Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/01003

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2018/01003

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ү-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С ХХКнд холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох үндсэн, орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээ, ажлын байр захиалгаар барих, бариулах тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.Н, гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.О оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг 26 хороо Сүмбэр-орд хороолол ******* дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох.

БНХАУ-ын иргэн Ү нь 2008 онд Монгол улсад ирж БНХАУ-н 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий С ХХК-д туслан гүйцэтгэгч буюу инженерээр ажилласан бөгөөд ажиллах хугацаандаа Бэянзүрх дүүрэг 26 дугаар хороо Сүмбэр-орд хороололын А блок буюу ******* дүгээр байр, түүний доор орших үйлчилгээний төвийн барилга угсралтын ажпыг хийж гүйцэтгэсэн билээ. Хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөндөө Сүмбэр-орд хороолол ******* дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийг авахаар С ХХК-ны Хятад талын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Жао Ке Кун. Монгол талын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.******* нартай тохирч тухай үеүүддээ үүнийг нотлох баримтууд үйлдсэн байна. Тухайн үед ******* дүгээр байрны доор орших тус үйлчилгээний төвийг улсын комисст С ХХК-ны зүгээс хүлээлгэн өгөөгүй байсан тул Ү өөрийн өмчлөлдөө албан ёсоор шилжүүлж улсын бүртгэлд бүртгүүлж авах боломжгүй байсан. Энэ үед С ХХК-ны 75 хувийн хувьцааг эзэмшиж байсан БНХАУ-н иргэд хувьцаагаа ******* ХХК-д зарж борлуулсан бөгөөд борлуулахдаа уг Үйлчилгээний төвийг улсын комисст хүлээлгэн өгсний дараа ноогдох хэсгийг БНХАУ-н иргэн Үн өмчид шилжүүлэх талаар баталгаажуулж хувьцаагаа худалдаж байгаа тал болох тухайн үед С ХХК-ны гүйцэтгэх захиралаар ажиллаж байсан Ши Вэй, хувьцааг худалдан авч байгаа тал болох ******* ХХК-ны захирал Н.Янжмаа нар баримтууд үйлдсэн байна. Үүнээс хойш БНХАУ-н иргэн Ү нь Монгол улсад өөрийн биеэр ирэх боломжгүй байсан бөгөөд улсын комист тухайн үйлчилгээний төвийг хүлээлгэн өгсөн тул 2015 оны 01 сард С ХХК-ны захирал Б Баянмөнхтэй холбогдож тухайн үйлчилгээний төвийг өөрийн өмчид авах талаар хандахад өгөх боломжгүй, тухайн үйлчилгээний төв Үн өмч гэдгийг нотлох баримт байхгүй гэсэн шалтгаанаар түүний өмчийг шилжүүлэн өгөхөөс татгалзсан. Иймд Баянзүрх дүүрэг 26 хороо Сүмбэр-орд хороолол ******* дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжпэлийг холбогдох баримтуудын хамт шүүхэд гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч С ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: "С ХХК-ийн барилгын гүйцэтгэгчээр ажиллан Сүмбэр Орд хорооллын *******-р байранд байрлах 146.33 м.кв үйлчилгээний төвийг ажлын хөлсөнд авахаар гэрээ хийсэн гэх Ү нь бидэнд ирүүлсэн нотлох баримт, гэрээ нь шаардлага хангахгүй байсан билээ. Иймээс бид тухайн хөрөнгийг авах эрхтэй гэсэн нотлох баримтыг хангалттай ирүүлсэн нөхцөлд бидний зүгээс тухайн хөрөнгийг шилжүүлэн өгөхөд татгалзах зүйлгүй гэдэг тайлбарыг Үн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцацралд мэдэгдсэн билээ. Иймээс өмнөх гэрээ хийсэн гүйцэтгэх захирал Н.******* болон ерөнхий захирал Жао Кө Кун, Ши Вэйн нарыг хариуцагчаар татаж өгөхийг та бүхнээс хүсэж байна. Мөн бидэнд шүүхэд гаргасан бичиг баримтаас 2012 оны 02-р сарын 17-ы өдрийн Ши Вэйн болон Н.Янжмаа нарын гаргасан амлалт тодорхойлолтыг ирүүлээгүй болно. Үйлчилгээний төвийг 2014 онд Улсын Комисст хүлээлгэн өгсөн нь үнэн болно гэжээ.

 

Хариуцагч С ХХК нь шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: БНХАУ-ын иргэн Ү нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С ХХК-ийн захиалан бариулсан БЗД, 26 дугаар хороонд байрлах 3 га төслийн А1 болон А2 байрны барилгын гүйцэтгэгчээр ажиллах гэрээг байгуулан барилгын гүйцэтгэлийг хийсэн бөгөөд уг барилгын гүйцэтгэгчээр ажилласан ажлын хөлсний үлдэгдэлд ******* дүгээр байрны доор байрлах үйлчилгээний зориулалттай 146,33 мкв талбайг өмчлөлдөө шилжүүлэн авахаас тохиролцсон гэж дурдаад энэ тохиролцооны дагуу 2010 оны 07 сарын 01-ны өдрийн 02/ҮТ дугаартай гэрээг 2011.03.21-ний өдөр мөн дээрх гэрээгээ дахин баталгаажуулж байгуулсан учир одоо өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Үгийн өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн 146.33 м.кв талбай бүхий ажлын байрыг захиалгаар бариулах гэрээг байгуулах болсон гол үндэслэл нь 2008.04.16-ны өдөр БНХАУ-ын иргэн Y Жун Хай болон С ХХК-ийн захирал Жао Кө Кун гэж хунтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болж таарч байна. С ХХК-ийн одоогийн хувьцаа ззэмшигч ******* ХХК нь 2012.02.15-ны өдөр БНХАУ-ын 4 иргэнээс С ХХК-ийн 75 хувийн хувьцааг худалдах худалдан авах гэрээ байгуулан худалдан авсан. Уг худалдах худалдан авах гэрээнд гуравдагч этгээдэд төлөх өр төлбөр тухайлбал нэхэмжлэгч Ү гэж хүнд 204 862 ам.долларын өртэй талаар огт дурдагдаагүй юм. Өмнөх хувьцаа эзэмшигч болон одоогийн хувьцаа эзэмшигчид огт мэдэгдээүй 204 862 ам долларын гэрээ гэнэт гарч ирж байгаа нь бидэнд ихээхэн сэжигтэй санагдаж байгаа бөгөөд бид энэхүү 02/ҮТ гэсэн дугаартай захиалгаар бариулах гэрээг хүчин гөгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Учир нь 2008.04.16-ны өдөр С ХХК-ийн захирлаар Жао Кө Кун гэж ажиллаж байгаагүй бөгөөд Wang Zhongliang гэж гүйцэтгэх захирал байсан нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна. Компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр бус гэрээ тул энэхүү гэрээний дагуу С ХХК-д ямар нэг эрх үүрэг үүсэхгүй юм. Нэгэнт эрх бүхий этгээд баталгаажуулаагүй, компанийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан хүчин төгөлдөр бус ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлөх ёстой 204 862 ам.долларын төлбөрийн асуудал гэж байхгүй тул уг дүнгээр ажлын байр захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь ч хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд С ХХК болон Ү нарын 2010.07.01 болон 2011.03.21-ний өдөр байгуулсан 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож егнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Үгийн төлөөлөгч Б.Эрдэнэцацрал нь сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан шүүх гаргасан тайлбартаа: С ХХК-ны итгэмжлэгдсэн төлеөлөгч Б.Билэгсайханы 2015 оны 10 дугаар сарын 01-ны өдөр гаргасан " Ү, С ХХК-н хооронд 2010.07.01 болон 2011.03.21 ний өдөр байгуулсан 02\ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах" утга бүхий сөрөг нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зевшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1.            Сөрөг нэхэмжлэлдээ "Жао Кө Кунтай 2008.04.16 ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийсэн байна, гэтэл тухайн цаг хугацаанд С ХХК-ны захиралаар Ван Зонг Лианг ажиллаж байсан байна, тэгэхээр компанийг төлөөлөх эрхгүй этгээдийн хийсэн гэрээ нь Иргиний хуулийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус гэрээ тул энэхүү гэрээний дагуу С ХХК-д ямар нэгэн эрх үүрэг үүсэхгүй, иймд дараа нь 2010.07.01 болон 2011.03.21-ний өдөр байгуулсан 02\ҮТ дугаартай гэрээнүүд хүчин тегөлдер бус болно" гэжээ.

