Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2022/00384

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 148/ШШ2022/00384

Сэлэнгэ аймаг

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:6090761, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 22а-13 тоот

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:6499139, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 22а-13 тоот,

Нэхэмжлэгч: ******* ХХК /РД:3743985, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, 22а-13 тоот/ нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* ХХК /РД:3743985, Сэлэнгэ аймаг, Цагааннуур сум, 2-р баг, Хуурч 1-р гудамж, 28 тоот/-д холбогдох Мод худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 14,067,900 төгрөг гаргуулах, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг нийт 24,067,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* / онлайн /, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... ...Мод худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор 14,067,900 төгөг гаргуулах, мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 10,000,000 төгрөг гаргуулах буюу нийт 24,067,900 төгрөг гаргуулах...

1. Нэхэмжлэгч Кэчок ХХК нь хариуцагч ******* ХХК-тай мод худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн захиалаагүй модыг урьдчилан мэдэгдэлгүй буюу 2019 оны 12 сарын 16-ны өдөр 1,342,000 төгрөгийн үнэ бүхий /150 мм*35мм*4000 мм/ хэмжээтэй 90 ширхэг мод, мөн 2020 оны 01 сарын 07-ны өдөр 4,022,000 төгрөгийн үнэ бүхий /150*28*4000 мм/ хэмжээтэй 1000 ширхэг модыг захиалсан модны хамт тус тус нийлүүлсэн ба хэдийгээр худалдан авагч буюу нэхэмжлэгч нь эдгээр модыг захиалаагүй боловч нэгэнт нийлүүлэхээр авч ирсэн тул цаашдын хамтын ажиллагаа харгалзан үзэж, эдгээр модыг захиалсан модныхоо хамт хүлээн авч төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч дээрх моднуудыг хүлээн авах үед биет байдлын доголдлын талаар мэдэх боломжгүй байсан ба тун удалгүй модыг үйл ажиллагаандаа ашиглахаар дахин шалгаж үзэхэд эдгээд модны 70 орчим хувь нь нэлэнхийдээ яртай, мөн их хэмжээний хагарал үүссэн, өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой мод болох нь тогтоогдсон.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь өөрийн толгой компани болох Кэчок ХХК-тай хамтран ******* ХХК-тай мод худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулж, хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагч нь 2020 оны 02 сарын 10-ны өдөр нийлүүлсэн /130 мм*35 мм*4000 мм/ хэмжээтэй 681 ширхэг модны 40 гаруй хувь буюу 2,655,900 төгрөгийн үнэ бүхий чанарын шаардлага хангахааргүй мод, мөн 2,240,000 төгрөгийн үнэ бүхий /74*150*4000 мм/ хэмжээтэй 224 ширхэг захиалаагүй модыг захиалсан бусад модны хамт нийлүүлсэн.

2020 оны 02 сарын 15-ны өдөр /243 мм*35 мм*4000 мм/ хэмжээтэй 341 ширхэг модны 40 гаруй хувь буюу 1,779,000 төгрөгийн үнэ бүхий мод болон /74 мм*300мм*4000 мм/ хэмжээтэй 570 ширхэг модны 20 гаруй хувь буюу 2,029,000 төгрөгийн үнэ бүхий мод нь чанарын шаардлага хангахааргүй мод байсан ба хэдийгээр худалдан авагч нь захиалаагүй боловч нэгэнт нийлүүлэхээр авч ирсэн тул цаашдын хамтын ажиллагаагаа харгалзан үзэж эдгээр модыг захиалсан модны хамт хүлээн авч төлбөрийг төлсөн.

Гэвч дээрх моднуудыг хүлээн авах үед биет байдлын доголдлын талаар мэдэх боломжгүй байсан ба тун удалгүй модыг үйл ажиллагаандаа ашиглахаар дахин шалгаж үзэхэд нэлэнхийдээ яртай, мөн их хэмжээний хагарал үүссэн өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангахгүй, биет байдлын доголдолтой мод болох нь тогтоогдсон.

