Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 208/МА2022/00016

 

 

                                                            Ш.*******, Ш.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 248 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Ш.*******, Ш.*******

Хариуцагч Д.*******

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай

Хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгсийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс /цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

Нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар нэхэмжлэлдээ:

 Орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай

 ... Орон сууцны гэрчилгээ гаргуулах нэхэмжлэл гаргасан шалтгаан нь миний дүү Ш.******* нь өмчлөлийнхөө тодорхой хэсгийг өөрийн эгч Ш.*******д шилжүүлэх өргөдөл гаргаад улсын бүртгэлд өгсөн. Улсын бүртгэлийн хэлтэс тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг заавал авчирч өгөх шаардлагатай гэж хариу өгсөн. Гэрчилгээ байхгүй учраас энэ асуудал шийдэгдэхгүй. Та шүүхэд хандаарай гэж албан тоот өгсөн учраас би нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа хангах, эрхээ эдлэхийн тул ийм байдалтай байна. Энэ утгаар нь шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын бүртгэлийн хэлтэс Д.*******ийг дуудсан боловч би Улаанбаатар байна гээд хэсэг алга болсон. Сүүлдээ энэ гэрчилгээг өгөхгүй гэж хэлсэн учраас аргаа бараад шүүхэд хандсан. Үнэхээр энэ гэрчилгээг гаргаад өгчихсөн бол ийм асуудал үүсэхгүй. Энэ байрыг би Д.*******ээс аваад эд нарыг хөөгөөд гаргая гэж огт яриагүй. Намайг ирэхээр гэр орондоо оруулдаггүй, утсаар залгахаар утсаа авдаггүй, миний ээж аавын гал голомт учраас би тэр байранд хамт амьдрах гэсэн болохоос би шуналтайдаа эд нарыг хөөгөөд байрыг нь авах гээгүй. Энэ хоёрыг анх хоёр тийшээ болох гэж байгаа талаар үр хүүхдүүд нь ч надад хэлээгүй. Энэ хоёрын асуудал надад хамаагүй ч би өөрийнхөө аав ээжийн голомт дээр амьдрах эрхтэй. Арга бараад Ш.******* надад өөрт оногдох хэсгээ танд өгье гэж хэлсэн. Тэгээд өөрт оногдох хэсгээ авах гээд ирэхээр гэрчилгээг нь гаргаж өгөхгүй байна. Өнөөдрийг хүртэл би орох оронгүй явж байна. Би хамт амьдаръя гэсэн болохоос эд нарын байрыг авах гээгүй. Тиймээс л би энэ байрны гэрчилгээг гаргуулах гэж байна. Хамгийн анх Ш.*******, Ш.******* нарт ээжид нь маргаан бүхий орон сууцыг хувьчилж өгсөн. Өмчлөх эрхийн гэрчилгээ гарах үеэр ээж нь нас барсан учраас нас барсны дараа гэрчилгээ олгогдсон процесс байдаг. Энэ үед Д.******* нь хууль ёсны өмчлөгч болох Ш.*******ийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зураад өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Бид энэ асуудлаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулсан. Энэ хүн Ш.*******ийн өмнөөс хуурамчаар гарын үсэг зурж өмчлөх эрхийн гэрчилгээг авсан байна шалгаж өгнө үү гэж хандсан. Цагдаагийн байгууллагаас шинжээч томилоод гэрчилгээ авахдаа бөглөсөн маягт дээр зурсан гарын үсэг нь Ш.*******ийн гарын үсэг биш гэж дүгнэлт гарсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас цаашид ажиллагаа явуулах боломжгүй гэх үндэслэлээр энэ асуудал дууссан байдаг. Яагаад энэ Ш.******* гэж хүн энэ асуудлыг араас хөөцөлдөөд яваад байна гэхээр нэгдүгээрт энэ маргаан бүхий орон сууц бий болоход Д.******* гэж хүний оролцоо байхгүй. Хоёрдугаарт хүний үр хүүхэд болсон хойно эцэг, эхээс дамжиж ирсэн гал голомтыг үр хүүхдүүд нь үр шимийг хүртэж ашиглаж явж чадахгүй байхад ямар нэгэн байдлаар энэ асуудал гомдолтой байдаг. Ээжээс нь амьдарч байсан энэ гал голомтод орж чадахгүй, ашиглаж чадахгүй учраас энэ асуудал дээр хууль хяналтын байгууллагаар яваад байна. Хууль зүйн талаас тайлбарлахад нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар энэ өмчлөх эрхийн гэрчилгээг шаардах эрх байна уу гэхээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар өмчлөх эрхийг хуульчилсан байна. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д юу гэж заасан байна гэхээр өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хууль тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өмчлөгчийн зүйлийг өөрийн үзэмжээр ашиглаж, захиран зарцуулах эрхтэй гэж заасан байна. Өмчлөгч Ш.******* өөрт ногдох хэсгээ бусдад худалдах, бэлэглэх, захиран зарцуулах эрх нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар эрх нь олгогдсон байна. Тийм учраас өөрийн өмчлөлийн буюу маргаан бүхий орон сууцны оногдох хэсгийг өөрийн төрсөн эгч Ш.*******д шилжүүлэх гэхээр хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй энэ ажиллагааг гацааж байна.