Тайлбар: Жао Кө Кунтай 2008.04.16-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу Ү нь ажил хийж гүйцэтгэсэн болох нь ашиглалтанд орсон барилга болон бичгийн баримтуудаар нотлогдоно, гэрээ хийгдэх цаг хугацаанд Жао Кө Кун нь ******* ХХК-ны захирлын ажлыг орлон гүйцэтгэж байсан бөгөөд улсын бүртгэлийн гэрчилгээнд захирлаар бүртгүүлж амжаагүй байсан, гэхдээ гэрээ байгуулсанаас 4 сарын дараа 2012.08.22-нд гэрчилгээнд албан ёсоор бүртгэгдсэн байдаг. Энэ гэрээний дагуу барилгын ажил хийгдэж, дараа нь ажлыг дүгнэж, хийсэн ажлын хөлсийг хэрхэн шийдвэрлэх талаар харилцан тохирсон болох нь баримтаар нотлогдоно. ******* ХХК нь С ХХК-ны хувьцааны тодорхой хэсгийг худалдан авах үед ч Ү уг үйлчилгээний төвийн өмчлөгч болохыг худалдагч, худалдан авагч талын гүйцэтгэх удирдлагууд баталсан байдаг. Энэхүү гэрээнүүд нь Иргэний хуулийм 56.1.8 д заасан " хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн xэлцэл" гзж ямар үндэслэлээр хариуцагч тал үзээд байгаа нь тодсрхойгүй байна. Тухайн цаг хугацаанд 2 талын сайн дурын үндсэн дээр нэгэнт хийгдсэн гэрээнүүдийг С ХХК-ны эрх хүлээн авсан дараагийн гүйцэтгэх удирдлагууд хүчин төгөлдөр бус гэж үзэж гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тулга нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БЗД, 26-р хороо, *******-р байрны доор байрлах 146.33 мкв үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нь 2008 онд инженерээр ажилласан. Энэ хугацаанд барилга угсралтын ажил хийсэн. Ажлын хөлсөнд тухайн үед маргааны зүйл болох талбай болон ******* байрнаас 2 орон сууц өгөхөөр тохиролцсон. Гэрээ байгуулсан байгаа энэ талаар. Энэ үед орон сууцны хэсгийг улсын комисс хүлээн авсан байсан тул орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн. Ингэхдээ монгол талын захирал *******тэй байгуулсан гэрээгээр шилжсэн. Улмаар үйлчилгээний барилга шилжээгүй байхад хариуцагчийн өмчлөгч солигдсон. Ингэхдээ нэхэмжлэгчид үйлчилгээний төвийг өгөх ёстой талаар баримт үйлдсэн байдаг. Мөн хувьцаа худалдаж авсан Танан цагааны захирал нь улсын комисс хүлээн авсаны дараа шилжүүлж өгнө гэж байсан. Улмаар үйлчилгээний төвийг улсын комисс хүлээж авсан. Тухайн үеийн гүйцэтгэх захирал Баянмөнх үйлчилгээний төвийг өмчлөлд шилжүүлэхээс татгалзсан. Иймд өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

Захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг гаргасан. Уг ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил явагдаад гэрээ хэрэгжсэн. Эрхгүй этгээд гэж байгаа боловч дараа эрх бүхий этгээд хүлээн зөвшөөрөөд явчихсан байгаа. Ажлын цалин үл хөдлөхөөр төлөхөөр тохиролцсон үйл баримтууд байгаа болно. Мөн хувьацаа авсан Татан цагааны захирал нь үр дүнг дэмжээд 146.33 талбайг олгохоо дэмжсэн байдаг гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ү нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу Баянзүрх дүүрэг 26 хороо Сүмбэр-орд хороолол ******* дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөн маргаж, 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн болон 2011 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд "*******" ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий Д.Баатарын шүүх хуралдааныг хойшлуулах тухай бичгээр гаргасан хүсэлтийг төлөөлөгч Д.******* шүүхэд гаргаж өгсөн. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед хариуцагч С ХХК-ний төлөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт амаар гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй юм. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, өөрөөр хэлбэл татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулсанаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гарах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Үүнээс гадна гуравдагч этгээдийн зүгээс гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан нь хариуцагчийн төлөөлөгч шүүгчээс татгалзах үндэслэл үүссэн гэх, өөрөөр хэлбэл эрх, ашиг нь хэрхэн хөндөгдсөн нь ойлгомжгүй юм. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улмаар шүүх хуралдаан үргэлжлэх үед хариуцагчийн төлөөлөгч Б.Н нь үндэслэлгүйгээр шүүх хуралдаанд оролцохгүй болгохыг мэдэгдэж гарсан бөгөөд гуравдагч этгээдийн төлөөлөгч Д.******* нь ямар нэг тайлбар хэлэлгүйгээр шүүх хуралдааны дэгийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр шүүх хуралдааныг орхих гарсан болохыг тэмдэглэж байна. Гэвч хариуцагч болон гуравдагч этгээдийн төлөөлөгчийн энэхүү үйлдэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй юм.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигчид 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдөр орон сууц захиалгаар барих, бариулах тухай, 2011 оны 03 дугаар сарын 21-ны өдөр ажлын байр захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулсан байна. Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд хариуцагчийг төлөөлж Н.Л, харин ажлын байр захиалгаар барих, бариулах тухай гэрээнд хариуцагчийг төлөөлж Ши Вэй /Shi Wei/ нар тус тус гарын үсэг зурсан байна. Эдгээр гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид маргаагүй боловч хариуцагч нь гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргаж байна.