Тиймээс нэхэмжлэгч Кэчок ХХК, ******* ХХК нар нь чанарын доголдолтой модыг өөр модоор солих, эсхүл нийлүүлсэн модоо авч төлбөрийг буцаан шилжүүлэх талаах утсаар мэдэгдсэн боловч тодорхой үрд дүнд хүрээгүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар мод худалдах, худалдан авах тухай гэрээнээс татгалзсан тухай мэдэгдэж, гэрээнээс татгалзсантай холбоотой модны үнэ болох нийт 14,067,900 төгрөгийг буцааж төлөх тухай мэдэгдлийг 2021 оны 08 сарын 12-ны өдөр хариуцагчид шуудангаар хүргүүлсэн боловч биелүүлээгүй. Иймд мод худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбоотойгоор Кэчок ХХК нь хариуцагчаас 5,364,000 төгрөг гаргуулах, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас 8,703,900 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байна.

3. Нэхэмжлэгч Кэй грийл ворлд ХХК нь мөн өөрийн толгой компани болох Кэчок ХХК-тай хамтран хариуцагч ******* ХХК-тай мод худалдан худалдан авах гэрээг амаар байгуулж хамтран ажиллаж байсан. Гэтэл хариуцагч нь 2020 оны 02 сарын 17-ны өдөр хариуцагчаас мод худалдан авахаар 15,000,000 төгрөгийг хаан банк дахь ******* ХХК-ийн 5675519432 дугаарын дансаар шилжүүлсэн боловч хариуцагч нь уг үнийн дүнд таарах модыг бүрэн нийлүүлэлгүй 10,000,000 төгрөгийн үнэ бүхий мод дутуу нийлүүлсэн.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагчаас нийлүүлээгүй модны үнэ болох 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа / хх 74 дүгээр тал/: ... Тус шүүхэд гаргасан Кэчок ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн тус тус нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Манай компанийн зүгээс нэгэн компанийн Солонгос захиралтай харилцан тохиролцож мод бэлтгэн нийлүүлж байсан. Яг дээрх компаниудтай хамтран ажиллах гэрээг албан ёсоор хийгээгүй. Дээрх Солонгор захирлын хүсэлтээр 2019 оны 12 сарын 16-ны өдөр 90 ширхэг мод нийлүүлсэн ба тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс тухайн модыг шалгаж авсан ба ямар нэгэн байдлаар муу мод явуулсан гэж хэлээгүй. Дээрх компани нь бидний явуулсан модыг ямар нэгэн асуудал гаргаагүй авсан учраас дараагийн 1000 ширхэг модыг 2020 оны 01 сарын 07-ны өдөр хүргүүлсэн. Тухайн үед нэхэмжлэгч компанийн зүгээс биет байдлын доголдолгүй, чанарын шаардлага хангаагүй гэдэг талаар компанид мэдэгдсэн зүйл байхгүй. Хэрвээ эхний явуулсан модыг чанарын шаардлага хангаагүй гэсэн юм бол бидний зүгээс дараагийн модыг явуулахгүй байсан. мөн 2020 оны 02 сарын 10-ны өдөр 681 ширхэг мод, 224 ширхэг мод, 2020 оны 02 сарын 15-ны өдөр 347 ширхэг мод, 570 ширхэг чанарын шаардлага хангасан моднуудыг мөн адил Солонгос захиралтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нийлүүлсэн. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн үндсэн дээр моднуудыг бэлтгэн янзалж, өөрсдөө унаа гарган тээвэрлэн хүргэж өгдөг. Бүгд ижил мод учраас зарим нь шаардлага хангахгүй гэсэн үндэслэл байхгүй юм. Мөн 10,000,000 төгрөгийн модыг ******* ХХК-д нийлүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч байсан захиалсан моднуудыг цаг тухайд нь нийлүүлж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх.

Мөн тэрээр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манайх нэг өдөр очиж модоо буулгаагүй. Би гурван компанитай гэрээ хийсэн талаар сайн мэдэхгүй. Зүгээр солонгос хүнтэй гэрээ хийсэн. Өөрсдөө над дээр ирж бэлэг өгч байгаад гуйж гэрээ хийсэн. Мод нь бол стандартын бус янз янзын хэмжээ өгсөн. Эхний ээлжинд өөрсдөө тоолж аваагүй харин хажууд зогсож бараа материалаа шалгаж аваагүй. Одоо тэгээд 2 жилийн дараа чанарын шаардлага хангаагүй мод байна гэж хэлж болохгүй. Тухайн үед бид нар өөрсдөө буулгаж авсан. Захирал бүр хажууд нь зогсож байгаад мод хаана буулгах талаар зааварчилгаа өгөөд зогсож байсан. Надаас 15,000,000 төгрөг нэхсэн байдаг. Би одоо өөрөө 5,000,000 төгрөгийг яаж төлсөн талаар мэдэхгүй байна. Миний өгсөн мод болон мөнгөн дүн хоёр таарч байгаа учир би өөрийгөө тооцоогүй явж байгаа гэж ойлгосон. Хамгийн сүүлийн ачааг 15-нд буулгасан. Тэгээд 17-ны өдөр миний мөнгийг шилжүүлээд хоёр тийшээ салцгаасан. Анхнаасаа энэ гурван компанийн нэрийг хэлээгүй. Би энэ талаар мэдэхгүй. Нэг солонгос хүн над дээр ирж гуйсны үндсэн дээр гэрээ байгуулсан. 2020 оны 1, 2 сард болсон модны найманы асуудал яригдаж байна. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 удаа 61.7, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 54.9, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 63 куб, 64 куб нийт 4 удаагийн ачилтаар барааг нийлүүлсэн гэх.

 

Шүүх ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон хуралдаанд өгсөн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судалж ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК -нь хариуцагч ******* ХХК-аас 2019 оны 12 сарын 16-нд 1,342,000 төгрөгийн үнэ бүхий 90 ширхэг мод /банз/, 2020 оны 01 сарын 07-ны өдөр 4,022,000 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг мод /банз/ худалдах, худалдан авах аман хэлцэл хийсний үндсэн дээр худалдан авсаны 70 орчим хувь нь чанарын шаардлага хангаагүй, биет байдлын доголдолтой байсан,

Нэхэмжлэгч ******* ХХК- нь ******* ХХК-аас 2020 оны 02 сарын 10-ны өдөр 681 ширхэг мод/ банз/, 2020 оны 02 сарын 15-ны өдөр 341 ширхэг мод /банз/ худалдан авсаны 40 гаруй хувь нь чанарын шаардлага хангаагүй, мөн 570 ширхэг мод /банз/-ны 20 гаруй хувь нь буюу 2,029,000 төгрөгийн үнэ бүхий мод нь чанарын шаардлага хангаагүй тул Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар гэрээнээс татгалзан, дээрх мод / банз /ны үнэд нийт 14,067,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулах,

Нэхэмжлэгч ******* ХХК -нь мөн дээрх компанитай мод / банз / худалдах, худалдан авах аман гэрээ / хэлцэл / байгуулсны үндсэн дээр 2020 оны 02 сарын 17-ны өдөр мод / банз / -ны үнэ 15,000,000 төгрөгийг тус компаний 5675519432 тоот дансанд шилжүүлсэн боловч уг үнийн дүнд таарах модыг бүрэн нийлүүлээгүй, 10,00,000 төгрөгийн үнэ бүхий модыг дутуу нийлүүлсэн тул уг 10,000,000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан дээрх тайлбар болон хавтаст хэргийн 1-65, 74-78, 89-108 дугаар талд авагдсан нотлох баримтуудаас үзэхэд; нэхэмжлэгч нар нь ... хариуцагчаас хүлээн авсан дээрх мод /банз/-ны тоо, хэмжээ, үнэ зэрэг дээр маргаагүй, харин уг мод /банз/- нь чанарын шаардлага хангаагүй / эд хөрөнгийн доголдолтой / талаар ******* ХХК, ******* ХХК - д нь маргаж байна.

Өөрөөр хэлбэл; дээрх хоёр компани нь нийт 243,6 м3 мод /банз/-ыг хариуцагч ******* ХХК-аас зохих үнийг нь төлж худалдан авсан боловч Кэчок ХХК -нь худалдан авсан нийт 1090 ширхэг модны 70 орчим хувь нь, ******* ХХК-ийн худалдан авсан нийт /681+224=905 ширхэг/, /905+341+570=/ 1816 ширхэг модны 20-40 хувь нь чанарын шаардлага хангаагүй буюу биет байдлын доголдолтой мод болох нь тогтоогдсон бөгөөд, энэ байдал нь хавтаст хэргийн 89-108 дугаар талд авагдсан шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна гэж нэхэмжлэгч тайлбарлах боловч дээрх хэмжээний мод /банз/- нь чанарын буюу биет байдлын доголдолтой гэж үзэхэд учир дутагдалтай байна. Уг үзлэгийн тэмдэглэл ба гэрэл зургаас үзэхэд; мод /банз/-ны хэмжээ, тоо, ширхэгийн талаар тэмдэглэснээс бус түүний чанар байдал /биет байдлын доголдол/-ыг бүрэн тогтоосон баримт болохгүй гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан тухайгаа хариуцагчид хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан баримтаар 2021 оны 08 сарын 12-нд мэдэгдэл хүргүүлсэн гэх боловч уг шуудангийн баримтыг мэдэгдэл хүргүүлсэн болохыг нотолсон баримт гэж үзэх боломжгүй.

Дээрхээс үзэхэд; худалдагч ******* ХХК, худалдан авагч ******* ХХК, ******* ХХК-ний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээс гадна мөн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар ... гэрээгээр тогтоосон, тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх бөгөөд талуудын дээрх тайлбар, хавтаст хэргийн 45-54 дүгээр талд авагдсан баримтуудаар худалдагч ******* ХХК-нь худалдан авагч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК- нд 2019 оны 12 сарын 16-наас 2020 оны 02 сарын 15-ныг хүртэл хугацаанд дээрх хэмжээний тоо, ширхэг, үнэ бүхий мод /банз/-ыг бэлтгэн нийлүүлсэн ба худалдан авагч тал уг эд хөрөнгө /мод, банз/-ийг хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь тухайн эд хөрөнгө болох мод /банз/-ыг худалдан авснаас хойш доголдлыг арилгуулах буюу тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, гарсан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж зохицуулсан бөгөөд мөн хуулийн 254.6-д зааснаар худалдагч нь эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч нь энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй ба дээрх талуудын тайлбар, хэрэгт авагдсан /хх - 45-54/ баримтуудаар дээрх эд хөрөнгө буюу мод /банз/-ыг худалдан авагчид шилжүүлснээр уг эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагч талд ийнхүү шилжсэн гэж үзэх тул тэрээр дээрх шаардлага гаргах эрхээ /6 сар/ хэрэгжүүлээгүй, алдсан байна гэж үзнэ.

Нэхэмжлэгч ******* ХХК- нь 2020 оны 02 сарын 17-ны өдөр хариуцагч ******* ХХК-ний дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн үнийн дүнд таарсан модыг бүрэн шилжүүлээгүй буюу 10,000,000 төгрөгийн үнэ бүхий мод дутуу шилжүүлсэн гэх боловч хавтаст хэргийн 48 дугаар талд авагдсан модон материалын гарал үүслийн гэрчилгээгээр 64 м3 модыг 2020 оны 02 сарын 16-ны өдөр нэхэмжлэгч талд шилжүүлэн өгсөн болох нь нотлогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгт таарах мод дутуу нийлүүлсэн гэж үзэн уг мөнгийг гаргуулахаар шаардаж буй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар ... нэхэмжлэгч нь маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолсон, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслээлээ нотлох үүрэгтэй бөгөөд тэрээр ийнхүү нотолсон баримтаа гаргаагүй, хэрэгт энэ талын баримт алга байна. Иймд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, нэхэмжлэгч ******* ХХК- ний хариуцагч ******* ХХК-наас 10 сая төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ... худалдагч нь худалдан авагчид гэрээгээр /аман/ тохирсон тоо, хэмжээ, чанар бүхий биет байдлын доголдолгүй хөрөнгийг /мод, банз/ шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэж нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК-ийн нийт 14,067,900 төгрөгийг ******* ХХК-наас гаргуулах шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,940 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт зааснаар ******* ХХК-аас нийт 14,067,900 төгрөг гаргуулах тухай ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг, 10,000,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 429,940 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн .119.3, 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 118 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн зохигчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН