гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нь өөр агуулгатай шаардлага бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэлийг өөрчлөөгүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасан “ноцтой төөрөгдлийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бус гэж тооцож болно”, 58.3, 58.3.3-т заасан “хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн тохиолдолд ноцтой төөрөгдсөн гэж үзэж болно” гэсэн зохицуулалтыг баримталж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 12. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгож хийгддэг бөгөөд талуудын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцлийг ийм хэлцэл гэж үзэх нь хууль зөрчихгүй байна.

 13 .Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэж, хэлцлээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зөв гэж дүгнэв.

 14. Хэдийгээр талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн гэрээний үүргийг хангуулах барьцаалах хүсэл зориг илэрхийлэгдсэн гэх боловч гэрээг хуульд заасан журмын дагуу бичгээр үйлдэж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангасан гэрээ байгуулаагүй тул хариуцагчид барьцааны эрх үүсэх үндэслэлгүйг дурдах нь зүйтэй.

 15. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон, хожим нь нэхэмжлэлийн үндэслэлээ өөрчилж, уг мөнгийг зээлийн гэрээний дагуу шаарджээ.

 16 .Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

 17. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч гэрээний дагуу хэлэлцэн тохиролцсон мөнгийг шилжүүлэн өгөх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд мөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд гэрээний талууд энэ талаар хүсэл зоригоо илэрхийлсэн, тэдгээрийн хүсэл зориг нэгдсэн тохиолдолд гэрээний талууд эрх, үүрэг хүлээж гэрээ байгуулагдсан гэж үздэг.

 18. Нэхэмжлэгч Ж.Д нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч түүний энэхүү үйлдэл нь бусдын зээл авахад өөрийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгохтой холбоотой байсан, зээлийн мөнгийг авах хэрэгцээ шаардлага, хүсэл зориггүй байсан, зээлийн мөнгийг зээл хүссэн Г.Шинэбаярын дансанд нэхэмжлэгч шилжүүлж өгсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Уламбаярын мэдүүлэг, дансны хуулгаар тогтоогдсон тул түүнийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч гэж үзэх үндэслэлгүй.

 19. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцээгүй гэж үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2183 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03096 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “58 дугаар зүйлийн 58.1, 58.3.3” гэснийг “56 дугаар зүйлийн 56.1.2” гэж, “тооцож” гэснийг “тогтоож” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Ж.Д /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг/-ийн 2020.11.17-ны өдөр 232,950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЗОЛЗАЯА

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

               ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                               Х.ЭРДЭНЭСУВД