Мөн хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар талд байгаа хариуцагчийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бичигдсэнээр хариуцагч С ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Баянмөнх нь нэхэмжлэгчийг бичиг баримт дутуу ирүүлсэн бөгөөд тухайн эд хөрөнгийг авах эрхтэй гэдгээ нотлох баримтыг ирүүлсэн нөхцөлд нь маргаж буй 146,33 мкв талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхэд татгалзахгүй гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Орон сууц захиалгаар барих, бариулах тухай гэрээнд гарын үсэг зурсан Н.******* нь тухай үед компанийг төлөөлж үйл ажиллагаа явуулж байсан, өөрөөр хэлбэл төлөөлөх эрхтэй байсан болох нь 2010 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 01/2010 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад С ХХК-ний захирал Н.******* гэж гарын үсэг зурсанаар тогтоогдсон гэж үзэхээр байна. /хэргийн 1 дүгээр хавтас 117-119 дүгээр тал/ Түүнчлэн зохигчдын хооронд 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр маргаж буй ******* дүгээр байрны 1 дүгээр орцны 3 давхарт 94.47 мкв орон сууцыг захиалгаар барих, бариулах тухай гэрээ байгуулагдаж, хариуцагчийг төлөөлж Н.******* гарын үсэг зуржээ. Энэхүүү гэрээний төлбөрийг ажлын гүйцэтгэлээр төлөхөөр тохиролцсон талаар зохигч хэн аль маргахгүй байна. Улмаар 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хариуцагч Сүрэгт агт ХХК-ийг төлөөлөн захирал гэж Н.******* гарын үсэг зурж дээрх 94,47 мкв буюу ******* дугаар байрны 307 тоот хаягт байрлах орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн тухай албан тоотыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргажээ. /хэргийн 1 дүгээр хавтас 159-162 дугаар тал/ Үүний дагуу 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ү -д Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, ******* дүгээр байр, 307 тоотод хаягт байрлах орон сууцыг өмчлөх эрхийн  дүгээр гэрчилгээ олгогдсон байна. Мөн зохигчид 2010 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Сүмбэр орд хорооллын ******* дүгээр байрны 1 дүгээр орцны 11 давхарт 94,83 мкв 4 өрөө орон сууцыг захиалгаар барих бариулах гэрээ байгуулж, хариуцагч Сүмбэр орд ХХК-ийг төлөөлөгч Н.******* гарын үсэг зуржээ. Энэхүү гэрээний төлбөрийг ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсөөр төлөхөөр тохиролцсон эсэх талаар зохигч хэн аль нь маргахгүй байна. Улмаар хариуцагч Сүмбэр орд ХХК-ний зүгээс 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дээрх 94,83 мкв буюу буюу ******* дүгээр байрны ******* тоотод байрлах орон сууцны төлбөр төлөгдсөн тухай 182 дугаар албан тоотыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар гаргаж, захирал Н.******* гарын үсэг зурсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 172-175 дугаар тал/ Үүний дагуу 2010 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ү -д Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сүмбэр орд хороолол, ******* дүгээр байр, ******* тоотод хаягт байрлах орон сууцыг өмчлөх эрхийн  дугаар гэрчилгээ олгогдсон байна. /хэргийн 1 дүгээр хавтас 178 дугаар тал/ Хариуцагч нь дээрх 307 болон ******* тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн талаар маргаагүй тул дээрх гэрээг эрх бүхий этгээд байгуулсан, улмаар өмчлөх эрх шилжиж гэрээний үүрэг биелэгдсэнийг зөвшөөрсөн гэж үзнэ. Иймд зохигчдын хооронд 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар барих, бариулах гэрээ нь эрх бүхий этгээдийн хооронд хийгдсэн хүчин төгөлдөх хэлцэл байна.

Зохигчдын хооронд 2011 оны 03 дугаар сарын 21-ны өдөр байгуулагдсан ажлын байр захиалгаар барих, бариулах тухай гэрээнд хариуцагч Сүмбэр орд ХХК-ийг төлөөлж Ши Вэй /Shi Wei/ гарын үсэг зуржээ. Гэрээнд гарын үсэг зурсан Ши Вэй /Shi Wei/ нь гэрээ байгуулах үед хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан болох хэргийн 1 дүгээр хавтас 35 дугаар тал байгаа С ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. Иймд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна. Тодруулбал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасанд хамаарахгүй юм.

Эдгээр 2 гэрээний зүйл нь маргаж буй 146,33 мкв талбайтай үйлчилгээний төв байх бөгөөд гэрээг дахин байгуулсан, гэрээнд хариуцагч С ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан этгээд солигдсон нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй.

Түүнчлэн хариуцагч С ХХК-ийг төлөөлөх эрхтэй байсан Ши Вэй нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр маргаж буй 146,33 мкв талбайг нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгө мөн болох талаар амлалт гэх зүйл бичсэн болох нь хэргийн 1 дүгээр хавтас 22 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн энэ талаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Ши Вэй нь тодорхойлолт гаргаж байсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас 25 дугаар тал/

Үүнээс гадна хариуцагч С ХХК-ний хувьцааг 2012 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ******* ХХК худалдан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн талаар зохигч хэн аль нь маргаагүй. Энэхүү үйл баримт нь хэргийн 1 дүгээр хавтас 95 дугаар талд байгаа С ХХК-ний улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон. Мөн ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Н.Янжмаа болох нь хэргийн 1 дүгээр хавтас 94 дүгээр талд байгаа улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Улмаар ******* ХХК-ийг төлөөлж захирал Н.Янжмаа нь 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр маргаж буй 146,33 мкв талбайг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч тодорхойлолт гаргаж байжээ. /хэргийн 1 дүгээр хавтас 23 дугаар тал/

Хариуцагч нь дээрх 2 гэрээний үндэслэл болсон 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж маргасан. Гэвч уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгдсэн эсэх талаар маргаагүй. Улмаар энэхүү гэрээний дагуу төлөх төлбөрийг орон сууц олгох замаар төлөхөөр тохиролцож эрх бүхий этгээдүүд үл хөдлөх эд хөрөнгө барих, бариулах 2 гэрээ байгуулсан тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар дээрх ажил гүйцэтгэх гэрээг хүлээн зөвшөөрсөн, өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь компаний хувьцаа худалдаж авах үед маргаж буй талбайн талаар дурдагдаагүй, мэдээгүй гэж маргасан. Компаний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т зааснаар компаний хувьцаа эзэмшигч компаний төлбөрийг хариуцахгүй. Түүнчлэн компаний хувьцаа эзэмшигч солигдсон нь компанийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Зохигчдын маргаж буй Баянзүрх дүүрэг 26 хороо Сүмбэр-орд хороолол ******* дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төв нь бусдын өмчлөлд шилжээгүй болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэсийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 8/50 тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /хуучнаар/-ны 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 3/37039 тоот, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 3/7 дугаар тогтоол, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хэргийн 3 дугаар хавтас 22-25 дугаар тал/

Дээрх үндэслэлийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн, төлбөр болох үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх үүрэг биелэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн байна. Үл хөдлөх эд хөрөнгөний өмчлөгчөөр тогтоох шаардлагыг эд хөрөнгө гаргуулах шаардлага гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байх тул хуульд зааснаар хувиарлаж, нөхөн гаргуулах нь зүйтэй. Зохигчдын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний зүйлийн үнэ нь 204,862 ам доллар байх бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн албан ханш 1,927.89 төгрөг байна. /https://www.mongolbank.mn/dblistofficialdailyrate.aspx?vYear=2015&v Month=5&vDay=25/ Үүнээс тооцвол нэхэмжлэлийн үнийн дүн нь 394,951,401.18 төгрөг бөгөөд ногдох улсын тэмдэгтийн хураамж нь 2,132,707 төгрөг байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаас нэхэмжлэгч Ү -г Баянзүрх дүүрэг 26 хороо Сүмбэр-орд хороолол ******* дүгээр байрны доор байрлах 146,33 м.кв талбай бүхий үйлчилгээний төвийн өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.            Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Ү.Жун Хай-д холбогдох 2010 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн болон 2011 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 02/ҮТ дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч С ХХК-ний сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 70,200 төгрөг, хариуцагчийн 1,558,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,132,707 төгрөг гаргуулж, 70,200 төгрөгийг нэхэмжлэгч Ү-д олгож, үлдэх 2,062,507 төгрөгийг улсын орлого болгосугай.

 

4.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД