Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 148/шш2022/00248

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ариунзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 8а байр 60 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:МЮ64051716/

            Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байр 18 тоотод оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:ЕС61121427/,

            Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2-р 60 айл байр 13 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******

            Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч /3109/,

Хариуцагч: Д.*******, түүний өмгөөлөгч ,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар Д.*******ид холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Орон сууцны гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасан шалтгаан нь миний дүү Ш.******* нь өмчлөлийнхөө тодорхой хэсгийг өөрийн эгч Ш.*******д шилжүүлэх өргөдөл гаргаад улсын бүртгэлд өгсөн. Улсын бүртгэлийн хэлтэс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг заавал авчирч өгөх шаардлагатай гэж хариу өгсөн. Гэрчилгээ байхгүй учраас энэ асуудал шийдэгдэхгүй. Та шүүхэд хандаарай гэж албан тоот өгсөн учраас би нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа хангах, эрхээ эдлэхийн тул ийм байдалтай байна. Энэ утгаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийын хэлтэс Д.*******ийг дуудсан боловч би Улаанбаатар байна гээд хэсэг алга болсон. Сүүлдээ энэ гэрчилгээг өгөхгүй гэж хэлсэн учраас аргаа бараад шүүхэд хандсан. Үнэхээр энэ гэрчилгээг гаргаад өгчихсөн бол ийм асуудал үүсэхгүй. Энэ байрыг би Д.*******ээс аваад эд нарыг хөөгөөд гаргъя гэж огт яриагүй. Намайг ирэхээр гэр орондоо оруулдаггүй, утсаар залгахаар утсаа авдаггүй, миний ээж аавын гал голомт учраас би тэр байранд хамт амьдрах гэсэн болохоос би шуналтайдаа эд нарыг хөөгөөд байрыг нь авах гээгүй. Энэ хоёрыг анх хоёр тийшээ болох гэж байгаа талаар үр хүүхдүүд нь ч надад хэлээгүй. Энэ хоёрын асуудал надад хмааагүй ч би өөрийнхөө аав ээжийн голомт дээр амьдрах эрхтэй. Арга бараад Ш.******* надад өөрт оногдох хэсгээ танд өгье гэж хэлсэн. Тэгээд өөрт оногдох хэсгээ авах гээд ирэхээр гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байна. Өнөөдрийг хүртэл би орох оронгүй явж байна. Би хамт амьдаръя гэсэн болохоос эд нарын байрыг авах гээгүй. Тиймээс л би энэ байрны гэрчилгээг гаргуулах гэж байна.

Хамгийн анх Ш.*******, Ш.******* нарт ээжид нь маргаан бүхий орон сууцыг хувьчилж өгсөн. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үеэр ээж нь нас барсан учраас нас барсны дараа гэрчилгээ олгогдсон процесс байдаг. Энэ үед Д.******* нь хууль ёсны өмчлөгч болох Ш.*******ийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зураад өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Энэ хүн Ш.*******ийн өмнөөс хуурмачаар гарын үсэг зурж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна шалгаж өгнө үү гэж хандсан. Цагдаагийн байгууллагас шинжээч томилоод гэрчилгээ авахдаа бөглөсөн маягт дээр зурсан гарын үсэг нь Ш.Алтангэрлийн гарын үсэг биш гэж дүгнэлт гарсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас цаашид ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр энэ асуудал дууссан байдаг.

Яагаад энэ Ш.******* гэж хүн энэ асуудлыг араас хөөцөлдөөд яваад байна гэхээр нэгдүгээрт энэ маргаан бүхий орон сууц бий болоход Д.******* гэж хүний оролцоо байхгүй. Хоёрдугаарт хүний үр хүүхэд болсон хойно эцэг, эхээс дамжиж ирсэн гал голомтыг үр хүүхдүүд нь үр шимийг хүртэж ашиглаж явж чадахгүй байхад ямар нэгэн байдлаар энэ асуудал гомдолтой байдаг. Ээжээс нь амьдарч байсан энэ гал голомтод орж чадахгүй, ашиглаж чадахгүй учраас энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагаар яваад байна. Хууль зүйн талаас тайлбарлахад нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар энэ өмчлөх эрхийн гэрчилгээг шаардах эрх байна уу гэхээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг хуульчилсан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д юу гэж заасан байна гэхээр өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хууль тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөгчийн зүйлийг өөрийн үзэмжээр ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байна. Өмчлөгч Ш.******* өөрт ногдох хэсгээ бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрх нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар эрх нь олгогдсон байна. Тийм учраас өөрийн өмчлөлийн буюу маргаан бүхий орон сууцны оногдох хэсгийг өөрийн төрсөн эгч Ш.*******д шилжүүлэх гэхээр хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй энэ ажиллагааг гацааж байна.

Д.******* нь өмчлөх эрхийн гэрчилгээг урвуулан ашиглаж, өөрт байгаа гэрчилгээг далимдуулан энэ ажиллагаанд саад учруулаад байна. Бусдаар бид энэ байрны гэрчилгээн дээрээс Д.*******ийг хасна гэж хэлээгүй. Өмчлөгч Ш.Алтангэрлийг 100 хувь Ш.*******ийн өмч болгож өг гэж маргаагүй. Оногдох хэсгийг шилжүүлмээр байна, гэрчилгээг өгөөч гэхээр гэрчилгээг өгөхгүйгээр саад болж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөх эрхийг шаардах хуулийн зохицуулалт байна. Энэ зохицуулалтаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан байна. Ш.******* нь өмчлөгч мөн. Өмчлөгч нь мөн эсэх нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагаа дээр байдаг. Энэ хүн байрандаа амьдарч чаддагүй. Өмчлөх хэсгийг захиран зарцуулж чаддагүй. Зөвхөн өөрт ногдох хэсгээ хуулийн дагуу захиран зарцуулъя гэхээр Д.******* саад учруулж байна. Ийм учраас өмчлөх эрхийн гэрчилгээг шаардаж байна. Дараагийн хуулийн зохицуулалт нь 108 дугаар зүйл дээр дундын өмчийн талаар зохицуулалт байна. Маргаан бүхий орон сууц нь дундын өмч мөн. Ш.*******, Д.******* нарыг дундаа хамтран өмчилж байна. Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа бусад өмчлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна. Өөрөө хэлбэл Ш.*******, Д.******* нар хамтран өмчлөх эрхтэй ч гэсэн өөрт ногдох хэсгээ захиран зарцуулах эрх нь хуулиар олгогдсон. Тэгэхээр энэ хүрээнд өөрт ногдох хэсгээ захиран зарцуулах гэхээр улсын бүртгэлээс гэрчилгээг эх хувиар нь шаардаж байдаг. Гэтэл энэ гэрчилгээг Д.******* нь гаргаж өгөхгүй саад учруулж байна. Бид нарт гэрчилгээ эх хувиараа байсан бол энэ асуудлыг шийдэх гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхээр энэ гэрчилгээ Ш.*******д байхгүй. Ш.*******д байхгүй учраас Д.*******ид байгаа нь тодорхой байна. Энэ талаар Д.******* тодорхой тайлбар өгөөгүй байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Итгэмжлэлийн асуудал дээр тайлбар хэлэхэд өмнөх төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан учраас дараагийн төлөөлөгчид итгэмжлэл олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг нэхэмжлэгч хэд хэдэн төлөөлөгчөөр төлөөлүүлж хэрэгт оролцуулах хуулийн зохицуулалт байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг бол биечлэн нэг бол төлөөлөгчөөрөө дамжуулан оролцдог асуудал байна.

Итгэмжлэлийн хэлбэр агууллага нь хууль харшилсан зүйл байхгүй. Гүтгэсэн гэх асуудал дээр хууль хяналтын байгууллага тогтоосон зүйлийг бид ярьсан. Ямар нэгэн байдлаар гүтгэсэн зүйл байхгүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл үүнийг нотлох баримтаар гаргаж өгч болно. Маргаан бүхий асуудал дээр тайлбарлахад энэ байр 4 өмчлөгчтэй байхад яагаад ганцхан Д.*******ийг татсан гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч хэн байх вэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлно. Маргаан бүхий орон сууцны гэрчилгээ бусад өмчдөгч нарт байхгүй гэдгийг мэдэж байгаа учраас бид Д.*******ийг хариуцагчаар татсан. Харин хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Надад гэрчилгээ байхгүй гэх асуудлыг нотлох хэрэгтэй. Эсвэл алга болгоод үрэгдүүлсэн бол энэ талаар баримтаа мөн гаргаж өгөх ёстой. Надад гэрчилгээ байхгүй гээд хэлэх нь энэ гэрчилгээ Д.*******ид байхгүй гэсэн үг биш. Та нар шалтгаан үндэслэлээ тайлбарлах ёстой. Хэрвээ бусад өмчлөгч нарт байгаа гэж хэлсэн бол энэ талаар баримтаа яагаад гаргаж өгч болохгүй байгаа юм бэ?. Хууль зүйн хувьд Ш.******* шаардах эрхтэй гэв.