Д.******* нь өмчлөх эрхийн гэрчилгээг урвуулан ашиглаж, өөрт байгаа гэрчилгээг далимдуулан энэ ажиллагаанд саад учруулаад байна. Бусдаар бид энэ байрны гэрчилгээнээс Д.*******ийг хасна гэж хэлээгүй. Өмчлөгч Ш.*******ийг 100 хувь Ш.*******ийн өмч болгож өг гэж маргаагүй. Оногдох хэсгийг шилжүүлмээр байна, гэрчилгээг өгөөч гэхээр гэрчилгээг өгөхгүйгээр саад болж байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөх эрхийг шаардах хуулийн зохицуулалт байна. Энэ зохицуулалтаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан байна. Ш.******* нь өмчлөгч мөн. Өмчлөгч нь мөн эсэх нь орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагаа дээр байдаг. Энэ хүн байрандаа амьдарч чаддаггүй. Өмчлөх хэсгийг захиран зарцуулж чаддаггүй. Зөвхөн өөрт ногдох хэсгээ хуулийн дагуу захиран зарцуулъя гэхээр Д.******* саад учруулж байна. Ийм учраас өмчлөх эрхийн гэрчилгээг шаардаж байна. Дараагийн хуулийн зохицуулалт нь 108 дугаар зүйл дээр дундын өмчийн талаар зохицуулалт байна. Маргаан бүхий орон сууц нь дундын өмч мөн. Ш.*******, Д.******* нарыг дундаа хамтран өмчилж байна. Дундаа хэсгээр өмчлөгч бүр ногдох хэсгээ бусдын өмчлөлд шилжүүлэх буюу өөр байдлаар захиран зарцуулах эрхтэй бөгөөд ийнхүү захиран зарцуулахдаа бусад өмчлөгч нарт мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байна. Өөрөө хэлбэл Ш.*******, Д.******* нар хамтран өмчлөх эрхтэй ч гэсэн өөрт ногдох хэсгээ захиран зарцуулах эрх нь хуулиар олгогдсон. Тэгэхээр энэ хүрээнд өөрт ногдох хэсгээ захиран зарцуулах гэхээр улсын бүртгэлээс гэрчилгээг эх хувиар нь шаардаж байдаг. Гэтэл энэ гэрчилгээг Д.******* нь гаргаж өгөхгүй саад учруулж байна. Бид нарт гэрчилгээ эх хувиараа байсан бол энэ асуудлыг шийдэх гэж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхээр энэ гэрчилгээ Ш.*******д байхгүй. Ш.*******д байхгүй учраас Д.*******ид байгаа нь тодорхой байна. Энэ талаар Д.******* тодорхой тайлбар өгөөгүй байсан. Ийм учраас нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна. Итгэмжлэлийн асуудал дээр тайлбар хэлэхэд өмнөх төлөөлөгчийн итгэмжлэлийн хугацаа дууссан учраас дараагийн төлөөлөгчид итгэмжлэл олгосон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг нэхэмжлэгч хэд хэдэн төлөөлөгчөөр төлөөлүүлж хэрэгт оролцуулах хуулийн зохицуулалт байна. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг бол биечлэн нэг бол төлөөлөгчөөрөө дамжуулан оролцдог асуудал байна.

Итгэмжлэлийн хэлбэр агуулга нь хууль харшилсан зүйл байхгүй. Гүтгэсэн гэх асуудал дээр хууль хяналтын байгууллага тогтоосон зүйлийг бид ярьсан. Ямар нэгэн байдлаар гүтгэсэн зүйл байхгүй. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл үүнийг нотлох баримтаар гаргаж өгч болно. Маргаан бүхий асуудал дээр тайлбарлахад энэ байр 4 өмчлөгчтэй байхад яагаад ганцхан Д.*******ийг татсан гэх асуудал яригдаж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч хэн байх вэ гэдгийг нэхэмжлэгч өөрөө тодорхойлно. Маргаан бүхий орон сууцны гэрчилгээ бусад өмчлөгч нарт байхгүй гэдгийг мэдэж байгаа учраас бид Д.*******ийг хариуцагчаар татсан. Харин хариуцагч татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Надад гэрчилгээ байхгүй гэх асуудлыг нотлох хэрэгтэй. Эсвэл алга болгоод үрэгдүүлсэн бол энэ талаар баримтаа мөн гаргаж өгөх ёстой. Надад гэрчилгээ байхгүй гээд хэлэх нь энэ гэрчилгээ Д.*******ид байхгүй гэсэн үг биш. Та нар шалтгаан үндэслэлээ тайлбарлах ёстой. Хэрвээ бусад өмчлөгч нарт байгаа гэж хэлсэн бол энэ талаар баримтаа яагаад гаргаж өгч болохгүй байгаа юм бэ?. Хууль зүйн хувьд Ш.******* шаардах эрхтэй... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хариу тайлбартаа:

... Бид нар өмгөөлөгч нар учраас миний үйлчлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хэрэгт байхгүй худлаа тайлбар гаргамааргүй байна. Хоёр гурван асуудлаар миний үйлчлүүлэгчийг шүүх хуралдааны явцад гүтгэсэн. Нэгдүгээрт гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн Хоёрдугаарт энэ хэргийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа асуудал дээр миний үйлчлүүлэгчийг санаатай саад учруулж байна гэх мэтээр гүтгээд байна. Ш.******* гэдэг хүн өмгөөлөгч Б.Түвшинтөгс өмгөөлөгч хоёр ямар зохицуулалтаар, ямар маргаан үүсгээд байгааг мэдээд үндэслэлээ тодорхой болгож өгөх хэрэгтэй. Энд ямар өмчлөлийн маргаан үүссэн юм бэ? Энэ хэрэгт ямар ч өмчлөлийн маргаан байхгүй. Бүртгэл болон өмчлөлтэй холбоотой маргааныг улсын дээд шүүх шийдсэн. Энэ асуудлаар хангалттай маргалдсан. Улсын дээд шүүхийн тайлбарыг зөв буруу эсэх дээр тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Яагаад нотлох баримтаар дээд шүүхийн хоёр тогтоолыг нэхэмжлэгч тал өгөхгүй байна гэхээр энэ асуудал шүүхэд хүлээж авахгүй байх зорилго нь юм байна. ******* гэх хүнд энэ байр хэзээ ч очоогүй. Энэ хүн өмчлөгч биш. Тухайн цаг хугацаанд түр эзэмшлээр Улаанбаатар Төмөр зам эзэмшүүлж байгаад ******* гэх хүнийг нас барсны нэг жилийн дараа Ш.******* гэх хүнд түр эзэмшүүлж байгаад энэ айлд Засгийн газрын тогтоол гаргаад 4 хүнд өмчилж өгсөн. Энэ асуудал Ш.*******д ямар ч хамааралгүй асуудал. Ш.******* нь нэхэмжлэл гаргах эрхтэй субъект биш. Энэ Ш.******* гэдэг хүнийг гэртээ оруулаагүй гэх асуудал нь уянгын халил байна. Ш.******* гэх хүн нь Д.******* гэх хүнийг 4 хүүхэдтэй нь хаяад алга болсон. Өөрөөр хэлбэл 2009 оны үед алга болоод хүүхдүүд насанд хүрсний дараа 2016 онд энэ байрыг өөрийн өмчлөл, өвлөж ирэх эрхтэй субъект мэтээр дүүгийнхээ өмнөөс тайлбар бичээд энэ маргааныг эхлүүлсэн. Тэгэхээр таны өмчлөлийн маргаан гэж битгий маргалдаарай. Таны өмчлөлийн асуудал биш танд шаардах эрх байхгүй. Ш.******* гэдэг хүний өмнөөс итгэмжлэлээр оролцож байгаа мэтээр харагдаж байгаа боловч итгэмжлэлийн хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн. Нэгдүгээр хавтаст хэргийн 2 дугаар талд Сайнбаяр гэх хүнд итгэмжлэл олгосон. Энэ итгэмжлэлээсээ Ш.******* гэх хүн татгалзаагүй. 2016 оноос хойш 2022 онд хүртэл шүүхээр маргалдсан. Би Ш.******* гэх хүнийг нэг ч удаа хараагүй. Ш.******* өөрөө нэхэмжлэлээ бичсэн эсэх нь эргэлзээтэй байна. Ш.******* өөрөө ирээд энэ асуудлаар маргах хэрэгтэй. Энэ асуудлыг шүүх шийдэхгүй. Улсын бүртгэл дээр очоод маргаан үүсгэх боломжтой. Хэнээс зөвшөөрөл авах вэ гэх асуудлаас үүдээд олон асуудал байна. Улсын бүртгэлд хэлэхэд гэрчилгээ байхгүй учраас бүртгэж өгөхгүй гэж хэлсэн гэдэг нь худлаа яриад байна. Улсын бүртгэлийн лавлагаа дээр энэ гэрчилгээ хууль ёсны дагуу бүртгэгдсэн байна. Хэрвээ энэ бүртгэлтэй холбоотой асуудал дээр маргаж байгаа бол шүүхэд хандаарай гэсэн байна. Энэ хүн гэрчилгээ гаргаж өгөхгүй саад учруулж байна гэж яриад байна. Энэ маргаан бүхий байр ганцхан Д.******* гэх хүний өмч биш. Цаана нь 3 насанд хүрсэн хүмүүс байна. Эдгээр хүмүүсийн өмнөөс Д.******* гэх хүн тайлбар гаргах эрхгүй. Ийм асуудлыг шүүх яаж шийдэх гээд байгааг гайхаж байна. Иргэний хуулийн 62 дугаар зүйлд хэмжээ хязгаар аль үед тавьсан юм бэ, дараа нь яах ёстой гэсэн байна. Үнэхээр өмчлөх эрхтэй холбоотой асуудлаар маргаан үүсгэх бол нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд нь Сайнбаяр гэж хүн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэл гаргахаас өмнө энэ итгэмжлэлийг олгосон. Ш.******* гэх хүн нэг ч удаа шүүхэд ирж хэргийн материалтай танилцаагүй. Хэрвээ энэ асуудлыг шийдлээ гэхэд бусад гурван өмчлөгч маргаан үүсгэнэ. Энэ асуудал Ш.******* гэх хүнд ямар ч хамааралгүй. Гэрчилгээтэй холбоотой асуудлыг удаа дараа гаргуулж авах асуудлыг шат шатны шүүх дээр гаргаж байсан болохоор энэ асуудлаар маргаан үүсгэж байна. Миний үйлчлүүлэгчийг эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байсан бол энэ талаарх баримтаа гаргаж өгөх хэрэгтэй. Энэ гэрчилгээг хаанаас гаргаж хэрэгт өгсөн талаар мэдэхгүй байна. Анх энэ хэрэг дээр Ш.*******ийн нэхэмжлэлтэй Ш.*******д холбогдуулж гаргасан байсан. Энэ гэрчилгээнд 4 хүний нэр байсан. Нэхэмжлэгч өмгөөлөгч нарын яриад байгаа асуудал энэ хэрэгт ямар ч нотлох баримт байхгүй. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхой болгоогүй байна. Дараа нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг нотлоогүй байна. Ш.******* гэх хүн нэхэмжлэл гаргах гэхээр процессын хувьд итгэмжлэлийн асуудлаас болоод болохгүй. Нэхэмжлэгч Ш.******* гэх хүний хүсэл зориг энэ хэрэгт харагдахгүй байна. Үнэхээр өөрийн өмчлөх хэсгийг Ш.******* гэх хүнд өгөх хүсэл зориг байгаа эсэх нь тодорхойгүй. Бусад гурван өмчлөгч нараас энэ асуудлаар асуух хэрэгтэй. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна гэж үзэж байна. Би тайлбар хэлэхдээ бусад өмчлөгч нар гэрчилгээ байгаа гэж хэлээгүй. Миний үйлчлүүлэгчид байхгүй гэж хэлсэн. Яагаад 4 хүн байгаа юм бэ? Энэ хүн өөрөө дур мэдээд гэрчилгээг өгөхийг бусад өмчлөгч нар зөвшөөрөх юм уу? ийм л агуулга байна. Энэ гэрчилгээ Д.*******ид байгаа гэдгийг нотолсон баримт хаана байгаа юм бэ? Би та нарт хэлээд байна. Энэ нэхээд байгаа гэрчилгээ байгаа газрыг би хэлсэн. Тэндээс авах боломжтой. Улсын бүртгэлд та нар юу гэж гомдол гаргасан юм бэ? та нар гэрчилгээ байхгүй учраас шүүхэд ханд гэж хэлсэн зүйл огт байхгүй. Энэ асуудлаар бүтэн 4 жил ярьсан. Ийм байдлаар өнөөдрийг хүрсэн. Нэг ч үндэслэлтэй баримт байхгүй. Хэрвээ гарын үсэг нь хуурамч юм бол Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгоогүй юм бэ?. Бид нар ганцхан зүйл дээр маргаж байсан. Ш.******* гэдэг хүн энэ хэрэгт ямар хамааралгүй гэдгийг шат шатны шүүх шийдвэрлэсэн....гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 248 дугаартай шийдвэрээр:

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 106.4, 128 дугаар зүйлийн 128.2-д заасныг баримтлан Ш.*******, Ш.******* нарын нэхэмжлэлтэй Д.*******д холбогдох орон сууцны гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт /шийдвэрийн 5 дахь хуудасны доороосоо 2 дахь догол мөрөнд/ ......гэрчилгээ гаргаж өгөхгүй байгаа үйлдлээрээ саад болж байгаа үйлдлийг зогсоолгоё гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэжээ. Маргаан бүхий орон сууцны өмчлөгч нарын нэг нь Ш.******* мөн бөгөөд энэ үйл баримт нь маргаан бүхий орон сууцны лавлагаа /тодорхойлолт/-р нотлогдох юм. Бидний шаардлага маргааны бүхий орон сууцны гэрчилгээг хариуцагчаас гаргуулах байсан ба шүүх талуудын хоорондох маргааны зүйлийг ойлгоогүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгч нар нь маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шаардах эрхтэй эсэх эрхгүй гэж үзвэл яагаад эрхтэй гэж үзвэл яагаад энэ тухай л дүгнэх ёстой. Бидний зүгээс хариуцагчийн ямар нэг үйлдэл эс үйлдэхүйг зогсоолгох тухай шаардлага гаргаагүй. Шүүхийн шийдвэрийн 6 хуудасны доороосоо 1 дэх догол мөрөнд ..................үл хөдлөх хөрөнгийн өөрт ногдох хэсгийг эгч Ш.*******д шилжүүлэхдээ Д.*******, А.Болормаа, А.Шижиртунгалаг нараас зөвшөөрөл авахаар зохицуулсан байна гэж. Бид маргаан бүхий орон сууцны өөрт оногдох хэсгийг Ш.*******д шилжүүлсэн, шилжүүлэх тухай маргаагүй ба гагцхүү өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулах тухай маргасан атал ийм дүгнэлт хийсэн үйлдэл нь ойлгомжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсгийг иш татаж зөвтгөсөн байх ба үүнийгээ тайлбарлахдаа бусад гишүүдээс зөвшөөрөл аваагүй учир өмчлөх эрхийн гэрчилгээг шаардах эрхгүй гэж. Дундаа хэсгээр эсхүл хамтран өмчлөгч нар нь өмчлөх эрхийн гэрчилгээгээ байгаа этгээдээс нь шаардахад бусад өмчлөгч нараас зөвшөөрөл авах шаардлагагүй. Харин өөрт оногдох хэсгээ бусдад худалдах, аливаа хэлбэрээр захиран зарцуулахад энэ удаагийн маргаан хамааралгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 128.2 дахь хэсгийн зохицуулалт нь маргаан бүхий орон сууцыг бүхэлд худалдах шилжүүлэх тохиолдолд хэрэглэгдэх зохицуулалт болохоос оногдох хэсгээ аливаа хэлбэрээр захиран зарцуулахад саад болохгүй юм. Мөн ИХ-н 108.4 дахь хэсгийг буруу хэрэглэсэн тухайд 108.4 дахь хэсэг нь хамтран өмчлөгч өөрт оногдох хэсгээ захиран зарцуулах үед хэрэглэх хуулийн зохицуулалт бол Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэг нь өмчлөгчийн өмчлөх эрх зөрчигдсөн үед хэрэглэх эсрэг ойлголтыг агуулсан хоёр өөр ойлголт. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа миний өмчлөх эрх зөрчигдөж байх ба би өмчлөгч мөртлөө өмчлөлийн зүйлдээ орж чадахгүй гэрчилгээгээ авч чадахгүй ийм байдлаар миний өмчлөх эрх зөрчигдөж байна иймд иргэний хуулийн 106.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас өөрийн өмчлөлийн орон сууцны гэрчилгээг гаргуулах эрхтэй гэж маргасан байхад ИХ-н 108.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь үндэслэлгүй юм. өмчлөгч өөрийн өмчлөлийн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ шаардахад саад болохгүй юм. /ишлэлийг дээд шүүхийн тайлбараас/ 3. Процессын алдаа гаргасан тухайд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38 .6-т ...Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага. хувь хүний нууцтай холбоотой; өөр улс. орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй: түүнчлэн туршилт. үзлэг. таньж олуулах. шинжилгээ хийлгэх. гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ... гэж хуульчилсан. Талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд маргаан бүхий орон сууцны гэрчилгээний шаардлага хангасан баримт чухал ач холбогдолтой боловч нэхэмжлэгч нараас гаргаж өгөх боломжгүй учир хариуцагчаас гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангахгүй орхигдуулсан нь талуудын хооронд үүссэн маргаанд буруу дүгнэлт хийх, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, талууд мэтгэлцэх боломжийг хязгаарласан үйлдэл болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Гансүх давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Ш.*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг гэж бол байхгүй. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч талуудын хооронд иргэний харилцаа үүссэн гэж яриад байна. Ямар ч иргэний харилцаа үүсээгүй. Анхан шатны шүүх Г.*******ийг нэхэмжлэгч гэж тодорхойлоод байгаа нь буруу юм. Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ байдалтайгаар холбоотойгоор шийдвэр гаргасан. Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүх нэхэмжлэгч биш, орон сууцтай холбоотой асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж шийдвэрлэсэн.

Ш.******* ямр утгатай нэхэмжлэл гаргаад байгаа нь ойлгомжгүй байгаа юм. Иргэний хуулийн 106 дугаар зүйл өмчлөлийн асуудлаар шийдвэрлэхгүй. Нэхэмжлэл шаардлага үндэслэлтэй эсэх талаар шийдвэхлэх ёстой. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа өөрт ногдох хэсгийг эгчдээ бэлэглэх гэтэл саад учруулаад байна гэсэн агуулгаар тайлбарладаг. Хавтаст хэрэгт нэг л нотлох баримт байдаг. Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ байхгүй гэж хэлээгүй, асуудлаа өөр газраар шийдвэрлүүл гэж хариулдаг. Маргаан бүхий орон сууц нь 4 өмчлөгчтэй, бусдаас гэрчилгээ авъя гэж хандаагүй. 15 жилийн өмнө 4 хүүхэдтэй эхнэрээ хаяж явчихаад, одоо энэ байрны гэрчилгээг бусад 3 өмчлөгчөөс илүү эрхтэйгээр авч хадгалах ёстой гэж байгаа бол түүнийгээ нотлох ёстой. Мөн гэрчилгээ гаргуулах тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь гэрчилгээ гаргуулах. Анхан шатны шүүх процессын алдаа гаргаагүй, зөв шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд талууд нотлох баримтаа өөрсдөө гаргах өгөх үүрэгтэй. Гэрчилгээ гаргуулах асуудлыг Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэсэн. Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тогтоолд ...гэрчилгээ гаргуулъя гэх энэ асуудлаар үндэслэлгүй гомдол гаргаж байна. Учир нь хавтаст хэргийн ... талд ийм ийм шаардлага хангасан гэрчилгээ чинь байна шүү... гэж тусгасан байдаг. Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчид нь хэлж байсан. Захиргааны хэргийн шүүхээс очиж ав гэж байсан. ******* бл надад гэрчилгээ байхгүй гэж тайлбарладаг. Гэтэл хэнд байгааг нь хэл гэдэг. Хэнд байгаа талаар ******* мэдэхгүй. Гурван өмчлөгч байгаа. Нөгөө өмчлөгч нарыг хариуцагч татаагүй тул би тайлбар хэлэхгүй. Иймд анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, мөн Ш.*******ийн талаар энэ хэрэгт хамааралгүй талаар эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү. Ш.*******, Д.******* хочрын хооронд эд хөрөнгийн маргаантай харилцаа үүсээгүй, нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө ойлгомжгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.

Анхан шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэгч нарын эрх зүйн байдал, нэхэмжлэлийн шаардлага болон зохигчдын хооронд үүссэн маргаан маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэргийг шийдвэрлэхдээ хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1.Хэргийг судлан үзвэл:Нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар нь хариуцагч Д.*******ид холбогдуулан гэр бүлийн хамтран өмчлөх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч Д.******* нь өмчлөх эрхийн гэрчилгээ өөр дээр нь байхгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүхээс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, өөр агуулгаар тайлбарласан, нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгохдоо хууль буруу тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангахгүйгээр хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

2.Хэргийн үйл баримтын талаар: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 7-р баг Хилчид 4-р гудамжны 427 дугаар байрны 13 тоот Ү-1317000150 дугаартай 29 мкв талбай бүхий орон сууц нь нэхэмжлэгч Ш.*******, хариуцагч Д.******* нарын гэр бүлийн 4 гишүүний хамтран өмчлөх дундын өмч болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн маргаан бүхий байдлын шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон талуудын тайлбар зэргээр тогтоогдсон талууд хөрөнгийн өмчлөлийн талаар маргаагүй байна.

Нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нар нь хариуцагч Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулах гэж тодорхойлон шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.******* нь дундын өмчлөлийн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг захиран зарцуулах эрхэд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа үйлдлээрээ саад болсон өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан ...Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй... гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарладаг.

Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой бөгөөд хамгаалалт хийх эрх гэдэг нь эрх бүхий этгээд өөрийн болон бусад эрх бүхий байгууллагаар иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах иргэний эрх зүйн субектив эрх юм. Иргэний эрх зөрчигдсөн бодитой тохиолдолд тухайн этгээдийн иргэний эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчигдөхөөс өмнө байдлыг сэргээх арга хэмжээг эрх бүхий этгээдээс авдаг.

Нэхэмжлэлийн шаардлага болох үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ гэдэг нь тухайн хөрөнгийн өмчлөгч болохыг нотолсон улсын бүртгэлийн байгууллагаас өмчлөгчид олгосон цаасан хэлбэр бүхий баримт бичиг юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь зохицуулалтаар нэхэмжлэгч нь зөвхөн өмчлөгч байх , өмчлөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн байхыг шаардана. Зөрчих гэдэг нь хүний идэвхтэй хууль бус үйлдлээр илэрсэн байхыг шаарддаг. Гэтэл хариуцагч Д.*******ийн хамтран өмчлөх дундын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрт байхгүй гэсэн татгалзлыг хууль бус идэвхтэй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Эд хөрөнгийн гэрчилгээ биет байдлаар нэхэмжлэгч Ш.*******д байхгүй байснаар түүний эд хөрөнгө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхэд хэрхэн саад учирсан болон үүнээс шалтгаалан эрх зүйн ямар үр дагавар үүссэн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх үндэслэлээ зөвхөн бүртгэлийн байгууллага гэрчилгээг биет байдлаар шаардсан гэж тайлбарладаг боловч энэ талаар холбогдох баримт шүүхэд ирүүлээгүй байна.

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээ нь эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгч нарын хэн нэгний эзэмшилд байснаар бусад өмчлөгч нарын эд хөрөнгийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд эд хөрөнгийн гэрчилгээ ашиглах боломжгүйгээр элэгдэж хуучирсан, гэрчилгээг гэмтээсэн, хаяж үрэгдүүлсэн, устсан тохиолдолд дахин олгохоор Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зохицуулсан.

Дээрхи зохицуулалтаар гэрчилгээг үрэгдсэн тохиолдолд эрх бүхий этгээдээс дахин гаргуулж авах боломжтой байхад баримт бичиг нь зөвхөн хөрөнгийн өмчлөгч нарын эзэмшилд биет байдлаар байснаар тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрх үүснэ гэсэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн тайлбар хуулийн үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч Ш.*******ийн хувьд тухайн хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцсон байх ба эд хөрөнгийн улсын эрхийн бүртгэлийн Ү-1317000150 дугаартай гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох 29 мкв талбай бүхий орон сууцны өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, дундын өмчлөлийн хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд байх тул түүний нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нарын хуулиар олгосон эрхийг хариуцагч Д.******* нь зөрчөөгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй гэсэн түүний тайлбар хууль бус болох нь тогтоогдоогүй, гэрчилгээ биет байдлаар байхгүй байгаа нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болсон гэж үзэхгүй тул хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагаа өмчөх эрх нь ямар нэг байдлаар зөрчигдсөн гэж тухайн зөрчлийг арилгуулахаар шаардлага гаргасан байхад анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 128 дугаар зүйлд заасан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчийн зохицуулалтыг тус тус тайлбарлан хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Түүнчлэн нэхэмжлэгч Ш.******* нь хамтран нэхэмжлэгч Ш.*******д 2022 оны 03 сарын 19-ний өдөр 0834 бүртгэлийн дугаартай Итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэлээр олгосон бүрэн эрхээ Д.*******ид холбогдох өмчлөлийн маргаантай асуудлаар Сэлэнгэ аймгийн болон бүх шатны шүүхэд нэхэмжлэгч талыг төлөөлөн оролцох гэж тодорхойлсон нь тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг олгосон гэж үзэх үндэслэлгүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар нэхэмжлэгч нар нь өөр хоорондоо ашиг сонирхлын зөрчилгүй байх тул нэгийгээ төлөөлөн оролцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шүүгчийн 2022 оны 03 сарын 22 -ны өдрийн 00734 дугаартай захирамжаар шийдвэрлэсэн, уг захирамжинд зохигчдын зүгээс ямар нэгэн гомдол гаргаагүй хуулийн хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 148/шш2022/00248 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:

1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.*******, Ш.******* нарын хариуцагч Д.*******ид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

 

Г.ДАВААРЕНЧИН