Хариуцагч Д.******* болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид нар өмгөөлөгч нар учраас миний үйлчлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэрэгт байхгүй худлаа тайлбар гаргамааргүй байна. Хоёр гурван асуудлаар миний үйчлүүлэгчийг шүүх хуралдааны явцад гүтгэсэн. Нэгдүгээрт гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн Хоёрдугаарт энэ хэргийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа асуудал дээр миний үйчлүүлэгчийг санаатай саад учруулж байна гэх мэтээр гүтгээд байна. Ш.******* гэдэг хүн өмгөөлөгч өмгөөлөгч хоёр ямар зохицуулалтаар, ямар маргаан үүсгээд байгааг мэдээд үндэслэлээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Энд ямар өмчлөлийн маргаан үүссэн юм бэ? Энэ хэрэгт ямар ч өмчлөлийн маргаан байхгүй. Бүртгэл болон өмчлөлтэй холбоотой маргааныг улсын дээд шүүх шийдсэн. Энэ асуудлаар хангалттай маргалдсан. Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв буруу эсэх дээр тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Яагаад нотлох баримтаар дээд шүүхийн хоёр тогтоолыг нэхэмжлэгч тал өгөхгүй байна гэхээр энэ асуудал шүүхэд хүлээж авахгүй байх зорилго нь юм байна. Лодон гэх хүнд энэ байр хэзээ ч очоогүй. Энэ хүн өмчлөгч биш. Тухайн цаг хугацаанд түр эзэмшлээр Улаанбаатар Төмөр зам эзэмшүүлж байгаад Лодон гэх хүнийг нас барсны нэг жилийн дараа Ш.******* гэх хүнд түр эзэмшүүлж байгаад энэ айлд Засгийн газрын тогтоол гаргаад 4 хүнд өмчилж өгсөн. Энэ асуудал Ш.*******д ямар ч хамааралгүй асуудал. Ш.******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй субьект биш. Энэ Ш.******* гэдэг хүнийг гэртээ оруулаагүй гэх асуудал нь уянгын халил байна. Ш.******* гэх хүн нь Д.Алтангиж гэх хүнийг 4 хүүхэдтэй нь хаяад алга болсон. Өөрөөр хэлбэл 2009 оны үед алга болоод хүүхдүүд насанд хүрсний дараа 2016 онд энэ байрыг өөрийн өмчлөл, өвлөж ирэх эрхтэй субьект мэтээр дүүгийнхээ өмнөөс тайлбар бичээд энэ маргааныг эхлүүлсэн. Тэгэхээр таны өмчлөлийн маргаан гэж битгий маргалдаарай. Таны өмчлөлийн асуудал биш танд шаардах эрх байхгүй. Ш.******* гэдэг хүний өмнөөс итгэмжлэлээр оролцож байгаа мэтээр харагдаж байгаа боловч итгэмжлэлийн хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн. Нэгдүгээр хавтаст хэргийн 2 дугаар талд Сайнбаяр гэх хүнд итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлээсээ Ш.******* гэх хүн татгалзаагүй. 2016 оноос хойш 2022 онд хүртэл шүүхээр маргалдсан. Би Ш.******* гэх хүнийг нэг ч удаа хараагүй. Ш.******* өөрөө нэхэмжлэлээ бичсэн эсэх нь эргэлзээтэй байна. Ш.******* өөрөө ирээд энэ асуудлаар маргах хэрэгтэй. Энэ асуудлыг шүүх шийдэхгүй. Улсын бүртгэл дээр очоод маргаан үүсгэх боломжтой. Хэнээс зөвшөөрөл авах вэ гэх асуудлаас үүдээд олон асуудал байна. Улсын бүртгэлд хэлэхэд гэрчилгээ байхгүй учраас бүртгэж өгөхгүй гэж хэлсэн гэдэг нь худлаа яриад байна. Улсын бүртгэлийн лавлагаа дээр энэ гэрчилгээ хууль ёсны дагуу бүртгэгдсэн байна. Хэрвээ энэ бүртгэлтэй холбоотой асуудал дээр маргаж байгаа бол шүүхэд хандаарай гэсэн байна. Энэ хүн гэрчилгээ гаргаж өгөхгүй саад учруулж байна гэж яриад байна. Энэ маргаан бүхий байр ганцхан Д.******* гэх хүний өмч биш. Цаана нь 3 насанд хүрсэн хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн өмнөөс Д.******* гэх хүн тайлбар гаргах эрхгүй. Ийм асуудлыг шүүх яаж шийдэх гээд байгааг гайхаж байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд хэмжээ хязгаар аль үед тавьсан юм бэ, дараа нь яах ёстой гэсэн байна. Үнэхээр өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэх бол нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Сайнбаяр гэж хүн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахаас өмнө энэ итгэмжлэлийг олгосон. Ш.******* гэх хүн нэг ч удаа шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй. Хэрвээ энэ асуудлыг шийдлээ гэхэд бусад гурван өмчлөгч маргаан үүсгэнэ. Энэ асуудал Ш.******* гэх хүнд ямар ч хамааралгүй. Гэрчилгээтэй холбоотой асуудлыг удаа дараа гаргуулж авах асуудлыг шат шатны шүүх дээр гаргаж байсан болохоор энэ асуудлаар маргаан үүсгэж байна. Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан бол энэ талаархи баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Энэ гэрчилгээг хаанаас гаргаж хэрэгт өгсөн талаар мэдэхгүй байна. Анх энэ хэрэг дээр Ш.*******ийн нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдуулж гаргасан байсан. Энэ гэрчилгээн дээр 4 хүний нэр байсан. Нэхэмжлэгч өмгөөлөгч нарын яриад байгаа асуудал энэ хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой болгоогүй байна. Дараа нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг нотлоогүй байна. Ш.******* гэх хүн нэхэмжлэл гаргах гэхээр процессийн хувьд итгэмжлэлийн асуудлаас болоод болохгүй. Нэхэмжлэгч Ш.******* гэх хүний хүсэл зориг энэ хэрэгт харагдахгүй байна. Үнэхээр өөрийн өмчлөх хэсгийг Ш.******* гэх хүнд өгөх хүсэл зориг байгаа эсэх нь тодорхойгүй. Бусад гурван өмчлөгч нараас энэ асуудлаар асуух хэрэгтэй. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Би тайлбар хэлэхдээ бусад өмчлөгч нар гэрчилгээ байгаа гэж хэлээгүй. Миний үйлчлүүлэгчид байхгүй гэж хэлсэн. Яагаад 4 хүн байгаа юм бэ? Энэ хүн өөрөө дур мэдээд гэрчилгээг өгөхийг бусад өмчлөгч нар зөвшөөрөх юм уу? ийм л агууллага байна. Энэ гэрчилгээ Д.*******ид байгаа гэдгийг нотолсон баримт хаана байгаа юм бэ? Би та нарт хэлээд байна. Энэ нэхээд байгаа гэрчилгээ байгаа газрыг би хэлсэн. Тэндээс авах боломжтой. Улсын бүртгэлд та нар юу гэж гомдол гаргасан юм бэ? та нар гэрчилгээ байхгүй учраас шүүхэд ханд гэж хэлсэн зүйл огт байхгүй. Энэ асуудлаар бүтэн 4 жил ярьсан. Ийм байдлаар өнөөдрийг хүрсэн. Нэг ч үндэслэлтэй баримт байхгүй. Хэрвээ гарын үсэг нь хуурамч юм бол Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгоогүй юм бэ?. Бид нар ганцхан зүйл дээр маргаж байсан. Ш.******* гэдэг хүн энэ хэрэгт ямар хамааралгүй гэдгийг шат шатны шүүх шийдвэрлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч шаардах эрхээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Хилчид 4 дүгээр гудамжны 427 дугаар байр 13 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг бусдад бэлэглэх, захиран зарцуулах зэргээр өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч нь гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа үйлдлээрээ саад болж байгаа үйлдлийг зогсоолгоё гэх агуулгаар тодорхойлж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг

1.    Нэхэмжлэгчийн шаардаж буй улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй,

2.    Нэхэмжлэгч Ш.******* нь гэх хүнд итгэмжлэл өгсөн, Ш.******* нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул шаардах эрхгүй

3.    Нэг нэхэмжлэгч нь нөгөө нэхэмжлэгчээ төлөөлж оролцож болохгүй,

4.    Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой гэх үндэслэлүүдээр үгүйсгэж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д.******* нар 1987 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн /хх-17 тал/, энэ хугацаанаас хойш хамтран амьдрах хугацаанд буюу 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, 3 дугаар баг Салхит 13 тоот Ү-1317000150 улсын бүртгэлийн дугаартай 29 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг Ш.*******д хувьчилж, хувьчлагдсан сууцыг хувь тэнцүүгээр дундаа хамтран өмчлөх эрхтэй гэр бүлийн гишүүдээр Д.*******, , нарыг бүртгэж 0103072 дугаартай гэрчилгээг олгосон байна. /хх-10 тал/

Дээрх бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэгч Ш.******* нь Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн уг үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын хаягжуулалтын тухай хууль, Засгийн газрын 2013 оны 280 тоот тогтоол, Сүхбаатар сумын 2018 оны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 42 дугаар тогтоолын дагуу Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар баг Хилчид 4 дүгээр гудамжны 427 дугаар байр 13 тоот болон өөрчлөгдсөн /хх-12 тал/, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ш.*******, Д.*******, , нар бүртгэлтэй байх бөгөөд энэ талаар зохигчид маргахгүй байна. /хх-13 тал/

Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар баг Хилчид 4 дүгээр гудамжны 427 дугаар байр 13 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна.

Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгч нь бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болохоор,

түүнчлэн гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авахаар Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4, 128 дугаар зүйлийн 128.2-т хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн Сүхбаатар сумын Ганзам 7 дугаар баг Хилчид 4 дүгээр гудамжны 427 дугаар байр 13 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг эгч Ш.*******д шилжүүлэхдээ Д.*******, , нараас зөвшөөрөл авахаар зохицуулсан байна.

Гэтэл нэхэмжлэгч Ш.******* нь тус үл хөдлөх эд хөрөнгийн өөрт ногдох хэсгийг өөрийн эгч Ш.*******д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх талаар хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл авсан талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.******* нь маргаан бүхийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа хамтран өмчлөгч нараас зөвшөөрөл аваагүй, хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч Ш.*******ийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч Д.*******ийн энэ асуудлаар өмнө шүүх шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа, нэхэмжлэгч нар бусдад итгэмжлэл олгосон тул нэхэмжлэл гаргах эрхгүй, нэг нэхэмжлэгч нь нөгөө нэхэмжлэгчээ төлөөлөх эрхгүй гэх татгалзал нь үндэслэлгүй байна. Учир нь:

Ш.******* нь т 2021 оны 10 сарын 16-ны өдөр олгосон итгэмжлэлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн төрсөн эгч Ш.*******д хамтран өмчлөгчийн хувиа шилжүүлэх, бэлэглэх, өмчлөгч өөрт ногдох хэсгээ бэлэглэх, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, улсын бүртгэлд бүртгүүлэх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх эрхийг олгосон байгааг шүүхэд төлөөлөх итгэмжлэл гэж үзэхгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.******* нь Ш.*******д 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосон нь хамтран нэхэмжлэгч буюу хамтран хариуцагч нь ашиг сонирхлын зөрчилгүй, уг хэргийг хянан шийдвэрлэхэд бүгд оролцох шаардлагагүй, түүнчлэн хэргийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл аль нэгийгээ төлөөлүүлэн оролцуулж болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасантай нийцэж байна.

Үүнээс гадна хариуцагч талаас нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар өмнө шийдвэрлэсэн гэх боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, хариуцагчаас гаргаж өгсөн Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00683 тогтоолоор Ш.******* нь Ш.*******д холбогдуулан Өв залгамжлагчаар тогтоолгох, мөн г Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 7 дугаар хэсэг 2 дугаар 60 айлын 13 тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч мөн болохыг тогтоолгох,

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор Ш.******* Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулж Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг, 2 дугаар 60 айлын 13 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн 0103072 дугаар гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг тус тус шийдвэрлэсэн нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 106.4, 128 дугаар зүйлийн 128.2-д заасныг баримтлан Ш.*******, Ш.******* нарын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

  2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